| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2023/0046/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/46 |
| Огноо | 2023-04-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Баясгалан |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
Улсын яллагч Г.Баясгалан,
Хохирогч Б.*******,
Шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 39 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******ид холбогдох эрүүгийн 2307000000069 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймагт төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, *******д ******* ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ,, тоотод оршин суух,
Урьд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 15 дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар 7 хоногийн баривчлах шийтгэл оногдуулж, 20 цагийн албадан сургалтад хамрагдсан.
******* овогт *******ын ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
мөн өдрийн 22 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дахин хэрүүл маргаан үүсгэж, хохирогчийн үснээс зулгааж газарт унагах, өшиглөх, толгой, гар хэсэгт нь гараараа цохих зэргээр тус тус халдан зодож, эрүүл мэндэд нь үргэлжилсэн үйлдлээр “баруун, зүүн дээд доод зовхи, хамар, баруун, зүүн бугалгад цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...тухайн өдөр архи уучихсан байсан. Тэр үед хадам ээж, хадам эгч хоёр ирээд намайг энэ гэрт байх ёсгүй зайл гэсэн. Тэгэхээр нь бүх хувцсаа аваад гарсан. Орой хонох газаргүй байсан болохоор гуйж байгаад гэрт орсон. Унтах гээд хэвтэхдээ маргалдсан. Маргаан тэлээнээс болоогүй. Би хальт биед нь шүргэхэд цохичихлоо гэсэн. Би уг нь цохиогүй. Гэтэл хадам ээж чи муу яргачин гэж орилж орж ирээд хэрүүл, маргаан үүссэн. Тэгээд эхнэрээ түлхсэн, цохисон.” гэв.
Хохирогч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Энэ хүний яриаг сонсоход худлаа яриад байна. Болсон хэргийн талаар юу ч санахгүй байна. Яагаад намайг гэмтээх болсон, яагаад хоорондоо муудах болсон талаараа санахгүй байна. Архины хамааралтай гэж би дүгнэж байна. Архи уухаараа л элдэв бусаар харааж доромжилдог. Гэрийн тавилга, эд хогшил гээд бүхнээ эвдэж, хэмхэлдэг. Над руу орилохоос гадна өөр бусад найз нөхөд рүүгээ ч мөн орилж дайрдаг. Хүн алдаа гаргахаараа гэмшээд алдаагаа засдаг. Надад нэг ч гар хүрч үзээгүй. Түрүү жилийн 01 дүгээр сард надад гар хүрсэн. Намайг зодсон. Тэр үед манай дүү цагдаа дуудсан. Маргааш нь эрүүлжүүлэхээс гарч ирээд надаас уучлалт гуйсан. Дахиж архи уухгүй гэсэн. Эрүүлдээ ажил хөдөлмөр эрхлээд, ар гэрээ аваад явдаг. Уухаа больчихвол болох юм байна гэж бодоод 7 хоногийн баривчилгаанд явуулж өгөөч гэж гуйж байсан. Баривчилгаанд явж ирээд хэсэг хугацаанд ухаарсан. Одоогийн энэ үйлдэл бол хоёр дахь үйлдэл. 2022 оны 02 дугаар сарын 06-ны шөнө намайг ажлаас тараад ирэхэд архи уучихсан согтуу байсан. Шөнөжингөө намайг элдэв үгээр харааж, доромжилсон. Өглөө нь чи ажилтай биз дээ сэрээч гэхэд согтуу сэрсэн. Энэ хүний хувьд манай гэр бүлийн хүмүүс амьдралд нь оролцлоо гээд шаралхаад уурлаад байгаа юм шиг байгаа юм. Манай аав, ээж бага насны хоёр хүүхдийг минь цэцэрлэг сургуульд хүргэж өгч, авдаг. Баярлалаа гэж хэлэхийн оронд миний аав, ээжийг доромжилдог. Тэр шөнө хонох газаргүй болчихлоо ганцхан шөнө хонуулчих гээд гуйгаад байхаар нь манай ээж оруулсан. Гэтэл миний тэлээ хаана байна? тэлээ олоод өг гэсэн. Би өглөө олоод өгье гэсэн. Зүгээр л хэрүүлийн шалтаг хайгаад байсан. Аргаа бараад цагдаа дуудахад намайг барьж аваад зодсон. Шүргэх төдий цохисон юм бол миний нүүр, гуя яалаа гэж хөхрөх юм бэ. Гараас нь мултрах гэж зөндөө хичээсэн...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар тус тус санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс: хохирогч Б.*******гийн мэдүүлэг /хх-15-16/, гэрч н., гэрч н. нарын мэдүүлэг /хх-20-22/, шинжээчийн дүгнэлт /хх-28-29/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт болон аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-63-74/, 15 дугаартай шийтгэвэр /хх-52-55/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагчийн “...2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 13 цагийн орчимд шүүгдэгч Ч.******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч, хохирогч Б.*******гийн эсрэг хэрүүл, маргаан үүсгэж эхэлсэн. Энэ цаг үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Улмаар хохирогчийг танай гэр бүл бидний амьдралд хөндлөнгөөс оролцдог, чиний байгаа байдал таалагдахгүй байна гэж хохирогчийн биед халдах байдлаар үргэлжилсэн. Толгой хэсэгт нь хоёр удаа цохиж, пийшин рүү ар дагзаар нь савуулах зэрэг санаатай үйлдлийг хийсэн. Хохирогчийн ээж н., эгч н. нар ирж уг үйл явдлыг зогсоосон. Уг явдлын дараа Ч.******* гэрээсээ гараад явдаг. Энэхүү цаг хугацаанаас хойш 22 цагийн дараа дахин гэртээ ирж хонох нөхцөл үүссэн. Энэ хугацаанд дахин хохирогчтой хэрүүл маргаан үүсгэж хохирогчийн биед нь халддаг. Нэг орон зайд үйлдэгдсэн үргэлжилсэн үйлдлээс хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан. Дээрх гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн. Хохирогчийн хувьд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамаарах этгээд. Урд нь хохирогчийн биед мөн халдаж Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлж байсан. Хохирогчийн эсрэг үйлдсэн хоёр удаагийн үйлдэл байгаа учир гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Хохирогчийн зүгээс хохирол, төлбөр нэхэмжилсэн зүйлгүй. Иймд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсон нөхцөлд холбогдох эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд өмнөх хуулийн 99 дүгээр зүйлд заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэж байсан. Гэр бүлийн тухайд ам бүл 5. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Эрхэлсэн тодорхой ажилтай. Гэвч түүний үйлдсэн гэмт хэрэг нийгмийн аюултай гэмт хэрэг. Шүүгдэгч Ч.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэж байна. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол гарах хүртэл хэвээр үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй болохыг дурдаж байна...” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Ч.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ч.******* нь 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 13 цагийн орчимд Налайх дүүргийн, тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн хамтран амьдрагч хохирогч Б.*******гийн толгойд гараараа 2 удаа цохих, ханан пийшин рүү түлхэж толгойг нь цохих зэргээр,
мөн өдрийн 22 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дахин хэрүүл маргаан үүсгэж, хохирогчийн үснээс зулгааж газарт унагах, өшиглөх, толгой, гар хэсэгт нь гараараа цохих зэргээр тус тус халдан зодож, эрүүл мэндэд нь үргэлжилсэн үйлдлээр “баруун, зүүн дээд доод зовхи, хамар, баруун, зүүн бугалгад цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.*******гийн өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 12 билүү 13 цагийн үед ганцаараа архи ууж согтчихоод гэнэт над руу агсарч дайраад намайг гал тогооны өрөөнд байхад гараараа миний толгой руу 2 удаа цохисон, тэгээд би түүнээс холдоод том өрөө рүү ортол ардаас ирээд ханан пийшин рүү түлхчихсэн, тухайн үед толгойныхоо ар дагзаар ханан пийшин мөргөчихсөн...орой 22 цагийн үед Ч.******* нэмж архи уусан бололтой гаднаас согтуу орж ирсэн. Тухайн үед манай ээж болон хүүхдүүд байсан. Тэгээд Ч.******* орондоо оронгуутаа надаас “миний өмдний тэлээ хаана байна, харсан уу? гэхээр нь “чиний өмдний тэлээг хаана байгааг би мэдэхгүй, чи тэглээ ч согтчихсон байна, өглөө олоод өгье” гэж хэлсэн чинь гэнэт над руу чи дуугай бай, чамтай яриагүй байна гээд агсраад эхэлсэн. Тэгснээ над руу дайрч шууд намайг үсдэж аваад газар унагаагаад хөлөөрөө миний бие рүү өшиглөсөн, тэгэхээр нь би хоёр гараараа нүүрээ хамгаалсан чинь нүүр рүү гараараа цохиод байсан. уг нь би гараараа нүүрээ хамгаалж байсан ч нүүр рүүгээ хэд хэдэн удаа цохиулчихсан...” гэх мэдүүлэг,
/хх-15-16/
2. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Н.ы өгсөн: “...би 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр том охин Б.тай хамт Б.*******гийн гэр рүү очиход Б.******* хүүхдүүдээ дагуулаад гэрээсээ явчихсан, Ч.******* ганцаараа 1 шил архи тавьчихсан уугаад нэлээн согтуу сууж байсан. Би Ч.******* руу уурлаад “чи яагаад манай охиныг архи уучихаараа дээрэлхээд байдаг юм бэ? Энд амьдарч чадахгүй юм бол яв” гээд хөөсөн. Ч.******* хувцсаа аваад гэрээс гараад явчихсан. Тэгээд шөнө 21 билүү 22 цагийн үед Ч.******* нэмж архи уусан бололтой орж ирээд “надад очих газар алга, би дахиад танай охинд гар хүрэхгүй, дээрэлхэхгүй, өнөөдөр хоночхоод маргааш явчихъя” гээд байхаар нь өрөвдөөд гэрт оруулаад унтуулж амраах гээд байж байтал гэнэт Ч.******* манай охиноос өмдний тэлээ хаана байна гэж хэрүүл өдөж босож ирээд агсам тавих гээд байхаар нь манай охин Б.******* гар утсаараа цагдаа руу залгах гэтэл Ч.******* охин руу маань уурлаж дайраад үсдэж газар унагаагаад нүүр ам руу нь гараараа цохиод эхэлсэн...” гэх мэдүүлэг,
/хх-20/
3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.гийн өгсөн: “...би 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Б.******* хүүхдүүдээ дагуулаад манай гэрт ирсэн. Тэгээд би ээжтэйгээ хамт буцаж гараад Б.*******гийн гэр рүү Ч.******* ганцаараа 1 шил архи тавьчихсан уугаад нэлээн согтуу сууж байсан. Ээж, бид хоёр Ч.******* руу уурлаад “чи яагаад хүүхэд дээрэлхээд байдаг юм бэ? Энд амьдарч чадахгүй юм бол яв” гээд хөөсөн. Ч.******* хувцсаа аваад гэрээс гараад явчихсан. Тэгээд түүнийг буцаж ирэхийг хүлээгээд ирэхгүй юм шиг болохоор нь Б.*******г хүүхдүүдтэй нь хамт дуудсан. Тэгээд шөнө 22 билүү 23 цагийн үед Б.*******гийн хүүхдүүд “аав ээжийг зодоод байна та хүрээд ир” гэж хэлэхэд нь би шууд гэрт нь очиход түрүүхэн цагдаа нар ирээд аавыг аваад явсан гэж хэлсэн. Б.*******гийн толгой дух хэсэгт булдруу болоод хавдчихсан, хөл, гар, мөр хөндүүртэй байна, хамар бас өвдөөд байна гээд сууж байсан...” гэх мэдүүлэг,
/хх-22/
4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Р.Ням-Осорын 73 дугаар: “Б.*******гийн биед баруун, зүүн дээд доод зовхи, хамар, баруун, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,
/хх-28-29/
5. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-43/
6. Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-42/
7. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 15 дугаар шийтгэвэр
/хх-52-55/
8. Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 18 дугаар шийтгэх тогтоол
/хх-56-62/
9. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл,
/хх-63-65/
10. Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ,
/хх-66-74/
11. Шүүгдэгч Ч.*******ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-76-91/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дахь хэсгийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна” гэснээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх субъектэд хамаарч байна.
“Гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хэргийн тохиолдолд хамт амьдарч байгаа хамтран амьдрагч нь болох шүүгдэгч Ч.******* нь хамтран амьдрагчийнхаа бие махбодод халдсан буюу цохиж зодсон, гар хүрсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Ч.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.******* нь хохирогч Б.*******гийн толгой руу гараараа 2 удаа цохих, ханан пийшин рүү түлхэж толгойг нь цохих, хохирогчийн үснээс зулгааж газарт унагах, өшиглөх, толгой, гар хэсэгт нь гараараа цохисон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчид цохиулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 73 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон учир шүүгдэгч Ч.*******ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Ч.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Ч.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******гийн бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгч Ч.*******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, бусдыг хэл амаар доромжлон, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн, түүний хууль бус үйлдэл нь давтагдаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, архидан согтуурсан үедээ, хувийн сэдэлтээр дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж шүүх дүгнэлээ.
Иймд Ч.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож 900 нэгж буюу 900,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ийг 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ид оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ