| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 176/2019/0244/Э |
| Дугаар | 2019/ДШМ/80 |
| Огноо | 2019-11-08 |
| Зүйл хэсэг | 11.1.2.5., |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 2019/ДШМ/80
2019 оны 11 сарын 08 өдөр 2019/ДШМ/80 Зуунмод
Ц.Мад холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Х.Оюунцэцэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Чанцал,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга, С.Сувдмаа,
Нарийн бичгийн дарга Б.Баттөр нарыг оролцуулан,
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, 2019 оны 08 сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/256 дугаар шийтгэх тогтоолтой Ц.Мад холбогдох 1734004600039 дугаартай 2 хавтас, 446 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Мөнхтулга, С.Сувдмаа нарын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 10 сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Тойн Ц.М, 1976 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Төв аймгийн Эрдэнэсант сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял оногдуулсныг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: НФ
Шүүгдэгч Ц.М нь согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд иргэн Л.Баттөрийн хэвлийн тус газар өшиглөн зодож, улмаар эрүүл мэндэд нь “нойр булчирхайн тасралт, дэлүүний авагдсан, хэвлийд сул шингэн, нарийн гэдэсний чацархайн үхжилт” бүхий хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч Л.Баттөр нь Гэмтэл согог сэргээх үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/256 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Тойн Ц.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Ц.Мыг 8 жил 5 сар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мад оногдуулсан 8 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Маас гэм хорын хохирол 33.986.749 /гучин гурван сая есөн зуун наян зургаан мянга долоон зуун дөчин ес/ төгрөг гаргуулж Төв аймгийн Эрдэнэсант сумын 1 дүгээр багт оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Анчин Цэдэвдоржийн Чанцал /РД:НФ65120704/-д олгож,
Эрүүгийн 1734004600039 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Чанцал нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа давж заалдах гомдолдоо: “ ...Талийгчийн биед үйлдэл хийсэн Дүүрэнбилэг, Төрмөнх нарын үйлдлээс дээрх гэмтлийг бас авсан байх боломжтой байдлууд хэргээс харагддаг. Мөн өөрсдийн эх, дүү болон эмнэлгийн байгууллага эмч нарын хариуцлагагүй байдлаас өвчин хүндэрч эмнэлгийн яаралтай тусламж авах ажиллагаа оройтсон байх магадлал ч хэргээс харагдаж байхад.
Нөгөө талаар хохирлын хувьд бүгдийг гаргасан явдалд гомдолтой байна.
Бид хуулийн дагуу үндэслэлтэй гарсан хохирлыг төлөх болно. Ц.Мын хувьд хуулийн байгууллагаар явах урт хугацааны дотор малыг нь хариуцлах хүнгүй байсан тул ихэнх малаа хулгайд алдсан гэтэл хохирогч өөрийн нүдээр харсан юм шиг эхнэрийнхээ дансанд малаа зараад мөнгийг нь хийсэн гэж худал гүтгэсэн байна. Одоо энэ айлд 5-н нялх хүүхэдтэй эхнэр үлдсэн.” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга давж заалдах гомдолдоо: “-Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд:
Шүүгдэгч амь хохирогчийн хэвлийн тус газар өшиглөсөн гэдэг нь өөрөө эргэлзээтэй бодит байдал дээр тийм зүйл болсон гэдэг нь эргэлзээтэй түүнийг өшиглөж байсныг харсан гэрч байхгүй зөвхөн амь хохирогч мэдүүлсэн байдаг. Бодит байдал дээр хэн нь хичнээн удаа хаана нь өшиглөж ямар гэмтэл учруулсан бэ гэдэг нь өөрөө эргэлзээтэй нотлогдон тогтоогдоогүй гэж үзнэ. Мөн шалтгаант холбоо буюу хохирогчийн бие тухайн 2017.10.16-ны орой унтсан өглөөнөөс өвдсөн байх байдал тогтоогдож байгаа. Гэхдээ ямар шалтгаанаар өвдсөн гэдэг нь эргэлзээтэй түүнийг шинжээчдийн дүгнэлтээр нотлон тогтоогоогүй нөхцөл байдал байна. Нойр булчирхай тасарсан гэдэг боловч хэзээ тасарсан, ямар шалтгаанаар тасарсан, ЭХО болон эмчийн үзлэгээр тухайн үед яагаад илрээгүй, яагаад хөдөөний эмнэлгээс хүргэгдэж ирсэн өвчтөнийг хэвтэн эмчлэлгүй гаргаад явуулав, тухайн үед нойр булчирхай нь тасраагүй байсан юм уу, тасарсан байсан юм уу, 4 хоног эмчилгээ хийлгээгүй гадуур байсан болон ийм олон хоног амьдрах боломжтой эсэх зэрэг олон асуудалд нарийн мэргэжлийн эмч нарын шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй нь эргэлзээг бий болгож байна. ... Дээрх гомдолд дурьдсан асуудлууд эргэлзээтэй байхад анхан шатны шүүх гэм буруутай гэж үзэн 8.5 жилийн ял оноосон нь шийтгэх тогтоолын гол хэсэг болох тодорхойлох хэсэгт гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн шинжийг тогтоож чадаагүй, хэргийн талаархи нөхцөл байдалд зөв үнэлэлт дүгнэлт өгөөгүй учраас зүйлчлэл, гэм буруу, гэмт хэргийн шинжийг тодорхойлсон байдал нь бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.
-Эрүүгийн хууль бусад хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:
Хохирогч эмнэлэгт хагалгаа хийлгэсэн шалтгаанаар амь хохирогчийн аав С.Лхагвасүрэн цагдаад гомдол гаргасан. Тэгэхээр хохирогч гомдол бичих чадваргүй байсан гэж үзнэ. Хохирогч 2 удаа мэдүүлэг өгсөн, мэдүүлгийг эмнэлгийн байгууллагад авсан байх. ...Хичнээн удаа, хэдийд ямар ямар хагалгаанд орсон биеийн байдал нь тухайн үед ямар байсан талаар нотлох баримт авагдаагүй байгаа нь ЭХХШТХ-ийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт "Дараахь мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй", 8.4-т "өвчний улмаас хэргийн нөхцөл байдлыг зөв ойлгож, зөв мэдүүлэх чадваргүй болсон гэрч, хохирогчийн мэдүүлэг" гэсэн зохицуулалтаар мэдүүлэг өгөх чадвартай байсан эсэх асуудал нь эргэлзээг бий болгож байна. Ийм байхад шүүх энэ талаар тус зүйлийн 9-д зааснаар харьцуулах боломжгүй нөхцөлийг харгалзан үзэлгүй хохирогчийн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэх. Мөн мэдүүлэг өгөх чадвартай эсэхийг эмчлэгч эмч нараар нотлуулаагүй, хөндлөнгийн гэрч нарыг байлцуулаагүй нь эргэлзээг бий болгож байна.
Дээрх эргэлзээтэй нөхцөл байдлуудыг харгалзан үзвэл ...хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийн шинжийг агуулаагүй болон мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн нотолбол зохих байдал нотлогдохгүй байхад гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй юм.
Иймд ЭХХШТХ-ийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.08.29-ний өдрийн 2019/ШЦТ/256 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Оюунцэцэг гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалж шийдвэрлэсэн. Хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Хохирогч мэдүүлэг өгөхдөө ухаан санаа нь хэвийн, зүгээр байсан талаар дараа нь мөрдөгч надад ярьж байсан. Эмнэлгийн байгууллагыг татаж шалгах үндэслэл тогтоогдоогүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Чанцал гаргасан тайлбартаа: Хохирлын баримтаа гаргаж өгсөн. Хуулийн мэдлэггүйн улмаас ихэнх баримтаа гаргаж өгч чадаагүй юм. Надад буруу зөрүү гаргаж өгсөн юм байхгүй. Хэрэв тэр хүн манай хүүхдийг дуудаж гаргаагүй бол одоо ч гэсэн амьд л байх байсан. Анхан шатны шүүх шударга, зөв шийдсэн. Хагалгаанд орсны дараа наркоз нь гарах хүртэлх үеэс бусад үед нь ухаан, санаа нь хэвийн байсан гэв.
Давж заалдах шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар гаргасан тайлбартаа: Хохирогчийн мэдүүлэг эргэлзээтэй гэж байна. Хохирогч удаа дараа өгсөн мэдүүлэгтээ Мэндбатаас болж гэмтсэн гэдгээ тууштай, тогтвортой мэдүүлдэг. Шүүх хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирлыг гаргасан. Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуульд нийцсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа гаргасан тайлбартаа: Ц.М гэдэс рүү нь өшиглөсөн талаар гэрчилсэн гэрч нэг ч байдаггүй. Хохирогч эмнэлэгийн тусламж авалгүй гадуур байснаас болж өвчин нь хүндэрч нас барсан байдаг. Миний үйлчлүүлэгчээс болж амь нас нь хохирсон гэдэг эргэлзээтэй. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчийг буруу оношилсноос болж хохирогч нас барсан байх боломжтой гэж гомдол гаргасныг прокурор шалгаагүй. Эмч нарын буруутай үйл ажиллагаа байгаа шүү. Хохирлыг буруу тооцож гаргасан байгаа.Иймд хэргийг анхан шатны шүүхэд буцаах саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга гаргасан тайлбартаа: Шүүгдэгч хохирогчийн хэвлийн тус газар өшиглөсөн гэдэг нь эргэлзээтэй байна. Ийм хэмжээний гэмтэл авчихаад олон хоног гадуур яваад байх боломжтой юу. Мөн хохирогч мэдүүлэг өгөх чадвартай байсан уу гэдэг нь эргэлзээтэй. Нотолбол зохих байдлууд нотлогдоогүй байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Мад холбогдох эрүүгийн 1734004600039 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.
Шүүгдэгч Ц.М нь согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар багийн төвд иргэн Л.Баттөрийн эрх чөлөөнд халдан хэвлийн тус газар өшиглөж, эрүүл мэндэд нь “нойр булчирхайн тасралт, дэлүүний авагдсан, хэвлийд сул шингэн, нарийн гэдэсний чацархайн үхжилт” бүхий хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч Л.Баттөр нь Гэмтэл согог сэргээх үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нас барсан болох нь:
- амь хохирогч Л.Баттөр /хх 38-40, 41-43/, насанд хүрээгүй гэрч Л.Болорцэцэг /1-р хх 67/, насанд хүрээгүй гэрч Л.Батцэцэг /1-р хх 75-76/, насанд хүрээгүй гэрч Э.Баасандорж /1-р хх 87/, гэрч Л.Төрмөнх /1-р хх 54-55, 56, 57-58, 97-98, 2-р хх 06-07/, гэрч Э.Атарцэцэг /1-р хх 51, 52/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Чанцал нарын мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019.5.01-ний өдрийн №553 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч И.Ганболорын 2017.11.20-ны өдрийн №706 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч О.Болороогийн 2018.02.15-ны өдрийн №333 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. 2.Талийгаачид нойр булчирхайн сүүл хэсгийн тасрал, няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3. Гэмтэл авсан даруйдаа эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой. 4. Нойр булчирхайн тасрал няцрал гэмтлийг эхо болон рентген шинжилгээгээр бүрэн оношлох боломжгүй. 5. Дээрх гэмтлийг авсан хүний хэвлий орчмоор хүчтэй өвдөлт өгөх ба чөлөөтэй үйл хөдөлгөөн хийх боломжтой. 6.Тухайн гэмтэл учирсан хэрэгт хүч үйлчлэх үед үүсгэгдэх боломжтой ба хөлөөрөө хийх, өшиглөх, дэвсэх зэргийн үед үүсэх боломжтой, бөгсөөрөө унах, нуруу руу өшиглөх үед үүсэхгүй." гэжээ /2-р хх 33-34/, Л.Баттөрийн нас барсны гэрчилгээний хуулбар /1-р хх 20/, амь хохирогчийн өвчний түүхийн хуулбар /1-р хх 117-133/, яаралтай тусламжийн хуудас /1-р хх 248-249/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р 152-154/ зэргээр нотлогдон тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Ц.Мад холбогдох хэргийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, мөн шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Тойн Ц.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар 8 жил 5 сар хорих ялаар шийтгэн, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж гарсан байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Мад оногдуулсан хорих ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон шинжээч О.Болороо “амь хохирогч Л.Баттөрийн хэвлийд фермент хуримтлагдсан үед нойр булчирхайн гэмтлийг эхогоор илрүүлэх боломжтой. Гэхдээ энэ фермент нь 500 граммаас дээш хэмжээтэй хурсан тохиолдолд эхогоор нойр булчирхай гэмтлийг илрүүлэх боломжтой. Үүнд цаг хугацааны асуудал хамаарна” гэсэн мэдүүлгийг өгсөн байна. Үүнээс дүгнэхэд эмч аюултай байдалд орхих, өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд тусламж үзүүлэх үүргээ хангалтгүй биелүүлсний улмаас хохирогч нас барсан гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Амь хохирогч Л.Баттөр гэрээс гарахаас өмнө бие нь зүгээр байсан ба гэрт буцаж орж ирэхдээ Ц.Мад өшиглүүсэн талаараа амь хохирогч өөрөө болон бусад гэрч нар мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Дүүрэнбилэг, Төрмөнх нарын үйлдлээс гэмтэл авсан байх боломжтой” гэсэн нөхцөл, байдал тогтоогдохгүй байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан хохирлын нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, хохирлыг гаргасан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Мөн шүүгдэгч Ц.М нь согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар багийн төвд иргэн Л.Баттөрийн эрх чөлөөнд халдан хэвлийн тус газар өшиглөж, эрүүл мэндэд нь “нойр булчирхайн тасралт, дэлүүний авагдсан, хэвлийд сул шингэн, нарийн гэдэсний чацархайн үхжилт” бүхий хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч Л.Баттөр нь Гэмтэл согог сэргээх үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нас барсан болох хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын “шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна” гэсэн нь нотлогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Амь хохирогч Л.Баттөр 2 удаа хохирогчоор мэдүүлэг өгсөн бөгөөд анхан шатны шүүх амь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон бусад нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Ц.Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тооцож, ял оногдуулжээ. Мөрдөгч мэдүүлэг авах үед амь хохирогч нь хэргийн нөхцөл байдлыг зөв ойлгож, мэдүүлэг өгсөн байх тул нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.4-т заасан “өвчний улмаас хэргийн нөхцал байдлыг зөв ойлгож, зөв мэдүүлэх чадваргүй болсон гэрч, хохирогчийн мэдүүлэг” гэсэн зохицуулалтаар хохирогч мэдүүлэг өгөх чадвартай байсан эсэх нь эргэлзээтэй” гэсэн нь үгүйсгэгдэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/256 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа, А.Мөнхтулга нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Ц.Мад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Т.ЭНХМАА
Р.МӨНХ-ЭРДЭНЭ