Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 1700

 

 

 

 

                            2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2019/01700

 Улаанбаатар хот

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоотод оршин суух  Энхтайван /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  тоотод оршин суух  Э******* /РД:*******/-д холбогдох

 

34,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Энхтайван, хариуцагчийн төлөөлөгч Т.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигдэлгэр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Энхтайван нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д******* овогтой Энхтайван миний бие 2015.01.15-ны өдөр Ш******* овогтой Э*******тай зээлийн гэрээ, барьцааны гэрээ хийж, 2 өрөө байрыг нь барьцаалж, 20,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатайгаар зээлдүүлсэн юм. Тэрээр 2016.01.15-ны өдөр хүртэл зөвхөн хүүгээ төлж байгаад зээлээ дахин 1 жилийн хугацаатайгаар сунгасан юм. Энэ хугацаанд үндсэн зээл болон хүүгээ төлөөгүй болно. 2017.10.18-ны өдөр дахин тэрээр тооцоо нийлж, 34,800,000 төгрөгийг төлнө гэж 1 жилийн хугацаа авсан ч энэ хугацаандаа мөнгөө төлөлгүй хууран мэхэлж, олон жил хохирсон. Иймд хариуцагч Ш.Э*******аас миний авах 34,800,000 төгрөг болон шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлсөн 332,000 төгрөгийн хамт гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү.

2015.1.15-нд хариуцагчтай зээлийн болон барьцааны гэрээ хийсэн. Улмаар 20 саяыг 4 хувийн хүүтэй зээлсэн. Хариуцагч нь сар бүр хүүгээ төлж байсан. Гэрээний хугацаа дуусаад мөнгөө нэхэхэд гэрээгээ сунгъя гэсэн. Энэ хугацаанд надад мөнгө төлөөгүй. Улмаар 2017 он дууссан. Мөнгөө нэхэхэд төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Тооцоо нийлэх гэрээ хийсэн. Ингэхдээ хүргэнээ дагуулж ирж хийсэн. Хариуцагч нь гадагшаа явах гэж байгаа тул хүргэн Ц нь төлнө гээд гэрээг дахин 6 сараар сунгасан. Ингээд үндсэн зээл, зээлийн хүү нийлээд 34 800 000 төгрөг болсон. Улмаар хариуцагчтай уулзах гэтэл уулзахгүй байсан тул итгэмжлэл хийж өгсөн Цогтбаяр нь надтай уулзаад хариуцагчийг гадагшаа явсан гэсэн. Гэтэл хариуцагч нь надтай тааралдсан. Тэгээд би уурлаж намайг залиллаа гэж хэлсэн. Цогтбаярт нь бас хэлэхэд хариуцагчтай тохиролцсон гэж хэлсэн. Удахгүй мөнгө өгнө гэсэн гэж хэлсэн. Дахиад 2-3 сар хүлээгээд 2017.10.18-нд хариуцагчтай уулзаж төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Энэ үед 34 800 000 төгрөгийг дахин хүү бодогдохгүйгээр жилийн хугацаа өгөөч гэсэн. Ингээд надад баталгаа гаргаж өгсөн. Жилийн хугацаанд төлнө төлөхгүй бол барьцаа хөрөнгөөрөө шүүхийн журмаар төлнө гэсэн. Ингээд 1 жилийн хугацаанд дахин мөнгө өгөөгүй. Би дахин олон удаа нэхсэн боловч хүлээж бай гээд өгөөгүй. Би гэрт нь очоод шүүхэд өглөө гэхэд эхнэр нь шүүхэд өг гэсэн. Хариуцагч нь сүүлийн 2 жил утсаа авахгүй зугтааж байна. Иймд үндсэн зээл 20 сая, хүү нь 14 800 000 төгрөг нийт 34 800 000 төгрөг нэхнэ гэв.

 

            Хариуцагч Ш.Э******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Энхтайваны нэхэмжлэлтэй хариуцагч Ш.Э*******ад холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагч Ш.Э******* миний бие нэхэмжлэгч Д.Энхтайван гэдэг хүнтэй 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 20,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 4 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож “Зээлийн гэрээ”, “Барьцааны гэрээ”-г байгуулсан. Гэтэл нэхэмжлэгч Д.Энхтайван нь надад зээлэх мөнгө гарахгүй байна гээд хариуцагч надад 20.000.000 төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар өгөөгүй болно. Харин н.А******* гэдэг хүн миний Хас банкны зээлийн дансанд 12,500,000 төгрөгийг шилжүүлж зээл хааж байсан болно. Түүнчлэн н.А******* нь хариуцагч миний Хаан банкны 5006493979 тоот дансанд 7,450,000 төгрөгийг надтай цуг байхдаа шилжүүлж өгөөд би хүүгээ урьдчилж авна гээд мөн өдөр нь бэлнээр 5,000,000 төгрөгийг надаас авсан. Гэтэл нэхэмжлэгч нь н.А******* гэдэг хүний өгсөн мөнгө миний мөнгө байсан гэж надаас нэхсээр байгаад 13,800,000 төгрөгийг авсан. Иймд хариуцагч миний бие нэхэмжлэгчээс мөнгө хүлээн огт авч байгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

            Хариуцагчийн төлөөлөгч Т.О******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь зээлийн гэрээ байгуулаад мөнгө өгсөн байх үүрэгтэй. Мөнгөө хүлээлгэж өгөөгүй. Иймд зөвшөөрөхгүй. Гэрээнд зааснаар дансанд шилжүүлж өгөөгүй. А*******ын дансанд мөнгө шилжүүлсэн тул А*******аас нэхэх нь зүйтэй. А*******аар 12,500,000 төгрөгний зээлээ төлүүлээд, мөн дансаар 7,450,000 төгрөг авсан гэв.

 

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

     ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Энхтайван нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 20,000,000 төгрөг, хүү 14,800,000 төгрөг, нийт 34,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

            Хариуцагч Ш.Э******* нь зээлийн гэрээ байгуулсан талаар маргаагүй боловч гэрээний дагуу мөнгө олгогдоогүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Зохигчид 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөгний үнэ бүхий зээлийн гэрээ байгуулсан байна. Уг гэрээгээр дээрх мөнгөн хөрөнгийг 1 жилийн хугацаанд сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний хугацаанд зээлийг төлөөгүй бөгөөд хугацаа сунгах санал гаргасан гэж тайлбарласан бол хариуцагч талаас үүнийг үгүйсгээгүй. Улмаар 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээний хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сунгасан байна.

 

Улмаар зохигчид 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулж, гэрээний төлбөрийг 30,000,000 төгрөг, хугацааг мөн оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгаж, энэ хугацаанд ногдох хүүг 4,800,000 төгрөг байхаар тохиролцсон байна. Үүний дараа хариуцагч нь гэрээний хугацааг дахин сунгах санал гаргасан гэж нэхэмжлэгч тайлбарласан бол хариуцагч дээрхийн адил үүний үгүйсгээгүй. Энэхүү үйл баримт нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээгээр тогтоогдож байх бөгөөд уг гэрээг байгуулсан эсэх талаар хариуцагч талаас маргаагүй. Төлбөр барагдуулах гэрээгээр зээлийн гэрээний дагуу төлөх нийт төлбөрийг 34,800,000 төгрөг гээд 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төлөхөөр тохиролцсон байна.

 

Дээрх үйл баримт буюу гэрээний хугацаа сунгах, тооцоо нийлж, төлбөр барагдуулах болон төлбөр барагдуулах гэрээг байгуулсан эсэх талаар зохигч хэн аль нь маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэрч Л.А*******ын данс уруу 20,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн Хаан банк дахь дансны хуулгаар тогтоогдож байна. /хэргийн 53 дугаар тал/ Энэхүү мөнгийг хүлээн авсан Хаан банк дахь ******* тоот дансыг гэрч Л.А******* эзэмшдэг болох нь түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдсон.

 

Улмаар дээрх мөнгөнөөс 12,500,000 төгрөгийг хариуцагчийн Хас банк дахь зээлийн төлбөрт зарцуулсан, 7,450,000 төгрөгийг хариуцагчид банкны дансаар хүлээлгэн өгсөн болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, хэргийн 7 дугаар талд байгаа мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон.

 

Хариуцагч нь хэдийгээр зээлийн гэрээ байгуулагдсан боловч нэхэмжлэгчээс мөнгө аваагүй харин Л.А*******аас мөнгө авсан гэж маргасан. Гэвч хариуцагчийн энэхүү тайлбар нь гэрчийн хариуцагчийн банкны зээлийг төлсөн болон банкны шилжүүлгээр олгосон мөнгө нь зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу олгогдсон, нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгө байсан гэж тайлбарласан.

 

Эдгээр үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл гэрчийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, Хаан банкны 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний сунгалт, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ, мөн өдөр хариуцагчийн үйлдсэн баталгаа зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн гэрээний дагуу нийт 19,950,000 төгрөг олгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу алданги нэхэмжлээгүй, харин хүү нэхэмжилсэн байх тул хүүг тооцвол сард 798,000 /19,950,000*4%/ төгрөгний хүү тооцогдоно.

 

Зохигчид 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулсанаас хойш гэрээний хугацааг сунгаж, улмаар дуусгавар болсон 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийт 31 сарын хугацаанд зээлийн гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байсан байна. Иймд зээлийн гэрээний 31 сарын хугацаанд нийт 24,738,000 төгрөгний хүү тооцогдоно. Гэвч нэхэмжлэгч нь зээлийн хүүнд 14,800,000 төгрөг нэхэмжилсэн байх тул зээлийн хүүг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

 

Дээрхийг нэгтгэн тооцвол хариуцагчаас үндсэн зээлд 19,950,000 төгрөг, хүүнд 14,800,000 төгрөг, нийт 34,750,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна.

Түүнчлэн хариуцагч, түүний төлөөлөгч нь зээлийн гэрээний дагуу төлбөр төлсөн эсэх талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Ш.Э*******аас зээлийн гэрээний үүрэгт нийт 34,750,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Энхтайванд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 50,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 331,700 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 50 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД