Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 126/ШШ2021/0035

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                          

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шарнууд М.С /РИ84102618/-гийн нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргад холбогдох Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, М.Сг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, М.Сгийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 6 538 930 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Алтанхундага, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, хариуцагч Баянзүрх сумын Засаг дарга Г.О /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Д.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь;

1.Нэхэмжлэгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн М.С би Хөвсгөл аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/35 дугаартай М.Сг сургуулийн захирлаар томилох тухай захирамжаар Баянзүрх сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн юм.

2.Ажил олгогч намайг сургуулийн захирлаар томилон ажиллуулахдаа аймгийн Боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ажилд томилж, миний цалинг ТҮБД-7 зэрэглэлийн 2 дугаар шатлалаар тогтоож, М.С надтай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан.

3.Ийнхүү ажиллахдаа аймгийн Засаг даргатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан үүргийн биелэлтийг ажил олгогчид жил бүр гарган өгч ажил олгогчоос 2017 оны жилийн эцсээр 83,6 /хангалттай сайн/, 2018 онд 70 /дундаж/, 2018 оны жилийн эцсээр 85.5 /хангалттай сайн/, 2019 онд 96.0 /хангалттай сайн/, 2020 онд 90 /хангалттай сайн/ гэсэн үнэлгээг тус тус авч, албан үүргээ жил бүр хангалттай сайн биелүүлж ирсэн.

4.Гэтэл 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх сумын Засаг дарга Г.Оийн гарын үсэг бүхий М.С намайг сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөх агуулга бүхий мэдэгдэл ирж, улмаар сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд түр томилох тухай захирамжаар М.С намайг Баянзүрх сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажлаас 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс чөлөөлсөн.

5.Миний бие дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд дараах үндэслэлээр, шаардлагаар нэхэмжлэл гаргаж байна. Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд сумын Засаг дарга захирамж гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт Иргэн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдох төлөөлөгчийг сонгох, баг, хорооны иргэдийн Нийтийн хуралд сонгогдох, төлөөлөгчийг сонгох, баг, хорооны иргэдийн Нийтийн Хуралд өөрөө оролцох, нутгийн өөрийн удирдлагын байгууллагад өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, хууль тогтоомжид заасан журмын дагуу мэдээлэл авах эрхтэй, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх хэсэгт заасан улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр оролцохгүй байх, мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.2 дахь хэсэгт заасан үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна, 48.1.3 дахь хэсэгт заасан төрийн албанаас халах, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчид 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно зэрэг заалтуудыг үндэслэл болгож намайг ажлаас чөлөөлсөн.

6.Дээрхээс харахад захиргааны актын үндэслэл нь сахилгын зөрчилтэй албан тушаалтныг ажлаас чөлөөлөхөд чиглэгдсэн, бодит байдалд огт нийцэхгүй акт болжээ.

7.Үндэслэл болгосон заалтуудын агуулгаас харвал М.С миний бие улс төрийн намын үйл ажиллагаанд оролцсон, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй, албан үүргээ биелүүлээгүй, ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, анх буюу давтан сахилгын зөрчил гаргасан хуулийн зөрчилтэй этгээд болж таарч байна.

8.Гэтэл М.С би улс төрийн намын үйл ажиллагаанд оролцоогүй бөгөөд миний ажил, үйл ажиллагааны үр дүн хангалттай дүгнэгдэж ирсэн, мэргэшлийн түвшингийн хувьд тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй тухай эрх бүхий мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргаагүй, энэ тухай надад мэдэгдээгүй, миний эрх хөндөгдөөгүй. Урьд өмнө сахилгын зөрчил дутагдалд холбогдож ямар нэг сахилгын шийтгэл авч тухайн шийтгэл хууль ёсны болсон зэрэг ямар ч үйл баримт байхгүй бөгөөд ажил олгогч болох сумын Засаг даргаас тулгаж буй зөрчлүүд бодит байдалд огт нийцэхгүй юм.

9.Энд уг захирамжийн үндэслэх хэсэгт Ерөнхий боловсролын сургуульд дотоод хяналт шалгалтын удирдамжийн дагуу хийсэн шалгалтын тэмдэглэл, тайлан дурдагдаагүй, эх сурвалж болон ашиглагдаагүй тул дурдаж, маргах шаардлагагүй гэж үзэж байна.

10.Түүнчлэн захиргааны актын хууль зүйн үндэслэлийг тогтоож гаргахдаа Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн заалтууд хольж, захирамжийнхаа үндэслэлийг захиргааны эрх зүйн маргаан эсхүл хөдөлмөрийн маргаан аль нь болохыг ялгаж салгаагүй захирамж гаргасан бөгөөд ажлаас чөлөөлөхдөө Захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчийг сонсох, сонсох ажиллагаа явуулах, нотлох баримт цуглуулах, нөхцөл байдлыг тогтоох зэргээр захиргааны акт гаргах процесстэй холбоотой хуулиар тодорхойлсон ямар ч ажиллагаа явуулахгүй миний эрхийг зөрчиж шийдвэр гаргасан.

11.Миний бие хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг байсан, захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн намайг ажлаас чөлөөлсөн зэрэг шалтгаануудтай холбогдуулан Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч миний нэхэмжлэлийг захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой маргаан гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 155/ШЗ2021/02147 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, мөн тус шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 155/ШТ2021/00019 дугаартай Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих тухай тогтоол гарсан бөгөөд МУ-ын Төрийн албаны зөвлөлөөс мөн гомдлын хариу болгон 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 01/1640 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг зэргийг надад хүргүүлсэн тул захирамж, тогтоол, албан бичгүүдийг нэхэмжлэлд хавсаргасан болно.

12. Иймд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 дугаартай захирамжийг хүчингүй болгож, М.С намайг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 6538930 төгрөгийг хариуцагчаас гарган олгуулж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийлгэж өгнө үү гэжээ.

13.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У шүүх хуралдаанд тайлбарлахдаа Нэхэмжлэгч өөрийн эрх ашгаа хамгаалуулахаар иргэний хэргийн шүүхэд хандахад шүүх нэхэмжлэлийг хүлээж авахгүй буцаагаад байна. Хэргийн харьяалал дээр маргаж байсны учир нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсантай холбоотой юм.

14.Аймгийн Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн С.Энхзаяагаас Баянзүрх сумын Засаг даргын захирамжийн талаар хаана гомдол гаргах вэ гэж асуухад Төрийн албаны зөвлөлд ханд гэж хэлсний дагуу Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан учир урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангаагүй гэж үзэх боломжгүй. Төрийн албаны зөвлөлөөс төрийн үйлчилгээний албан тушаалтан захирамжид гомдол гаргасан тул хүлээж авахгүй, шүүхэд ханд гэсэн хариу өгсөн байгаа.

15.2017, 2018, 2019, 2020 онд М.Сгийн үр дүнгийн гэрээ, хийсэн ажил нь хангалттай сайн дүгнэгдсэн. М.С нь аймгийн Засаг даргын батлан мөрдүүлж байсан ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байрны шаардлагад нийцэж байсан. Эрх зүйн байдлыг дордуулсан шинэ журам боловсролын сайд гаргасан. Шинэ журам гаргаад хүний эрх зүйн байдлыг дордуулж болохгүй.

16.Хариуцагч захиргааны актын илэрхий алдаагаа засаагүй байна. 2020 онд л багш байна гэсэн шаардлага орж ирсэн. Дотоод аудитын тайланг нотлох баримтаар үнэлэхгүй байхыг хүсье.

17.М.Сд манай нам тантай хамтарч ажиллаж чадахгүй гэж намын бүлгийн хурал дээр хэлсэн байгаа. Захиргааны ерөнхий хуулиар тодорхойлсон сонсох ажиллагааг хийгээгүй. Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч өөрийгөө сонсгох эрхтэй ч үүнийг зөрчсөн.

18.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, М.Сг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, М.Сгийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 6 538 930 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгүүлэхийг хүсэж байна гэв.

19.Хариуцагч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа Аймгийн Засаг даргын Төсөвт байгууллагуудад дотоод аудитын хяналт хийх тухай зөвлөмжийн дагуу сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/11 тоот захирамжаар байгуулагдсан Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын хяналт шалгалт хийх ажлын хэсэг нь Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн болно.

20.Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т улсын төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх тухайд М.С нь тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал байх үедээ буюу 2020 оны зохион байгуулагдсан орон нутгийн сонгуулийн үеэр тус сургуулийн бага боловсролын сургалтын менежер М.Эрдэнэчулууныг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшихэд нь илт давуу байдлаар дэмжиж, М.Эрдэнэчулуун нь өөрийн хүсэлтээр 2020 оны 07 дугаар сарын 28-нд чөлөөлөгдсөн боловч, 07 дугаар сарын 29-нд бага ангийн багшаар томилогдож цалингийн шатлал буурсан мэт харагдах боловч, албан тушаал нь бага боловсролын менежер хэвээрээ байсан.

21.Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.2-т үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон. М.С нь Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/03 тоот тушаалаар тодорхойлогдсон Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт дээр тавигдсан тусгай шаардлагыг хангахгүй байгаа. Тухайлбал, Ерөнхий боловсролын сургуулийн захирал нь багш мэргэжилтэй, 641-1200 суралцагчтай сургуульд 5-аас доошгүй жил багшилсан, тэргүүлэх ба түүнээс дээш зэрэгтэй байх гэж захирлын албан тушаалын тодорхойлолт дээр заасан байдаг. Гэтэл М.С нь багш биш, судлаач мэргэжилтэй, ерөнхий боловсролын сургуульд огт багшилж байгаагүй болно.

22.Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа, ажил албан тушаалдаа тэнцэхгүй болох нь тогтоогдсон.М.С нь ерөнхий боловсролын сургуулийн захирал нь багш мэргэжилтэй байх ёстой гэсэн албан тушаалын тодорхойлолт дээр тавигдсан тусгай шаардлагыг хангахгүй байна. Мөн ерөнхий боловсролын сургуульд 5-аас доошгүй жил багшилсан байх ёстой гэсэн тусгай шаардлагыг хангахгүй байгаа нь ажлын туршлага хангалтгүй, ерөнхий боловсролын сургуулийн дотоод ажил хэргийг сайн мэдэхгүй зэрэг ур чадвар дутмаг байгаа тул сургуулийн захирлаар ажиллуулах ямар ч боломжгүй юм.

23.Захирамжид төсөв санхүүгийн зөрчил гаргасан тухай дурдсан байгаа. М.С нь ямар ч хийгдээгүй ажлуудад үндэслэх баримтгүй шатахууны зардал гаргасан, нярав, нягтлангуудын гарын үсэг дутуу, анхан шатны баримтын бүрдэл дутуу, 2020 онд бэлэн мөнгөний зарцуулалт тайлагналд санхүүгийн албанаас хяналт хийж зөвлөмж хүргүүлсэн боловч хэрэгжүүлэн ажиллаагүй байна. Мөн 2019, 2020 оны санхүүгийн баримтад хийсэн шалгалтын дүнгээс харахад олон тооны санхүүгийн баримтууд гарын үсгээр ба хүний нөөцийн баталгаажаагүй, санхүүгийн анхан шатны баримтын иж бүрдэл дутуу Цахим номын сан хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн Book камер төхөөрөмж, номын сангийн тавиурууд одоо хүртэл ирээгүй, ирсэн кабинетууд нь ашиглалтын шаардлага хангахгүй байгаа зэрэг санхүүгийн ноцтой зөрчил илэрсэн байна.

24.Хүний нөөцийн чиглэлээр хийсэн шалгалтын дүнгээс харахад багш ажилчдын хувийн хэргийн баяжилт дутуу, өөр ажилд шилжүүлэн томилсон хүмүүсийг өмнөх албан тушаалаас нь чөлөөлөөгүй шууд дараагийн ажилд томилсон, багш Б.Далайбаяр нь багш мэргэжлийн биш боловч зураг зүйн багшаар ажиллуулсан, Б.Далайбаярыг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс зураг зүйн багшаар 3 сарын хугацаатай томилсон, 2019 оны 09 дүгээр сарын 01-нд 2020 оны хичээлийн шинэ жил эхлэхэд Б.Далайбаярын тушаалыг шинэчлэн гаргахгүй, хугацаа дууссан тушаалтай бүтэн жил ажиллуулсан байна. Багш ажилчдын хувийн хэргийн бүрдэл хангалтгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч, хэзээ байгуулсан он, сар, өдөр байхгүй, зарим хөдөлмөрийн гэрээ баталгаажаагүй, бүх ажилчдын ажлын төлөвлөгөө тайлан байхгүй, шинээр ажилд орсон ажиллагсдыг дотоод журмын 8.3-т хамт олны хурал, зөвлөлөөр хэлэлцүүлж авна гэсэн боловч сонгон шалгаруулалтын баримт бичиг, хурлын тэмдэглэл байхгүй, шууд томилсон зэрэг зөрчлүүд гарсан байна.

25.М.С нь ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байх үедээ гаргасан алдаа зөрчлүүд, захирлын албан тушаалд тавигдаж буй тусгай шаардлагуудыг хангахгүй байгаа зэрэг нь ажлаас чөлөөлөх үндэслэл болсон гэж үзэж байна.

26.М.Сгийн талаар дотоод аудитын нэгжийн дүгнэлт гарсан байгаа. 13 сая төгрөгийн шатдаггүй нүүрс одоо ч байгаа. Аймгийн аудит шалгаж байна. М.С ямар алдаатай гэдгээ ойлгодоггүй. Хэрэв энэ хүнийг ажлаас чөлөөлөөгүй бол өшөө их асуудал үүсэх байсан. 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Санхүүгийн хяналт, аудитын албанаас зөвлөмж ирсэн. 14 хоногийн дотор төлбөрийг барагдуул гэсэн боловч барагдуулаагүй. Зайлшгүй шалтгаанаар ажлаас чөлөөлсөн.

27.30 хоногийн дотор дээд шатны байгууллагад хандаад 30 хоногийн дотор шүүхэд хандах ёстой боловч тэгээгүй. Шууд захиргааны хэргийн шүүхэд хандсан.

28.Улсын төрийн үйл ажиллагаанд оролцож буй байдал гарч ирсэн. Багшийн сонгон шалгаруулалт зарлахгүйгээр, ажлаас чөлөөлснөөс хойш 20 хоногийн дараа М.Эрдэнэчулууныг эгүүлэн бага ангийн багшаар ажилд авсан. 2020 оны 10 дугаар сарын 25-нд орон нутгийн сонгууль болсон ба 11 сарын 4-нд нь М.Эрдэнэчулууныг бага боловсролын сургалтын менежерээр буцаан томилсон.

29.Мэргэжилдээ тэнцэхгүй гэдгийг хэн тогтоохыг хуульд заагаагүй. Сумын Засаг дарга хуульд заасан эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргасан.

30.Захирамжид Төрийн албаны тухай хуулийн 45.1.2, 48.1.3 гэж бичихийг алдаж бичсэн. Алдааг зассан шийдвэр захирамж гаргаагүй.

31.Сумын Засаг даргын Тамгын газрын дарга Дүүжийн Баяраа өөрийн биеэр тушаалыг М.Сд танилцуулсан, М.Сгийн бичгээр гаргаж өгсөн тайлбар байхгүй, М.С та ийм шийдвэр гаргаж байгааг ойлголоо гэж хэлсэн ... гэв.

32.Хариуцагч өмгөөлөгч Д.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа Баянзүрх сумын Засаг даргын захирамжийн талаар Хөвсгөл аймгийн Засаг даргад гомдол гаргах боломжтой байсан ч гомдлоо гаргаагүй. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Төрийн албаны зөвлөлөөс урьдчилан шийдвэрлүүлэх журмаар шийдвэрлэхгүй гэсэн хариу өгсөн. Хөвсгөл аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд боловсролын салбар багтаж байгаа. Аймгийн Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн С.Энхзаяа юу гэж хэлсэн байх нь урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд хамаагүй

33.Улс төрийн намын үйл ажиллагаанд оролцсон гэдэг нь баримтаар нотлогдоно.

34.М.Эрдэнэчулууныг багшаар томилохдоо багшийн сонгон шалгаруулалтаар томилоогүй. ... гэв.

ҮНДЭСЛЭХ нь;

35.Шүүх хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч М.Сгийн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж М.Сг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, М.Сгийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 6 538 930 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

36.Нэхэмжлэгч М.С нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 дугаартай захирамжаар Баянзүрх сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлаас чөлөөлөгдсөн байна.

37.Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг дарга 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 дугаар захирамжийн үндэслэлдээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 45 дугаар зүйлийн 15.1.2, 48 дугаар зүйлийн 18.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1 дахь заалтыг тус тус үндэслэжээ.

38.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 31.1.12.аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх гэж заасан тул Баянзүрх сумын Засаг дарга нь тус сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлыг ажлаас чөлөөлөх тухай захирамж гаргах эрхтэй.

39.Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно: 5.1.1.төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага гэж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч мөн гэж заасан тул Баянзүрх сумын Засаг даргыг захиргааны байгууллага гэж ойлгоно.

40.Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон ... бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр ...-гойлгоно гэж заасан захиргааны актын бүх шинжийг агуулж байна.

41.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3-д нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгохоор заасан тул тус маргаан захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн байна.

42.Баянзүрх сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно гэж заасны дагуу дараах эрх зүйн зөрчилтэй, хууль бус бөгөөд нэхэмжлэгч М.Сгийн Баянзүрх сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллах субьектив эрхийг хөндсөн байна гэж шүүх үзлээ.

43.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэж заасан тул Баянзүрх сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлыг ажлаас чөлөөлөхдөө 1.Хөдөлмөрийн тухай хууль, 2.Төрийн албаны тухай хууль, 3.хууль тогтоомжийн бусад актыг баримтална.

44.Маргаан бүхий захиргааны актад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно: 40.1.2.ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн заалтыг баримталжээ.

45.Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15.2-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасан "ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно гэж заасан.

46.Гэтэл М.Сг Баянзүрх сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд тэнцэхгүй болсон талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гараагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдожбайна.

47.Сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/11 дүгээр захирамжаар байгуулагдсан дотоод аудитын нэгжийг тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс гэж үзэх үндэслэлгүй, 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Ерөнхий боловсролын сургуульд дотоод хяналт шалгалтын удирдамжийн дагуу хийсэн шалгалтын тэмдэглэл, тайланг /хэргийн 81-83 дугаар хуудас/ М.Сгийн Баянзүрх сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд тэнцэхгүй болсон талаарх салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гэж үзэх үндэслэлгүй.

48.Маргаан бүхий захирамжид Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ: ... 37.1.4.улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх гэснийг баримталжээ.

49.Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар Төрийн үйлчилгээний зарим албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын 2 дугаар хавсралтын 1-т зааснаар ерөнхий боловсролын сургалтын байгууллагын захирал нь ТҮБД-5 зэрэглэлд хамаарах төрийн үйлчилгээний албан тушаалтан юм.

50.Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Төрийн албыг доор дурдсанаар ангилна: 6.1.1.төрийн улс төрийн алба; 6.1.2.төрийн захиргааны алба; 6.1.3.төрийн тусгай алба; 6.1.4.төрийн үйлчилгээний алба гэж заагаад 6.2-т Энэ хуулийн 6.1.2, 6.1.3-т заасан албыг төрийн жинхэнэ алба гэнэ хэмээн тодорхойлжээ.

51.Өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээний албан хаагч болох ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаал нь төрийн жинхэнэ албанд хамаарахгүй тул Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг хүлээхгүй.

52.Хариуцагч, түүний өмгөөлөгч нар Баянзүрх сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 дугаар захирамжид Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно: ... 45.1.2.үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон, 48 дугаар зүйлийн 48.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна: ... 48.1.3.төрийн албанаас халах гэж заасныг тус баримталсан гэж тайлбарлаж буй.

53.Гэвч дээрх дурдсанчлан төрийн үйлчилгээний албан тушаалтан болох ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаал нь төрийн жинхэнэ албанд хамаарахгүй учир түүнд Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.2, 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь хэсэгт заасан төрийн жинхэнэ алба хаагчийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй.

54.Баянзүрх сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага боловсролын сургалтын менежер М.Эрдэнэчулуун нь Баянзүрх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшихийн тулд 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлөгдөөд, 2020 оны 8 дугаард сард бага ангийн багшаар томилогдсон болох нь хэргийн оролцогчдын тайлбар, гэрч М.Эрдэнэчулууны мэдүүлгээр нотлогдож байна.

55.Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Захирал нь дараахь эрхтэй: ... 20.1.2.багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх гэж заасны дагуу Баянзүрх сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага боловсролын сургалтын менежер М.Эрдэнэчулууныг ажлаас чөлөөлж, эгүүлэн багшийн ажилд томилсон нь хууль зөрчөөгүй, М.Эрдэнэчулуунд давуу байдал олгож улсын төрийн намын үйл ажиллагаанд оролцсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

56.Хариуцагч М.С нь Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/03 тоот тушаалаар тодорхойлогдсон Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтод тавигдсан тусгай шаардлагыг хангахгүй байгаа гэсэн үндэслэлээр маргаж буй.

57.М.С нь Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/03 тоот тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтод заасан шаардлага хангасан эсэх талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын шийдвэр гараагүй, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангаж байгаа эсэх талаар сонсох ажиллагаа хийгээгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байна.

58.Тухайлбал сонсох ажиллагаа явуулсан уу гэх шүүгчийн асуултад хариуцагч Баянзүрх сумын Засаг дарга сумын Засаг даргын Тамгын газрын дарга Дүүжийн Баяраа өөрийн биеэр тушаалыг М.Сд танилцуулсан, М.Сгийн бичгээр гаргаж өгсөн тайлбар байхгүй, М.С та ийм шийдвэр гаргаж байгааг ойлголоо гэж хэлсэн хэмээн хариулснаас үзэхэд уг асуудлаар сонсох ажиллагаа хийгээгүй, харин гаргасан шийдвэрээ танилцуулжээ гэж дүгнэхээр байна.

59.Дээрхээс үзэхэд хариуцагч Баянзүрх сумын Засаг дарга 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 дугаар захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: ...4.2.6.бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 25 дугаар зүйлийн 25.1-д Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна: ... 25.1.2.оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах, 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 27 дугаар зүйлийн 27.5-д Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна гэснийг тус тус зөрчжээ.

60.Хариуцагч захирамждаа М.Сг төсвийн зарцуулалтын талаар баримтгүй шатахууны зардал гаргасан, анхан шатны баримтын бүрдэл дутуу гэх зэрэг, хүний нөөцийн удирдлагын талаар багш, ажилчдын хувийн хэргийн бүрдэл дутуу, багш мэргэжлийн бус Б.Далайбаярыг багшаар ажиллуулсан гэх зэрэг зөрчил гаргасан хэмээн маргаж байгаа ба үүнтэй нэхэмжлэгч маргаагүй болохыг дурдъя.

61.Маргаан бүхий захиргааны актад Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 15.1.2, 48 дугаар зүйлийн 18.1.3 гэж бичсэн байх ба ийм заалт хуульд байхгүй, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй гэж заасны дагуу захиргааны актыг засаагүй болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

62.Хуульд байхгүй заалтыг баримталж шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1хуульд үндэслэх, 40 дүгээр зүйлийн 40.2-т Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна: ... 40.2.3.захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, 40.3Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана гэснийг тус тус зөрчсөн хууль бус байна.

63.Баянзүрх сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 дугаар захирамжид /хэргийн 8 дугаар хуудас/ захиргааны актыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заагаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна: ... 40.2.5.захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах гэснийг зөрчжээ.

64.Нэхэмжлэгч М.С нь Баянзүрх сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 155/ШЗ2021/02147 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Улмаар тус шүүгчийн захирамжид гомдол гаргасны дагуу Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 155/ШТ2021/00019 дүгээр тогтоолоор захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхижээ.

65.Мөн М.С нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд Баянзүрх сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 дугаар захирамжийг эс зөвшөөрч хандсаны хариуд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 01/1640 тоот албан бичгээр ... шүүхийн байгууллагад хандах эрхтэй гэсэн хариу өгчээ.

66.Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д Иргэн, ... гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана гэж заасан тул Баянзүрх сумын Засаг даргын гаргасан захирамжийн талаар аймгийн Засаг даргад гомдол гаргах байв.

67.Гэсэн хэдий ч нэхэмжлэгч М.С нь иргэний хэргийн анхан шатны шүүх, Төрийн албаны зөвлөлд хандаж явсаар эцэст нь 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэн татгалзах боломжгүй гэж үзэн шүүх захиргааны хэрэг үүсгэсэн болно.

68.Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 01/1640 тоот албан бичгээр ... шүүхийн байгууллагад хандах эрхтэй гэсэн хариу өгснийг Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлтэй.

69.Баянзүрх сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 дугаар захирамж нь дээр дурдсанаар хууль бус болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч М.С Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, ... шаардах эрхтэй гэж заасны дагуу ажилгүй хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхээр шаардах эрхтэй.

70.Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 5 дахь хэсэг, 7 дахь хэсгийн а-д заасны дагуу ажилтны сүүлчийн гурван сарын дундаж цалин хөлс, дундаж ажлын өдрөөр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тооцож үзэв. М.С нь 2021 оны 3 сард 1322541 төгрөг, 4 дүгээр сард 1322541 төгрөг, 5 дугаар сард 1504961 төгрөгийн цалин авчээ /хэргийн 16 дугаар хуудас/. Сүүлчийн гурван сарын цалин хөлсний дундаж 1383347 төгрөг болж байна. 2021 оны 3 сард ажлын 20 хоног /3 сарын 8-ны амралтын өдрийг хассан/, 4 сард ажлын 22 хоног, 5 дугаар сард ажлын 22 хоног /Бурхан багшийн их дүйчсэн өдрийг хассан/, сарын ажлын өдрийн дундаж нь 21.3 байна. Иймд ажлын нэг өдөрт ногдох цалин хөлсний дундаж хэмжээ /1383347:21,3=64945/ 64945 төгрөг болж байна. М.Сгийн ажилгүй байсан хугацаа буюу 2021 оны 6 дугаар сард ажлын 9 өдөр, 7 дугаар сард ажлын 18 өдөр, 8 дугаар сард ажлын 22 өдөр, 9 дүгээр сарын ажлын 22 өдөр, 10 дугаар сард ажлын 21 өдөр, 11 дүгээр сард ажлын 17 өдөр /шүүхийн шийдвэр гарах хүртэл/ тус тус байх ба нийтдээ 109 ажлын өдөр болж байна. Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг /109x64945=7079005/ долоон сая далан есөн мянга таван төгрөг байхаар тооцов.

71.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа 6538930 /зургаан сая таван зуун гучин найман мянга есөн зуун гучин/ төгрөг нэхэмжилсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7, 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжилсэн хэмжээгээр Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газраас хохирлыг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Баянзүрх сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэлээ.

72.Нэхэмжлэгч М.Сгийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 18796 КВ хэмжээтэй дууны бичлэг нь хэзээ, хэн хийсэн, юуны бичлэг болох, хэн хэн ярьж буй зэрэг нь тодорхойгүй тул шүүх нотлох баримтаар үнэлээгүйг дурдъя.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 40 дүгээр зүйлийн 40.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Шарнууд М.Сгийн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 дугаартай захирамжийг хүчингүй болгож, М.Сг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, М.Сгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 6 538 930 /зургаан сая таван зуун гучин найман мянга есөн зуун гучин/ төгрөгийг Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч М.Сд олгож, М.Сгийн нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Сд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ