Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/75

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,

шүүгдэгч А.Н******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Н*******д холбогдох эрүүгийн 2215002600045 дугаартай, 163/2023/0071/Э индекстэй хэргийг 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн Н*******, Архангай аймгийн Төвшрүүлэх суманд 1994 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, Орхон аймгийн ******* сумын ******* багийн 5-14-40 тоотод оршин суух бүртгэлтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, 29 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Н******* нь 2022 оны 08 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Н.А*******ын өмчлөлийн 3 тооны хязаалан насны, 1 тооны соёолон насны нийт 4 тооны эр үхэр буюу олон тооны малыг, машин механизм ашиглан хулгайлж бусдад 5,400,000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2215002600045 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч А.Н******* нь 2022 оны 08 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Н.А*******ын өмчлөлийн 3 тооны хязаалан насны, 1 тооны соёолон насны нийт 4 тооны эр үхэр буюу олон тооны малыг, цэнхэр өнгийн ******* улсын дугаартай, ******* загварын тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж бусдад 5,400,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Н*******гийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирол төлбөрийг барагдуулсан гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2215002600045 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан:

1. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 9-13 дахь тал/,

2. Дөрвөн тооны үхэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-16 дахь тал/,

3. Хохирогч Н.А*******ын өгсөн: 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутагт байрлах гэртээ байж байгаад эхнэрийн хамт Орхон аймаг руу ажлаар яваад 2022 оны 08 дугаар сарын 11-ний орой гэртээ ирсэн. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр манай гэрийн ойролцоо багийн төвийн байшин дээр баяр болж байхаар нь тухайн баяр дээр явж байтал цагдаагаас над руу яриад 4 тооны үхэр олдсон байна. сумын цагдаагийн хэсэг дээр ирж үз гэхээр нь яваад очтол манай хоёр улаан халзан, хүрэн халзан, хар халзан 4 тооны үхэр мөн байсан. Би 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг Жаж гэх газарт байсан үхрүүдээ бүртгэхэд бүрэн байсан юм. Хүрэн халзан, жижиг улаан халзан хоёр үхэр нь баруун чих онь, зүүн талын чих нь урдаасаа ухам имтэй. Хар халзан үхрийн баруун чих цуулбар, зүүн нь араас догол имтэй, том улаан халзан үхрийн баруун чих нь шоргоолж, зүүн чих нь урдаас догол имтэй юм. 3 үхэр нь хязаалан 4 настай, том улаан халзан соёолон үхрүүд байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27, 30 дахь тал/,

4. Иргэний нэхэмжлэгч И.Тийн өгсөн: 2022 оны 08 дугаар сарын дундуур байхаа манайх Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 2 дугаар багийн нутаг Урд хүрэм гэх газарт зусаж байхад А.Н******* нь Улаанбаатар хот руу хонь зарна гээд миний ******* улсын дугаартай ******* загварын ачааны машиныг аваад ганцаараа явсан. Өөрийнхөө эзэмшлийн тээврийн хэрэгслээ авмаар байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,

5. Гэрч Б.Бийн өгсөн: 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн төвд архи уугаад байж байтал Төв аймгийн Заамар сум руу явах гээд ачаа ачиж байхаар нь уг ачааг ачилцаад Заамар сум руу явж байгаад замдаа 21-22 цагийн орчим замдаа буугаад хүмүүс морь уралдуулж байхаар очиж хоносон. Би уг хүмүүсийг танихгүй бөгөөд өглөө босоод гэгээ ороод байж байтал замаар Архангай аймаг руу үхэр ачсан портер явж байхаар нь суугаад явж байтал цагдаа зогсоосон юм... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

6. Мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 39-42 дахь тал/,

7. Тольдох оюуны өгөөж хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 22193 дугаартай: Хязаалан насны 3 тооны эр үхэр 3,900,000 төгрөг, соёолон насны 1 тооны эр үхэр 1,500,000 төгрөг, нийт 4 тооны үхрийн зах зээлийн үнэлгээг нийт 5,400,000 төгрөгөөр, ******* улсын дугаартай ******* загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 2,177,381 төгрөгөөр тус тус тогтоов гэх дүгнэлт /хавтаст хэргийн 63-68 дахь тал/,

8. Яллагдагч А.Н*******гийн гэм буруугаа хүлээж өгсөн: Тухайн үед би ээжийн дүүгийн машиныг гуйж унаад Улаанбаатар хот ороод 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр буцаж харих гээд Орхон аймаг руу явсан. Тухайн үед би сумын арын засмал замаар явж байгаад сум өнгөрөөд гүүр гараад Бүрэгхангай сумаар явахаар засмал замаар салаад шороон замаар нэлээн хэдэн тооны үхрүүд байхаар нь би машинтайгаа очоод 4 тооны үхрийг машин дээрээ ачаад буцаад Улаанбаатар хот орох гээд засмал замын гүүр хэсэгт шороон замаараа явж байгаад бие засах гээд зогсож байсан чинь миний араас нэг хар өнгийн машин ирээд зогсоод дотроос нь нэг цагдаа бууж ирээд намайг шалгаад сумын төвд авчирч шалгана гээд авч явсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82-83 дахь тал/ зэрэг эд зүйл болон бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч А.Н******* нь 2022 оны 08 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс бусдын 3 тооны хязаалан насны, 1 тооны соёолон насны нийт 4 тооны эр үхэр буюу олон тооны малыг ******* улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгсэл дээр ачиж хулгайлан хохирогч Н.А*******т 5,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байна.

Тодруулбал шүүгдэгч А.Н******* нь бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан үйлдэл, хохирогч Н.А*******т 5,400,000 төгрөгийн хохирол учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоотой, уг шалтгаан холбоо нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй салшгүй холбоотой болох нь хөдлөшгүй нотлогдож тогтоогдсон байна.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд ангилагддаг бөгөөд “мал хулгайлах” гэмт хэрэгт бусдын малыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдана.

Шүүгдэгчийн бусдын олон тооны малыг дур мэдэн бэлчээр дээрээс нь машин механизм ашиглан авч явсан үйлдэл идэвхтэй, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Монгол Улсын эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд санаатай халдаж хохирол учруулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл гэж үзэх бөгөөд гэм буруугийн санаатай, өмчлөх эрхийн эсрэг бусдын мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэх шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн тайлбар хэсэгт “олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж заасан бөгөөд 4 тооны адуу нь “олон тооны мал хулгайлж” гэх хүндрүүлэх шинжид хамаарч байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч А.Н*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч А.Н*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.А*******т 5,400,000 төгрөгийн хохирол учруулсан байна. Уг учирсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хулгайлсан 4 тооны үхрийг хохирогч Н.А*******т буцаан өгснөөр хохиролгүй, гомдол, саналгүй болсон байна.

Иймд шүүгдэгч А.Н*******г бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.Н*******г бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч А.Н*******гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хавтаст хэргийн 88-99 дэх талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт, цагдаагийн газрын цахим хайлтын системийн зөрчлийн талаарх лавлагаа мэдээлэл зэрэг баримтуудаар шүүгдэгч А.Н******* нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн Орхон аймгийн ******* сумын ******* багийн 5-14-40 тоотод амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, 29 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч А.Н******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчийн гэм буруутайг нотолж яллах байр сууринаас, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруу дээр маргахгүй, прокурортой тохиролцсон ялын саналыг дэмжиж тус тус оролцлоо.

Шүүгдэгч А.Н*******гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.Н*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жил, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирно шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг заавал хэрэглэх буюу үүрэг болгосон императив хэм хэмжээ юм.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах, бусад этгээдийн өмчлөлийнх болох нь тогтоогдсон тохиолдолд түүний үнийг гаргуулах албадлагын арга хэмжээг заавал хэрэглэхээр хууль тогтоогч үүрэг болгосон гэж ойлгоно.

Иймд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан И.Түвдэвгийн өмчлөлд бүртгэлтэй хөх өнгийн ******* улсын дугаартай ******* загварын тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, өмчлөгч И.Түвдэнгийн өмчлөл, эзэмшилд үлдээж, уг тээврийн хэрэгслийн үнэ 2,177,381 төгрөгийг шүүгдэгч А.Н*******гаас гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.А******* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн Н*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Н*******г 1 /нэг/ жил, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н*******д 1 /нэг/ жил, 10 /арав/ хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч А.Н******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Н*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа цагдан хорих байранд цагдан хорьсугай.

 

6. Энэ хэрэгт шүүгдэгч А.Н******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.А******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, хөх өнгийн ******* улсын дугаартай ******* загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч И.Түвдэнгийн эзэмшилд үлдээж, уг тээврийн хэрэгслийн үнэ 2,177,381 /хоёр сая нэг зуун далан долоон мянга гурван зуун наян нэг/ төгрөгийг шүүгдэгч А.Н*******гаас албадан гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

8. Шүүхийн энэхүү шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах ба бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Э.ЭНЭРЭЛ