Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2025/0319

 

 

 

Д.А нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О,

 

Нэхэмжлэгч: Д.А, О.Б, Г.А, Ж.Ц, Г.Х

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/*** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 115 дугаар шийдвэр,

 

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын төлөөлөгч Д.А, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай

Хэргийн индекс: 128/2024/0761/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 115 дугаар шийдвэрээр:

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 601 дүгээр зүйлийн 601.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/*** дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийн нэхэмжлэгч Д.А, О.Б, Г.А, Ж.Ц, Г.Х нарт холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 90 /ер/ хоногийн хугацаагаар түдгэлзүүлж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас шинээр акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/*** дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийн нэхэмжлэгч Д.А, О.Б, Г.А, Ж.Ц, Г.Х нарт холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдаж  шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1. 114.2 дах хэсгийг тус тус үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2025/0115 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

2.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт шүүхээс хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлага бий болсон, тодруулах нөхцөл байдлын цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн, өөрөөр хэлбэл шүүхээс тухайн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргаж буй захиргааны актад хууль зүйн дүгнэлт хийж, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг тогтоох боломжгүй нөхцөлд маргаж буй захиргааны актыг түдгэлзүүлэхээр заасан бөгөөд тус хэргийн хувьд дээрх нөхцөл байдал бий болоогүй байна.

2.2.Нэхэмжлэгч нарт Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/*** дугаар захирамжаар газар эзэмших эрх олгож, тус өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан ба өнөөдрийг хүртэл газар дээрээ зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй нь хээрийн судалгаагаар тогтоогддог ба Газар эзэмшүүлэх гэрээний 3.3 дахь хэсэг болон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгох нөхцөл байдал 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр бий болсон байдаг.

2.3.Захиргааны байгууллагын зүгээс нэхэмжлэгч нарын газар дээр хээрийн судалгаа явуулж, тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй (барилга, байгууламж, зам талбай бариагүй) байгаа нөхцөл байдлыг тогтоосны үндсэнд 2024 оны 05 дугаар сарын 01-ны өдөр, 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тус тус сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж, холбогдох тайлбарыг авч, танилцсан.

Уг тайлбарт иргэн Д.А, Г.А нар нь эрүүл мэндийн байгууллагад эмчилгээ хийлгэхээр гадаад улсад зорчсон нь хүндэтгэн үзэх шалтгаан болно гэж тайлбарладаг боловч дээрх үйл баримт нь 2022-2023 онд хамаарч байна. Мөн нэхэмжлэгч нарын газар дээр шороо буулгасан бусдын хууль бус үйл ажиллагааны улмаас газраа ашиглаж чадаагүй гэх боловч энэ хугацаанд бусдын хууль бус үйлдлийг таслан зогсоох талаар ямар нэгэн арга хэмжээ авч ирээгүй болох нь тогтоогддог.

2.4.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт "гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс үл хамаарах шалтгаан" гэж тайлбарласан ба нэхэмжлэгч нарын хувьд 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хооронд хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байсан гэж үзэн нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн албан бичгээр нэхэмжлэгч нарт мэдэгдсэн байхад анхан шатны шүүх маргаан бүхий актыг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4-т заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчиж, нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоогоогүй гэж үзэн хариуцагчаас шалгаж тодруулсны дараа дахин шинэ акт гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв. Үүнд:

1.Нэхэмжлэгч Д.А, О.Б, Г.А, Ж.Ц, Г.Х нараас “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/*** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан.

2.Маргаан бүхий А/*** дугаар захирамжаар[1] Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх заалт, 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1 дэх заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч нарыг эзэмшил бүхий газраа 2 болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах боломжгүй гэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

3.Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:”, 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”,  39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:”, 39.1.4-т “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон”, 49 дүгээр зүйлийн 49.3-д “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг түүнд гомдол гаргах боломжгүй болсон хэдий ч дараах тохиолдолд цуцалж болно:”, 49.3.1-д “цуцлах нөхцөлийг хууль, захиргааны хэм хэмжээний актад, эсхүл тухайн захиргааны актад заасан бол”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан.

4.Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр А/*** дугаар захирамжаар[2] Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус бүр 700 м.кв газрыг амины сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай Газар эзэмших, ашиглах эрх олгож, Нийслэлийн Газрын албанаас 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр иргэн Д.А (***327, ***3273, ***3274 дугаартай 3 нэгж талбар), О.Б (***4077 дугаартай нэгж талбар). Г.А (***3275, ***3276 дугаартай 2 нэгж талбар), Ж.Ц (***4052, ***4053 дугаартай 2 нэгж талбар), Г.Х (***1153, ***3278, ***3279 дугаартай 3 нэгж талбар) нартай газар эзэмшүүлэх гэрээ[3] байгуулж, 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг[4] тус тус олгосон байна.

5.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нар нь эзэмшил бүхий газартаа амины орон сууц бариулахаар анх 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Амины орон сууц бариулах хамтран ажиллах гэрээ[5] байгуулж, Хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 05 дугаар 18-ны өдөр ГБМЗХ2020/****дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар[6] батлуулж, 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт[7] гаргуулж, 2023 онд “Хс” ХХК-иар 20 айлын хотхоны тохижилтын зургийн ажил[8] иргэн Д.Аын 189 м.кв хоёр давхар амины орон сууцны зургийн ажил гүйцэтгүүлсэн болох нь тус тус тогтоогдож байна.

6.Нэхэмжлэгч нараас Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар тушаалаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын /2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/65 дугаар тушаалаар хүчингүй болгосон/ зохицуулалтын дагуу 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд “...гэрээ, гэрчилгээ шинэчлэх, улсын бүртгэлийн Э дугаар авах, нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх” тухай хүсэлтийг гаргаж, тус албанаас 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Д.А, О.Б, Г.А, Ж.Ц, Г.Х нартай ***88, ***89, ***90, ***91, ***92, ***417 дугаар бүхий Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх бар код бүхий гэрээ[9] байгуулж, гэрчилгээг цахим мэдээллийн санд бүртгэж, улсын бүртгэлийн Э дугаар бүхий гэрчилгээ[10]-г олгосон болох нь тогтоогдож байна.

7.Дээр дурдсан нотлох баримтуудаас[11] үзэхэд, нэхэмжлэгч нар нь 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр, 2023 оны 12 дугаар сарын 13, 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан талаар цахим мэдээлэл үүссэн, харин нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон маргаан бүхий А/*** захирамж нь 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гарсан буюу эдгээр цахим мэдээлэл үүссэн гэрээнээс маргаан бүхий акт гарсан цаг хугацаа хүртэл тооцон үзэхэд 2 жилийн хугацаа дуусаагүй гэж үзэхээр байна.

8.Гэтэл хариуцагчаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан 2 жил дараалан ашиглаагүй хугацааг тооцохдоо энэхүү цахим мэдээлэл үүссэн гэрээнүүдэд заасан өдрөөс тооцсон, тооцоогүй бол ямар үндэслэлээр тооцоогүй, эсхүл, газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, гэрээ байгуулсан 2018 оны 03 дугаар сарын 27-ны үеэс тооцсон, аль гэрээнүүдийг нь хүчинтэй гэж үзэж байгаа гэдэг нь тодорхойгүй, энэ талаар тодорхой тайлбар, баримт гаргаж өгөөгүй байх тул шүүхээс дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх үндэслэлгүй байна.

9.Иймд анхан шатны шүүхээс “...гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх хуулийн хугацааг захиргаа ямар үйл баримт болон хэдий хугацаанаас эхлэн хэдий хүртэлх хугацааг хамруулан хэрхэн тооцож байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч болон Газрын албаны хооронд байгуулсан “Иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших гэрээ”-ээс эхлэн тооцох уу, эсхүл и-газар.мн цахим бүртгэлийн систем нэвтэрсэн 2022 оноос хойших хугацаанаас эхлэн тооцох уу гэдгийг нарийн тогтоох шаардлагатай, энэ нь Улсын дээд шүүхийн тайлбарт заасан “хугацаа”-тай хэрхэн холбогдохыг нотлох баримтын хүрээнд тодорхой гаргах нь зүйтэй.” гэж дүгнэн хариуцагчаас дахин шинэ акт гаргуулахаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

10.Түүнчлэн Д.Аын эзэмшлийн ***3273 дугаар, О.Бийн ***4077, ***4073 дугаар, Г.Агийн ***3275, ***3276 дугаар, Ж.Цийн ***4052, ***4053 дугаар, Г.Хын ***3278 дугаар бүхий газруудын бар код бүхий гэрээ хэрэгт авагдаагүй бөгөөд системээс гарах боломжгүй талаар 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01-05/*** дугаар албан бичгээр[12] хариу өгчээ.

11.Гэтэл нэхэмжлэгч нарын эзэмшлийн дээрх нэгж талбарын дугаар бүхий газруудын шинэчилсэн гэрээг захиргааны байгууллагаас ирүүлээгүй, ирүүлэх боломжгүй талаар мэдэгдэж байгаа энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага нь маргаан бүхий актыг гаргахдаа хугацааг хэзээнээс тооцож газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж үзсэн нь тодорхойгүй байна.

12.Иймд хариуцагч захиргааны байгууллагаас ач холбогдол бүхий бодит байдлыг тогтоогүй, нотлох баримт цуглуулаагүй байхад анхан шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй тул хариуцагч захиргааны байгууллагад дээрх бодит нөхцөл байдлыг судлан тогтоож, дахин шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэснийг анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.

13.Түүнчлэн нэхэмжлэгч нараас өвчний улмаас хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, спорт цогцолбор барихаар шороо буулгаснаас шалтгаалж газраа ашиглах боломж байгаагүй, Ковидын улмаас хатуу хөл хорио тогтоосон цаг хугацаа зэрэг нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэгч нар нь газраа 2 жилийн дараалан ашиглаагүй гэдэгт хамааруулсан эсэх, энэ талаарх нэхэмжлэгч нарын тайлбар, нотлох баримтыг хариуцагч захиргааны байгууллагаас тодруулах ажиллагаа хийсэн эсэх нь тодорхойгүй байгаагаас дүгнэхэд хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан захиргааны шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох, түүнийг тогтооход ач холбогдол бүхий ажиллагааг явуулах, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

14.Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...нэхэмжлэгч нарын газар дээр шороо буулгасан бусдын хууль бус үйл ажиллагааны улмаас газраа ашиглаж чадаагүй гэх боловч энэ хугацаанд бусдын хууль бус үйлдлийг таслан зогсоох талаар ямар нэгэн арга хэмжээ авч ирээгүй болох нь тогтоогддог” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

15.Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 115 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                    ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

 

                                  ШҮҮГЧ                                               Д.ОЮУМАА

 

       ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 3-р хавтас 114-116 дах тал

[2] Хэргийн 4-р хавтас 98-99 дэх тал

[3] Хэргийн 2-р хавтас 20-23, 45-47, 70-72, 96-98, 122-124, 149-151, 179-181, 203-205, 230-232 дах тал

[4] Хэргийн 1-р хавтас 19, 24, 25, 130, 134, 167, 201, 2-р хавтас 18, 43, 68 дахь тал

[5] Хэргийн 5-р хавтас 201-211 дэх тал

[6] Хэргийн 1-р хавтас 100-102 дахь тал

[7] Хэргийн 1-р хавтас 42-43 дах тал

[8] Хэргийн 5-р хавтас 212-250 дахь тал

[9] Хэргийн 1-р хавтас 91-92 дэх тал

[10] Хэргийн 1-р хавтас 37, 41, 84, 93, 138, 142, 170, 175, 213 дахь тал

[11] Хэргийн 6-р хавтас 85-122 дахь тал

[12] Хэргийн 6-р хавтас 141 дэх тал