Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2019/ДШМ/79

 

2019 оны 11 сарын 07 өдөр                               2019/ДШМ/79                                                                Зуунмод

 

Д.Эөд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Х.Оюунцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяраа,

Нарийн бичгийн дарга Б.Баттөр нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Отгонжаргал даргалж, шүүгч Т.Батжаргал, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн, 2019 оны 08 сарын 26-ны өдрийн 30 дугаар шүүхийн тогтоолтой Д.Эөд холбогдох 1834000000124 дугаартай 3 хавтас, 529 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 10 сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Төв аймгийн Эрдэнэ суманд 1978 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн  ажилгүй, ам бүл 6, 5 хүүхдийн  хамт Төв  аймгийн Мөнгөнморьт сум, Булаг 3 дугаар баг Хэрлэн 4 дүгээр гудамж 1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй,  НУ  регистерийн дугаартай, Харчин овогт Д.Э.

Шүүгдэгч Д.Э нь согтуугаар 2013 оны 07 дугаар сарын 16-наас 20-ны хооронд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын задгай гэх хороололд байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, өөрийн төрсөн охин 9 настай буюу бага насны Э.Цогмаагийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харилцаанд орсон.

Мөн согтуугаар 2017 оны 10 дугаар сард Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хаан банк”-ны хашаанд байрлах Э.Нармандахын гэрт гэр бүлийн хамаарал бүхий өөрийн төрсөн охин 14 настай Э.Цогмаагийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн “бэлэг эрхтэн рүү нь гарын хуруугаа хийж” бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Эөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 26-ны өдрийн 30 дугаар шүүгчийн захирамжаар:

Яллагдагч Д.Эөд холбогдох эрүүгийн 1834000000124 дугаартай хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Д.Эөд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн болон бичгийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүхийн тогтоолыг эс шийдвэрийг прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Х.Оюунцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: “Яллагдагч Дашийн Энхтөгс нь согтуугаар 2013 оны 07 дугаар сарын 16-наас 20-ны хооронд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын задгай гэх хороололд байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, өөрийн төрсөн охин 9 настай буюу бага насны Э.Цогмаагийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон,

Мөн согтуугаар 2017 оны 10 дугаар сард Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "Хаан банк"-ны хашаанд байрлах Э.Нармандахын гэрт гэр бүлийн хамаарал бүхий өөрийн төрсөн охин, 14 настай Э.Цогмаагийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн "бэлэг эрхтэнрүү нь гарын хуруугаа хийж" бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндсэн гэх гэмт хэрэгт Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эрүүгийн 1834000000124 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн байцаалтын дутуу ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй" гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь:

1.Эрүүгийн 1834000000124 дугаартай хэрэгт 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тус аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Цэрэнпил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу гэмт хэргийн талаарх мэдээллийг Цагдаагийн газрын 102 тоот утсанд ирүүлснийг жижүүрийн офицер Г.Чинзориг нь хүлээн авч гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн М-873 дугаартай бүртгэлд оруулан бүртгэсний дагуу мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Жаргал нь мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Санаатайгаар худал мэдээлбэл хүлээлгэх хариуцлагын талаар гомдол гаргагчид тайлбарлан өгч, энэ тухай тэмдэглэлд тусган гомдол гаргагчаар гарын үсэг зуруулна" гэж хуульчилсан ба эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.Цэрэнпил нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа буюу гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан мэдээ, мэдээллийг шалгуулахаар гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэлд оруулж, шалгаснаас үзэхэд цагдаагийн эрүүгийн мөрдөгч Д.Цэрэнпилд хууль сануулах, мөн гэрчээр мэдүүлэг авах үндэслэлгүй байна.

Мөн М-873 дугаартай гэмт хэргийн талаарх мэдээлэл нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр бүртгэгдэн шалгагдсаны дагуу сэжигтэн Д.Эийг шүүхийн зөвшөөрөлгүйгэзр 48 цаг хугацаагаар баривчилсан ба 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн 1834000000124 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, мөн өдрөө Дашийн Энхтөгсийн яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах зэрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд дурьдсан асуудал нь тухайн мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын харьяаллын бус болох нь тогтоогдвол мөрдөгч харьяаллын дагуу шилжүүлэх саналыг прокурорт даруй хүргүүлнэ" гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

2.Эрүүгийн 1834000000124 дугаартай хэргийг шалгах явцад "Энхтөгс нь 2017 оны 11 дүгээр сард насанд хүрээгүй Цогмаагийн хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндсэн" гэх үйлдэл илэрсэн тул тухайн үйлдлийг тус аймгийн Прокурорын газраас шалгуулахаар 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1/496 дугаартай албан бичгээр хүргүүлснийг тус аймгийн Цагдаагийн газар 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн Г-1137 дугаартай бүртгэлд оруулан шалгасан байхад анхан шатны шүүх тухайн гомдол мэдээллийг хаана хэн гаргасан эсэхийг шалгах гэж заасан нь ойлгомжгүй байна.

З.Насанд хүрээгүй хохирогч Э.Цогмаа нь мөрдөн байцаалтын шатанд гэрчээр 1 удаа, хохирогчоор 3 удаа тус тус мэдүүлэг өгөхдөө "өөрийн төрсөн аав Д.Эийг өөрийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харыдаанд орсон", “мөн бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндсэн" гэх үйлдлүүдийн талаар үйл явдлыг тодорхой, тогтвортой мэдүүлэг өгдөг ба шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "аавыг архи их уугаад байхаар нь тэгж хэлсэн юмаа" гэх мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээс ноцтой зөрүүтэй мэдүүлэг гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн мөрдөн байцаалтын явцад гэрч Г.Хулан, Одонтуяа нарын өгсөн мэдүүлэг нь мөрдөн байцаалтын явцад насанд хүрээгүй Э.Цогмаагийн өгсөн мэдүүлгийг нотолсон нотлох баримт ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Нүүрэлдүүлэхийн өмнө гэрч, хохирогчид санаатай худал мэдүүлбэл хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, энэ тухай тэмдэглэлд тусгана" гэж хуульчилсан ба мөн хуулийн 25.3 дугаар зүйлийн 1-д "Арван найман насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авахын өмнө түүнд хэргийн талаар мэдэх бүх зүйлээ үнэн зөв мэдүүлэхийн чухлыг тайлбарлана. Арван зургаан насанд хүрээгүй гэрч, хохирогчид санаатайгаар худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан сануулахгүй" гэж зааснаас үзэхэд насанд хүрээгүй хохирогч Э.Цогмаа, насанд хүрээгүй гэрч Одонтуяа, гэрч Г.Хулан нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах нь хууль зүйн үндэслэлгүй байна.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Дараахь эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулшгүй тохиолдолд явуулж, прокурорт даруй шилжүүлнэ" гэж заасны дагуу мөрдөгч 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авч, хойшлуулшгүйгээр насанд хүрээгүй гэрч Э.Цогмаа болон гэрч Г.Хулан нараас мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 12-т "энэ хуульд заасан хойшлуулшгүй, эсхүл тухайн хүн хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд шөнийн цагаар мэдүүлэг авахыг хориглоно" гэх заалтыг зөрчсөн гэж заасан үндэслэлгүй байна.

Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурорын эсэргүүцэл бичиж хүргүүлэв.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Оюунцэцэг гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Прокурорын эсэргүүцлээ дэмжиж байна. Шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяраа гаргасан тайлбар, саналдаа: Прокурорын гаргасан эсэргүүцлийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, хууль бусаар хязгаарласан, нотлох баримт цуглуулах бэхжүүлэх журам болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, мөрдөн байцаалтын дутуу ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр Д.Эөд холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүхийн тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэргийг прокурорт буцаасан үндэслэлүүдийг дүгнэхэд:

- Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд насанд хүрээгүй хохирогч Э.Цогмаа, түүний хууль ёсны төлөөлөгч Э.Нармандах нар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээсээ зөрүүтэй мэдүүлэг өгсөн тул тэднийг насанд хүрээгүй гэрч  А.Одонтуяа, гэрч Г.Хулан нартай нүүрэлдүүлэн байцааж, мэдүүлгийн зөрүүг арилгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг буцаасан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Э.Цогмаа 2013, 2017 онд аав Д.Э нь түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харилцаанд орсон, бэлэг эрхтэн рүү нь гарын хуруугаа хийж бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн талаар гэрч, хохирогчоор өгсөн удаа дараагийн мэдүүлэгтээ тогтвортой мэдүүлсэн байх ба  мөрдөгч мэдүүлэг авахын өмнө түүнд хэргийн талаар мэдэх зүйлээ үнэн зөв мэдүүлэхийг тайлбарлаж, мэдүүлэг авах ажиллагаанд  насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Нармандах, Г.Пүрэвжаргал, сурган хүмүүжүүлэгч С.Отгончимэг, өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарыг оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  25.3 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг авах ажиллагаа  хуулийн дагуу явагдсан байна.

Харин 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогч Э.Цогмаа “аавыг архи уугаад байдаг болохоор хашраах гээд намайг оролдсон, бэлгийн харилцаанд орсон гэж худлаа хэлсэн” гэж мэдүүлснээр хохирогчийг гэрчүүдтэй нүүрэлдүүлэн байцааж, мэдүүлгийн зөрүүг арилгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг буцаасан нь үндэслэлгүй байх ба анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д  заасантай нийцээгүй байна.

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2 дугаар зүйлийн 1.1-д  “хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас гэмт хэргийн талаар гаргасан гомдол, мэдээлэл”-ийг мөрдөгч, прокурор хүлээн авч шалгахаар зохицуулсан ба мөрдөгч албан тушаалтай, цагдаагийн ахлах дэслэгч Б.Жаргал “Д.Э нь өөрийн төрсөн охин болох бага насны Энхтөгсийн Цогмааг хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдэгдсэн” гэсэн мэдээллийг 2018 оны 04 сарын 17-ны өдрийн 10.00 цагт цагдаагийн дэслэгч Г.Чинзоригоос хүлээн авч тэмдэглэл үйлдэж, м-873 дугаартай гомдол мэдээлэлд бүртгэж /1 хх-04/, мэдээлэл өгөгч  цагдаагийн дэслэгч Г.Чинзоригт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2 дугаар зүйлийн 3-д зааснаар хариуцлагыг сануулж, гарын үсэг зуруулсан байна.

“Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл”-ээр  м-873 дугаартай гомдол мэдээллийн мэдээлэл гаргагч нь цагдаагийн дэслэгч Г.Чинзориг байхад  Д.Цэрэнпилд хуулийн хариуцлагыг сануулах, түүнчлэн гэмт хэргийн талаар хаанаас мэдсэн талаар Г.Чинзориг, Д.Цэрэнпил нараас асууж, гэрчээр мэдүүлэг авах шаардлагагүй байна. Харин хэргийн бусад байдлын талаар Г.Чинзориг, Д.Цэрэнпил нарт хууль сануулж, гэрчийн мэдүүлэг авах шаардлагатай гэж үзсэн шүүхийн дүгнэлт ойлгомжгүй, “хэргийн бусад байдал”-д юуг хамааруулсан нь тодорхойгүй байна.

- Мөн эрүүгийн 1834000000124 дугаартай хэргийг шалгах явцад Д.Эийн дахин нэг үйлдэл илэрсэн тул гэмт хэргийн гомдол мэдээлэлд оруулан шалгуулахаар Төв аймгийн Прокурорын газраас 1/496 дугаартай албан бичгийг аймгийн Цагдаагийн газарт хүргүүлж, 2018 оны 05 дугаар сарын 09-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн Г-1137 дугаартай бүртгэлд оруулсан /1хх-05/ байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Э.Цогмаа гэрчээр болон хохирогчоор өгсөн удаа дараагийн мэдүүлгүүддээ “Энхтөгс 2017 оны 10 дугаар сард түүний бэлэг эрхтэн рүү нь гарын хуруугаа хийж бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн” талаар мэдүүлсэн байх ба мэдүүлэг авах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын явагдаж, энэ нь хэрэгт нотлох баримтаар авагджээ.

Үүнээс дүгнэхэд Д.Эийн 2017 оны 10 дугаар сарын үйлдэл насанд хүрээгүй хохирогч Э.Цогмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээр илэрч, 1834000000149 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол гарснаар мөрдөн шалгах ажиллагаа явагдсан /1 хх-03/ байна. Иймд Г-1137 дугаартай гомдол хэрэгт авагдаагүй, уг гомдлыг хэн, хэзээ гаргасан тодорхойгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

-Эрүүгийн 1834000000124 дугаартай хэрэгт хойшлуулшгүй тохиолдлоор мөрдөн шалгах ажиллаагаа явуулсан болох нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн  “Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл” /1 хх-04/, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ”Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /1 хх-01/, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар Д.Эийг хойшлуулшгүй тохиолдлоор баривчилсан 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай” мөрдөгчийн тогтоол /1 хх-130/, Д.Эийг яллагдагчаар цагдан хорих тухай Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн №52/19А дугаартай шүүгчийн захирамж /1 хх-132-133/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг зааснаар  гомдол, мэдээллийг шалгах явцад гэмт хэрэг үйлдэж байгаа болон үйлдсэн тухай үндэслэлтэй сэжиг байгаа тохиолдолд мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулшгүй тохиолдолд явуулахаар зохицуулсан байна.

Иймд 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 21.45-23.00 цагт насанд хүрээгүй гэрч Э.Цогмаагаас /1 хх-90-91/ мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 12-т заасан “энэ хуульд заасан хойшлуулашгүй, эсхүл тухайн хүн хүсэлт гаргасанаас бусад тохиолдолд шөнийн цагаар мэдүүлэг авахыг хоиглоно.” гэсэн заалтыг  зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй байна. Харин Г.Хулангаас  2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн  20.50-21.25 цагт гэрчээр мэдүүлэг авсан нь “шөнийн цаг”-т хамаарахгүй / 1 хх-105-106/ тул хууль зөрчөөгүй байна.

Дээрх байдлаар мөрдөн шалгах ажиллаагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон хэргийн оролцогчийн  эрхийг ноцтой зөрчсөн, хууль бусаар хязгаарласан гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан шүүхийн тогтоол  үндэслэл бүхий болж чадаагүй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлж, хэргийн үйл баримтад болон яллагдагч гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэнэ.

Иймд “шүүхийн тогтоолыг хүчингүй болгох” агуулга бүхий прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1.  Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, Д.Эөд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 2. Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэгийн бичсэн 38 дугаартай прокурорын эсэргүүцлийг хангаж, хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэлх хугацаанд Д.Эөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                   ШҮҮГЧИД                                         Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

                                                       Г.БОЛОРМАА