Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2019/ДШМ/81

 

2019 оны 11 сарын 08 өдөр                               2019/ДШМ/81                                                                Зуунмод

 

Л.Н, Ц.Ц, Д.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга Б.Баттөр нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 09 сарын 14-ний өдрийн 2017/ШЦТ/262 дугаар шийтгэх тогтоолтой Л.Н, Ц.Ц, Д.Днарт холбогдох 201719000294 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг прокурорын дүнэлтийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 10 сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Прокурор Д.Нэргүй бичсэн дүгнэлтдээ: “Л.Нгийн өмгөөлөгч Г.Нямсүрэнгийн гаргасан "Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах" тухай гомдлын дагуу хэргийг хянахад: Аймгийн прокурорын газраас Л.Н нарт холбогдох эрүүгийн 201719000294 дугаартай "Дэлгэрсайхантай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын нутгаас иргэдийн 5 тооны үхрийг хулгайлж 1 сая төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснийг Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр хянан хэлэлцээд Л.Нг бусадтай бүлэглэн мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ" гэсний дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэж, шүүгдэгч Л.Нг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг өөрчлөн түүнд 4 жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1,61.4 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан 4 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж. шийдвэрлэсэн байна.

Л.Нд анхан шатны шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, түүний эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэсэн байна. Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь " Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хорих ял хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хорих ял шийтгэнэ" гэж ялын доод хэмжээг 6 сараар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн байхад шүүхээс Л.Нд хорих ялын доод хэмжээг "хоёр жилээр" тогтоосон зүйл ангид заасан ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй, хуулийг илт буруу хэрэглэж, ял шийтгэл оногдуулсан гэж үзэх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэхь хэсэгт заасан "хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн" гэх үндэслэл шинээр илэрсэн гэж дүгнэхээр байна.

Иймд Л.Нд холбогдох эрүүгийн 201719000294 дугаартай хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 262 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргасан дүгнэлтэндээ: Прокурорын дүгнэлтийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.Н, Ц.Ц, Д.Днарт холбогдох эрүүгийн 201719000294 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын дүгнэлтээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Лхамсүрэн овогтой Найданпэлжээ нь 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр багийн нутаг "Баярт" гэх газарт бэлчиж байсан бусдын 5 тооны үхрийг хулгайлахдаа 15 настай Дүвжир овогтой Дэлгэрсайханыг гэмт хэрэг үйлдэхдээ татан оруулсан,

Мөн Дүвжир овогтой Дэлгэрсайхантай бүлэглэн, 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр багийн нутаг "Баярт" гэх газарт бэлчиж байсан иргэн П.Баярбилэгийн өмчлөлийн 1 тооны улаан халзан бяруу, иргэн М.Энхжаргалын өмчлөлийн 1 тооны улаан халзан бяруу, иргэн С.Бямбын өмчлөлийн 1 тооны сартай хар бяруу, 2 тооны улаан халзан бяруу зэрэг нийт 5 тооны үхрийг хулгайлж, бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Цэнддорж овогтой Цэрэнлхагва нь Дүвжир овогтой Дэлгэрсайхантай бүлэглэн, Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр багийн нутагт байх иргэн Дангаагийн өмчлөлийн хониноос 2017 оны 01 дүгээр сарын 02, 03-ны өдрийн орчимд 18 тооны хонийг завшиж, 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Дүвжир овогтой Дэлгэрсайхан нь Лхамсүрэн овогтой Найданпэлжээтэй бүлэглэн, 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр багийн нутаг "Баярт" гэх газарт бэлчиж байсан иргэн П.Баярбилэгийн өмчлөлийн 1 тооны улаан халзан бяруу, иргэн М.Энхжаргалын өмчлөлийн 1 тооны улаан халзан яруу, иргэн С.Бямбын өмчлөлийн 1 тооны сартай хар бяруу, 2 тооны улаан халзан бяруу зэрэг нийт 5 тооны үхрийг хулгайлж, бусдад 1.000.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,

Мөн Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр багийн нутагт байх иргэн А.Дангаагийн туслах малчин Цэнддорж овоггой Цэрэнлхагватай бүлэглэн, 2017 оны 01 дүгээр сарын 02, 03-ны өдрийн орчимд иргэн А.Дагаагийн өмчлөлийн хониноос 18 тооны хонийг завшиж, 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Чонод овгийн Лхамсүрэнгийн Найданпэлжээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Насанд хүрээгүй шүүгдэгч Бөхөл овгийн Дүвжирийн Дэлгэрсайханд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Боржигон овгийн Цэнддоржийн Цэрэнлхагвад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус холбогдуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2017 оны 09 сарын 14-ний өдрийн 262 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Чонод овгийн Лхамсүрэнгийн Найданпэлжээд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хэрэг бүртгэлтэд буцааж,

Шүүгдэгч Чонод овгийн Лхамсүрэнгийн Найданпэлжээ, насанд хүрээгүй шүүгдэгч Бөхөл овгийн Дүвжирийн Дэлгэрсайхан нарыг бүлэглэж, бусдын мал хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овгийн Цэрэндоржийн Цэрэнлхагва, насанд хүрээгүй шүүгдэгч Бөхөл овгийн Дүвжирийн Дэлгэрсайхан нарыг бусдын итгэмжлэн өгсөн малыг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Цэрэндоржийн Цэрэнлхагва, насанд хүрээгүй шүүгдэгч Бөхөл овгийн Дүвжирийн Дэлгэрсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Чонод овгийн Лхамсүрэнгийн Найданпэлжээ, насанд хүрээгүй шүүгдэгч Бөхөл овгийн Дүвжирийн Дэлгэрсайхан нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Чонод овгийн Лхамсүрэнгийн Найданпэлжээ, насанд хүрээгүй шүүгдэгч Бөхөл овгийн Дүвжирийн Дэлгэрсайхан нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч Чонод овгийн Лхамсүрэнгийн Найданпэлжээ, Боржигон овгийн Цэрэндоржийн Цэрэнлхагва, насанд хүрээгүй шүүгдэгч Бөхөл овгийн Дүвжирийн Дэлгэрсайхан нар цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг тус тус дурдаж,

Прокурорын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Л.Нгийн эзэмшлээс "KIA BONGO FRONTIER" маркийн 31-06 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Л.Нгийн эзэмшлээс хүрээтэй чандмань тамгатай хул зүсмийн морь 1 ширхэгийг, 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Ц.Цэрэнлхагвын эзэмшлээс "DAYUN" маркийн улсын дугааргүй ногоон өнгийн мотоциклийг, 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Д.Дэлгэрсайханы эзэмшлээс цэцгэн тамгатай хул зүсмийн морь 1 ширхэгийг тус тус битүүмжилсэн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" тогтоолыг хүчингүй болгож, тус бүрийн хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгож,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Чонод овгийн Лхамсүрэнгийн Найданпэлжээд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Төв аймгийн цагдаагийн газарт даалгаж,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт заасныг баримтлан насанд хүрээгүй шүүгдэгч Бөхөл овгийн Дүвжирийн Дэлгэрсайханд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд түүний засрал хүмүүжилд хяналт тавих дөхөм үзүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч эх Ц.Жавзанд хариуцуулж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхын 2017 оны 9 сарын 14-ны өдрийн 262 дугаартай шийтгэх тогтоолд “шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Л.Н, насанд хүрээгүй шүүгдэгчД.Днарыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулах нь зүйтэй” гэсэн дүгнэлт нь хууль ёсны болж чадаагүй байна.  

Ял шийтгэлийн хувьд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хорих ял шийтгэнэ. 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчлан тогтоосон. Үүнээс үзэхэд хорих ялын дээд хэмжээ адил боловч ялын доод хэмжээ нь 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 6 сараас эхэлж байх тул шүүгдэгч нарт уг хуулиар ял шийтгэл оногдуулах нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд бүрэн нийцэж байна.

Иймд “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” прокурорын дүгнэлтийг хүлээн авч Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 14-ний өдрийн 262 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 14-ний өдрийн 262 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 201719000294 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” прокурор Д.Нэргүйгийн гаргасан дүгнэлтийг хангаж шийдвэрлэсэн болохыг дурдсугай.

             3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Г.БОЛОРМАА

 

 

                   ШҮҮГЧИД                                                   Т.ЭНХМАА

 

 

                                                                 Р.МӨНХ-ЭРДЭНЭ