| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 128/2025/0178/3 |
| Дугаар | 221/МА2025/0314 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2025/0314
Нийслэлийн Прокурорын газрын
Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих
хэлтсийн хяналтын прокурор А.Тийн дүгнэлттэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Б
Дүгнэлт гаргагч: Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор А.Т
Хариуцагч: Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын Улсын ахлах байцаагч Д.Б
Гомдлын шаардлага: “Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын Улсын ахлах байцаагч Д.Бийн үйлдсэн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 061*** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0206 дугаар шийдвэртэй
Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагч хяналтын прокурор А.Т, хариуцагч Д.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цогтбаяр
Хэргийн индекс: 128/2025/0178/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор А.Т нь “Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын Улсын ахлах байцаагч Д.Бийн үйлдсэн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 061*** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0206 дугаар шийдвэрээр “...Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.2, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1.3 дугаар зүйлийн 1, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1 дэх хэсгийн 1.1, 5 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 1.1, 1.3, 1.5, 4.15 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн Хяналтын прокурорын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 22 дугаар дүгнэлтийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 061*** дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
3.Хариуцагч Д.Б давж заалдах гомдолдоо:
3.1. “Амьтны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтад Төрийн захиргааны төв байгууллага тухайн жилд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг энэ хуулийн 5.3.2, 5.8.1-д заасан агнуурын амьтны нөөц, хэрэгцээг харгалзан аймаг, нийслэл тус бүрээр тогтооно" гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын "Ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг батлах тухай" 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/625 дугаар тушаал батлагдсан бөгөөд уг тушаалд 15 аймагт 9 нэр төрлийн амьтныг агнах дээд хязгаарыг баталсны дотор ГА аймагт тарвага агнах тоо хэмжээг огт батлаагүй бөгөөд 2024 онд агнах агнуурын амьтдаас тарвага агнах нь зөвшөөрөгдөөгүй байна.
Холбогдогчоос авсан мэдүүлэг болон холбогдох бусад баримтаар тухайн тарвагыг бусдаас худалдан авсан үйлдэл нь тодорхой түүнийгээ хэрэглэх гэж байгаад Цагдаагийн байгууллагад шалгагдан албадлагын арга хэмжээ авхуулан хураалгасан байдаг.
Энэ үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн...энэ хугацаанд агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь заалтад заасан зөрчил,
3.2.Иймд холбогдогч Мийн Б нь эрх бүхий байгууллагаас тарвага агнах зөвшөөрөл олгогдох боломжгүй цаг хугацаанд Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9 дэх заалтыг /Тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулахыг хориглоно/, Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь заалтыг тус тус зөрчин "зохих зөвшөөрөл, тодорхойлолтгүй, төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөөгүй бүс нутгаас хууль зөрчин тарвага захиж худалдан авсан гэж үзэж, Мийн Бод хариуцлага тооцох нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна./ нийцсэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг / Дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ: Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./, 6.6 дугаар зүйлийн 1.1 /зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол;/, 6.6 дугаар зүйлийн 1.2./зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол;/, 6.6 дугаар зүйлийн 2 дох хэсэг /Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эсхүл зөрчил үйлдсэн нь тогтоогдож байгаа бол эрх бүхий албан тушаалтан хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авна./ холбогдогч мэдүүлэгтээ зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байдаг Мийн Бод /ДБ63092213/ оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэж байна.
3.3.Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор байгаль орчинд хортой нөлөөлөхөөс болон байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлэн хамгаалах, байгалийн нөөц, баялгийн халдашгүй байдлыг хангах байгаль орчныг хамгаалах талаарх төрийн чиг үүрэг, зарчмыг баримтлан Зөрчлийн тухай хуулийн 7.6 дүгээр зүйлийн 5 дахь заалтуудыг зөрчсөн нь Цагдаагийн байгууллагын авсан арга хэмжээ, хэрэг бүртгэлт, хойшлуулшгүй арга хэмжээ авч нотлох баримтыг алив амьтнаас хүнд халдварладаг өвчнөөс урьдчилан сэргийлж холбогдох байгууллагад шилжүүлэн устгуулж албадлын арга хэмжээ авсан, нотлох баримт цуглуулан зөрчлийн шинжтэй үндэслэлээр харьяаллын дагуу шилжүүлсэн зэрэг зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар иргэн М.Бод 300.000 төгрөгийн торгох шийтгэл ногдуулж, байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн төлбөр болох 820.000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байх тул хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлсэн улсын ахлах байцаагчийн гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж өгөхийг хичээнгүйлэн хүсье.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.
1.Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор А.Тээс “Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын Улсын ахлах байцаагч Д.Бийн үйлдсэн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 061*** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” дүгнэлтийг Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын Улсын ахлах байцаагч Д.Бт холбогдуулан гаргасныг, анхан шатны шүүхээс прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
2.Анх Цагдаагийн ахлах ахлагч Г.Оын “2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 10:25 цагт СХД-ийн 32 дугаар хороо “Э” дэх шалган нэвтрүүлэх цэгт **-**ГАЕ улсын дугаартай HU маркийн тээврийн хэрэгслийг шалгахад иргэн М.Б нь ГА аймгаас Улаанбаатар хот чиглэлд 1 ширхэг нойтон тарвага тээвэрлэсэн үйлдлийг илрүүлсэн” гэх илтгэх хуудсыг[1] Экологийн цагдаагийн албаны Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн байцаагч, цагдаагийн дэслэгч Г.Гб хүлээн авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан, улмаар уг зөрчлийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр удирдах албан тушаалтны тогтоолоор[2] Нийслэлийн байгаль орчны газарт харьяаллын дагуу шилжүүлсэн.
3.Тус зөрчлийн хэргийг Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Б хүлээн авч, ажиллагаа явуулан маргаан бүхий шийтгэлийн хуудсыг[3] гарган, холбогдогч М.Бод “зохих зөвшөөрөлгүй 1 ширхэг тарвага худалдаж авсан” гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5-д заасны дагуу 300,000 төгрөгөөр торгож, 820,000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулах шийтгэлийг оногдуулсан байна.
4.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл холбогдогч М.Б нь зохих зөвшөөрөлгүй 1 ширхэг тарвага худалдаж авсан болох нь холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл[4], жолооч Б.Г, холбогдогч М.Б нараас авсан тайлбар[5], мэрэгч амьтны дуудлагад үйлчилсэн тэмдэглэл, гэрэл зураг, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
5.Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.”, 2.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийг хамтран үйлдсэн хүн, хуулийн этгээд тус бүрд шийтгэл оногдуулна.”, 2.5 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдэгдсэн, түүний үр дагавар илэрсэн газрыг зөрчил үйлдсэн газарт тооцно.”, 2.4 дүгээр зүйлийн 1-д “Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно.”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино.”, 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна.”, 7.6 дугаар зүйлийн 5-д “Агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж тус тус заасан.
6.Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Агнуурын амьтан агнах, барихтай холбогдсон дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 11.1.9-д “Тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулахыг хориглоно”, 39 дүгээр зүйлийн 39.2-т “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэжээ.
7.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйл 1-д “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, 1.1-д “Зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол”, 1.2-д “Зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол”, 6.6 дугаар зүйлийн 2-т “Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эсхүл зөрчил үйлдсэн нь тогтоогдож байгаа бол эрх бүхий албан тушаалтан хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авна” гэж тус тус заасан.
8.Маргааны тохиолдлын хувьд, зөрчилд холбогдогч иргэн М.Б нь ГА аймгаас 1 ширхэг хөлдөөсөн тарвага захиж худалдан авч, өөрийн машинаар Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй тээвэрлэсэн үйлдэл нь тарвагыг хот, тосгонд оруулах, нэвтрүүлэхийг хориглосон Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9 дэх заалт болон агнуурын амьтаныг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдан авсан Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5-д заасан зөрчил гаргасан, уг зөрчлөө зөрчилд холбогдогч хүлээн зөвшөөрсөн болох нь тогтоогдож байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, түүнд торгох шийтгэл оногдуулсан хариуцагчийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэхээр байна.
9.Тодруулбал, зөрчилд холбогдогч М.Б нь Амьтны тухай хууль, Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн, мөн Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулахаар заасан зөрчлийг үйлдсэн, зөрчлийн үр дагавар нь Улаанбаатар хотод илэрсэн байх тул түүнд шийтгэл оногдуулсан хариуцагчийн үйлдэл нь зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага зайлшгүй хүлээлгэх хуульд заасан шийтгэлийн зорилгод нийцжээ.
10.Харин анхан шатны шүүхээс “...Улсын байцаагч нь зөрчлийн хэрэгт нотлох баримт цуглуулах эрх хэмжээ бүрэн олгогдсон байхад тарвагыг худалдсан болон агнасан этгээдийг олж тогтоох, тээвэрлэсэн этгээд нь уг ачаанд тарвага байгаа эсэхийг мэдэж, эсхүл мэдэхгүй тээвэрлэсэн зэрэг үйл баримтыг нэг бүрчлэн шалгаж тогтоогоогүй атлаа тарвагыг агнаж, экологид учруулсан хохирол 820,000 төгрөгийг дан ганц М.Бод оногдуулсан нь захиргааны акт “хууль ёсны байх”, “зорилгодоо нийцсэн байх”, төрийн байгууллагын үйл ажиллагааны “шударга ёсны зарчим” зэрэг эрх зүйн зарчмуудад нийцээгүй” гэж дүгнэн прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хангаж, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
11.Прокурорын дүгнэлт, анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан “тарвагыг иргэн М.Бод худалдсан, түүнийг агнасан, тээвэрлэсэн холбогдогч этгээдүүдийг илрүүлэх, шалган тогтоох ажиллагааг Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зөрчилд холбогдогч иргэн М.Бын үйлдсэн зөрчлөөс тусад нь илрүүлж, шалган шийдвэрлэх боломжтой бөгөөд уг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, түүнээс гарах аливаа шийдвэрт энэхүү магадлал аливаа хязгаарлалт, саад болохгүй гэдгийг дурдах нь зүйтэй.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0206 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 6.6 дугаар зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан Байгаль орчны хяналтын Улсын ахлах байцаагч Д.Бт холбогдуулан Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор А.Тээс гаргасан “Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын Улсын ахлах байцаагч Д.Бийн үйлдсэн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 061*** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ