Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/494

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: С.Жавхлантөгс,  

улсын яллагч: Д.Ганчимэг,  

шүүгдэгч: Э.Н /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:   

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Н-д  холбогдох эрүүгийн ********** тоот хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.                             

                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д овогт Э-ын Н /РД:***********/,

Монгол Улсын иргэн, ********-ны өдөр ******** аймгийн ********** суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт ******** дугаар гудамжны *** тоотод оршин суух хаягтай, урьд:

-Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.5-д зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.6-т зааснаар хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн байна.

  

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Э.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт *********** тоотод оршин суух иргэн Б.Б-ийн  хашаанд 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Б.Б-тэй маргалдаж, улмаар түүний шанаан тус газарт гараараа цохиж, түүний эрүүл мэндэд “доод эрүү ясны баруун үений сэртэнд хугарал” гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:             

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Э.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт ************ тоотод оршин суух иргэн Б.Б-ийн  хашаанд 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Б.Б-тэй маргалдаж, улмаар түүний шанаан тус газарт гараараа цохиж, түүний эрүүл мэндэд “доод эрүү ясны баруун үений сэртэнд хугарал” гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

         Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:

            -Хохирогч Б.Б-ийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Н миний баруун шанаа орчим зүүн гараараа нэг удаа цохисон юм. Тухайн өдрөөс хойш миний баруун эрүү орчим хөндүүртэй байсан юм. Тухайн үед миний тархи толгойнд аймаар зовиур байхгүй байсан. Тэгээд би 2022 оны 07 дугаар сарын 05-наас хойш архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр би гэртээ байж байтал Гэндэнжүгдэр намайг гэртээ дуудаад байхаар нь 15 цагийн үед явж очоод бид хоёр 0,75, 0,5 литрийн хараа нэртэй архи хувааж уусан. Тэр үед Г гэртээ унтаад үлдсэн харин би гэр рүүгээ явлаа гээд миний санаж байгаагаар 19 цаг өнгөрч байхад Гэндэнжүгдэрийнхээс гараад автобусанд суугаад Толгойтын хуучин эцсийн автобусны буудал дээр буугаад гэр рүүгээ алхаж байхдаа ногоон өнгийн төмөр бариултай явган хүний гүүрэн дээр согтуу алхаж байгаад гүүрнээс унаснаа санаж байгаа юм. Тэгээд нэг сэрсэн чинь би гүүрний доор хэвтэж байсан. Тэгээд би босоод гэр рүүгээ алхаж байх үед толгой маш их өвдөж байсан чигээрээ гэртээ ирээд амарсан юм. Тэгээд би тэрнээс хойш архи уухгүй гэртээ байж байтал 2022 оны 07 дугаар сарын 25-ны өглөө таталт өгөөд ухаангүй Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэж хагалгаанд ороод 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ухаан орсон юм. Миний санаж байгаагаар 2022 оны 07 дугаар сарын 28-нд  Шүүхийн эмнэлгийн эмч ирж үзээд 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүнд зэргийн гэмтэл гарсан юм. Миний биед учирсан хүнд гэмтэл бол би гүүрэн дээр согтуу алхаж байх үед унаж өөрөө өөрийнхөө биед гэмтэл учруулсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-20 дэх тал/,

               -Гэрч Н.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдрөөс хойш эрүү нь өвдөөд байна гэж хэлж байсан бөгөөд хоол идэж чадахгүй болсон учраас бантан хийж өгч байсан. Тухайн өдөр манай нөхөр Б.Б-ийн  баруун эрүү хэсэг хавдаж хөхөрсөн, хүзүүний хоёр тал боолгуулсан бололтой улайсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23 дахь тал/

               -Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Түүнээс хойш юу болсоныг мэдэхгүй унтаж байгаад өглөө нь Б-тэй хамт гэрт нь хоёулахнаа сэрсэн чинь Б би өчигдөр Н-тай муудалцаад Н намайг миний эрүү рүү цохиод унагаагаад өшиглөөд байсан гэж яриад эрүүгээ надад үзүүлэхэд Б-ийн зүүн талын шанаа эрүү 2 нь хавдсан байсан. Тэгээд удалгүй би гэртээ харьсан. Түүнээс хойш би 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Б-тэй уулзах үед Б бага зэрэг согтуу байсан бөгөөд юм яриад инээхээрээ ёо ёо гээд миний эрүү толгой өвдөөд байна гээд гараараа зүүн шанаагаа дараад шаналгаатай байгаад байсан маргааш өглөө нь намайг гэртээ байж байх үед Б-ийн эхнэр М над руу гар утсаараа залгаад Б таталт өгөөд байна түргэн дуудчихлаа чи манай гэрт хүрээд ирээч гэхээр нь би яараад гэрт нь очиход түргэн ирээд Батдэлгэрийг аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-41 дэх тал/,

               -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Н.Э-гийн 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ********* дугаартай:

               “...1.  Б.Б-ийн  биед зүүн тал бөмбөлгийн цочмог цусан хураа, дунд бүрдлийн зайн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн тал бөмбөлгийн цусан хураа авах мэс заслын дараах байдал /2022.07.25/ гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.

               3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо.

               4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

               5. Дээрх гэмтэл нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

               -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Н.Э-гийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ****** дугаартай:

               “... 1. 2022.07.25, 26-ны өдрийн Толгойн компьютер томографикийн шинжилгээгээр Б.Б-ийн  биед доод эрүү ясны баруун үений сэртэнд бороо үүсэж буй зөрсөн хугарал гэмтэл нэмэлтээр тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих механизмаар үүснэ.

               3. Эрүү ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

               4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

               5. Дээрх гэмтэл нь 2-3 долоо хоногийн өмнө буюу 7 сарын эхээр үүссэн байх боломжтой байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 61-62 дахь тал/

зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл хохирогч, гэрчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч Э.Н яллагдагчаар өгсөн: “....Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа. Ямар нэг санал хүсэлт байхгүй. Биет гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөн шинжээчийн нэмэлтээр гаргасан дүгнэлтэд дурьдах эрүүний хугарал гэмтлийг би учруулсанаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа...” гэж /хавтаст хэргийн 74 дэх тал/, мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Хувийн байдлын талаар: иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн  79 дэх тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 80 дах тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 81 дэх тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 82 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 83 дахь тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 85 дахь тал/, Хаан банк ХХК-ийн депозит дансны хуулга /хавтаст хэргийн 86-95 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 96 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 101-102 дахь тал/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Н нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ******** дугаартай дүгнэлтээр хохирогч Б.Б-ийн  эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон.        

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Э.Н нь хохирогч Б.Б-ийн  нүүрэн тус газарт нэг удаа гараараа цохиж байгаа нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Шүүгдэгч Э.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.Н-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Б.Б нь гомдол санал байхгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн /хавтаст хэргийн 140 дэх тал/ байх тул шүүгдэгч Э.Н-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч Э.Н-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун зуун мянган) төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй болно” гэх дүгнэлттэй шүүгдэгч Э.Н нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.    

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Э.Н-ыг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.  

Шүүгдэгч Э.Н-д  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний /ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг-ийг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.  

 Иймд улсын яллагчийн санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянган) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-д  700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Н-д  оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Д овогт Э-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Э.Н-д  оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.   

 

          4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

          5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардаж авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэгүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.УРАНГУА