Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 1652

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 26 өдөр

     Дугаар 182/ШШ2019/01652

       Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: “А” ХХК

 

Нэхэмжлэгч: “ААК” ХХК

 

Хариуцагч: “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагч

 

банкны өмчлөлд шилжсэн эд хөрөнгүүдийн өмчлөгч, эзэмшигч болохыг тогтоолгон өмчлөл, эзэмшлийг шилжүүлж авах тухай үндсэн нэхэмжлэлтэй, “Х” ХХК-ийн өмчлөлийн Ү-2205032944 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болон нэгж талбарын 18623307803299 дугаар бүхий газрыг “А” ХХК-ийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, “Х” ХХК-ийн өмчлөлийн Ү-2205032958 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг “ААК” ХХК-ийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэх ,“А” ХХК-ийн эзэмшилд байгаа нэгж талбарын 8023/5017 дугаарт бүртгэгдсэн 10.000 м.кв газар эзэмших эрхийг “Х” ХХК-д шилжүүлэхийг “А” ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “ААК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урантогос, түүний өмгөөлөгч Д.Болд, нэхэмжлэгч “А” ХХК-ийн төлөөлөгч Д.Оюунжаргал, хариуцагчийн төлөөлөгч М.Энхтөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Д.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч “А” ХХК, “ААК” ХХК нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Х” ХХК болон “А” ХХК, “ААК” нарын хооронд №1/2-1159 тоот “Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх” тухай гэрээ байгуулагдсан. Дээрхи гэрээний 1.1.а дэх хэсэгт “А” ХХК-ийн “Х” ХХК-тай 2010 оны 06 сарын 03-ны өдрийн 45 тоот зээлийн гэрээ, 2010 оны 06 сарын 03-ны өдрийн 46 тоот зээлийн шугамын гэрээнүүдийн дагуу үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5.816.069.781,74 төгрөг, мөн гэрээний 1.1.б дэх хэсэгт “Говь повер” ХХК-ийн “Монгол шуудан банк” ХХК-тай 2009 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ/96 тоот зээлийн гэрээ, 2010 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан НЗГ/01 тоот нэмэлт зээлийн гэрээнүүдийн дагуу үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 1.973.517.583,69 төгрөгийн тус тус зээлийн өр төлбөртэй болохыг баталж, уг зээлийн өрийг хаах зорилгоор барьцаа болон батлан даалтын гэрээн дэх дараахь хөрөнгийг, тухайлбал

 

  1. “А” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205032944 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс /16101/ гудамжны 66 хаягтай асфальт, бетон хольцын үйлдвэр зориулалттай 200 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө

 

  1. “А” ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс /16101/ гудамжны 66 хаягтай нэгж талбарын 8023/5017 дугаартай 10.000 м кв газрын эзэмшил

 

  1. “ААК” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205032958 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, сонсголонгийн гудамж 65 хаягтай, бетон зуурмагийн үйлдвэрийн зориулалттай 500 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө

 

  1. “Б” ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт орших үйлдвэрлэлийн зориулалттай 15.870 м.кв газрын эзэмшил

 

  1. Зээлийн барьцаанд ямарваа нэгэн гэрээгээр тавиагүй боловч талууд харилцан тохиролцож “ААК” ХХК-ийн эзэмшлийн амины орон сууцны зориулалттай 100.000 м.кв газрын эзэмшлийг тус тус нийт дүнгээр нь тооцож шилжүүлэхээр тохиролцож, “А” ХХК-ийн эзэмшлийн 10.000 м кв газраас бусад эд хөрөнгийн өмчлөл, эзэмшлийг банкны нэр дээр шилжүүлэн өгсөн.

 

           “Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “…Гэрээний 2.1-д заасан нөхцөл биелэгдсэнээр төлбөр төлөгчийг банкинд төлөх өрөө бүрэн төлсөнд тооцно…” гэж заасны дагуу 2.1-д заасан нөхцөл биелэгдэж, бид зээл, хүүгээ бүрэн төлж банктай үүссэн өр төлбөрийн харилцааг бүрэн дуусгавар болгосон.

 

          Талуудын хооронд 1/2-1159 тоот гэрээ байгуулах үед банкны зүгээс танай барьцаа хөрөнгөөр чинь зээлийг чинь бүрэн хаана. Гэхдээ та нар 2013 оны 12 сарын 31-ний дотор бэлэн мөнгө төлөөд хөрөнгөө буцааж шилжүүлэн авч болно. Банкны хувьд одоогоор энэ хөрөнгийг шууд зарж чадахгүй байна гэсний дагуу бид зөвшөөрч Хны өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон газруудыг буцаан худалдан авах зорилгоор 2011 оны 06 сараас 2015 оны 08 сар дуусах хүртэлх хугацаанд нийт 4.479.719.606,08 төгрөгийг төлсөн бөгөөд үүнийг хариуцагч тал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаараа хүлээн зөвшөөрдөг. Банк дээрх эд хөрөнгийг өөрийн өмчлөх бусад үндсэн хөрөнгийн дансандаа бүртгэн авсан. Эд хөрөнгөтэй холбогдон гарах шууд зардлыг бүрэн хариуцаад эд хөрөнгүүдийг эзэмшилдээ байлгаач гэж хүссэний дагуу бид өнөөдрийг хүртэл бүх зардлыг хариуцан эзэмшилдээ байлгаж байна.

 

          Хариуцагч нь 2011 оны 12 сарын 30-ны өдөр 121/03 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 6.075.024.864,94 төгрөгийн зээл олгосон, энэ зээлийн үлдэгдлээ төл гэдэг тайлбар хийдэг. Энэхүү зээлийг нэхэмжлэгч “А” ХХК нь авч ашиглаагүй бөгөөд банк өөрөө авч ашигласан байдаг.

 

          Эд хөрөнгөө буцаан авахаар 4.479.719.606,08 төгрөгийг төлсөн тул үүндээ дүйцүүлж,

 

  1. “ААК” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205032958 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, сонсголонгийн гудамж 65 хаягтай, бетон зуурмагийн үйлдвэрийн зориулалттай 500 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр

 

  1. “А” ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 20-р хороо, үйлдвэрийн

баруун бүс /16101/ гудамжны 66 хаягтай нэгж талбарын 8023/5017 дугаартай 10.000 м кв газрын

 

  1. “Б” ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт орших үйлдвэрлэлийн зориулалттай 15.870 м.кв газрын эзэмшил

 

  1. “ААК” ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт орших амины орон сууцын зориулалттай 100.000 м.кв газрын эзэмшигчээр тус тус тогтоож,  өмчлөх болон эзэмших эрхийг шилжүүлэн өгнө үү.

           Тухайн үед барьцааны гэрээ байгуулж байхад үйлдвэр 2.200.000.000 төгрөг, 15.870 м.кв газрын эзэмшил 300.000.000 төгрөг, 10.000 м кв болон 100.000 м.кв газрын эзэмшил тус бүр 350.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн.

 

          Сөрөг нэхэмжлэлийн хувьд,  “Х” ХХК нь “Банкны тухай хууль”-аар хориглосон үйл ажиллагааг эрхэлж барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн өмчлөлд авахаар гэрээ байгуулан, өмчлөл, эзэмшилдээ шилжүүлсэн нь хууль тогтоомжийг зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэрээ байх тул “Х” ХХК тухайн эд хөрөнгүүдийг хууль ёсоор өмчилж, эзэмших эрхгүй.

         

          Төлбөр төлөгчийн зүгээс “Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ” байгуулагдсанаас хойшхи хугацаанд нийт 4.479.719.606,08 төгрөг төлсөн боловч “Х” ХХК нь барьцаалсан хөрөнгүүдээс нэг ч төгрөг болон газар эзэмших эрхийг барьцаанаас чөлөөлж, буцаан өмчлөл, эзэмшлийг шилжүүлээгүй. “А” ХХК, “Б” ХХК, “ААК” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхүүдийг “Х” ХХК нь хуульд заасны дагуу манай компаний өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй атал тухайн обьектуудыг албадан чөлөөлүүлэхийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул “А” ХХК, “ААК” ХХК-д холбогдох сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголбанкны ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай тушаалаар “Х” ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг авч банкны эрх хүлээн авагч томилсон. Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт заасны дагуу “Х” ХХК, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхийг шилжүүлэн авч, Банкны эрх хүлээн авагчаас “Х” ХХК-ний чанаргүй активыг төлүүлэх, төрд учирсан хохирлын төлүүлэх ажиллагааг гүйцэтгэж байна.

 

          “А” ХХК нь “Х” ХХК-аас дараахь зээлийг авсан. Үүнд: 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 45 дугаартай Зээлийн гэрээг байгуулж 4.620.000.000 төгрөгийг сарын 1.8, жилийн 21.6 хувийн хүүтэй 30 сарын хугацаатайгаар зээлэн авсан. 2010 оны 06 сарын 03-ны өдөр 46 дугаартай Зээлийн шугам нээх гэрээг байгуулж 650.000.000 төгрөгийг сарын 1.8, жилийн 21.6 хувийн хүүтэй 18 сарын хугацаатайгаар зээлэн авсан. “А” ХХК-ийн дээрх хоёр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөрт нь “А” ХХК болон “Х” ХХК-ийн хооронд 45 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ (Ипотекийн гэрээ)”-г байгуулж, улсын бүртгэлийн Ү-2205032944 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс /16101/ гудамжны 66 хаягтай зориулалттай 200 м.кв талбайтай асфальт бетон хольцын иж бүрэн үйлдвэрийг нэгж талбарын 8023/5017 дугаарт бүртгэгдсэн 10.000 м.кв газар эзэмших эрхийн хамт барьцаалсан. Мөн “Х” ХХК болон “ААК” ХХК-ийн хооронд батлан даалтын гэрээг байгуулж, улсын бүртгэлийн Ү-2205032958 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, Сонсголонгийн зам гудамж 65 тоот хаягт байрлах 500 м.кв талбайтай бетон зуурмагийн зориулалттай иж бүрэн обьект, хөдлөх эд хөрөнгүүдийн хамт барьцаалсан.

         

          “Говь повер” ХХК нь Монгол шуудан банкнаас 2009 оны 08 сарын 27-ны өдөр зээлийн гэрээгээр 1.200.000.000 төгрөгийг сарын 1.2 жилийн 14.4 хувийн хүүтэй 18 сарын хугацаатайгаар зээлдэн авсан ба 2010 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр авсан мөнгийг 460.000.000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. “Говь повер” ХХК-ийн дээрх хоёр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд улсын бүртгэлийн Ү-2205032958 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг 20-хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, Сонсголонгийн зам гудамж 65 тоот хаягт байрлах 500 м.кв талбайтай бетон зуурмагийн зориулалттай иж бүрэн обьект, улсын бүртгэлийн Ү-2205032944 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс /16101/ гудамжны 66 хаягтай зориулалттай 200 м.кв талбайтай асфальт бетон хольцын иж бүрэн үйлдвэрийг тус тус барьцаалсан байна.

 

          Монгол шуудан банк 2010 оны 3 дугаар сард “Х” ХХК-д нэгдсэн.

“А” ХХК-ийн зээлийн өр 5.816.069.781,74 төгрөг, “Говь повер” ХХК-ийн  зээлийн өр 1.973.517.583,2 төгрөг, нийт 7.789.587.364,94 төгрөгийн зээлийн өрийг барагдуулах зорилгоор “Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ” хийсэн.

 

          Гэрээгээр  нийт 7.789.587.364,94 төгрөгийн өр төлбөрийг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх, тэр хүртэл хугацаанд нэхэмжлэгч нарын барьцаа, батлан даалтын гэрээгээр барьцаанд байсан “А” ХХК-ийн асфальт бетон хольцын үйлдвэр, тус үйлдвэрийн байрлаж буй 10.000 м.кв газрын эзэмших эрх, “ААК” ХХК-ийн өмчлөл эзэмшлийн бетон зуурмагийн үйлдвэр, Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд байрлах 100.000 м.кв газар эзэмших эрхийг банкны өмчлөл, эзэмшилд шилжүүлнэ, эд хөрөнгийг банкны өмчлөлд шилжүүлсэн нөхцөл биелсэнээр төлбөр төлөгчийг банкинд төлөх өрөө бүрэн төлсөнд тооцно, хэрэв төлбөр төлөгч 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд банк өмчлөлд шилжсэн хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй, төлбөр төлөгч үүргээ 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлсөн, зохих ёсоор үүргээ гүйцэтгэсэн бол банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан шилжүүлж авна, төлбөр төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшилдээ байлгах хугацааны тухайн барилга, байгууламжийн хэвийн байдлыг хангахад шаардлагатай зайлшгүй зардал, хэрэглээний зардлыг бүрэн хариуцна гэж тохиролцсон юм.

 

          “А” ХХК нь урьд шүүхэд 2013 онд “Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-“г хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргаж, үүнээсээ татгалзаж шийдвэрлэгдэж байсан.

 

          Дээрх хөрөнгүүдийг “Х” ХХК-ийн өмчлөл, эзэмшилд шилжүүлж 2011 онд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээ “Х” ХХК-ийн нэр дээр гарсан. Хөрөнгийг банкны өмчлөх бусад эд хөрөнгийн дансанд бүртгэсэн.

 

          Нэхэмжлэгч дээрх хөрөнгүүдийг манайд бүрмөсөн шилжүүлээд өр төлбөрөө хаасан, одоо буцаан худалдан авч байна гэж байна. Энэ нь тийм биш. 3 жилийн хугацаанд төлбөрөө төл, энэ хүртэл хөрөнгийг банкны өмчлөл, эзэмшилд авна гэсэн ба тэдний зээлийг бүрмөсөн хаасан биш. Хэрэв тэгсэн бол хөрөнгийг бид өөр дансанд бүртгэх байсан. Хөрөнгүүдийг энэ хооронд зарагдвал төлбөрт нь тооцох байсан.

 

          Нэхэмжлэгчийн зээлийн төлбөрийн үлдэгдэл одоо 3.595.305.259 төгрөг байна. Хөрөнгөө буцаан авах боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

          Сөрөг нэхэмжлэлийн тухайд, Банкны эрх хүлээн авагчаас “А” ХХК-д удаа дараа өр төлбөрийг төлөх, хөрөнгийн эзэмшлийг хүлээлгэн өгөх тухай мэдэгдлийг нэхэмжлэгч нарт хүргүүлсэн, урьдчилан өгсөн мэдэгдлийн дагуу томилогдсон ажлын хэсэг үйлдвэрийн эзэмшлийг шилжүүлэн авахаар 2018 оны 10 дугаар сарын 22-ны 11:00 цагт үйлдвэр дээр очиход хамгаалалтын компани хөлслөн ажлын хэсгийг дотогш оруулаагүй. Амины орон сууцны зориулалттай /100.000 м кв/ газрын тухайд “А” ХХК нь тус газар дээр харуул буулган өөрийн эзэмшилд байлгаж байна.

 

          Баянгол дүүрэг, 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс /16101/ гудамжны 66 тоот хаягт байрлах, нэгж талбарын 8023/5017 дугаарт бүртгэгдсэн 10.000 м.кв газар эзэмших эрхийг /Асфальтын үйлдвэрийн газар/ “Х” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэхээр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл хугацаанд шилжүүлээгүй байна.

 

          Иймд манай өмчлөл, эзэмшилд шилжсэн 200 м.кв талбайтай асфальт бетон хольцын үйлдвэр болон 100.000 м.кв газрыг “А” ХХК-ийн эзэмшлээс, 500 м.кв талбайтай бетон зуурмагийн үйлдвэрийг “ААК” ХХК-ийн эзэмшлээс тус тус чөлөөлж, Баянгол дүүрэг, 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс /16101/ гудамжны 66 тоот хаягт байрлах, нэгж талбарын 8023/5017 дугаарт бүртгэгдсэн 10.000 м.кв газар эзэмших эрхийг /Асфальтын үйлдвэрийн газар/ хариуцагчийн эзэмшилд шилжүүлэхийг “А” ХХК-д даалгуулах шаардлагуудыг сөрж гаргаж байна гэв.                                                          

 

          Шүүх нэхэмжлэл, төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ, зээлийн гэрээнүүд, барьцааны болон батлан даалтын гэрээ, “А” ХХК-ийн санхүүгийн тайлан, Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалууд, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, газрын байршлын кадастрын зураг, нэхэмжлэгч нарын улсын бүртгэлийн лавлагаа, банкны эрх хүлээн авагчийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүд, хөрөнгийн эзэмшлийг шилжүүлэх авах тухай албан бичиг, зээлийн төлбөр шилжүүлсэн шилжүүлгийн баримт, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөд бүртгэж, зээл хаасан талаар гүйлгээний баримтууд болон бичгийн бусад баримтыг шинжлэн судлаад

 

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

          Нэхэмжлэгч “А” ХХК, “ААК” ХХК нар нь хариуцагч “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулж

 

  1. Улсын бүртгэлийн Ү-2205032958 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20-

р хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, сонсголонгийн гудамж 65 хаягтай, бетон зуурмагийн үйлдвэрийн зориулалттай 500 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “ААК” ХХК-ийг

 

  1. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт орших амины орон сууцын зориулалттай 100.000 м.кв газрын эзэмшигчээр “ААК” ХХК-ийг

 

  1. Баянгол дүүргийн 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс /16101/ гудамжны 66 хаягтай нэгж талбарын 8023/5017 дугаартай 10.000 м кв газрын эзэмшигчээр “А” ХХК-ийг

 

  1. “Б” ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт орших үйлдвэрлэлийн зориулалттай 15.870 м.кв газрын эзэмшигчээр тус тус тогтоож,  өмчлөх болон эзэмших эрхийг шилжүүлэн авах тухай нэхэмжлэлийг,

Хариуцагч “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь“А” ХХК, “ААК” нарт холбогдуулж “Х” ХХК-ийн өмчлөлийн Ү-2205032944 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг (200 м кв талбайтай) “А” ХХК-ийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, “Х” ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 18623307803299 дугаар бүхий газрыг (100.000 м кв талбайтай) “А” ХХК-ийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, “Х” ХХК-ийн өмчлөлийн Ү-2205032958 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг (500 м кв талбайтай) “ААК” ХХК-ийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, “А” ХХК-ийн эзэмшилд байгаа нэгж талбарын 8023/5017 дугаарт бүртгэгдсэн 10.000 м.кв газар эзэмших эрхийг “Х” ХХК-д шилжүүлэхийг “А” ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

          2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Х” ХХК болон “А” ХХК, “ААК” ХХК нарын хооронд “А” ХХК-ийн 5.816.069.781,74 төгрөгийн, “Говь повер” ХХК-ийн 1.973.517.583,69 төгрөгийн, нийт 7.789.587.364,94  төгрөгийн зээлийн өр төлбөрийг барагдуулах зорилгоор №1/2-1159 тоот “Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх” тухай гэрээ байгуулагдаж, “А” ХХК, “ААК” ХХК, Б ХХК-иудын 2 ширхэг үйлдвэрийн өмчлөл, 2 ширхэг газрын эзэмшлийг Х шилжүүлж авсан, түүнээс хойш зээлийн төлбөрт мөнгөөр 4.479.719.606,08 төгрөг төлөгдсөн нь нотлох баримтаар тогтоогдож байна.

 

          Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ “Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх” гэрээний дагуу зээлийн төлбөрт барьцааны хөрөнгөө өгч зээлийг хаасан ба буцаан худалдаж авна гэж заасны дагуу хөрөнгөө буцаан авахаар 4.479.719.606,08 төгрөг төлсөн боловч хөрөнгийг өгөхгүй байна гэж, хариуцагч дээрх хөрөнгүүдийг бодитоор өөрийн хөрөнгө болгохоор өмчлөлдөө аваагүй, эдгээр хөрөнгө нь өмчлөх бусад эд хөрөнгийн дансны бүртгэлд байгаа,  зээлийг төлүүлэх, эд хөрөнгийг борлуулж өр төлбөрт нь тооцох зорилготой байсан, зээлийн төлбөрөөс 3.595.305.259 төгрөгийг төлөөгүй үлдэгдэлтэй байх тул нэхэмжлэгчид хөрөнгийг өгөх боломжгүй гэж тайлбарлаж, хөрөнгө банкны өмч болсон, мөн гэрээгээр тохирсон хөрөнгөөс банкны эзэмшилд шилжүүлээгүй газар байгаа гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тус тус үндэслэсэн байна.

 

          Гэрээний 1.2-т нийт 7.789.587.364,94 төгрөгийн өр төлбөрийг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх, тэр хүртэл хугацаанд нэхэмжлэгч нарын барьцаа, батлан даалтын гэрээгээр барьцаанд байсан “А” ХХК-ийн асфальт бетон хольцын үйлдвэр, тус үйлдвэрийн байрлаж буй 10.000 м.кв газрын эзэмших эрх, “ААК” ХХК-ийн өмчлөл эзэмшлийн бетон зуурмагийн үйлдвэр, Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд байрлах 100.000 м.кв газар эзэмших эрх, мөн Б ХХК-ийн эзэмшлийн 15.870 м кв газар эзэмших эрхийг банкны өмчлөл, эзэмшилд шилжүүлнэ, гэрээний 2.2-т хөрөнгийг банкны өмчлөлд шилжүүлсэн нөхцөл биелсэнээр төлбөр төлөгчийг банкинд төлөх өрөө бүрэн төлсөнд тооцно, гэрээний 3.1.2-т төлбөр төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшилдээ байлгах хугацааны тухайн барилга, байгууламжийн хэвийн байдлыг хангахад шаардлагатай зайлшгүй зардал, хэрэглээний зардлыг бүрэн хариуцна, гэрээний 3.2.1-т төлбөр төлөгч үүргээ 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлсөн, зохих ёсоор үүргээ гүйцэтгэсэн бол банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан шилжүүлж авна, гэрээний 4.2.2-т хэрэв төлбөр төлөгч 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд банк өмчлөлд шилжсэн хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй гэж тус тус заажээ.

 

          Талуудын хооронд байгуулагдсан “Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх” тухай гэрээг үндсэн гэрээ болох зээлийн барьцаа, батлан даалтын гэрээнүүдээс салгаж ойлгох боломжгүй ба “Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх” тухай гэрээний заалтуудад дүгнэлт хийхэд энэ гэрээ 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд үйлчлэх, энэ хооронд “А” ХХК, “Говь повер” ХХК-иудын нийт 7.789.587.364,94  төгрөгийн зээлийн өрийг төлүүлэх зорилготой байсан байх бөгөөд тодорхой шийдвэрлэсэн зүйлгүй гэрээ байна. Гэрээний хугацаа дуусахад банк өөрийн өмчлөл, эзэмшилд шилжсэн бусдын хөрөнгийг хэрхэх тухай заагаагүй, гэрээний 4.2.2-т зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бол хөрөнгийг захиран зарцуулна гэсэн нь хөрөнгийг өөрийн өмчлөл, эзэмшилд авсантай авцалдахгүй байна. Барьцаа, батлан даалтын гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан “А” ХХК, “ААК” ХХК, Б ХХК-иудын эд хөрөнгийн өмчлөл, газар эзэмших эрхийг Х өөрийн өмчлөл, эзэмшилд шилжүүлж авсан нь бодитой үр дагавар үүсгэхийн тулд биш, харин зээлдэгч нарын зээлийн өрийг төлүүлэх хөшүүрэг болгох, нөгөө талаар худалдаж тэдний өр төлбөрт тооцох гэсэн ажиллагаа байна. Хариуцагч ч үүнийгээ тодорхой үндэслэл гарган тайлбарлаж байна.  

 

          Зээлийн өр төлбөрт тооцохгүй атлаа дээрх хөрөнгүүдийг банк өөрийн өмчлөл, эзэмшилд авсан нь үндэслэлгүй байх ба нэхэмжлэгч нар тэдгээр хөрөнгийг (эд хөрөнгө, эрх) өөрийн өмч гэж үзэн хөрөнгийн өмчлөл, эзэмшлээ шилжүүлж авахаар шаардсан нь үндэслэлтэй гэж үзнэ.         

 

          Иймд “ААК” ХХК-ийг улсын бүртгэлийн Ү-2205032958 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, сонсголонгийн гудамж 65 хаягтай, бетон зуурмагийн үйлдвэрийн зориулалттай 500 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт орших амины орон сууцын зориулалттай 100.000 м.кв газрын эзэмшигчээр тогтоож, эдгээр хөрөнгийн өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

 

          Харин “А” ХХК газар эзэмших эрхээ сунгуулах асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд “Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх” тухай гэрээний дагуу Баянгол дүүргийн 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс /16101/ гудамжны 66 хаягтай нэгж талбарын 8023/5017 дугаартай 10.000 м кв газрын эзэмших эрхээ Хинд шилжүүлээгүй байсан ба одоо “А” ХХК уг газрын эзэмшигч хэвээр байгаа нь 2015 оны газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул энэ газрын эзэмшигчээр тогтоолгон эзэмшлийг шилжүүлж авах нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Мөн “Б” ХХК-ийн эзэмшлээс Хинд шилжсэн байхад Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт орших үйлдвэрлэлийн зориулалттай 15.870 м.кв газрын эзэмшигчээр тогтоолгон, эзэмшлийг шилжүүлж авах тухай нэхэмжлэгч нар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй болжээ.

 

Хариуцагч зээлийн барьцаа болон батлан даалтын гэрээнийхээ дагуу зээлдэгч нараар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой байхад ямар нэг үндэслэлгүйгээр “А” ХХК, “ААК” ХХК, Б ХХК-иудын эд хөрөнгийн өмчлөл, газар эзэмших эрхийг Х өөрийн өмчлөл, эзэмшилд шилжүүлж авсан, авахыг хүссэн нөхцөл байдал, мөн үндсэн нэхэмжлэл хангагдаж байгаа байдлуудтай холбоотойгоор хариуцагчийн өөрийн өмчлөл, эзэмшилд шилжүүлж авсан хөрөнгийг чөлөөлүүлэх тухай, гэрээний дагуу шилжүүлээгүй газар эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 16.157.950 төгрөг төлөхөөс 22.837.348,21 төгрөг төлсөн байх тул илүү төлсөн 6.679.398,21 төгрөгийг буцааж олгохоор шийдвэрлэв.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон   

 

                                                                                                         ТОГТООХ НЬ:

 

 

  1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 101 дүгээр зүйлийн 101.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-ийг баримтлан “ААК” ХХК-ийг улсын бүртгэлийн Ү-2205032958 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/ Сонсголонгийн гудамж 65 хаягтай бетон зуурмагийн үйлдвэрийн зориулалттай 500 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр, Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд байрлах нэгж талбарын 8029/5015 дугаар бүхий 100.000 м.кв, амины орон сууцны зориулалттай газрын эзэмшигчээр тус тус тогтоож, уг хөрөнгүүдийн өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлж өгөхийг хариуцагч “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид даалган, Баянгол дүүрэг, 20 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 8023/0003 дугаар бүхий 15,870 м.кв газар, Баянгол дүүрэг, 20 дугаар хороонд байрлах 10.000 м.кв газрын эзэмшигчээр тогтоолгож, шилжүүлж авахыг хүссэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 106 дугаар зүйлийн 106.1-ийг баримтлан Баянгол дүүргийн 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс /16101/ гудамжны 66 хаягтай асфальт, бетон хольцын үйлдвэр зориулалттай 200 м.кв талбайтай асфальт бетон хольцын үйлдвэр болон Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт орших 100.000 м.кв газрыг “А” ХХК-ийн эзэмшлээс, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, Сонсголонгийн зам гудамж 65 тоот хаягт байрлах 500 м.кв талбайтай бетон зуурмагийн үйлдвэрийг “ААК” ХХК-ийн эзэмшлээс тус тус чөлөөлж, Баянгол дүүрэг, 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс /16101/ гудамжны 66 тоот хаягт байрлах, нэгж талбарын 8023/5017 дугаарт бүртгэгдсэн 10.000 м.кв газар эзэмших эрхийг хариуцагчийн эзэмшилд шилжүүлэхийг “А” ХХК-д даалгуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн

60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 22.837.348,21 төгрөгөөс 16.157.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 12.907.950 төгрөгийг, улсаас 6.679.398,21 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлөх тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2,

120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                     

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                          С. БУД