Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2025/0320

 

 

 

Б.Цын гомдолтой захиргааны

хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Б

Гомдлын шаардлага: “ДУ аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Д.Бийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0056*** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: ДУ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаар шийдвэр

Гомдол гаргагч: Б.Ц

Хариуцагч: ДУ аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Д.Б

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: гомдол гаргагч Б.Ц, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Б, хариуцагч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

Хэргийн индекс: 114/2025/0001/3

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Гомдол гаргагч Б.Ц нь “ДУ аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Д.Бийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0056*** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.  

2. ДУ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаар шийдвэрээр “Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.3, 51.4-т тус тус заасныг Б.Цын гомдолтой хариуцагч ДУ аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Д.Бийн гаргасан 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0056*** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

3.1. “...Анхан шатны шүүхийн шүүгч нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51.1-т "... нас эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийг нэг данстай байна" гэж заасныг буруу тайлбарласан байна. Тодруулбал, нам, эвсэл, нэр дэвшигч тус бүр заавал зардлын данс нээх агуулгаар тус заалтыг тайлбарлаж байгаа буруу юм. Хэрэв хуулийн тус хэсэг тийм агуулгатай бол эвсэл болж орж байгаа нам бүр нэг зардлын данс нээх хэрэгтэй болно. Гэтэл эвсэл болж орсон намууд зардлын данс нээлгэхгүй гагцхүү эвсэл нь зардлын данс нээж сонгуульд оролцож байгаа бөгөөд татварын байгууллага үүнийг торгохгүй байгаа. Мөн хуулийг дээрх байдлаар тайлбарлах юм бол намын жагсаалтаар нэр дэвшиж байгаа нэр дэвшигчид ч зардлын данс нээх хэрэгтэй болно. Гэтэл жагсаалтаар нэр дэвшсэн хүмүүс зардлын данс нээхгүй байгаа бөгөөд тэр хүмүүсийг татварын байгууллага торгохгүй байгаа. Тодруулбал, ЭЧЭНын жагсаалтаар нэр дэвшсэн хүмүүсийг ч торгоогүй. Хуулийн 51.1 дэх заалт нь зардлын данс нээх бол зөвхөн нэг л данс нээх тухай буюу олон данс нээхгүй байх агуулгатай юм.

3.2. Хариуцагч нь шүүхэд тайлбар гаргахдаа УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нь зарим нөхцөлд зардлын данс нээхгүй байх боломжтойг хүлээн зөвшөөрсөн Тодруулбал, намын жагсаалтаар нэр дэвшсэн бол данс нээхгүй байх боломжтой, намын өөрийн хөрөнгөөр сонгуулийн сурталчилгаа хийсэн бол зардлын данс нээхгүй байх боломжтой гаж хүлээн зөвшөөрсөн агуулгаар шүүх хуралдаанд тайлбар гаргасан. Гэхдээ хуульд тус тохиолдлуудыг ялгаж заасан зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, жагсаалтаар нэр дэвшсэн хүн зардлын данс нээхгүй байж болох тухай заасан зүйл байхгүй. Жагсаалтаар нэр дэвшиж байгаа иргэн болон тойрогт нэр дэвшиж буй иргэн хоёр хоёулаа ижил эрх, үүрэгтэй байгаа. Иймд хариуцагч нь зардлын данс нээгээгүй ижил нөхцөл байдалтай хүмүүсийн заримыг яагаад буруутгаж, заримыг яагаад зөвтгөж байгаа нь ойлгомжгүй байгаа. Хариуцагчид нь зарим нэр дэвшигчид зардлын данс нээхгүй байх боломжтойг хүлээн зөвшөөрч байгаа явдал нь зардлын данс нээхгүй байх нь зөрчил биш болохыг хүлээн зөвшөөрсөн хэрэг юм.

3.3. Хариуцагч нь нэхэмжлэгчийг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх заалтыг зөрчсөн гэж торгосон. Хуулийн тус заалтад "сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн" хэмээн заасан. Харин хуулийн тус хэсэгт зардлын данс нээгээгүй бол" гэж заагаагүй. Бидний энэ агуулга бүхий үндэслэлийг шүүх няцаахдаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 7.4.3-т заасан шударга ёсыг сахих зарчимд нийцэхгүй гэсэн байна. Харин Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-т "Зардлын данс нээхгүй байх" гэдэг эс үйлдэхүйг зөрчил болгон хуульчилсан гэх агуулга бүхий дүгнэлт хийгээгүй байна. Энэ нь Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэсэн хэрэг юм. Өөрөөр хэлбэл, шүүгч Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-т "Зардлын данс нээхгүй байх гэдэг зөрчил хуульчлагдаагүй болохыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-т "Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ" гэж үзэхээр заасан. Зардлын данс нээхгүй байх эс үйлдэхүй үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-т заагаагүй тул тус үйлдэл, эс үйлдэл нь зөрчил биш юм. Хууль тогтоогчийн зүгээс сонгуульд нэр дэвшигч нь зардлын данс нээхгүй байж болохыг хүлээн зөвшөөрсөн тул энэ явдлыг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид зөрчил болгон хуульчлаагүй.

3.4. Сонгуулийг зохион байгуулах чиг үүрэг бүхий дээд шатны захиргааны байгууллага болох Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс ч хуулийг энэ агуулгаар тайлбарлаж, хэрэглэж ирсэн. Тодруулбал, ЭЧЭН 2020 оны болон 2024 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо ч нэр дэвшигчид зардлын данс нээгээгүй, гагцхүү намын зүгээс зардлын данс нээсэн явдлыг Сонгуулийн ерөнхий хороо хуульд нийцнэ гэж хүлээн зөвшөөрч ирсэн. Сонгуулийн ерөнхий хорооны 2024.12.02-ны өдрийн 3/1030 дугаартай албан бичиг (ЭЧЭНд ирүүлсэн), 2024.12.06-ны өдрийн 3/1095 дугаартай албан бичигт (Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад ирүүлсэн) тус тус "Хэрэв нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд шаардлагатай зардлыг дээр дурдсан зардлын эх үүсвэрээс зөвхөн намын хөрөнгөөс бүрдүүлж байгаа тохиолдолд сонгуулийн зардлын данс нээхгүй байх боломжтой" хэмээн тусгасан байдаг. Сонгуулийн үеэр ЭЧЭН энэ талаар Сонгуулийн ерөнхий хороонд хандахад мөн адил хариуг өгч байсан болно. Сонгуулийн ерөнхий хороо нь ЭЧЭН, түүний нэр дэвшигчдийн зардлын данс нээхгүй байгаа явдлыг хууль ёсны гэж үзэж ирсэн бөгөөд ЭЧЭН, түүний нэр дэвшигчид түүний дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн. Иймд ЭЧЭН, түүний нэр дэвшигчдэд үүссэн хууль ёсны итгэл хамгаалагдах ёстой гэж бид үзэж байна. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт, няцаалт хийгээгүй бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооны албан бичгүүдэд дүгнэлт өгсөнгүй.

3.5. ЭЧЭН нь 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо ч сонгуулийн зардлыг зөвхөн намаас санхүүжүүлэх байдлаар оролцсон. Үүнтэй холбоотой сонгуулийн нэр дэвшигч сонгуулийн зардлын данс нээхгүй байхаар шийдвэрлэж, үүний дагуу ажиллаж байсан. Энэ үед Булган аймаг дахь татварын хэлтсийн Улсын байцаагчид нь ЭЧЭНын нэр дэвшигчийг мөн адил үндэслэлээр торгосон байдаг. Тухайн торгуулийн хуудсыг нэр дэвшигч эс зөвшөөрч, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу шүүх тус маргааныг шийдвэрлэсэн. Ингэхдээ Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021.3.09-ний өдрийн 05 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Татварын улсын байцаагчийн торгуулийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн Үндэслэх хэсэг, 6 дахь хуудсанд дараах дүгнэлтийг хийсэн байдаг. Үүнд: "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51.4-т Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй гэж зааснаас харахад нэр дэвшигч нь банкинд нээлгэсэн дансны талаарх мэдээллээ холбогдох байгууллагад Бүртгүүлэхийг үүрэг болгосон зохицуулалт байна. Нэгэнт нэр дэвшивч нь намын шийдвэрийн дагуу сонгуулийн зардлын данс нээлгээгүй учир зардлын дансыг бүртгүүлэх, холбогдох байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээхгүй" хэмээн тайлбарлаж, байсан. Тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байдаг. Иймд ЭЧЭН, түүний нар дэвшигчид зардлын данс нээхгүй байх нь хууль ёсны гэж итгэж, үнэмшиж байсан. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ энэ талаар дүгнэлт, няцаалт хийгээгүй байна.

3.6. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зөрчил гарсан газар явуулахаар заасан. Нэхэмжлэгч нь ДУ аймагт амьдардаггүй, Улаанбаатар хотод амьдардаг. Иймд данс нээх байсан бол ДУ аймагт биш Улаанбаатар хотод нээх байсан. Хариуцагчдын зүгээс шүүх хуралдааны явцад "дансаа хаана ч нээх боломжтой" гэж тайлбарласан. Иймд нэхэмжлэгчийг заавал ДУ аймагт данс нээх ёстой байсан гэх үндэслэлгүй буюу зөрчил гарсан газрыг ДУ аймаг гэх үндэслэлгүй юм. Бид энэ талаар тайлбар гаргаж, мэтгэлцсэн. Шүүх бидний тус тайлбарыг хүлээж аваагүй байна. Ингэхдээ зөрчил гарсан газар нь хаана болох, шүүх зөрчил гарсан газрыг хаана гэж тогтоож байгаа талаар огтоос дүгнэлт хийгээгүй байна. Иймд шүүх энэ талаар үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байна.

3.7. Дээрх бүгдээс дүгнэхэд, ЭЧЭН, түүний нар дэвшигчид нь Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр, тайлбар, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021.3.09-ний өдрийн 05 дугаартай шийдвэр, Татварын байгууллагаас захиргааны хэргийн шүүхийн тус шийдвэрийг хүлээн зөвшөөрч байсан нөхцөл байдалд итгэж, өмнө оролцож байсан арга, хэлбэрийн дагуу УИХ-ын 2024 оны сонгуульд оролцсон. Гэтэл татварын улсын байцаагч нь үүнийг дахин хууль бус хэмээн торгосон. Тус торгуулийг хэвээр үлдээж буй шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байж чадсангүй. Хэрэв зардлын данс нээхгүй байхыг зөрчил гэж үзвэл зөрчил гарсан газар нь ДУ аймаг биш тул ДУ аймгийн Татварын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах, торгох үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад дараахь үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

1.ДУ аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Бийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0056*** дугаартай шийтгэлийн хуудсаар “Б.Цыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т заасныг зөрчсөн” гэж Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасны дагуу 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

2.Гомдол гаргагч Б.Ц нь дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч ДУ аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Д.Бт холбогдуулан “ДУ аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Д.Бийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0056*** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар гомдлыг шүүхэд гаргасан.

3.Гомдлын үндэслэлдээ “...Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д сонгуулийн данс нээлгэсэн нэр дэвшигч нь тус журам, хугацаа ёсоор зардлаа бүртгүүлэх үүрэгтэй....Миний элсэж, Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшсэн нам болох ЭЧЭН нь хуульд заасан эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын сонгуульд оролцох шийдвэр гаргасан бөгөөд ингэхдээ сонгуулийн зардлын нэг л данстай байхаар шийдвэрлэсэн.  ...Сонгуулийн сурталчилгааг намаас нэгдсэн байдлаар явуулах талаар Сонгуулийн хороо хүлээн зөвшөөрч зөвлөгөө өгч байсан. Сонгуулийн данс нээгээгүй нэр дэвшигчээс данс нээхийг шаардаж байгаа нь буруу.” гэж маргажээ.

4.Хариуцагчаас “...Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчийг данс нээлгэх үүргээс чөлөөлсөн нэг ч зохицуулалт байхгүй тул зардлын данс нээх, уг дансыг бүртгүүлэх үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн тайлбарыг өгсөн.

5.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “ЭЧЭН”-аас тус намын нэр дэвшигчид Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч тус бүрээр аль нэг банканд зардлын /хандивын/ данс нээлгэх шаардлагагүй, бэлэн болон бэлэн бус хандив авахгүй байхаар хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, Сонгуулийн ерөнхий хороо болон Үндэсний аудитын газарт бүртгэлтэй ЭЧЭНын нэг дансаар сонгуулийн сурталчилгааны зардлыг нэгдсэн байдлаар хөтлөн явуулж, хуульд заасан хугацаанд холбогдох төрийн байгууллагад тайлангаа хүргүүлэхийг Удирдах зөвлөлд даалгасан гэдэг нь тогтоогдож байна.

6.Уг шийдвэрийн дагуу  ЭЧЭН нь зардлын данс нээж, уг дансны мэдээллийг Үндэсний аудитын газарт бүртгүүлсэн, харин нэр дэвшигч Б.Ц нь Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохдоо өөрийн нэрээр зардлын данс нээлгээгүй, өөрийн нэр дээр хандив аваагүй нь Үндэсний аудитын газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний  өдрийн 01/2347 дугаар  албан бичгээр тогтоогдож байна.

7.Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 3/1090, 3/1110 дугаар албан бичгүүдээр “...хэрэв нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд шаардлагатай зардлыг ... нам, эвсэл өөрийн хөрөнгийн эх үүсвэрээс бүрдүүлж, улмаар нам эвслийн сонгуулийн зардлын данснаас зарцуулж байгаа тохиолдолд нэр дэвшигч нь сонгуулийн зардлын данс нээхгүй байх боломжтой” гэсэн  тодруулгыг ЭЧЭН, Үндэсний аудитын газарт тус тус хүргүүлжээ. 

8.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, түүнчлэн нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сонгогчдод сурталчлах, тайлбарлан таниулах зорилгоор сонгуулийн сурталчилгааны шууд болон шууд бус зардал /цаашид "сонгуулийн зардал" гэх/ гаргана.”, 49.2-т “Сонгуулийн зардал дараах хөрөнгөөс бүрдэнэ:”, 49.2.1-д хандив, 49.2.2-т намын өөрийн хөрөнгө, 49.2.3-д нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө, 49.3-д “Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна.”, 49.4-т “Сонгуулийн зардлын данснаас өөр дансанд сонгуулийн зардал цуглуулах, зарцуулахыг хориглоно.” 51 дүгээр зүйлийн 51.1.1-д “Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна”, 51.4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

9.Хуулийн эдгээр зохицуулалтаас дүгнэхэд, нам, эсвэл, мөн нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сурталчлах, тайлбарлах зорилгоор гаргах сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна, сонгуулийн данснаас өөр дансанд сонгуулийн зардлыг цуглуулахыг хориглосон, мөн нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй байхаар заасан.

10.Маргааны тохиолдлын хувьд, ЭЧЭНаас “сонгуульд оролцох нэр дэвшигчдийн танилцуулга, намын сурталчилгааг тус намын сонгуулийн төв ажлын хэсгээс нэгдсэн байдлаар зохин байгуулахаар шийдвэрлэж, нам нь нэгдсэн нэг сонгуулийн данс нээлгэж, түүндээ сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зардлыг өөрийн хөрөнгийн эх үүсвэрээс бүрдүүлж, зарцуулахаар, шийдвэрлэсэн байна.

11.Уг шийдвэрийн  дагуу тухайн намаас нэр дэвшигч Б.Ц нь сонгуулийн зардлын данс нээлгээгүй байна. Нэгэнт нэр дэвшүүлсэн нам нь нэр дэвшигчийнхээ сонгуулийн сурталчилгаа болон бусад зардлын мөнгөн хөрөнгийг бүрэн хариуцахаар шийдвэрлэсэн байхад нэр дэвшигчийг сонгуулийн зардал цуглуулахгүй эсэхээс үл хамааран заавал сонгуулийн зардлын нэг данс нээхийг шаардах, нээгээгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх нь сонгуулийн чөлөөт зарчимд нийцэхгүй.

12.Хэргийн үйл баримтаас үзэхэд нэр дэвшигч нь сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг өөр бусад дансанд сонгуулийн зардал цуглуулсан, зарцуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй ба энэ талаар талууд маргаагүй болно.

13.Түүнчлэн нэр дэвшигч нь өөрийн нэр дээр сонгуулийн зардлын данс нээгээгүй, харин намаас нэгдсэн данс нээж, уг дансны дугаар, банкны нэрийг хуульд заасан журмын дагуу тус намаас төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байхад нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансыг нээлгэх, бүртгүүлэх, холбогдох байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээхгүй.

14.Иймээс нэр дэвшигч Б.Цыг сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх хуульд заасан үүргийг зөрчсөн, хуульд заасан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байх тул маргаан бүхий шийтгэлийн хуудсаар түүнд шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, ...-д тохирсон байна”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.”, гэж заасантай нийцээгүй гэж үзэхээр байна.  

15.Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрээр “...сонгуулийн тойрогт нэр дэвшигч тус бүр сонгуулийн зардлын нэг л данс нээлгэх, тухайн зардлын дансыг эрх бүхий байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй...” гэж дүгнэн, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ДУ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-т заасныг баримтлан гомдол гаргагч Б.Цын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, ДУ аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Д.Бийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0056*** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.   

 

 

 

 

                          ШҮҮГЧ                                                  Н.ХОНИНХҮҮ

 

                          ШҮҮГЧ                                                   Д.ОЮУМАА

 

  ШҮҮГЧ                                                    А.САРАНГЭРЭЛ