Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 19

 


2017.01.12


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2017/0012/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баттулга даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Хохирогч ***, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл, 
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 223 дугаар зүйлийн 223.1-т тус тус заасан гэмт хэрэгт *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201609000523 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, *** өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эгч, дүү нарын хамт *** тоотод оршин суудаг. Урьд:
2009 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 224 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар 3 жил 10 хоног хорих ял шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, *** /РД: ***/

Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *** нь 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр архидан соггуурсан үедээ ***ийн эзэмшлийн Тоёота Витз маркийн *** улсын дугаартай автомашиныг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан, ийнхүү авч зугтаан жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 /а/-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг биедээ авч явна” гэснийг, 2.7 /а/-д заасан “Жолоочид согтууруулах ундаа, ,мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг, 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг, мөн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөнөөс Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр *** гудамжид явган зорчигч ***, *** нарыг мөргөж, ***ийн биед хүнд зэргийн гэмтэл, ***ийн биед хөнгөн зэргийн гэмтэл, Дархан сумын 3 дугаар баг, *** тоот иргэн ***ын гэрийн хашааг мөргөж ***д 244.000 төгрөгийн хохирол, ***ийн эзэмшлийн Тоёота Витз маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 898.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***ы мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 9 дүгээр 21-ний өдөр 2 цагийн орчим би гэрээсээ гарч яваад Тосгоны 7 дугаар буудлын ойролцоо таньдаг найзтайгаа таарсан. Тухайн үед найз маань самарнаас ирсэн байсан. Тэгээд бид хоёр 0.5 литрийн Хараа нэртэй архи нэгийг авч, хувааж ууж дууссан. Бид хоёр дахин нэг шил архи авах уу гэж яриад дахин нэг шил архи аваад Далайгийн гэрээс гараад Хар усны эрэг дээр очиж, хувааж уугаад найз маань харилаа гээд би бас гэртээ харихаар зам хөндлөн гарч яваад хамаатныхаа ах ***тай таарсан. *** ах надад хэлэхдээ “хадлан руугаа явж байна, чи бухал хийгээд өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би *** ахтай хамт бухлыг нь хийж өгөхөөр хадлан руу нь явсан. Тэр үед 4-5 цаг болж байсан байх. Тэгээд *** ах бид хоёр Ширээ нурууны дээшээ Баяндаваа руу очсон. Баяндаваанд очоод би хэсэг бухал хийж байгаад Майхан руу хүйтэн цай уух гэж орохдоо *** ахын нимгэн курткыг нь өмссөн байсан. Тэр курткных нь халааснаас *** ахын машины түлхүүр нь газар унасан. Тэгтэл гэр лүүгээ харимаар санагдаад байхаар нь *** ахын машины түлхүүрийг нь аваад Ширээ нурууны гүүрэн дээр ирсэн. Ширээ нурууны гүүрэн дээр ирэхэд намайг цагдаа зогсоосон. Тухайн үед цагдаагаас айгаад засмалаас хажуу тийшээ буюу баруун гар тал руугаа эргэж, гудамж руу ороод зугтаасан. Тэгж зугтаж явахдаа уулзварын буудлаас хойшоо сайжруулсан замаар явж байгаад ***, *** хоёрыг мөргөсөн. Би машинаас буух үед ***, *** нартай явж байсан найз нь над руу хүрч ирсэн. Найзыг нь ирэхэд би “ахын дүү цагдаа, түргэн дуудаарай” гэж хэлээд *** дээр явж очсон. Удалгүй цагдаа нар ирээд дараа нь эмнэлэг ирсэн. Би цагдаад баривчлагдаад тухайн өдрөө эрүүлжүүлэхэд хоносон. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, согтуугаар машин барьж яваад ***, *** нарыг хохироосондоо гэмшиж байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 111-112, 114-115/,
        
Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр *** гэх найзтайгаа уулзах гээд явж байгаад ***, *** гэх хоёр найзтайгаа таарсан. Тэр хоёроос хаачих гэж байгаа талаар нь асуухад “ус авах гээд явж байна“ гэж хэлсэн. Тэгээд усыг нь аваад гэр лүү нь хүргэж өгөх замд миний урд ***, *** хоёр ***ийн усыг өргөөд явж байсан. Би ***тэй хойно нь юм ярьж явж байгаад ийм зүйл болсон. Тэрнээс хойшхи зүйлээ санахгүй байна. Энэ хэргийн улмаас миний хүзүү хугарч, хүзүүндээ эмчилгээ хийлгэсэн. Одоо биеийн байдал гайгүй байна. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23/,  

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр манай нөхөр *** намайг ажил дээр байж байхад надруу 19 цагийн орчим залгаад хадлан дээр байж байхад *** согтуу архи уучихаад *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг аваад Деревнь зүг рүү буюу Дархан руу зугтаачихлаа. Би араас нь пад пад трактороор хөөгөөд гүйцэхгүй байна. Одоо Деревнийн гүүрээр гарах байх тэгэхээр нь чи урдаас нь очоод аваатах гэхээр нь тэр дороо ажлаасаа гараад өөрийн *** улсын дугаартай РХ 330 маркийн тээврийн хэрэгслээрээ Деревнийн гүүрэн дээр 20 цагийн орчим очиход цагдаагийн алаг машинтай цагдаа зогсож байхаар нь тухайн нөхцөл байдлын талаар хэлж одоо гүүрээр орж ирнэ тэгэхээр нь бариад зогсоогоод өгөөч гэхэд за гээд зогсож байтал удалгүй 2 машины дунд Ширээ нуруу талаас орж ирэхээр нь тэр машиныг зааж өгөхөд нөгөө цагдаа нь *** улсын дугаартай машин тулж ирэх үед гартаа барьж байсан гар станцаараа нөгөө машины хамар дээр зогс гээд нэг удаа цохиход нөгөө машин зогсолгүй цааш даялаад гүүрнээс буугаад гэр хороолол тал руу яваад өгсөн. Миний эзэмшлийн *** улсын дугаартай Тоёота витз маркийн машин хашаа мөргөөд мөн хүн мөргөсөн байдалтай байж байсан. ...Миний машины урд хэсэг нь бүхэлдээ гэмтсэн нийт 898.000 төгрөгийн хохирол учирсан байгаа” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26, 28-29/,

Иргэний нэхэмжлэгч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн:  “...Би 2016 оны 09 дүгээр сарын 21-ний 19 цагийн орчим гэрт ус байхгүй болохоор нь усанд явах гээд байж байтал манай найз *** ирэхээр нь хамтдаа усанд эцсийн буудлын хажууханд байдаг бид нарын нэрлэдгээр Америк худаг руу явж усаа авчихаад замын хажуу талаар ***, *** 2 миний авсан усыг урд талд түрээд явж байхад ард нь би ***ийн хамт бие засчихаад нөгөө хоёрын араас очих гээд явж байтал араас шороон дээр машины дугуй дуугарах чимээ гарахаар нь эргээд харсан чинь нэг жижиг машин намайг мөргөхөд би замын хажуу руу шидэгдээд унасан учир *** хэрхэн яаж мөргүүлснийг хараагүй, хамт байсан манай найз нар харсан байна лээ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32/,

Иргэний нэхэмжлэгч ***ын мөрдөн байцаалтад өгсөн:  “...намайг гэртээ байхгүй хойно манай хашааг машин мөргөсөн гэж эхнэр хэлэхээр нь би ажлаасаа чөлөө аваад ирэхэд манай хашаа эвдэрч гэмтсэн байсан. Надад нийт 244.000 төгрөгийн хохирол учирсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Буруутай хүн нь манай хашааг янзалж хуучин хэвэнд нь оруулсан учраас нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35/,

Гэрч С.***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 16 цагийн орчим Ширээ нуруунд хийж байгаа хадлан руугаа явж байх замд манай хадлан дээр ажиллаж байсан манай холын хамаатан *** Деревнийн 7 дугаар буудлын замын урд талд явж байхаар нь би уулзахад надад би хадлан дээрээс хүрээд ирсэн, найзтайгаа уулзаж байна гэчихсэн ер нь согтуу байсан. Тэгээд миний жолоодон явсан *** улсын дугаартай машины ар талд ганцаараа суухаар нь би хадлан руугаа авч явсан. Хадлан дээр 16 цаг 30 минутын орчим очоод майхны гадаа машинаа байрлуулж тавиад бухал хийж байтал *** хэсэг хугацаанд бухал хийж байгаад майхны хажууд очоод цай ууж тэр хавиар байж байгаад 17 цагийн орчим майхны хажууд байрлуулж тавьсан байсан манай эхнэр ***ийн эзэмшлийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Деревнь зүг рүү явахаар нь би араас нь өөрийн пад пад трактороор хөөсөн боловч гүйцэхгүй болохоор нь эхнэр *** рүү болсон асуудлын тухай утсаар залгаж хэлээд чи Хараагийн цементэн гүүрэн дээр өөдөөс нь тосож байгаад зогсоож ав наадах чинь машин унаад согтуу зугтлаа гэж хэлэхэд зөвшөөрсөн. Хөөж явсан машины бензин дууссан, харин тосгонд айлын хашаа мөргөсөн сураг байна яваад оч гэсэн. Тэгэхээр нь Деревнь рүү буцаж очиход Булгийн 2 дугаар гудамжинд айлын хашаа мөргөсөн байсан. ...би өмсөж явсан цамцны халаасандаа хийж майхандаа өлгөж тавьсан байсан. ...айлын хашааг нэг талаас нь мөргөөд нөгөө талыг нь мөргөөд зогсчихсон, машины урд хэсэг бүхэлдээ эвдэрчихсэн машины ард талд нэг залуугийн нүүр нь цус болсон байдалтай газар хэвтэж байсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37/,

Гэрч М.***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн найз ***ийн гэрт байж байхад ээж нь ус аваад ир гэхээр нь би ***ийн хамт ***ын усанд 7-н буудлын зүг явж бид нарын нэрлэдгээр Америк худгаас ус авчихаад буцаад 7-н буудлын хажуугийн замаар би ус түрээд хажууд ***, ард ***, *** 2 явж байтал гэнэт машин дуугараад хүмүүс орилолдоход манай 2 найз машинд дайруулсан. *** замын хажууд, харин *** тэр машины мөргөж орсон хашаан дотор машины хойд хэсэгт газар ухаан алдсан юм шиг хэвтэж байсан. Би яг мөргөж байгааг нь хараагүй, харин мөргөсний дараа нь харсан” гэсэн мэдүүлэг. /хавтас хэргийн 38/,
Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн:  “...Би голын тэнд машины өөдөөс нь гүйж очоод зогс гээд гараараа дохиод машины хамар дээр станцаар цохих үед нөгөө машин цааш шороон замаар гудамж руу ороод явах үед нь яг ард явж байсан машиныг шууд зогсоогоод араас нь гудамж руу ороход нилээд холдоод явж байхаар нь араас нь явж байтал миний сууж явсан .машины бензин тасалдаад унтарчихаар нь би буцаж өөрийн машин дээр очоод эргүүлийн машиндаа суухад станцаар тосгонд жижиг тэрэг айлын хашаа мөргөчихлөө гээд зарлаж замын цагдааг дуудаж байсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 39/,

Гэрч Э.***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...тэр үед *** тэрэгтэй ус түрээд би хажууд нь ***тай юм яриад явж байсан. Харин ***, *** нар ард 30-40 метр орчим зайд юм яриад явж байсан. Тэгээд тэр үед Булгийн гудамжны үзүүр дээр ирэх үед манай найз Эрдэнэтулгын ээж Мэндбаяр хашаанаасаа гарч ирэхээр нь сайн байна уу гэж мэндлээд зогстол ***, *** хоёрын араас нэг жижиг машин урсгал сөрж орж ирээд эхлээд ***ийг мөргөхөд *** замын хажуу руу шидэгдэж унасан. Тэгээд тэр машин зогсолгүй явж ***ийг мөргөхөд *** машины хамар дээр унаж толгой нь уг машины урд талын том шил рүү явж орсон. Тэгэхэд тэр машин зүүн тал руугаа дарж зүүн талдаа байсан айлын хашаа мөргөхөд *** тэр газар унасан. Харин нөгөө машин нөгөө айлын хашааны цаад хашааг мөргөж зогссон” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хоолоо хийчихээд 19 цаг өнгөрч байхад ***ийн утас руу хоолоо ид гэж хэлэх санаатай залгатал найз нь утсыг нь аваад “эгчээ *** Булгийн 2 дугаар гудамжинд зам тээврийн осолд орсон байна” гэж хэлэхээр нь тухайн зам тээврийн осол болсон газар явж очих үед манай хүү ***ийг эмнэлгийн насилк дээр тавьчихсан эмнэлгийн машин руу оруулж байсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1019 дугаартай “***ийн биед тархи доргилт, 2 хөлийн шилбэний зөөлөн эдийн зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 67/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1048 дугаартай “***ийн биед хүзүүний 6-7 дугаар нугалам хоорондын жийргэвч мөгөөрсний гулсалт, нугас дарагдал, цээжний 2 нугалмын их биеийн шахагдсан хугарлын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. ***т учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээний эхлэл төгсгөлөөс шалтгаална”  гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 76/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-8/, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл: /хавтаст хэргийн 9/, Зам тээврийн осол дээр тогтоосон замын байцаагчийн дүгнэлт: /хавтаст хэргийн 10/, ***д учирсан хохирлын үнэлгээг тогтоосон шинжээчийн /хавтаст хэргийн 47-48/, ***д учирсан хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 100-101/, Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 41 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 54-56/, ослын дүгнэлт 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 42 дугаартай /хавтаст хэргийн 62/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст ял шийтгэлгүй гэх /хавтаст хэргийн 122/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч *** нь 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр архидан соггуурсан үедээ ***ийн эзэмшлийн Тоёота Витз маркийн *** улсын дугаартай автомашиныг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан, 
Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 /а/-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг биедээ авч явна” гэснийг, 2.7 /а/-д заасан “Жолоочид согтууруулах ундаа, ,мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг, 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг, мөн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөнөөс Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр *** гудамжид явган зорчигч ***, *** нарыг мөргөж, ***ийн биед хүнд зэргийн гэмтэл, ***ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, Дархан сумын 3 дугаар баг, *** тоот иргэн ***ын гэрийн хашааг мөргөж ***д 244.000 төгрөгийн хохирол, ***ийн эзэмшлийн Тоёота Витз маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 898.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч ***, хохирогч *** нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч ***, Иргэний нэхэмжлэгч ***, ***, гэрч  С.***, М.***, ***, Э.***, *** нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26, 28-29, 31-45/, Замын Цагдаагийн шинжээчийн ослын  дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1019, 1048 дугаартай  дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***ы үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 223 дугаар зүйлийн 223.1-т зааснаар тус тус зүйлчлэн ирүүлсэн яллах дүгнэлтийн зүйлчлэл тохирч байна. 

Иймд шүүгдэгч ***ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн мөн авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутад тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 223 дугаар зүйлийн 223.1-т зааснаар тус тус ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч ***ы хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286. 290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
                                                       ТОГТООХ нь: 

1.Шүүгдэгч *** ***ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж бусдын бие махбодид хөнгөн болон хүнд гэмтэл учруулсан мөн авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. *** ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/-ын хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 223 дугаар зүйлийн 223.1-т зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялд багтааж эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар ***д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид   эдлүүлсүгэй.

5.Шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар ***д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай. 
  
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар ***ын засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 

8.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан *** нь тэнсэж хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн газрын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг сануулсугай.  

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар ***д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй 

10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар ***ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/-ын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, ялтан хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолыг үл биелүүлбэл Эрүүгийн хуулийн 258 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэхийг ***д сануулсугай. 

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        П.БАТТУЛГА