Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 469

 

 

М.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/03588 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Б-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 29 157 478.12 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь хувьдаа жижиг бизнес эрхэлдэг байсан бөгөөд бизнес нь сүйрэх гээд мөнгө хэрэгтэй байна, би маш хурдан буцааж өгнө хэмээн М.Б-с удаа дараа гуйсан тул түүнд итгэж 2013 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 3000 ам.доллар, 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 730 ам.долларыг тус тус өөрийн нэр дээр байдаг хадгаламжийн данснаасаа авч, түүнд зээлсэн. Үүний дараа тэрээр бизнес одоо л хөл дээрээ босох гэж байна, удахгүй буцаагаад өгнө гэж 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр М.Б-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 15 байр 16 тоотод байрлах орон сууцыг барьцаанд тавиулж Ариг банкнаас 15 000 000 төгрөгийн зээл авахуулж, уг зээлийг тэр өдөрт нь бүхэлд нь авсан боловч одоо болтол өгөөгүй байна. Ариг банкнаас зээлийг авахдаа Д.Б-ын ажиллуудаг байсан UB караоке, рестораны орлогоос эргэн төлөгдөхөөр зээлийн материал бүрдүүлэн Д.Б-д зээл авч өгсөн. М.Б зээлсэн мөнгөө эргүүлж төлөхийг түүнээс байнга шаардаж байсан бөгөөд зээлээ эргүүлж төлөхгүй байсан тул 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан боловч прокуророос Д.Б нь М.Б-г залилсан гэх асуудал тогтоогдоогүй, уг асуудал нь иргэд хоорондын эд хөрөнгийн маргаантай иргэний хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлэх асуудал байна хэмээн үзэж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан хариу өгсөн. Тухайн үед тэдний хооронд зээл өгч авах тухай амаар тохиролцсоноос ямар нэгэн бичгээр гэрээ байгуулагдаагүй. Мөн Д.Б нь зээлийг төлөх нь үнэн болно гэсэн бичгийг банкинд хийж өгч байсан, мөн түүний ээжийн найз болох н.Нарангэрэл нь 15 000 000 төгрөгийг төлж, байрыг банкны зээлийн барьцаанаас чөлөөлж өгөхөөр гаргасан баталгаа, мөн байцаалтын явцад Д.Б нь М.Б-с дээр дурдсан ам.долларын болон байр барьцаалуулж зээл авсан болохоо үнэн болохыг мэдүүлсэн зэргээр зээл авсныг нотлох юм. Түүнчлэн, 2014 оны 9 дүгээр сард банкнаас авсан зээл болох 15 000 000 төгрөгийн хүүг миний бне одоо хүртэл төлж байгаа бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 24-ний байдлаар уг зээлийн хүүд М.Б 8 661 421.12 мөнгө төлсөн байна. Иймд Д.Б-с 2013 оны 3 дугаар сарын 07-ны өдөр зээлдүүлсэн 3000 ам.доллар, үүнийг уг зээлийг өгсөн өдрийн Монголбанкны ханшаар тооцоход 4 195 650 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр зээлдүүлсэн 730 ам.доллар буюу 1 300 407 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр байр барьцаалж зээл авч өгсөн 15 000 000 төгрөг, уг зээлийн хүүд одоог хүртэл төлсөн мөнгө болох 8 661 421.12 төгрөг, нийт 29 157 478.12 мөнгийг хариуцагч Д.Б-с гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Би М.Баясаатай танилцаж улмаар 2011 оноос 2014 оны өвөл хүртлэх хугацаанд хамтран амьдарч байсан. М.Баясаа нь өөрийн ээж Марууш эгчийнх нь хүү Бэлгүүдэй нартай хамт эгч М.Б-ийн байранд амьдардаг байсан. М.Б түүний нөхөр н.Мөнхбаатар нар нь Солонгост ажиллаж амьдардаг болохоор Марууш болон хүү Бэлгүүдэй нарын амьдарч байсан хоёр өрөө байрны хөлс, хоол унд, ахуйн хэрэглээний бүх зардал, хүү Бэлгүүдэйг “Сант” хувийн сургуульд хүргэж өгдөг, авдаг жолоочийн ажлын хөлс зэргийг би төлж байсан. Тухайлбал, байрны хөлс сард 112 000 төгрөг /112000*36 сар=4.032 000 төгрөг / хоол унд, ахуйн хэрэглээний зардалд 300 000 төгрөг /300 000*36сар=10 800 000 төгрөг / хүү Бэлгүүдэйг Сант сургуульд хүргэж өгч авдаг жолоочийн ажлын хөлсөнд сард 120 000 төгрөг /120 000*27=3 240 000 төгрөг/, нийтдээ 14 832 000 төгрөгийн зардлыг би төлсөн.

М.Баясаа нэг удаа надад хэлэхдээ: “манай солонгост байгаа ах эгч 2-н долларын хадгаламж ээжид байгаа ээж хамтран эзэмшдэг юм. Тэгээд ээжээр дансаас нь 3 000 ам.доллар авчихлаа гэж хэлээд мөнгөтэй болж байсан. М.Баясаа ээжтэйгээ очоод М.Б-ийн хадгаламжнаас яг хэдэн доллар авсаныг би хараагүй учраас тодорхой мэдэхгүй. Би энэ асуудалд огт оролцоогүй. М.Б-с би доллар өгөөч гэж гуйсан хэлсэн удаа огт байхгүй. М.Б болон н.Марууш, М.Баясаа нар надад энэ мөнгийг өгснийг гэрчлэх баримт, нотолгоогоо надад гаргаж өгөөгүй.

Би энэ хүний эзэмшлийн байрыг Ариг банкинд барьцаанд тавьж 15 000 000 төгрөгийг авсан асуудал огт байхгүй. М.Баясаа бид хоёрт туслах гэж энэ зээлийг М.Б өөрөө хийсэн. Зээлийн мөнгийг М.Баясаатай хамт ажил амьдралдаа зарцуулсан. Харин банкны зээлийг 2015 оныг дуустал би cap бүр 500 гаруй мянган төгрөгийг цаг тухайд нь төлж байсан. М.Баясаа бид хоёр 2014 оноос тусдаа амьдарсан. М.Б-н дансанд 2016 онд С.Нарангэрэлээс /эгч/ 500 000 төгрөг 2 удаа, 2017 оны 7 дугаар сард өөрийн ээж н.Рэнцэнбадам М.Б-н өөрийнх нь дансанд 500 000 төгрөгийг тус тус өгсөн. М.Баясаа бид хоёр тусдаа амьдарч байгаа тул 2016-2017 оны банкны зээлийг би төлөхгүй. М.Б надаас 15 000 000 төгрөг болон 3000 ам.доллар нэхэж байгаа нь 19 195 650 төгрөг болж байна. Би М.Б-ийн ээж, хүүхдийн амьдрал ахуйд зориулж 14 832 000 төгрөг зарцуулсны дээр М.Баясаа тусдаа амьдрахдаа миний гэрт байсан 7 100 000 төгрөгийн өмч хөрөнгийг авч явсныг тооцож үзвэл би М.Б-с болон түүний ээж, дүү, хүүхдэд 21 932 000 төгрөгийн өмч хөрөнгөө өгсөн байна. Ийм болохоор иргэн М.Б-д би ямар ч өргүй. М.Баясаатай хамтран амьдарч байхдаа миний ээжийн байранд хамтын хөдөлмөрийн орлогоороо гэртээ 2 000 000 төгрөгийн үнэтэй 48 инч самсунг брэндийн лэд зурагт, 2 800 000 төгрөгөөр унтлагын өрөөний ком тавилга, 2 300 000 төгрөгөөр том өрөөний сервант авсан нь нийтдээ 7 100 000 төгрөгийн өмч болсон. 29 157 478 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Б-с 15 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Б-д олгож, нэхэмжлэлээс 14 157 478 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 55.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303 731 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Б-с 232 950 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч М.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...“М.Баясаа бид хоёрт туслах гэж уг зээлийн гэрээг М.Б өөрөө хийсэн. Зээлийн мөнгийг М.Баясаатай хамт ажил амьдралдаа зарцуулсан” гэх тайлбарт М.Б-с мөнгө зээлж авсан гэсэн үг байхгүй байхад 15 000 000 төгрөг гаргуулан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Д.Б нь М.Баясаа болон түүний ээж н.Марууш, М.Б-н хүү н.Бэлгүүдэй нартай хамт амьдарч байхдаа тэдэнд 21 932 000 төгрөг зарцуулсан. Хариуцагч тайлбартаа зээлийн мөнгийг М.Баясаатай хамт ажил амьдралдаа зарцуулсан гэсэн тайлбарыг өгсөн байхад дан ганц Д.Б-с гаргуулан шийдвэрлэсэн байдлыг анхаарч үзнэ үү. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч М.Б хариуцагч Д.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29 157 478,12 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь “өөрийн хадгаламжийн данснаасаа 2013 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 3 000 ам.доллар, 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 730 ам.доллар, Ариг банкнаас 15 000 000 төгрөгийн зээл авч хариуцагчид зээлсэн” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсныг хариуцагч няцаан “М.Б-н эх н.Марууш болон түүний хүү нарын амьдрал ахуйд 14 832 000 төгрөгийг зарцуулсан, 15 000 000 төгрөгийг М.Баясаатай хамт ажил амьдралдаа зарцуулсан” гэж тайлбарласан байна.

 

Нэхэмжлэгч М.Б 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Ариг банктай 14/78 тоот орон сууц барьцаалсан шуурхай зээлийн гэрээг байгуулж 15 000 000 төгрөгийг, жилийн 42 хувийн хүүтэй, 2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хугацаатай зээлдүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. Уг мөнгийг нэхэмжлэгч нь хариуцагчид зээлдүүлсэн болох нь талуудын тайлбар болон Д.Б-ын гарын үсэг бүхий хэргийн 21 дүгээр тал дахь бичгийн баримтад “зээл, хүүг төлнө” гэж бичсэн нөхцөл байдлаар тогтоогдсон гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байв.

 

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлнө.

 

Талууд зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоосон, нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийг шаардаж байсан талаар баримтгүй байна. Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 225.5 дахь хэсэгт заасан мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйтэй холбоотой хэтрүүлсэн хугацааны хүү төлөх үүрэг, хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй учир нэхэмжлэлээс нэхэмжлэгчийн банкинд зээлийн хүүд төлсөн гэх 8 661 421 төгрөг гаргуулах тухай хэсийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч хариуцагчид 2013 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 3 000 ам.доллар, 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 730 ам.долларыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар шилжүүлэн өгсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй болно.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлээс 5 496 057 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч М.Б-с өөрийн бизнестээ зориулж зээл аваагүй, зээлийн мөнгийг М.Баясаатай хамт ажил амьдралдаа зарцуулсан байтал зээлийг бүхэлд нь Д.Б-с гаргуулсан гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь хариуцагч Д.Б нэхэмжлэгч М.Б-с зээлсэн 15 000 000 төгрөгийг  М.Баясаатай хуваан хэрэглэсэн гэх баримтгүй, нэхэмжлэгч нь хариуцагчаар М.Баясааг татаж зээлийн гэрээний үүрэгт 29 157 478.12 төгрөг шаардаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлд заагдсан этгээд хариуцагч байх бөгөөд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ заасан хариуцагчид холбогдуулан хэргийг шийдвэрлэсэн нь зөв болно.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/03588 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ