Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/126

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч Д.Энхбаяр

Хохирогч ******* /онлайн/

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2204001830103 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетинг мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигин овогт ******* ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч *******гаас Голомт банкны ............... данс руу “барилгын материалын тооцоо хийх” гэж байгаад андуурч Голомт банкны ............ тоот дансанд шилжүүлсэн төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж, захиран зарцуулж бага хэмжээнээс дээш буюу 5,280,000 /таван сая хоёр зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй” гэв. 

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...би тухайн үед 5,280,000 төгрөгөө данс андуурч буруу данс руу шилжүүлчихсэн байсан. Үүнийгээ мэдээд ******* гэх энэ залуу руу утасдаад дансаа андуураад мөнгөө шилжүүлчихсэн байна гэж хэлэхэд дансаа шалгаад хариу хэлье гэж хэлээд л алга болсон. Түүнээс хойш утасдахад утсаа аваагүй. Би маш их гомдолтой байна. Данс андуурч шилжүүлсэн 5,280,000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй. Намайг андуурч шилжүүлсэн гэдгийг ******* маш сайн мэдэж байгаа. Энэ талаар зөндөө хэлсэн. Маш их гомдолтой байна. Хохирлыг барагдуулах талаар юу ч  хийгээгүй. 5,280,000 төгрөгөө яаралтай авмаар байна...” гэв.

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оноос эхлэн Багануур дүүргийн 3 дугаар хороо Спорт заалны ард талд баригдаж байгаа барилга угсралтын ажлыг авч, орон сууц угсрах ажлыг хийж байгаа юм. Энэ онд угсралтын ажлаа хийж байгаа бөгөөд би Багануурт барилга дээрээ байхдаа барилгын материал болох хар замаскыг “” ХХК-аас авахаар болж 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тус компанийн ажилтантай утсаар ярьж байгаад дансны дугаар буюу Голомт банкны ............ дансыг авч, замаскны мөнгө 5,280,000 төгрөгийг шилжүүлсэн. Шилжүүлсний дараа тухайн дансны сүүлийн 3 дахь орныг андуурч буюу Голомт банкны ......... гэх “М” ХХК-ийн данс руу шилжүүлчихсэн байсан. Тэгээд “” ХХК-ийн ажилтантай ярьсан чинь “Та буруу данс руу шилжүүлчихсэн байна” гэхээр нь “одоо яах билээ” гэсэн чинь тухайн залуу надад тус компанийн дугаар гэж байна гээд ......... дугаарыг явуулсан. Би тэр дор нь тухайн дугаар руу залгатал эрэгтэй хүн утсыг нь авсан бөгөөд “М” ХХК нь тантай холбоотой юу” гэж асуухад “тийм” гэхээр нь дансыг нь андуураад мөнгө шилжүүлчихсэн талаараа хэлсэн чинь “би дансаа шалгачихаад буцаагаад хариу хэлье” гээд утсаа тасалсан. Тэрнээс хойш  би дахин 3 удаа залгаж ярьсан бөгөөд “Дансаа шалгаагүй байна” гэж байгаад сүүлдээ утсаа унтраасан. Дахин холбогдож чадаагүй. Би Голомт банкны ......... дугаарын дансанд 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр шилжүүлсэн 5,280,000 төгрөгөө буцааж аваагүй. Хохирлоо барагдуулж 5,280,000 төгрөгөө буруутай этгээдээс гаргуулж авах хүсэлтэй байна...” гэжээ. /хх-ийн 15-19/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Голомт банкны ....... дугаартай данс нь “М” ХХК-ийн данс байгаа юм. “М” ХХК нь миний эзэмшлийн ус ундаа, жүүс борлуулан нийлүүлэх зориулалттай компани байгаа юм. Би Голомт банкны ............ гэсэн дансыг эзэмшдэг. Энэ дансыг өөр ашигладаг хүн байхгүй. ...би 2022 оны 09 дүгээр сарын дундуур дансаа шалгахад миний дансанд 5,280,000 төгрөг орсон байсан. Гүйлгээний утга дээр нь нэг хүний нэр байсан. Энэ нэр нь миний танихгүй хүний нэр байсан. Харин би энэ мөнгийг гэх хүн маань шилжүүлсэн гэж бодсон. Энэ 5,280,000 төгрөгийг Голомт банк руу очиж гаргуулан авч өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулсан...” гэжээ. /хх-ийн 29-30/

*******ийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 31, 33/

Голомт банкин дахь “М” ХХК-ийн ........... дугаарын дансны хуулга, эзэмшигчийн мэдээлэл /хх-ийн 38-39/

Банк хооронд шилжүүлсэн гүйлгээний баримтын хуулбар /хх-ийн 40/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Боржигин овогт ******* ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч *******гаас Голомт банкны ......... тоот данс руу барилгын материалын тооцоо хийхдээ данс андуурч ............ тоот дансанд төлбөр тооцооны алдаатай гүйлгээгээр шилжсэн 5,280,000 төгрөгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж, захиран зарцуулж, хохирогч *******д 5,280,000 /таван сая хоёр зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Голомт банкны ............... дугаартай данс нь “М” ХХК-ийн данс байгаа юм. “М” ХХК нь миний эзэмшлийн ус ундаа, жүүс борлуулан нийлүүлэх зориулалттай компани байгаа юм. Би Голомт банкны ............ гэсэн дансыг эзэмшдэг. Энэ дансыг өөр ашигладаг хүн байхгүй. ...би 2022 оны 09 дүгээр сарын дундуур дансаа шалгахад миний дансанд 5,280,000 төгрөг орсон байсан. Гүйлгээний утга дээр нь нэг хүний нэр байсан. Энэ нэр нь миний танихгүй хүний нэр байсан. Харин би энэ мөнгийг гэх хүн шилжүүлсэн гэж бодсон. Энэ 5,280,000 төгрөгийг Голомт банкнаас гаргуулан авч өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулсан...” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч *******гийн “...2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “” ХХК-ийн ажилтантай утсаар ярьж байгаад дансны дугаар буюу Голомт банкны ............. дансыг авч, замаскны мөнгө 5,280,000 төгрөгийг шилжүүлсэн. Шилжүүлсний дараа тухайн дансны сүүлийн 3 дахь орныг андуурч буюу Голомт банкны .......... гэх “М” ХХК-ийн данс руу шилжүүлчихсэн байсан. Тэгээд “” ХХК-ийн ажилтантай ярьсан чинь “Та буруу данс руу шилжүүлчихсэн байна” гэхээр нь “одоо яах билээ” гэсэн чинь тухайн залуу надад тус компанийн дугаар гэж байна гээд ....... дугаарыг явуулсан. Би тэр дор нь тухайн дугаар руу залгатал эрэгтэй хүн утсыг нь авсан бөгөөд “М” ХХК нь тантай холбоотой юу” гэж асуухад “тийм” гэхээр нь дансыг нь андуураад мөнгө шилжүүлчихсэн талаараа хэлсэн чинь “би дансаа шалгачихаад буцаагаад хариу хэлье” гээд утсаа тасалсан. Тэрнээс хойш  би дахин 3 удаа залгаж ярьсан бөгөөд “Дансаа шалгаагүй байна” гэж байгаад сүүлдээ утсаа унтраасан. Дахин холбогдож чадаагүй. Би Голомт банкны ......... дугаарын дансанд 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр шилжүүлсэн 5,280,000 төгрөгөө буцааж аваагүй...” гэх мэдүүлэг, Голомт банкин дахь “М” ХХК-ийн ............ дугаарын дансны хуулга, эзэмшигчийн мэдээлэл, банк хооронд шилжүүлсэн гүйлгээний баримтын хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээгээр шилжиж ирсэн 5,280,000 төгрөг нь бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 5,280,000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.   

Шүүгдэгч ******* ******* холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 5,280,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлөөгүй хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” ХХК-ийг хариуцан худалдаа эрхэлдгээс гадна ******* сумын 6 дугаар баг, ******* тоотод оршин суудаг болох нь шүүгдэгч *******ийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан түүний иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар зэргээр тогтоогдож байх тул түүнийг 4 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, *******т хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.   

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******д 5,280,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 5,280,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж 5,280,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 4 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, *******т хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 5,280,000 /таван сая хоёр зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хот, дүүрэг 13 дугаар хороо, тоотод оршин суух, Боржигон овогт /РД: /-д олгохоор тогтоосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА