Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/79

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бдаргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

улсын яллагч Х.Ө

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т,

шүүгдэгч Х.Е нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2313000520073 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 14 цаг 42 минутад хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дүгээр багийн 11 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Хын Е, регистрийн дугаар

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Е нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байрлах гэртээ 2023 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө 23 цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.Кийг зодон, хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

1.1. Шүүгдэгч Х.Е нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байрлах гэртээ 2023 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө 23 цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.Ктэй маргалдах явцад түүний толгой хэсэгт нь гараараа цохих, үснээс нь татаж газарт унагаах, цайны аяга шидэх зэргээр зодож, хохирогчийн эрүүл мэндэд нь зулайд няцарсан шарх, зүүн хөмсөг, баруун эгмийн дунд хэсэгт тус тус цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгээс гадна  зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал), Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн дэслэгч Х.Еын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 104 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 08-09 дэх тал), Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 18-20 дахь тал), хохирогч Б.К, гэрч Х.М нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг  (хавтаст хэргийн 2, 3, 32-33 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

1.3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгч Х.Еын гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.Кийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн  дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл  үйлдэж үйлдсэн” гэх шинжийг бүрэн агуулжээ.

1.4. Шүүгдэгч Х.Е нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.5. Хохирогч  Б.К нь хор уршгийг нэхэмжилсэн нотлох баримтаа гаргаж ирүүлээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад “....ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр эвлэрч учир зүйгээ  олсон байгаа...” гэж мэдүүлсэн учраас шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. (хавтаст хэргийн 32-33 дахь тал)

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Прокурорын санал болгож, шүүгдэгч Х.Еын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулах 480 нэгжтэй тэнцэх хэмжээний 480.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

2.2. Иймд шүүгдэгч Х.Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

2.3. Шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй учраас, шүүгдэгч Х.Е нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд ялтан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулах нь зүйтэй.

2.4. Энэ хэргийн учир шүүгдэгч Х.Е нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

2.5.  Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овог Хын Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Еыг 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 (дөрвөн зуун наян  мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Х.Ед сануулсугай.

4. Шүүгдэгч Х.Е нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй,  2313000520073 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ед авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр 

үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ө.Б