| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2023/00006/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/04 |
| Огноо | 2023-12-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ган-Эрдэнэ |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/04
2022 12 26 2023/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Д даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.А,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Г,
Хохирогч: Т.О /цахимаар/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б /цахимаар/,
Шүүгдэгч: Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б холбогдох эрүүгийн 2229000000167 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1969 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Тавантолгой” ХК-д насосчин ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 3 дугаар баг Цагаан-Овоо, Уурхайн тосгон 0-1-4 тоот хаягт оршин суух, урьд Өмнөговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Х Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Х.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тавантолгой” ХК-ийн ажлын байран дээр диспетчер ажилтай Т.Оюун-Ундрахтай “...нарядын хуудас...”-ны талаар маргалдан, хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар Т.Оюун-Ундрахын толгой, нүүрний хэсэг рүү гараараа олон удаа цохих байдлаар халдаж эрүүл мэндэд нь тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, дээд уруул, баруун завжны салстын язрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б холбогдох эрүүгийн 2229000000167 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б мэдүүлэхдээ:
2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 06 цаг 20 минутад конторт орж очиход Т.О, Б хоёр байсан. Хаалгаар ороход л загнаад эхэлсэн. Бүтэлгүй, дүлий, сохор гэж хэлэхээр нь би эмзэглээд уур хүрсэн. Тэгээд цохьчихсон юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 2.000.000 төгрөг төлсөн, хохирогчийн нэхэмжлээд байгаа 1.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б гаргасан тайлбар дүгнэлтдээ:
Өмгөөлөгч миний бие шүүх хуралдаан хэлэлцүүлэг эхлэхээс өмнө өөрийн хэргийн онолыг тайлбарласан байгаа. Өөрөөр хэлбэл миний үйлүүлэгч Х.Б нь хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээ ойлгож ухаарч тодорхой хэмжээнд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө төлсөн. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хэд хэдэн нөхцөл байгаа эсэхийг хянадаг. Эдгээр хуулийн зүйл заалтад заасан нөхцөл байдал байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Улсын яллагчийн ялын шүүмж буюу оногдуулах ял шийтгэл санал дүгнэлтэд бол мэтгэлцэх, үгүйсгэх зүйл байхгүй. Гэмт хэргээс учирсан хор уршгийг нөхөн төлөх төлөхийг илэрхийлсэн гэсэн үндсэн 3 нөхцөл 4.5 дээр заагаад өгчихсөн байгаа. Хэргийн хүрээнд хохирол төлбөрөө төлж барагдуулсан бичгийн баримт байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэдгийг илэрхийлж хэлмээр байна. Ийм учраас улсын яллагчийн ялын санал буюу 500 нэгжээр торгох ялын саналыг Х.Б оногдуулж өгнө үү гэсэн саналыг шүүх хуралдаанд оруулж байна. Хохирогч гомдолгүй гэж бичсэн ингэж хэлэхийг мэдсэн бол би гомдолтой гэж хэлэх байсан гэж хэлж байна. Улсын яллагчаас цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж байна. Энэ дээр тусгайлан гаргах санал хүсэлт байхгүй. Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл хохирогчийн буруутай үйлдэл байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Ял шийтгэлийг оногдуулахад 500 нэгж тохирсон ял шийтгэл юм гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа юм. Овоо босгоогүй бол шаазгай хаана суух вэ гэдэг шиг хүнийг үзэмжээр дүлий сохор мэргэжлээс шалтгаалах өвчин буюу хэл амаар доромжилсон нөхцөл байдал байдаг юм байна лээ. Үүнээс шалтгаалж энэ хүний бие эрх чөлөөнд халдах нөхцөлийг бүрдүүлсэн байдаг юм. Энийг өмгөөлөгчийн зүгээс дурдахгүй байх арга алга тийм учраас дурдаж хэлье гэв.
-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.О гаргасан тайлбартаа:
Шүүгдэгчийг өнөөдөр ийм зүйл ярина гэж мэдээгүй учраас би шинэ он гарах гэж байгаа юм чинь бас нэг газар ажилладаг юм чинь гээд гомдолгүй гээд бичээд өгчихсөн. Намайг сар гаран болж байхад бие чинь яаж байна гэж нэг удаа ч гэсэн залгаж холбогдоогүй. Миний бие хаа өвдөөд хэцүү байгаа ч гэсэн тэрийгээ би хэнд ч хэлээгүй ажлаа хийгээд л явж байгаа. Өнөөдөр ийм байдалтай миний буруу байсан юм шиг ярьж байгаад нь гомдож байна. Цалин нь дутуу орчихвий гээд өөрт нь санаа зовоод зөвлөгөө өгсөний төлөө зодчихоод өнөөдөр ийм зүйл ярьж байгаад нь би гомдож байна. Энэ Х.Б гэдэг хүний ганц удаагийн явдал биш удаа дараагийн маш олон хүн зодож бэртээж гэмтээж байсан байж миний буруу юм шиг ярьж байгаад нь гомдож байна. Гомдолгүй гэж бичиж өгсөндөө өөрөө одоо харамсаж байна. Би энэ хүнийг ингэж хэлнэ гэж үнэхээр бодсонгүй. Миний бичлэг хүртэл байгаа Х.Б ахаа нарийд чинь олчихсон гээд би хүртэл баярлаж байсан. Миний хувьд орж ирэхэд нь тайлбарласаар байтал зодчихсон. Зодчихоод явсны дараа нь та сохор юм байна ш дээ юмаа олоогүй намайг зодчихлоо гэж хэлсэн. Удаа дараа маш олон хүнийг зодоод шийтгэлээ аваад явж байсан хүн, тэрнээс биш би орж ирэхэд нь чи сохор дүлий болохоороо нарийдаа олоогүй гэж хэлээгүй гэж бодож байна. Зөндөө хүнийг буруу сонссоноосоо болоод цохиж зодож байсан тэр болгонд нь би Х.Б ахын талд ороод л явдаг байсан тэгтэл өнөөдрийн шүүх хуралдаан дээр ингээд хэлж байгаад нь үнэхээр гомдож байна. Надад бол хуучин өш хонзон санасан зүйл үнэхээр байхгүй. Би ажлын байран дээрээ ажлаа хийж сууж байгаад зодуулсан тэрнээс биш би ар гэрийн юм уу хувийн зүйл бид хоёрт байгаагүй гэдгийг дахин дахин хэлмээр байна. Хохиролд 2.000.000 төгрөгийг авсан, анх надтай эхнэртэйгээ ирж уулзахдаа 3.000.000 төгрөг өгье гэж байсан, түүнээсээ 2.000.000 төгрөгийг бол өгсөн, одоо үлдэгдэл 1.000.000 төгрөгөө авмаар байна. Энэ бүх хугацаанд надаас гарсан бүх зардлаа нэхэмжилнэ гэх юм бол би хоол аваад идсэн мөнгөө ч нэхэмжлэх боломж байсан. Миний толгой тархи удаан өвдөж явсан. Одоо ч гэсэн эмчилгээ хийлгээд явж байгаа. Энэнээс болоод би маш их стресст орсон миний суурь өвчнүүд хөдөлсөн сард авдаг эм тариа дээрээ нэмэлт тариа авч хэрэглэсэн. Энэний зардлыг би нэгийг нь ч оруулаагүй тэрийг оруулсан бол надад дахиад 450,000 төгрөгийн зардал гарчихсан байгаа. Би одоо эмнэлэг рүү явахгүй бол зүрхний фүлс ихсээд байна. Ингэхэд л би зүрхний эм тариа авч хэрэглэдэг байгаа шүү. Би анхнаасаа хатуурхаж энэ хүнд муу хандъя гэж бодоогүй учраас л энэ хүнийг гомдолгүй гэж хэлсэн. Шүүх хурал дээр нэмэлт баримт байна уу гэхэд би гарсан зардлын баримтаа хүртэл хавсаргах ёстой байсан юм байна. Би ямар нэг үндэслэлгүйгээр 1.000.000 төгрөг авъя гэж хэлээгүй шүү гэв.
-Гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,
- Т.О Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 5 дахь тал/
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-12 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.О өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд Т.О гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Гэрэлтуяагийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 545 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 46, 49-50 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд Х яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/,
-Хууль зүйн туслалцаа авах тухай мэдэгдэл /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,
-Эмчилгээний зардлын баримт, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, хохирлын баримтууд /хавтаст хэргийн 18, 62, 63-66 дахь тал/,
-Х.Б иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 69, 70, 71, 72, 73-75, 76-78, 79-80, 81-85, 86-87 дахь тал/
-Өмнөговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 89-96 дахь тал/
-Хохирогч Т.О Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь прокурорын газарт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 111 дэх тал/,
-Шүүгдэгч Х.Б Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь прокурорын газарт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 112 дахь тал/,
-Хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 113 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Х.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тавантолгой” ХК-ийн ажлын байран дээр диспетчер ажилтай Т.О “...нарядын хуудас...”-ны талаар маргалдан, хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар Т.О толгой, нүүрний хэсэг рүү гараараа олон удаа цохих байдлаар халдаж эрүүл мэндэд нь “тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, дээд уруул, баруун завжны салстын язрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.
1.2. Нотлох баримтын үнэлгээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-12 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.О гэрчээр өгсөн: “...Миний бие "Тавантолгой" ХК-д диспетчерээр ажилладаг... 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн өглөөний 06 цаг 30 минутын орчимд хамт ажилладаг Баатар гэх хүн өглөө ажилдаа гарах гээд ажил дээрээ ирсэн. Баатар гэгч нь 11 сарын 20-ноос хойш өөрийн наряд зааварчилгааны хуудсаа олохгүй хайж байгаа юм. Тэгээд тэр өдрөөс хойш ажилдаа ирэх болгондоо тухайн хуудсаа хайгаад уурлаад байдаг байсан. 11 сарын 24-ний өглөө манай ажлын газрын Баярхүү ажилчдын нарядны хавтаснаас Баатар 2 нарядтай байна гээд хайгаад байсан нарядыг нь гаргаад ирсэн. Тэгэхээр нь би тэрийг нь аваад байж байгаад өглөө Баатарыг ороод ирэхээр нь “нарядыг нь олчихлоо. Та яг хаагуур хайсан юм бэ энэ хавтсанд байсан байна” гээд тайлбарласан. Тэгсэн чинь Баатар “та нар авсан байна. Эсвэл өөр хүн авчихаад одоо гаргаж ирж байна” гээд уурласан. Баатар хуучин нарядаа олохгүй шинэ наряд нээчихсэн байхаар нь би “та одоо хуучин нарядаа хэрэглэ, хуучин дээр чинь ростор нь буугаад явчихсан мастерын гарын үсэг байгаа. Шинэ дээр чинь тэр хүний гарын үсэг байхгүй ш дээ” гэхчилэн ажлын дагуу зөвлөгөө өгч, олон удаа энэ талаар тайлбарласан. Тэгсэн чинь “чамд хамаагүй би өөрөө мэдэж байна. Ийм их юм биччихээд одоо яах юм пизда минь" гээд над руу бал шидсэн. Ер нь намайг гичий минь, пизда минь гэх үгээр их олон удаа загнасан. Тэгснээ намайг шууд миний сууж байсан текний араар орж ирээд толгойг маань гараараа сандал руу арагш түлхээд 2 гараараа ээлжлээд толгой руу маань олон удаа цохисон. Тэгээд манай ажлын нэг эрэгтэй ирээд салгаад холдуулсны дараа дахиж эргэж ирээд миний толгой, нүүр лүү цохиж байгаад өшиглөөд байж байхад манай ажлын хүн бас салгасан. Тэгээд Баатар инженерүүдийн өрөө рүү ороод нарядаа авч гарч ирээд мөн намайг зодох гээд дайраад байхад минь манай ажлын хүмүүс байсан тул над руу ойртуулаагүй... миний толгой их өвдөж байгаа, уруул язарсан, юм идэхэд эмзэглэлтэй, айж сандарснаас болоод зүрх өвдөөд байгаа. Мөн хүзүү орчмоор хөшингөтэй, хамар яс хөндүүртэй өвчтэй байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23 дахь тал/
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Г өгсөн: “...миний бие Тавантолгой ХК-д үйлчлэгчээр ажилладаг. 2022 оны 11 сарын 24-ний өглөө 06 цаг өнгөрөөгөөд ажилдаа гарахаар ажилдаа ирчихсэн байсан. Тухайн үед манай ажлын Оюун-Ундрах шөнийн ээлжтэй хоносон. Тэр үед мөн манай ажлын Баатар өглөө ажилдаа гарахаар ирсэн байсан. Баатар нь тухайн үед өөрийн ажлын нарядаа олохгүй нэлээн хэд хоносон байсан юм байна лээ. Тэрийг нь хүн олоод өгтөл Оюун-Ундрах таны наряд байсан л байна ш дээ, өөрөө олохгүй байж бид нараас нэхээд байдаг юм, та сайн хайхгүй бүтэн 7 хоног хайгаа биз дээ" гэхчилэн хэлтэл Баатар “та нар л авч нуугаад өгөхгүй байсан байх” гээд хэлж байсан. Тэгээд Оюун-Ундрах “та хуучин нарядан дээрээ биччихээ, Ууганаа мастерын гарын үсэг байгаа юм байна Ууганаа мастер амарчихсан энэ сард ирэхгүй шүү дээ, танд гарын үсэг нь хэрэгтэй ш дээ" гээд учирлаад байх шиг байсан. Баатар “чамд ямар хамаатай юм" гээд байх шиг байсан. Тухайн үед би ажилдаа гарах гээд л орж гараад байж байсан. Нэг мэдсэн л текнийх нь ард орчихсон Оюун-Ундрахыг гараараа толгой тархи руу нь л цохиод байсан. Тэгээд Мөнгөнөө бид хоёр очоод арай гэж нэг юм холдуулсан. Тэгсэн дахиад л Баатар Оюун-Ундрах дээр оччихсон бас зодоод байсан... Баатарын алга болсон нарядан дээрээс л болж ийм зүйл болсон байх толгой болон нүүр лүү нь гараа зангидаж байгаад цохиод байсан. Нилээн хэд цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 545 дугаартай шинжээчийн “1.Т.О биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, дээд уруул, баруун завжны салстын язрал гэмтэл үүсжээ. 2.Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой З.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Б яллагдагчаар өгсөн “...2022 оны 11 сарын 24-ний өглөө 06 цаг 20 минутын орчимд би ажил дээрээ очсон. Намайг ажил руу ороход Оюун-Ундрах, Баярхүү 2 зогсож байсан. Тэгээд Оюун-Ундрах намайг “нарядыг чинь Баярхүү олсон” гэснээ шууд л намайг дүлий, сохор бүтэлгүй гээд загнаад байсан... Тэгээд л Оюун-Ундрах намайг загнаад байхаар нь миний уур хүрсэн байх би Оюун- Ундрахыг цохиод авсан. Тухайн үед уур хүрсэн байсан тул яг хаана нь цохисноо сайн санахгүй байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дахь тал/,
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг болно.
Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж, өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдаанд оролцсон болно.
1.4. Хууль зүйн дүгнэлт.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 545 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Х.Б нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Х.Б нь хохирогч Т.О эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, түүнд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х.Баатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Х.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Ц.Б нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.
1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Хохирогч Т.О биед “биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, дээд уруул, баруун завжны салстын язрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 545 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 36-37 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Т.О хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 13 дахь тал/
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.О нь “...хохиролд 2.000.000 төгрөгийг авсан, анх надтай эхнэртэйгээ ирж уулзахдаа 3.000.000 төгрөг өгье гэж байсан, түүнээсээ 2.000.000 төгрөгийг бол өгсөн, одоо үлдэгдэл 1.000.000 төгрөгөө авмаар байна...” гэх тайлбарыг гаргасан ба шүүгдэгч Х.Б нь хохирогчийн нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Х.Б эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.О олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Х.Б нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Т.О эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 2.000.000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч Х.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тавантолгой” ХК-ийн ажлын байран дээр диспетчер ажилтай Т.О “...нарядын хуудас...”-ны талаар маргалдан, хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар Т.О толгой, нүүрний хэсэг рүү гараараа олон удаа цохих байдлаар халдаж эрүүл мэндэд нь “тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, дээд уруул, баруун завжны салстын язрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон, шүүгдэгч нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 2.000.000 төгрөгийг төлсөн, 1.000.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Х.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Х.Баатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Х Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Б оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Х.Б эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.О олгохоор, шүүгдэгч Х.Б нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Т.Оюун-Ундрахад эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 2.000.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Баатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААНАРАН