Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/54

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

улсын яллагч Г.Баясгалан,

хохирогч Б.*******,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ийн *******ад  холбогдох эрүүгийн 2307000000093 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******, ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт *******, *******, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

*******ийн ******* /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн *******, ******* тоотод хамтран амьдрагч, хохирогч Б.*******тэй хэрүүл маргаан үүсгэн агсам тавьж, улмаар гэрт байсан модон сандлаар түүний толгой, гар хэсэгт 3 удаа цохиж биед нь халдаж, эрүүл мэндэд нь баруун, зүүн зулайг хамарсан шарх, зүүн бугалга, шуунд цус хуралт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээж байна” гэв.

 

            Хохирогч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гомдол саналгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо толгой өвдөж байгаа, бид хоёр одоогоор тусдаа амьдарч байгаа, хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэв.

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч Б.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох байр сууринаас оролцож дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  1. Хохирогч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг  (хавтаст хэргийн 09-13 дахь тал),
  2. Насанд хүрээгүй гэрч Б.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтас хэргийн 15 дахь тал),
  3. Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтас хэргийн 17 дахь тал),
  4. Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 92 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал),
  5. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 46-56 дахь тал) зэрэг болно.

 

            Харин шүүгдэгч Б.*******, хохирогч Б.******* нар нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлүүлээгүй болно.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугласан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн *******, ******* тоотод хамтран амьдрагч, хохирогч Б.*******тэй хэрүүл маргаан үүсгэн агсам тавьж, улмаар гэрт байсан модон сандлаар түүний толгой, гар хэсэгт 3 удаа цохиж биед нь халдаж, эрүүл мэндэд нь баруун, зүүн зулайг хамарсан шарх, зүүн бугалга, шуунд цус хуралт бүхий гэмтэл учруулсан үйл баримт нь:

 

  • Хохирогч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би одоогоос 2 жилийн өмнөөс эхэлж Б.******* гэх хүнтэй нэг гэрт эхнэр, нөхрийн хувиар хамтран амьдрах болсон. ...Манай нөхөр Б.******* нь 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн үед Налайх дүүргийн *******, ******* тоот гэрээсээ найзуудтайгаа уулзана гэж хэлээд гарсан. Тэгээд шөнө 23 цагийн үед гаднаас архи уучихсан согтуу орж ирээд ямар ч шалтгаангүй гэнэт л надруу агсарч, хэрүүл хийж дайрсан. Тэгээд гэрт байдаг жижиг модон сандлыг аваад миний толгойруу 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би Б.*******ын төрсөн дүү Б.ыг дуудсан ба удалгүй хүрч ирж болсон үйл явдлыг хараад цагдаа дуудсан. ...Би толгойруугаа сандлаар цохиулснаас болж миний толгой хагарч, 5 ширхэг оёдол тавиулсан. Дээрээс нь намайг сандлаар цохиод байхаар нь би гараараа өөрийгөө хамгаалж байгаад зүүн гарын маань шуу, булчин хэсэг хөхөрсөн байсан. ...Өмнө нь Б.******* архи уучхаад гэртээ орж ирэх болгондоо надад агсам тавьж, хэрүүл маргаан үүсгэдэг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 09-13 дахь тал),

 

  • Насанд хүрээгүй гэрч Б.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 23-ны шөнө 22 цагийн үед Налайх дүүргийн *******, ******* тоот хашаанд гэртээ ганцаараа унтаж байсан. Манай хашаанд төрсөн ах Б.******* тусдаа гэр бариад эхнэр, хүүхдүүдтэйгээ амьдардаг. Гэтэл шөнө 02 цагийн үед Б.******* ахын гэрээс түүний эхнэр Б.******* болон өөрийнх нь орилж, хашхирах, хэрүүл маргаан болоод байгаа чимээгээр би сэрсэн. ...Тэгээд яваад ортол Б.******* эгч толгойгоо бариад уйлчихсан, толгойноос нь цус гараад байж байсан. Харин Б.******* ах хажууд нь суучихсан архи уучихсан бололтой согтуу байдалтай байсан. ...Б.******* нь “ах чинь согтуу орж ирээд надтай хэрэлдэж маргалдаад эгчийнх нь толгойг сандлаар цохиод хагалчихлаа” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

 

  • Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.******* нь миний төрсөн эгч, харин Б.******* нь бол түүнтэй хамтран амьдарч байсан эрэгтэй юм. Энэ хоёр яг албан ёсоор тусдаа гарч амьдарч байгаа нь саяхнаас буюу 2 cap гаруйн өмнөөс юм. ...Тэрнээс өмнө нь Б.******* нь манай хашаанд тусдаа гэртээ амьдардаг байсан ба тэр үед Б.******* нь тэднийд хаа нэг ирж очин хонож өнжөөд л явдаг байсан. Ер нь бол манай эгч Б.******* нь Б.*******тай харьцаж эхлээд 2 жил гаруй болж байна. ...Миний мэдэхийн Б.*******ыг архи ууж гэр оронд ирлээ гэх асуудлаас болж хэрэлдэж маргалдаад байдаг байсан. ...Харин сүүлд 2023 оны 02 дугаар сарын 24-ний шөнө Б.******* нь архи уучхаад эгчийг маань сандлаар цохиж зодсон болохыг нь сүүлд мэдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

 

  • Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 92 дугаар “...ийн *******ийн биед баруун, зүүн зулайг хамарсан шарх, зүүн бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг зулайн шарх, зүүн шууны цус хуралт гэмтлүүд нь тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад зүүн бугалганы цус хуралт гэмтэл нь тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь нийлээд хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирч байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

 

  • Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 46-56 дахь тал) зэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хоорондоо агуулгын зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

Шүүгдэгч Б.******* нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

            Хууль зүйн хувьд шүүгдэгч Б.*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Б.*******ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсанд тооцно.

 

            Мөн шүүгдэгч Б.*******ын үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, …этгээдийг” ойлгох ба мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Б.*******, хохирогч Б.******* нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй хэдий ч 2 жил хамт амьдарсан, дундаасаа нэг хүүхэдтэй, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байх бөгөөд шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам тавьж, хэрүүл маргаан үүсгэдэг, тухайн үед хохирогчийг 2 сартай хүүхдээ хөхүүлээд сууж байхад нь сандлаар цохиж биед нь халдсан, уг үйлдэлд хохирогчийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй зэргээс дүгнэхэд шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэхээр байна.

            Иймд шүүгдэгч Б.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******ийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүхийн хэлэлцүүлэгт “Гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, одоо ч толгой өвдөж байгаа” гэх мэдүүлгийг өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, харин хохирогч Б.******* нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Б.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасан ба уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч, хохирогч нар санал, тайлбар гаргаагүй болно.

 

Шүүгдэгч Б.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч Б.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам тавьж, 2 сартай хүүхдээ хөхүүлээд сууж байсан эхнэрийнхээ биед халдаж, сандлаар 2-3 удаа цохисон байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч гомдолгүй гэх тайлбар), хувийн байдал (гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Enshengda” гэсэн бичиглэл бүхий 30см*32см хэмжээтэй 1 ширхэг сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 350 (гурван зуун тавь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ад оногдуулсан 350 (гурван зуун тавь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.******* нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Enshengda” гэсэн бичиглэл бүхий 30см*32см хэмжээтэй 1 ширхэг сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Э.ЭНХЖАРГАЛ