Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 569

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 20 өдөр            Дугаар 101/ШШ2019/00569        Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо баянхошуу 32 дугаар гудамж 52 А тоотод оршин суух Аръяа овогт Баасанжавын Өлзийсайхан /РД: УУ75121804/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хороолол 13 дугаар байр 16 тоотод оршин суух Боржигон овогт Дашбалдангийн Эрдэнэсувд /РД: ЧЛ77092508/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 6,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Өлзийсайхан, хариуцагч Д.Эрдэнэсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Б.Өлзийсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие иргэн Д.Эрдэнэсувдад 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 7,500,000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 2,500,000 төгрөг нийт 10,000,000 төгрөг зээлдүүлсэн. Д.Эрдэнэсувдад мөнгө зээлүүлэхдээ дээрх онуудад өөрийнх нь Хаан банк дахь 5069085945 тоот данс руу 2 удаагийн үйлдлээр шилжүүлсэн. Гэвч Д.Эрдэнэсувд боломж хэцүү байна гэх шалтгаанаар миний мөнгийг төлөхгүй явсаар 2017 оны 04 дүгээр сард 3,500,000 төгрөгийг бэлнээр төлсөн. Үүнээс хойш өөр мөнгө төлөөгүй. Одоо би Д.Эрдэнэсувдаас 6,500,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандаж байна.

Зээлийн гэрээний үүрэгт 6 500 000 төгрөг гаргуулна. Би зах дээр хариуцагчийн газар дээр зогсдог байсан. 2012 оны намар 7 500 000 төгрөг дансаар зээлсэн. Дараа нь дахиад 2014 оны хавар 5 сард 2 500 000 төгрөг нэмж зээлсэн. Надад хүүтэй нь өгнө гэж гуйгаад байхаар нь дансаар өгсөн. Тэрнээс хойш мөнгөө нэхэхэд боломжгүй гээд өгөөгүй. Тухайн үед мөнгө өгөх боломж байсан боловч өгөөгүй. Найзууд байсан тул өгчихөөч гэж гуйсан боловч өгөөгүй. 2017 онд гэрт нь удаа дараа очиход 3 500 000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш мөнгө өгөөгүй. Тайлбар нь худлаа байсан. Сар бүр мөнгө өгч байсан гэдэг нь үндэслэлгүй. Тэгээд хариуцагч нь газраа зарлаа гэхэд би тэг тэг л гэсэн. Газар зарахад уурласан гэдэг нь худлаа. Иймд 6 500 000 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагч нь газраа чингэлэгээ зарсан. Гэрт нь очиход намайг элдвээр хэлж байсан. Гэрт нь очиход намайг хөөгөөд гаргасан. Иймд их гомдолтой байгаа гэв.

            Хариуцагч Д.Эрдэнэсувд нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Эрдэнэсувд нь Б.Өлзийсайханаас 7,500,000 төгрөгийг 2012 оны 09 дүгээр сарын 05-нд 5 хувийн хүүтэй мөнгө зээлэн авч сар бүр 375,000 төгрөгийн  хүүг 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл төлж, 2014 оны 03 дугаар сард өөрийн унаж явсан Прадо машинаа зарахдаа 3,500,000 төгрөгийг Б.Өлзийсайханд төлсөн. Б.Өлзийсайхан нэхэмжлэлдээ 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 2,500,000 төгрөг зээлдүүлсэн хэмээн бичсэн байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие 2013 оны 10 дугаар сард жирэмсэн болж эрхэлж байсан үйл ажиллагаагаа зогсоож гэртээ 1 жилийн хугацаанд дэглэм барьж, өөрийн үйл ажиллагаагаа ахдаа даатган гэрээсээ ажлаа удирдаж явуулдаг байсан. 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрж, үүнээс өмнө эмчийн хяналтад гэртээ дэглэм барьж байгаад төрсөн байдаг. Иймд Б.Өлзийсайханаас 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 2,500,000 төгрөг огтхон ч хүлээж аваагүй. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин ч би Б.Өлзийсайханаас авах авлагатай. 2015 оны 10 дугаар сараас 2017 оны 3, 4 дүгээр сар хүртэл миний өөрийн гадаа хашаа болон контейнерт өөрийн барааг хадгалуулж байсан ч түрээсээ өгөөгүй байгаа. Б.Өлзийсайхан нь анх банштай цай зарж нөхөртэйгөө хэцүү амьдарч байна гэхээр нь би өөрийн хажууд 2007 оноос худалдагчаар авч ажиллуулан өөрийн гэсэн мөнгөтэй, хашаатай, байшинтай, машинтай, бараатай болгож өдий олон жил тэжээн тэтгэж явсан. Сүүлдээ миний барааг зарахаа больж өөрийнхөө барааг миний газар, контейнерт үнэгүй хийж болон жил зарж борлуулалт хийж ашиг олдог байсан. Би сард ОУХТөвд контейнерийн түрээс 210,000 төгрөг, 3, 4, 6 лангуудаа нэг  газрын 70,000 төгрөг 3 газарт нийт 210,000 түрээс төлдөг байсан. Миний бие Б.Өлзийсайханыг ядаж сарын 70,000 төгрөг төл гэж хэлэн хэрүүлтэй уруултай ганцхан жил төлсөн. Сүүлдээ хэрүүлээс нь  залхсан. 2014 оноос 2018 оны хүртэл барааг ганцаараа миний лангуу болох 3, 4, 6 лангуу мөн контейнерийг ашиглаж ашиг олж борлуулалт хийсэн. Миний бие өөрийн газар болон контейнераа зарах шийдвэр гарган зарахад маш ихээр уурлаж уцаарлан намайг үзэхээ байсан. Миний гэр оронд ирж хэрүүл уруул хийгээд хүүхэд энэ тэр байгаа гэж огтхон ч бодолгүй гуйлгачин, тэнүүлчин, луйварчин хэлэхгүй муу үгээр хэлж хаалга үүд өшиглөж эвдээд байхаар нь явдаг газраар нь явъя гээд цагдаа дуудсан байдаг. Иймд Б.Өлзийсайхан гэдэг хүнд маш ихээр гомдож байна

Би нэхэмжлэгчээс 10 саяыг аваагүй. 7 500 000 төгрөг 2012.9.5-нд зээлсэн. 5 хувийн хүүтэй зээлсэн. Сард 375 000 төгрөг өгдөг байсан. 2013.3 сард машинаа зараад 3 500 000 өгсөн. Маргалдах шалтгаан нь 2 500 000 төгрөг болсон. Энэ мөнгийг авч байгаагүй. 7 500 000 төгрөг авсан. Хүүг нь төлж байсан. Би өрөнд ороод үйл ажиллагаагаа зогсооё гэж бодож, дэвтэр дээр өгсөн мөнгөө бичиж байсан. Сард 375 000 төгрөгийг жил орчим хүү төлсөн. Түүнээс хойш төлж чадаагүй. Бид үл ойлголцоод хэрүүл болоод шүүхээр орсон. Гэрт ирээд загнаад байсан тул цагдаа дуудахад явах газраараа яв гэсэн. Бид багын нэг ангийн хүүхдүүд. Намайг хүнтэй суухад манай хүүхдийг харж тусалдаг байсан. Дараа нь зах дээр банштай цай зараад явж байхад нь 2007 оноос өөр дээрээ авч ажиллуулсан. Сүүлдээ миний бараан дээр мөнгө нэмж зарж өмчтэй болсон. 2012 оноос надад мөнгөний хэрэг болж хүүтэй мөнгө зээлсэн. 2013 онд жирэмсэн болоод үйл ажиллагаа ерөнхийдөө зогссон. Сүүлдээ нэхэмжлэгчийн бараа ихсэж, миний бараа багасаж дампуурч эхэлсэн. Сүүлдээ газар болон чингэлгийн төлбөрийг төлж чадахаа байсан. Энэ үед нэхэмжлэгч нь дангаараа бараагаа зардаг болсон. Газрын төлбөрийг эхлээд төлж байгаад сүүлдээ төлөхөө байсан. Бараагаа миний чингэлэгт хадгалуулсан боловч эхлээд 250 000 төлөөд дахиж төлөөгүй. Одоогоор ажилгүй байгаа. Миний бодлоор өглөг байхгүй гэж бодож байна. Олон жил би энэ хүнийг сайн сайхан яваасаа гэж ханддаг байсан. Нэхэмжлэгч нь муйхар зан гаргаад энэ байдал үүссэн. Бараа хадгалуулсан чингэлгийн төлбөр сарын 50 000 төгрөгөө аваагүй, дотор хадгалуулсан төлбөрөө бас аваагүй. Би өглөгтэй байсан болохоор суутгаж байна гэж бодож байсан. 2014-2017 он хүртэл түрээсийн төлбөр аваагүй. 2,500,000 төгрөгийг надаар юань авахуулах гэж, эсвэл миний барааны төлбөр байх гэж бодож байна. 3,500,000 төгрөгийг 2013 онд өгсөнөөс хойш өөр мөнгө өгөөгүй. Хаан банкны 5069085945 данс нь миний данс мөн юм. Сар бүр 375,000 төгрөг өгсөнөө би өөрөө дэвтэр дээр бичдэг байсан бөгөөд авлаа гэж нэхэмжлэгчээр зуруулж байгаа болно гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Өлзийсайхан нь зээлийн гэрээний үүрэгт 6,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Д.Эрдэнэсувд нь 7,500,000 төгрөгийн зээл авсан, үлдэх 2,500,000 төгрөгийг зээлийг аваагүй, сар бүр 375,000 төгрөгийг хүүнд тооцож төлж байсан, бараа хадгалуулсан төлбөрт суутгах ёстой тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 7,500,000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 2,500,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөгийг хариуцагчид өгсөн болох нь Хаан банк дахь нэхэмжлэгчийн дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хэргийн 7-10 дугаар тал/ Энэхүү дансаар шилжүүлсэн мөнгийг хүлээн авсан Хаан банк дахь 5069085945 тоот дансыг хариуцагч эзэмшдэг болох нь мөнгөн шилжүүлгэн баримт дээр хүлээн авагчийг Д.Эрдэнэсувд гэсэн бичилт болон хариуцагчийн тайлбараар тогтоогдсон. Харин хариуцагч нь 10,000,000 төгрөг хүлээн авсан талаар маргаагүй боловч үүний 2,500,000 төгрөг нь надаар юань худалдан авахуулах зорилготой байсан, эсхүл миний барааны борлуулалтын орлого байх гэж маргасан. Гэвч хариуцагч нь өөрийн тайлбарыг нотлоогүй, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Түүнчлэн хариуцагчийн энэхүү тайлбар нь 2013 онд жирэмсэн болж эмчийн хяналтад байсан гэх тайлбараар үгүйсгэгдэж байна. Иймд хариуцагчид зээлийн гэрээний дагуу 10,000,000 төгрөг төлөх үүрэг үүсжээ.

Хариуцагч нь сар бүр зээлийн хүүнд 375,000 төгрөг төлж байсан гэж тайлбарласан боловч холбогдох баримтыг өмнөх нэхэмжлэл буцаагдсан хэрэгт хавсаргасан гэж тайлбарласан бөгөөд нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргаагүй. Улмаар төлбөрийг төлсөн талаар өөрийн дэвтэрт тэмдэглэж байсан ба төлбөрийг хүлээн авсан этгээд буюу нэхэмжлэгчээр хүлээн авсан талаар гарын үсэг зуруулаагүй гэж тайлбарлаж байх тул шүүх уг дэвтрийг нотлох баримтаар өмнөх хэргээс гаргуулах шаардлагагүй гэж үзлээ. Иймд хариуцагчийг зээлийн хүүнд сард 375,000 төлсөн гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн хариуцагч нь бараа, материал хадгалсан гэх чингэлгийн түрээсийн төлбөрийн талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Зохигчид зээл олгосноос хойш хариуцагч нь 3,500,000 төгрөг төлсөн талаар маргаагүй боловч уг төлбөрийг нэхэмжлэгч нь 2017 онд, хариуцагч нь 2013 онд төлсөн гэж зөрүүтэй тайлбарлаж байна. Эдгээрээс хариуцагч нь зээлийн гэрээний үүргээс 6,500,000 төгрөгт холбогдох хэсгийг гүйцэтгээгүй гэж үзнэ.

Зохигчдын хооронд 2 удаагийн зээлийн харилцаа үүссэн байна. Улмаар нэхэмжлэгч нь өмнөх зээлийг хамтад нь төлөхөөр амлаж, нэмж зээл авсан гэж тайлбарласан, 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр олгосон 2,500,000 төгрөг нь зээлийн гэрээний дагуу олгогдсон болох нь дээрх үндэслэлээр тогтоогдсон тул өмнөх зээлийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Улмаар зохигчид зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, эргэн төлөх хугацааны талаар тохиролцоогүй байх тул зээлийн гэрээний шаардах эрх 2 дахь зээл олгосон 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр үүссэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил юм.

Нэхэмжлэгч нь 3,500,000 төгрөгийг 2017 онд төлсөн, өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх агуулга бүхий тайлбараа нотлоогүй. Хариуцагч нь үүнийг үгүйсгэж 2013 онд төлсөн гэж шүүх хуралдаанд тайлбарласан бол шүүхэд гаргасан тайлбартаа 2014 оны 03 сард төлсөн гэж дурджээ. Иймд төлбөрийн тодорхой хэсгийг төлсөнөөр гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлгүй.

Иймд зээлийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр дууссан байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүсгэсэн байх бөгөөд хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэсэн байна.

Эдгээрээс үзэхэд хэдийгээр нэхэмжлэгч нь өмнө нь нэг удаа шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан байх боловч уг нэхэмжлэлийг нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа гаргасан гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлгүй.

Иймд хариуцагч нь зээлийн гэрээний дагуу 6,500,000 төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүй байх боловч Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагчид үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрх үүссэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Д.Эрдэнэсувдад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Өлзийсайханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.ГАНБОЛД