Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2019/ДШМ/78

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 01 өдөр                                     ДШМ/78                                                                Зуунмод

 

 

С.Чд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Х.Оюунцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр,

Шүүгдэгч С.Ч,

Нарийн бичгийн дарга М.Сайнболд нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 09 сарын 04-ний өдрийн 663 дугаар шүүгчийн захирамжтай С.Чд холбогдох 1834005190255 дугаартай 2 хавтас, 306 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 10 сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржгон овгийн Сэрээтэрийн Цэрэнчойнбол, 1951 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 69 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо Бэлхийн 36 дугаар гудамжны 181 тоотод оршин суух,  ял шийтгэлгүй,  ЙР: регистрийн дугаартай.

Шүүгдэгч Сэрээтэрийн Цэрэнчойнбол нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаан худаг 5 дугаар багийн нутагт иргэн Б.Төмөрхуягийг "зээлсэн 200 000 төгрөгөө өгсөнгүй" гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь "зүүн шуу ясанд хугарал, зүүн чихний дэлбээ, баруун хацар хүзүүнд зулгаралт" бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 04-ний өдрийн 663 дугаар шүүгчийн захирамжаар:

            Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Боржгон овгийн Сэрээтэрийн Цэрэнчойнболд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1834005190255 дугаартай хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол С.Чд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Х.Оюунцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “Яллагдагч Сэрээтэрийн Цэрэнчойнбол нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаан худаг 5 дугаар багийн нутагт иргэн Б.Төмөрхуягийг "зээлсэн 200.000 төгрөгөө өгсөнгүй" гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь "зүүн шуу ясанд хугарал, зүүн чихний дэлбээ, баруун хацар хүзүүнд зулгаралт" бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эрүүгийн 1834005190255 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд "шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдсон" гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тухайлбал:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч С.Ч болон түүний гэр бүлийн хүн болох эхнэр Б.Цэрэнгаа нарын өгсөн мэдүүлэг, мөн шүүгдэгч С.Чын өмгөөлөгч Н.Баяраас шүүхийн хэлэлцүүлэгт шинээр нотлох баримтаар гаргаж өгсөн “Т.Жадамба, З.Лхагвадорж нарын тайлбар" гэх нотариатаар баталгаажуулсан бичгийн баримт зэргийг үндэслэн Г.Жадамба, З.Лхагвадорж нарыг гэрчээр тогтоож, мэдүүлэг авах гэж заасан нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуулийг зөрчиж байна.

Учир нь шүүхээс хавтаст хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөөгүй Г.Жадамба, З.Лхагвадорж гэх хүмүүсийн бичсэн тайлбар гэх шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтыг үнэлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-д "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ", мөн зүйлийн 7 дахь хэсэг "Энэ хуульд заасан үндэслэл,  журмыг  зөрчиж авсан  баримтад  мэдээллийг  нотлох  баримтаар тооцохгүй", мөн зүйлийн 9 дэхь хэсэгт "Хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй" гэх заалтуудыг зөрчсөн байна.

2. Дээрх гэмт хэрэг нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гарсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Төмөрхуяг, гэрч Б.Мөнхбаяр, Д.Номиндарь, Б.Саруулмөнх, Ц.Даваасүрэн, Э.Атарцэцэг, Ө.Машбаярын нарын мэдүүлэг, Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн хуудас, ГССҮТ-ийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас болон бусад бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно.

Мөн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар С.Ч нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаан худаг 5 дугаар багийн нутагт иргэн Б.Төмөрхуягийг "зээлсэн 200000 төгрөгөө өгсөнгүй" гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь "зүүн шуу ясанд хугарал, зүүн чихний дэлбээ, баруун хацар хүзүүнд зулгаралт" бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан" болох нь тогтоогдсон байна.

Түүнчлэн шүүгдэгч С.Чын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д "энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн" бол яллагдагчаар татаж болохгүй талаар хуульчилсан ба дээрх гэмт хэрэг үйлдэгдснээс хойш 1 жил 2 cap 14 хоногийн хугацаа өнгөрсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан "гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан" гэх эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэл тогтоогдож байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 663 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурорын эсэргүүцэл бичиж, хүргүүлэв.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Оюунцэцэг гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчиж гарсан тул хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр гаргасан тайлбар, саналдаа: Шүүгчийн захирамж үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.Ч гаргасан тайлбартаа: Хэрэг болсон өдрийг засварласан. Тэр өдөр би суманд байгаагүй гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Эрүүгийн 1834005190255 дугаартай хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж С.Чд холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэмт хэрэг үйлдэгдсэн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр С.Ч Улаанбаатар хотод байсан талаар Г.Жадамбаа, түүний эхнэр З.Лхагвадорж нарын бичсэн тайлбар /2 дугаар хавтас 31 хуудас/-ыг шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр шинэ нотлох баримтаар гарган өгсөн, энэ талаар шүүгдэгч С.Ч, гэрч Б.Цэрэнгаа нар мэдүүлсэн учир дээрх байдлыг дахин шалгаж, Г.Жадамбаа, З.Лхагвадорж нарыг гэрчээр тогтоож, мэдүүлэг авах ажиллагаануудыг хийж гүйцэтгэх шаардлагатай гэж шүүх үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.”, “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй.” гэж хуульчилснаас гадна шүүх тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэнэ.

Гэтэл шүүх нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд иргэн Г.Жадамбаа, З.Лхагвадорж нарын гаргасан тайлбарыг үнэлж, тухайн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцээгүй байна.

Анхан шатны шүүх эрүүгийн 1834005190255 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн  №304 дугаартай цагаатгах тогтоолоор  С.Чд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж /1 дүгээр хэвтас 94-100/,  2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №333 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж /1 дүгээр хавтас 172-174/ тус тус шийдвэрлэж байсан ба  мөрдөн шалгах ажиллагааны явцад  хэргийн оролцогчдоос “гэмт хэрэг гарах өдөр С.Ч  Улаанбаатар хотод Г.Жадамбаагийнд байсныг шалгуулах” талаар ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй байна.

Түүнчлэн хэргийг прокурорт буцааснаар нэмэлт ажиллагаа явуулж, гэмт хэрэг гарсан цаг хугацааг тогтоож, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулан хэргийг шүүхэд шилжүүлсэн /1 дүгээр хавтас 221-223/ байна. Гэтэл шүүх гэмт хэрэг гарсан цаг хугацааг яагаад эргэлзээтэй гэж үзэж хэргийг прокурорт буцаасан нь  тодорхойгүй, ойлгомжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлж, хэргийн үйл баримтад болон яллагдагч гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэнэ.

Дээрх байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг нотлоогүй, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь үндэслэл бүхий болж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шиджүүлсэн хэргийн хүрээнд явагдах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д  заасантай нийцээгүй байна.

Иймд “шүүгчийн захирамжийг хүчингүй болгох” агуулга бүхий прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 04-ний өдрийн 663 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, С.Чд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай. 

 

 2. Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэгийн бичсэн 39 дугаартай прокурорын эсэргүүцлийг хангаж, хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэлх хугацаанд С.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

ШҮҮГЧИД                                                 Т.ЭНХМАА

 

 

                                                                  Г.БОЛОРМАА