Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/287

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,        

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,                

улсын яллагч М.Эрдэнэзаяа,       

шүүгдэгч Ш.Болдбаатар, түүний өмгөөлөгч Г.Жалбуу /ҮД:3285/,

хохирогч Юун Кён Нугын өмгөөлөгч Ч.Ганхүү /ҮД:3034/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Булган овогт Шагжжавын Болдбаатарт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000000102 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1973 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Завхан аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 59в1-П4 тоотод оршин суух хаягтай, Зэндмэн харуул хамгаалалтын газарт харуул ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, Булган овогт Шагжжавын Болдбаатар /РД:ИЭ73011278/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Ш.Болдбаатар нь 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 59 дүгээр байрны гадаа Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн хохирогч Юун Кён Нуг цас цэвэрлэж байхад нь хашаа руу машин оруулана, оруулахгүй гэх шалтгаанаар маргалдаж улмаар гараараа нүүр хэсэгт нь цохисны улмаас газар толгойгоороо савж унаж, биед баруун завжинд няцарсан шарх, дагзны хуйханд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Болдбаатар мэдүүлэг өгөхгүй гэжээ /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Юун Кюунгро /YUN KYUNGRO/-н өгсөн: “...Би Бүгд Найрамдах Солонгос улсаас Монгол улсад ирж амьдраад 26, 27 жил болж байна. 2022 оны 12 дугаар сарын 25-ны өглөө 09:00-09:30 цагт байгууллагынхаа хашааг Баянжаргал бид хоёр цэвэрлэж байхад манай байгууллагын хашаан дотор 59а байрны подваль түрээсэлдэг эмэгтэйгийн нөхөр гэх залуу 19-45 УНЗ улсын дугаартай цагаан өнгийн акуа маркийн машин хашаан дотор оруулчихаад 59а байр луу орчихоод буцаж гарч ирээд машинаа асаагаад явах гэхээр нь манай компаний менежер Баянаа тухайн залууд хандан та удахгүй байсан юм бол яах гэж машинаа оруулсан юм бэ гээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Би Монгол хэл бага зэрэг мэддэг. Удалгүй нөгөө залуу Баянаагийн нүүр лүү шууд 2 удаа цохиход нь эмэгтэй хүн цохилоо гээд би тухайн залуу дээр ирэхэд миний нүүр лүү гараараа мөн адил цохиж би газарт унасан. Тэгээд нөгөө залууг барьж авахад мөн адил миний куртикнээс бариад намайг татаж шидэж би газарт толгойгоороо савж унасан. Дараа нь босож ирээд тухайн залууг чи яваа гээд машин руу нь суулгах гээд хувцаснаас нь бариад зууралдсан. Дундуур Баянаа орж ирж салгасан. Би тэр хүнийг явуулах гэж олон удаа машин руу нь суулгах гэж оролдсон.

Миний толгой руу цохиж, намайг унагааснаас болж толгой өвдөж бөөлжих гээд хэцүү байна. Мөн миний нүүр лүү цохисноос болоод уруулын дотор язарч 7 удаа оёдол тавиулсан. Би гомдолтой байна, тухайн залуу хүний биед шууд хамаагүй хүрч болохгүй. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Би Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 693 дугаартай дүгнэлттэй танилцсан бөгөөд хариуг хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23, 26-27 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч М.Баянжаргалын өгсөн: “...Би “Би Кай Ай” ХХК-д орчуулагч, менежерээр 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ажилд орсон. 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр захирал Юун Кюунгрогийн хамт 09 цагаас 09:30 цаг хүртэл байгууллагынхаа гадна талын талбайн цасыг цэвэрлэж байтал манай байгууллагын хашаан дотор 59а байрны подваль түрээслэгч эмэгтэйгийн нөхөр гэх залуу 19-45 УНЗ улсын дугаартай цагаан өнгийн Акуа машинаа хашаан дотор оруулчихаад 59а байр луу орчихоод удалгүй буцаж гарч ирээд машинаа асаагаад явах гэхээр нь би тухайн залууд хандан цас цэвэрлэж байгаа тохиолдолд хашаа руу машин оруулдаггүйг та мэддэг байж дөнгөж ороод гарахын хооронд машинаа гадаа тавьчихгүй яасан юм бэ гэж хэлэхэд олон юм яриад байгаарай гээд машин дотроосоо над руу нулимсан.

Та яаж байгаа юм бэ гэхэд тэгээд яадаг юм гээд машинаасаа бууж ирээд миний нүүр лүү 1 удаа цохиж унагааж босох хооронд захирал ирээд намайг цохилоо гэж тухайн залууд хандаж хэлэхэд шууд захирлын нүүр лүү гараараа цохиж газарт унагасан. Дараа нь миний нүүр лүү 2-3 удаа цохисон. Тэгээд захирлыг дахин түлхэж унагаагаад намайг цохиод байсан. Удалгүй захирал нөгөө залууг машиндаа суу гэж хэлээд машин руу нь оруулах гэж оролдоход хоорондоо барьцалдаж авахаар нь би дундуур нь орж салгасан. Миний толгой өвдөөд, хүзүү хөшсөн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ж.Баасанжавын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 693 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн “...1.Yun Kyungro-н биед баруун завжинд няцарсан шарх, дагзны хуйханд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/,

 

            Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 55-70 дугаар хуудас/,

Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 40, 45 дугаар хуудас/

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

           - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 80 дугаар хуудас/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 81 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн

 судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

   Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ш.Болдбаатар нь 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 59 дүгээр байрны гадаа Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн хохирогч Юун Кён Нуг цас цэвэрлэж байхад нь хашаа руу машин оруулан, оруулахгүй гэх шалтгаанаар маргалдаж улмаар гараараа хохирогчийн нүүр хэсэгт нь цохисны улмаас газар толгойгоороо савж унаж, биед баруун завжинд няцарсан шарх, дагзны хуйханд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Ш.Болдбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлт,

 

            шүүгдэгч Ш.Болдбаатарын өмгөөлөгч Г.Жалбуу нь шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Манай үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргаагүй. Хохирол төлбөрт нийт 16,000,000 төгрөг гаргасан байна. Мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн хохирлыг барагдуулсан. Шинээр гаргаж өгсөн баримтыг тухайн гэмтэлтэй холбоотой баримт гэж үзэхгүй байна. Нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Тийзний мөнгөө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Хохирогчид завжны, дотор эрхтэн нуруу нугасны баримтууд гаргаж өгсөн байна. Эм бичсэн байна. Юунд зориулсан, юуны эм нь тодорхойгүй байна. Дийлэнх нь шинжилгээ өгсөн баримтууд байна. Багцад байдаг гэсэн өмгөөлөгчийн зүгээс өгч байна. Үүнийг яагаад зааглаж болоогүй юм бэ. Энэ гэмт хэргийн улмаас учирсан баримтыг гаргаж өгнө үү...” гэх санал,

            хохирогч Юун Кён Нугын өмгөөлөгч Ч.Ганхүү “...Миний үйлчлүүлэгчид учирсан хохирол, хор уршиг арилаагүй. Толгойд шарх үүсэж, нуруу нь хөхөрсөн. Эх орондоо эмчилгээ хийлгэхээр явсан. Өөр дотор, ходоод гэдэг нь эмнэлгийн маягт байгаа. Жижиг баримтууд нь заавал багцад байдаг үзлэгүүд байгаа. Гол баримтууд нь нуруу нугасны баримтууд байгаа. Түүнд мөнгө төлөгдсөн зүйл байхгүй. Хийгдсэн гол шинжилгээ 16,003,553 хохирол төлбөрийг бүрэн барагдуулж өгнө үү. Ханшийг тухайн өдрийн Монгол банкны ханшаар тооцсон...” гэх саналыг тус тус гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

мөрдөн байцаалтад хохирогч Юун Кюунгро /YUN KYUNGRO/-н өгсөн: “... Би Монгол хэл бага зэрэг мэддэг. Удалгүй нөгөө залуу Баянаагийн нүүр лүү шууд 2 удаа цохиход нь эмэгтэй хүн цохилоо гээд би тухайн залуу дээр ирэхэд миний нүүр лүү гараараа мөн адил цохиж би газарт унасан. Тэгээд нөгөө залууг барьж авахад миний куртикнээс бариад намайг татаж шидэж би газарт толгойгоороо савж унасан. Дараа нь босож ирээд тухайн залууг чи яваа гээд машин руу нь суулгах гээд хувцаснаас нь бариад зууралдсан. Дундуур Баянаа орж ирж салгасан. Би тэр хүнийг явуулах гэж олон удаа машин руу нь суулгах гэж оролдсон.

Миний толгой руу цохиж, намайг унагааснаас болж толгой өвдөж бөөлжих гээд хэцүү байна. Мөн миний нүүр лүү цохисноос болоод уруулын дотор язарч 7 удаа оёдол тавиулсан. Би гомдолтой байна, тухайн залуу хүний биед шууд хамаагүй хүрч болохгүй. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Би Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 693 дугаартай дүгнэлттэй танилцсан бөгөөд хариуг хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23, 26-27 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч М.Баянжаргалын өгсөн: “...Би “Би Кай Ай” ХХК-д орчуулагч, менежерээр 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ажилд орсон. 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр захирал Юун Кюунгрогийн хамт 09 цагаас 09:30 цаг хүртэл байгууллагынхаа гадна талбайн цасыг цэвэрлэж байтал манай байгууллагын хашаан дотор 59а байрны подваль түрээслэгч эмэгтэйгийн нөхөр гэх залуу 19-45 УНЗ улсын дугаартай цагаан өнгийн Акуа машинаа хашаан дотор оруулчихаад 59а байр луу орчихоод удалгүй буцаж гарч ирээд машинаа асаагаад явах гэхээр нь би тухайн залууд хандан цас цэвэрлэж байгаа тохиолдолд хашаа руу машин оруулдаггүйг та мэддэг байж дөнгөж ороод гарахын хооронд машинаа гадаа тавьчихгүй яасан юм бэ гэж хэлэхэд олон юм яриад байгаарай гээд машин дотроосоо над руу нулимсан.

Та яаж байгаа юм бэ гэхэд тэгээд яадаг юм гээд машинаасаа бууж ирээд миний нүүр лүү 1 удаа цохиж унагааж босох хооронд захирал ирээд намайг цохилоо гэж тухайн залууд хандаж хэлэхэд шууд захирлын нүүр лүү гараараа цохиж газарт унагасан. Дараа нь миний нүүр лүү 2-3 удаа цохисон. Тэгээд захирлыг нь дахин түлхэж унагаагаад намайг цохиод байсан. Удалгүй захирал нөгөө залууг машиндаа суу гэж хэлээд машин руу нь оруулах гэж оролдоход хоорондоо барьцалдаж авахаар нь би дундуур нь орж салгасан. Миний толгой өвдөөд, хүзүү хөшсөн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ж.Баасанжавын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 693 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн “...1.Yun Kyungro-н биед баруун завжинд няцарсан шарх, дагзны хуйханд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 55-70 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Болдбаатарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ш.Болдбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ш.Болдбаатар нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Юун Кён Нуг-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн зүгээс хохирогч Юун Кён Нуг-д 268,000 төгрөг төлөгдсөн байх бөгөөд шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ учир нь хохирогчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн хохирлын баримтууд хэрэгт шууд хамааралтай эсэх нь тодорхойгүй мөн мөнгөн дүнг БНСУ-н воноор илэрхийлсэн зэргээс шалтгаалан энэ шүүх хуралдаанаар хохиролтой холбоотой тооцоог гаргах боломжгүй байх тул хохирогч Юун Кён Нуг-г цаашид гарах эмчилгээ үйлчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Болдбаатарыг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах ...” гэх санал,

            Хохирогчийн өмгөөлөгч: “...Улсын яллагчийн саналыг дэмжиж байна...” гэх санал,

   Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Болдбаатарт 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хадгалж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Булган овогт Шагжжавын Болдбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Болдбаатарыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ш.Болдбаатарт оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хадгалж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Ш.Болдбаатар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Юун Кён Нуг нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Болдбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

  

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ