| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2023/0073/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/77 |
| Огноо | 2023-04-06 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,
улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,
шүүгдэгч П.Т******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.Т*******өд холбогдох эрүүгийн 2315000000095 дугаартай, 163/2023/0073/Э индекстэй хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн Т*******, Булган аймагт 1977 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн ******* багт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, 45 настай, эрэгтэй, урьд
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Т******* нь 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн орчим согтуурсан үедээ Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн Б.*******гийн өмчлөлийн ******* улсын дугаартай ******* загварын тээврийн хэрэгслийг хашааны гадаа байхад нь завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Т*******ийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000000095 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч П.Т******* нь 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн орчим согтуурсан үедээ Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн Б.*******гийн өмчлөлийн ******* улсын дугаартай Тоёота приус-ХW20 загварын тээврийн хэрэгслийг хашааны гадаа байхад нь завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Т*******ийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Өөрийнхөө машиныг андуураад зөвшөөрөлгүй хүний тээврийн хэрэгслийг унаж явсандаа харамсаж байна гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
1. Хохирогч Б.*******гийн өгсөн: Би ******* сумын 1 дүгээр багт оршин суудаг. 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр манай хүү Б. нь миний машин болох ******* улсын дугаартай саарал өнгийн ******* машиныг өөрийн төрсөн ах Б.Баатархүүгийн хашааны гаднаас алдчихлаа гээд утсаар ярьсан. Тэгээд би тэр үед хүргэн болох ын машинд бензинийг 80,000 мянган төгрөгөөр хийж өгөөд нөгөө хоёр маань Хөвсгөл аймгийн чиглэлд явсан. Тэр үед цагдаад дуудлага өгсөн. ...Тэгсэн орой хүү маань машинаа олсон Хөвсгөл явдаг замд байдаг “Зүлэгтэйн цайны” газраас цааш 200 орчим метр зайд яваад зогссон байна гэж хэлсэн. ... 2023 оны 03 дугаар сарын 15-ний өглөө 10 цагийн үед намайг гэрээсээ гарах гэж байтал манай нутгийн залуу Мөөгий гэгч орж ирээд эгчээ намайг уучлаарай би таны машиныг андуураад аваад явчихсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 12 дахь тал/,
2. Гэрч Б.гийн өгсөн: Би 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр өөрийн төрсөн ахын хашааны гаднаас саарал өнгөтэй ******* улсын дугаартай машиныг хулгайд алдсан. Тухайн үед 14 цаг өнгөрч байсан байх. Би тэр үед ээжийнхээ машиныг унаад Б.Баатархүү ахынд ирсэн. Тэгээд тэднийд нэг цаг орчим болоод гарч ирэхэд машин маань байхгүй болсон байсан. ...Шунхлай колонк ороод тэнд гарч байсан Ариука эгчээс би машинаа алдчихлаа, танай камерыг шүүх гэсэн юм, та туслаач гэсэн чинь нөгөө эгч надад камер шүүж өгсөн. Тэгсэн манай машиныг үл таних хүн унаад Хөвсгөлийн чиглэлтэй төв засмал замаар яваад өгсөн. Тэгэхээр бид хоёр цаана байдаг Сод-Монгол колонкын камерыг шүүж үзэхэд бас замаар явж байсан. Тэгээд ээжээс бензиний мөнгө аваад араас нь явсан. Мөн тэр үед цагдаад дуудлага өгсөн байсан. Би бид хоёр 16 цагийн үед Хөвсгөлийн чиглэл рүү хайхаар явсан. Тухайн үед замаараа харж яваад Хөвсгөл аймаг явах замд байдаг Зүлэгтэйн цайны газраас 200 орчим метрийн зайтай манай машин зогсож байсан. Тэр үед харанхуй болж байсан бөгөөд цагдаа нарыг иртэл би хоёр машиндаа ойртоогүй. Удалгүй цагдаа нар ирсэн. Машин хэн гэдэг хүн унаж явсан нь тодорхойгүй байсан. Тэр газрын ойр орчмоор цагдаатай хамтарч машин унаж явсан байж болох хүнийг хайсан. Тэгээд өглөө нь 07-н цагийн үед нөгөө машин байсан зам руу харсан чинь байхгүй байсан. Тэгээд цагдаа дээр ирсэн чинь нөгөө машин унаж явсан хүн болон манай машин цагдаагийн гадаа зогсож байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,
3. Гэрч Ө.ын өгсөн: 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 15 цагийн үед манай гэрт ирсэн. ...Би хоёр Хөвсгөл чиглэл рүү гарлаа гэдгээ цагдаа нарт хэлээд гарсан. Би хоёр замаараа харж хайж яваад “Зүлэгтэйн цайны” газрын хүнээс асуусан ямар нэгэн сэжигтэй зүйл сонсогдоогүй. Тэгээд цаашаа явж байсан чинь нөгөө машин нь замын хажууд зогсож байсан. Бид хоёр тэр үед машин дээрээ очоогүй. ... Тэгсэн өглөө нь хадам ээж бид хоёр гарах гээд байж байсан чинь гаднаас Мөөгий гэдэг залуу орж ирснээ “эгч ээ та намайг уучлаарай, би машиныг чинь унаад явчихсан байна. Өөрийнхөө машинтай андуураад гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
4. Гэрч Ж.ын өгсөн: ...Манай нөхөр шөнө 03 цагийн үед согтуу ирсэн. Тэгээд хоноод маргааш өглөө нь надад би хүний машин унаж яваад хөдөө хээр зам дээр орхиод ирлээ гээд өглөө 07 цагийн үед хүний машин олж ирье гээд өөрсдийнхөө машинтай явцгаасан. Би тухайн үед өөрийнхөө машиныг барьж явсан. Машиныг нь авчраад ******* эгчтэй очиж уулзаад би хүний зөвшөөрөлгүй унаад явсан байна та намайг уучлаарай гээд уучлалт гуйсан. Тэгтэл цагдаа ирээд аваад явсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
5. Гэрч Л.гийн өгсөн: Би одоо Хөвсгөл аймгийн Тариалан сум “Зүлэгтэйн гуанз” цайны газар ажиллуулж байна. 2023 оны 03-р сарын 14-ний орой 18 цагийн үед архи уучихсан уранхай хар өмд, куртик өмссөн өндөр залуу орж ирээд энд ойрхон бензин колонк асуусан. Мөн тэр залуу би утсаа тавиад танаас 50,000 төгрөг зээлчих үү гэж хэлсэн. Тэр үед би зөвшөөрөөгүй. Нөгөө залуу тэр үед жаахан агсарч байгаад гараад явсан. Энэ залуу саарал өнгийн Prius-20 маркийн машин уначихсан явж байсан. Би номер дугаарыг нь анзаарч хараагүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
6. Яллагдагч П.Т*******ийн өгсөн: Би 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багаас ямаа самнуулах хүнтэй уулзаж үнэ ханшаа тохирох гэж ******* сумын төв рүү орсон. Тэгээд ямаа самнадаг Бооёо гэж дууддаг хүнтэй уулзах гээд очиход нэрийг нь мэдэхгүй нэг найзтайгаа халамцуу байж байсан. Тэгээд үнэ ханшаа тохиролцоод байж байхад шартаад байна нэг шил архи аваад өгөөч гэхээр нь би дэлгүүрээс Хараа нэртэй 0.5 гр-н савалгаатай архи авч өгсөн. ...Мөнхнасан ахын гэрийн гадаа саарал өнгийн Toyota Prius 20 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Тэгээд би хаалгыг нь татаад үзтэл хаалга нь онгорхой түлхүүр нь зоолттой байхаар нь би эхнэрийг намайг машинаа унаад харь гэсэн юм байх гэж бодоод унаад хөдөө гэр рүүгээ явсан. Тэгээд хөдөө гэртээ хариад байж байхад манай эхнэр байхгүй байсан. ...Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч П.Т*******ийг бусдын авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр суурьнаас, шүүгдэгч П.Т******* түүний өмгөөлөгч П.Ган-Очир нар нь хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.*******гийн өгсөн мэдүүлэг, яллагдагч П.Т*******ийн гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн орчим согтуурсан үедээ Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн Б.*******гийн өмчлөлийн ******* улсын дугаартай Тоёота приус-ХW20 загварын тээврийн хэрэгслийг хашааны гадаа байхад нь завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэм буруутай нь нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд ...авто тээврийн хэрэгслийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч явсан гэмт хэрэг ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Энэ гэмт хэргийн субъектив талын онцлог нь бусдын автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан байдаг онцлогтой.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч П.Т******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч П.Т*******ийн автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******гийн эзэмшлийн Toyota Prius 20 загварын тээврийн хэрэгсэл алдагдсан бөгөөд шүүгдэгч П.Т******* нь Б.*******д бүрэн бүтэн ямар нэг эвдрэл гэмтэлгүйгээр тээврийн хэрэгслийг буцаан өгсөн тул шүүгдэгч П.Т*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч П.Т*******ийг Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч П.Т*******ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч П.Т*******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 30-36, 49-53 дахь талд авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар, жолоочийн мэдээлэл, иргэний үнэмлэхийн мэдээлэл, зөрчлийн талаарх бүртгэлийн мэдээлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шалгах хуудас, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч П.Т******* нь эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн ******* сумын 4 дүгээр баг ******* багт мал маллан амьдардаг, урьд 1 удаа ял шийтгүүлсэн зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч П.Т******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 31 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.
Шүүгдэгч П.Т*******ийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, тээврийн хэрэгслийг хохирогчид буцаан өгсөн, хохирогч гомдол, саналгүй, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч, үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж прокурортой тохиролцсон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч П.Т*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялаас чөлөөлөх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч П.Т******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Т*******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Шүүгдэгч П.Т******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Б.******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн Т*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т*******ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч П.Т*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч П.Т******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Т*******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч П.Т******* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Б.******* нь нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн энэхүү шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах ба бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ