Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/74

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Д.Б******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б*******т холбогдох эрүүгийн 2315000000047 дугаартай 163/2023/0066/Э индекстэй хэргийг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигин овогт *******ийн Б*******, ******* хотод 1986 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн *******ын 9-914 тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Булган аймгийн *******ний ахлах мэргэжилтэн ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 880 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 948 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, 37 настай, эрэгтэй, РД: *******.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б******* нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны шөнө Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн *******ын 9-914 тоотод Д.Д*******тэй хоорондын харьцааны явцад үүссэн үл ойлголцолоос болж маргалдан улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000000047 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.Б******* нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны шөнө Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн *******ын 9-914 тоотод хадам аав Д.Д*******тэй хоорондын харьцааны явцад үүссэн үл ойлголцлоос болж маргалдан улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь тархи доргилт, нүүрний зүүн хэсэг зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, дээд зүүн гуравдугаар шүдний хугарал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б*******ын өгсөн: Тухай өдөр халамжийн дэргэдэх сувиллын яслын шинэ жил болох гэж байсан. Би эцэг эхчүүдийн дарга гэдэг утгаараа өвлийн өвгөн болох байсан. Тухайн оройдоо ангиа цэвэрлээд яслын хоёр багштай 2-3 пиво уучхаад ажлынхаа газрын хүнээр хүргүүлээд гэртээ харьсан. Би ясли руу орохдоо өрөөндөө утсаа орхиод орчихсон байсан. Тэгсэн тэр хооронд эхнэр 20 хэдэн удаа над руу залгасан байсан. Тэгээд гэр лүүгээ харих замдаа эхнэр рүүгээ залгасан чинь урдаас хашгираад байхаар нь хэрүүл болох юм шиг байна гээд гудамжны буланд зогсож байгаад ажлынхаа газрын хүний машинд дахиад 2, 2 пиво уугаад 12 цаг дөхүүлээд эхнэр унтчихсан байх гэж бодоод очсон чинь эхнэр гэрээсээ гүйгээд гараад ирсэн. Эхнэр намайг ажлын хүүхэнтэй хардаад байдаг. Тэгсэн эхнэр гудамжаар орилж чарлаад байхаар нь аваад гэртээ орсон. Тэгсэн эхнэр хашхичаад байхаар нь би юу ч дуугараагүй орондоо ороод унтсан. Тэгсэн дэрний хажуугаас утас аваад гарч гүйгээд хаалга савахад нь үүдний лампиран тааз нураад уначихсан. Тэгээд би ардаас нь гараад утас аваад ир гэсэн чинь хашааны хаалгаар гүйж гараад харанхуй гудамж руу гүйгээд явчихсан. Би гэртээ ороод унтаж байсан пир пар гээд 2, 3 хүн ороод ирэхээр нь сэрээд хартал хадам аав, ээж хоёр ороод ирсэн. Тэгээд намайг чи согтуу ирж гэр орноо түвээж, миний хүүхдэд агсам тавиад гудамжинд хөөж гаргачихаад алцайгаад хэвтэж байдаг хэн бэ? чи манайхаас зайл гэсэн. Тэгэхээр нь би хэн зодож нүдсэн юм, би нэг ч үг дуугараагүй шүү миний утсыг аваад гараад гүйхээр нь утас аваад ир гэж орилсон гэж хэлсэн чинь аав над руу дайраад байсан. Тэгэхээр нь би хувцсаа өмсөөд босоход аав намайг хоёр удаа цохисон. Би чам шиг өвгөнд зодуулаад зогсоод байна гэж байхгүй шүү, та нар над руу олон удаа бөөрөлхөж дайрч байгаа шүү гээд барьцалдаж аваад бие биенээ боолцсон. Тэгсэн гаднаас эхнэр орж ирээд наадах чинь тааз нураагаагүй юм, би хаалга савж гарахдаа нураачихсан юм, бид хоёр яагаа ч үгүй гэсэн чинь хадам ээж хажуугаас наадах чинь согтуу байна, согтуу байгаа дээр нь наадахаа цагдаад өгчих гээд бичлэг хийгээд байсан. Тэгэхээр нь муу юманд яасан сайн юм гээд хэрэлдээд хадам аавтай цохилцоод байж байсан чинь 2 цагдаа орж ирээд намайг авч яваад эрүүлжүүлэхэд хоносон. Дараа нь 7 хоног баривчлагдсан гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хохирогч Д.Д*******гийн өгсөн: 2022 оны 12 дугаар сарын 23-ны орой 01 цагийн үед би эхнэр Бгийн хамт өөрийн төрсөн охин Цэрэнтогтохынд амарч байхад миний охин Д.Г******* манай эхнэрийн ******* дугаарын утас руу залгаад манай нөхөр Б******* согтуу ирчихээд байна, би зугтаагаад гарчихсан байна, нүцгэн гараад ирсэн, эргэж орохоос айгаад байна, та хоёр хүрээд ирээч гэж ярьсан. Тэгээд эхнэр бид хоёр 3 дугаар хорооноос охиныхоосоо Б*******ынд очоод гэр рүү нь орсон чинь үүдэн дэх таазны лампир нь уначихсан байсан. Тэгээд дунд өрөө рүү орсон чинь манай хүргэн Б******* орон дээр сууж байсан. Тэгээд хүргэндээ хандаж сайн байна уу, энд юу болоод байгаа юм бэ?, миний охиныг хөөж гаргачихаад өөрөө унтаад байж болдог юм уу? гэж хэлсэн чинь пизданууд минь хүрээд ирэв үү?, хүний олон хүнээ барихгүй шүү, би танай охиныг хөөж гаргаагүй араас нь гараад олсонгүй, надаас зугтаачихлаа гэж хэлээд босож ирээд намайг мөрөөрөө болон гэдсээрээ түлхээд гал тогооны өрөө рүү шахаж оруулаад барилцаж аваад хэрэлдэж муудалцаад байж байсан чинь манай охин Г******* гаднаас орж ирээд Б*******ыг чи аавыг маань яагаад байгаан болиоч гэж хэлсэн чинь Б******* манай охин Г*******г толгой хэсэг рүү нэг цохиж аваад янз бүрээр доромжлоод нэлээн хоорондоо хэрэлдэж байгаад байж байгаад хүргэн Б******* бугдийг чинь дуусгана гэж хэлээд гал тогооны шкабнаас том үүлний хайч аваад над руу далайгаад дайрч байхад манай эхнэр охин хоёр хүргэн Б*******ыг болиоч гээд хайчнаас барьж аваад зууралцаж байгаад хайчийг нь булаагаад авсан чинь Б******* хайчаа алдангуутаа манай охин Г*******г ахиад толгой руу нь 2 удаа цохиж аваад ширээн дээр байсан том шилэн тавгийг ширээнд цохиж хагалаад хэлтэрхийг нь бариад хашгираад дайраад бид хоёр зууралцаж байгаад би чамд охиноо дээрэлхүүлэхгүй шүү, чи их олон удаа манай охиныг зодож байна, арай хэтэрч байна шүү гэж хэлээд хүргэн Б*******ыг нүүр хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгсэн чинь намайг боож байснаа тавиад хамраа барьж үзэнгүүтээ яаж байгаа пизда вэ гээд намайг зөрүүлээд нүүр рүү маань нэг удаа цохисон. Тэгээд барилцаж аваад зууралдаж байсан чинь гаднаас цагдаа орж ирээд манай хүргэн Б*******ыг аваад явсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-22 дахь тал/,

2. Гэрч П.Бгийн өгсөн: 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шөнийн 01 цагийн үед миний төрсөн охин Г******* 86020262 дугаарын утаснаас над руу залгаад Б согтуу ирсэн байна, би гар утсыг нь аваад зугтаагаад гараад ирлээ, би гэртээ иргэж орж чадахгүй айгаад байна, та 2 хүрээд ирээч гэж ярьсан. Тэгээд бид хоёр охин Г*******гийнд явж очоод гэрт ороход үүднийх нь таазны лампир уначихсан. Манай хүргэн Б******* байна уу гэсэн чинь урдаас сайн байна уу гэж мэндэлсэн. Тэгсэн чинь манай нөхөр Д******* энд юу болоод байгаа юм, яагаад манай охин Г*******г хөөж гаргачихаад чи өөрөө унтаж байдаг юм бэ гэж хэлсэн чинь манай хүргэн Б******* хүний олон хүнээ барихгүй шүү пизданууд хүрээд ирэв үү гээд босож ирээд манай нөхрийг хэл амаар доромжлоод гэдэс мөрөөрөө түлхээд гал тогооны өрөө рүү түрээд оруулсан. Тэгээд тэр 2 муудалцаад барилцаж авалцаад байж байсан чинь манай охин Г******* гаднаас ороод ирсэн. Тэгээд тэр хоёрыг салгах гээд манай охин Г*******г салгахаар очиход хүргэн Б******* манай охины толгой руу нь 2 удаа цохиод авсан. Тэгээд манай нөхөр уурлаад чиний гарын аяыг миний охин яаж даадаг юм гэж хэлээд тэр нэлээн ширүүн маргалдаад манай нөхрийг боогоод зууралцаж байснаа гал тогооны шүүгээрүүгээ ухас хийгээд бүгдийг чинь дуусгана гээд шүүгээнээсээ том үүлний хайч аваад манай нөхрийн цээж рүү далайгаад байж байхад манай охин Г******* бид хоёр хайчийг нь булаагаад авсан. Манай хүргэн Б******* бүүр уурлаад манай охин Г*******г толгой руу нэг удаа цохиж аваад тэр цохисон гараараа ширээн дээр байсан шилэн аягийг ширээн дээр нь цохиж хага цохиод хагархайг нь бариад манай нөхөр Д******* рүү дайрсан. Тэгээд манай нөхөр хоолойгоо боолгосон байж байгаад хүргэн Б*******ын нүүр рүү нь нэг цохисон. Тэгсэн чинь Б******* манай нөхрийг боосон гараа тавиад пизда чинь хамар руу цохичихлоо ш дээ гэж хэлээд хамраа барьж үзсэнээ манай нөхөр Д*******г зөрүүлээд нүүр хэсэгт нь цохисон. Тэгээд муудалцаад салж нийлээд зууралцаад байж байсан чинь гаднаас 2 цагдаа орж ирээд манай хүргэн Б*******ыг аваад явсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

3. Гэрч Д.Г*******гийн өгсөн: 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр оройн 23 цагийн үед манай нөхөр Б******* ажлын газрын эмэгтэйгээрээ хүргүүлэн гэртээ ирсэн. Тэгээд би нөхөртөө хаагуур яваад ирэв гэсэн чинь манай нөхөр Б******* ойрхон 2 пиво уучихаад ирлээ гэж хэлсэн. Тэгээд бид 2 гэртээ ороод манай нөхөр ороо засаад орондоо ороод хэвтээд өгсөн. Тэгээд хэвтээд өгөхөөр нь би нөхрийнхөө гар утсыг дэрэн доороос авсан чинь утас аваад ир гэхээр нь би утсыг нь аваад гэрээс гараад гүйсэн чинь манай нөхөр араас пизда минь утас аваад ир гээд орилоод байсан. Тэгээд би гадаа байж байгаад ээж, аав руугаа залгасан. Тэр үед манай аав ээж хөдөөнөөс аймгийн төвд ирсэн байсан болохоор би аав ээжид хандаж манай нөхөр согтуу ирсэн. Би утсыг нь аваад гараад ирсэн. Орохоосоо айгаад байна, та 2 манайд ирээд хоночих гэж хэлсэн. Тэгээд удалгүй ээж аав хоёр хашааны арын хаалгаар орж ирээд гэр рүү шууд орсон. Би харин хашааны урд хаалгаар гэр рүү орсон. Тэгээд гаднаас орж ирэхэд манай нөхөр Б******* аав Д******* нар маргалдсан байдалтай, нөхөр манай аавыг мөрөлцөн байж байсан. Тэгээд манай аавыг мөрлөөд элдвээр хэлээд барьцалдаад авахаар нь би салгах гэсэн чинь манай нөхөр Б******* намайг 2 удаа толгой, хүзүү хэсэгт цохисон. Тэгээд аав Б*******т хандаж чи миний охиныг яаж байгаа юм, чиний гарын аяыг яаж даах юм гээд манай нөхөр Б*******ыг нүүр хэсэгт нэг удаа цохисон. Тэгсэн чинь буцаагаад манай нөхөр Б******* миний аав Д*******г боогоод, ширээн дээр хэвтүүлж байгаад хоёр удаа нүүр хэсэгт нь цохисон. Тэгээд гаднаас хоёр цагдаа орж ирээд манай нөхөр Б*******ыг аваад явсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

4. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 62 дугаартай: Д.Д*******гийн биед тархи доргилт, нүүрний зүүн хэсэг зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, дээд зүүн гурав дугаар шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Үүссэн гэмтлүүд нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тархи доргилт, нүүрний зүүн хэсэг зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, дээд зүүн гуравдугаар шүдний хугарал нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хамрын таславчийн муруй, хоёр нүдний ухархайн дотор хананы хугарал зэрэг гэмтлүүд оношлогдсон ба энэ хуучин гэмтлүүд байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 41-43 дахь тал/,

5. Яллагдагч Д.Б*******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж өгсөн: 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр сувиллын ясли руу анги чимэглээд тэнд байсан Жаргалсайхан, Солонго гэх 2 багштай 2,5 литрийн том пиво хувааж уусан. Тэгээд би утсаа өрөөндөө орхисон байсан учир өрөө рүүгээ орж утсаа аваад харсан чинь эхнэр Г******* 20 гаран удаа миний утас руу залгасан байсан. Тэгээд ажлын газрын эмэгтэй Угтахбаярыг дуудаад хүргүүлсэн. Замдаа эхнэр Г******* руу залгасан чинь эхнэр утсаа аваад урдаас учиргүй орилж хашгираад архичин, янхан банзлаар дуудаад байхаар нь утсаа салгаад би Угтахбаярт хандаж, би одоо орохоор бөөн хэрүүл болох юм байна, хоёулаа жоохон пиво ууя гэж хэлээд манай гэрийн гудамны үзүүрт машинтай зогсож байгаад хүний хоёр хоёр ширхэг 0,5 литрийн лаазтай пиво уусан. Тэгээд за одоо гэртэй оръё манай эхнэр унтсан байх гэж хэлээд Угтахбр гэрийнхээ хашааны арын хаалган дээр хүргүүлсэн. Тэгсэн чинь эхнэр гэрээс гүйж гарч ирээд орилж хашхираад байхаар нь Угтахбаярыг би яв яв гээд явуулсан. Тэгээд би өөрийнхөө машиныхаа аккумлятраа бариад эхнэртэй юу ч ярилгүй гэртээ ороод орондоо ороод унтаад өгсөн. Хэвтэж байсан чинь манай эхнэр Г******* дэрний хажууд байсан миний гар утсыг шүүрч аваад гэрээс гүйгээд гарахад нь үүдний өрөөний лампиран тааз нураад унасан. Тэгээд би хойноос нь гараад утас аваад ирээч гэсэн чинь манай эхнэр Г******* бүүр зугтаагаад гүйгээд алга болсон. Тэгээд би буцаж ороод унтаж байсан чинь түр тар гээд хоёр гурван хүн орж ирэхээр нь харсан чинь хадам аав ээж 2 байсан. Тэгээд намайг хадам ээж Б чи муу харанхуй шөнөөр архи ууж ирчихээд агсам тавьж гэр орноо түүвээгээд хүүхэд зодож хөөж гаргачихаад өөрөө ингээд алцайгаад хэвтэж байдаг юм уу, зайл чи гэж хэлсэн. Тэгээд би хувцасаа өмсөөд босоод ирсэн чинь манай хадам аав Д******* хоёр удаа миний нүүр хэсэгт цохисон. Тэгэхээр нь би чам шиг өвгөнд зүгээр зогсож байгаад зодуулна гэж байхгүй шүү гэж хэлээд заамдаж аваад цамцаар нь хоолойг нь боосон. Манай хадам аав намайг бас заамдах гээд миний цамц подволкыг урсан. Тэгээд манай хадам аав намайг дахиад нүүр хэсэгт нэг удаа цохихоор нь би зөрүүлээд хадам аав Д*******гийн нүүр хэсэгт 1 удаа цохисон. Тэгээд манай хадам аав надад хандаж чамайг би зодолдоод дийлэхгүй бол араас чинь хутга шааж ална гэхээр нь би гал тогооны тавилганы шургуулганаас үүлний том хар хайч аваад хадам аавын гарт нь бариулаад өөрийнхөө цээж рүү наасан чинь эхнэр хажуунаас хайчийг булаагаад авсан. Тэгэхээр нь би ширээн дээр байсан, таваг хагалаад тэгвэл май энүүгээр шаа гээд тавагны хагархайг хадам аав Д*******д өгсөн чинь аваагүй хаясан. Тэгээд би зууралдаж байгаад салаад толинд өөрийнхөө нүүрийг харсан чинь миний хамар хавдсан байсан. Тэгээд би яаж байгаа пизда вэ гэж хэлээд буцаж очоод дахиад зууралцаж аваад би хадам аавыг нүүр хэсэг рүү нэг цохиод байж байсан чинь гаднаас хоёр цагдаа орж ирээд намайг авч яваад эрүүлжүүлэх байранд хонуулсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67-69 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судласнаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.Д*******, гэрч П.Б, Д.Г******* нарын өгсөн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 63 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Д.Б*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад

шүүгдэгч Д.Б******* нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны шөнө Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн *******ын 9-914 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хадам аав Д.Д*******тэй хоорондын харьцааны явцад үүссэн үл ойлголцолоос болж хэрүүл маргаан хийж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь тархи доргилт, нүүрний зүүн хэсэг зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, дээд зүүн гуравдугаар шүдний хугарал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Б*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Д*******гийн эрүүл мэндэд тархи доргилт, нүүрний зүүн хэсэг зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, дээд зүүн гуравдугаар шүдний хугарал бүхий хөнгөн хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 63 дугаартай дүгнэлтэд нэрлэн зааж, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүйгээр батлагджээ.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Шүүгдэгч Д.Б*******ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, хохирол, хор уршиг учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх бөгөөд шүүгдэгч Д.Б******* нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцааны болон ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, гэр бүлийн таарамжгүй харилцаа, үл ойлголцсон нөхцөл байдлаас хадам эцгийнхээ биед халдсан байна.

Шүүгдэгч Д.Б******* нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг болон гэрч нарын өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Д.Б*******ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Д.Д******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд гэм хорын хохиролтой холбоотой иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй, шүүгдэгчид ямар нэг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг, шүүгдэгч нь гэм буруу дээр маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хөнгөрүүлэх байр сууринаас оролцлоо.

Шүүгдэгч Д.Б*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Д.Б*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Б*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хавтаст хэргийн 72-96 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт, цагдаагийн газрын цахим хайлтын системийн зөрчлийн талаарх лавлагаа мэдээлэл, шийтгэх тогтоолын хуулбарууд зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.Б******* нь эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн *******ын 9-914 тоотод амьдардаг, Булган аймгийн *******ний ахлах мэргэжилтэн ажилтай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Д.Б*******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, шүүгдэгч Д.Б*******ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Б******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт *******ийн Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б*******ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Б******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Д.Д******* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Э.ЭНЭРЭЛ