| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 125/2024/0031/3 |
| Дугаар | 221/МА2025/0317 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2025/0317
Х аймгийн ХМТХДХ-ийн ЗДийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн шүүгч А.Сарангэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т
Нэхэмжлэлийн шаардлага: “Х аймгийн Хэвлэл мэдээллийн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хөтөлбөрийн 2022-2024 оны санхүүжилтийг олгоогүй захиргааны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, хөтөлбөрийн 2022-2023 оны санхүүжилтийг нөхөн олгуулах, 2024 оны санхүүжилтийг олгуулах тухай захиргааны акт гаргахыг Х аймгийн ЗДд даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 11 дүгээр шийдвэр
Нэхэмжлэгч: Х аймгийн Хэвлэл мэдээллийн тогтвортой хөгжлийг дэмжих
хөтөлбөрийн ЗЗ
Хариуцагч: Х аймгийн ЗД
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал
Хэргийн индекс: 125/2024/0031/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х аймгийн Хэвлэл мэдээллийн тогтвортой хөгжлийг дэмжих хөтөлбөрийн ЗЗөөс Х аймгийн ЗДд холбогдуулан “Х аймгийн Хэвлэл мэдээллийн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хөтөлбөрийн 2022-2024 оны санхүүжилтийг олгоогүй захиргааны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, хөтөлбөрийн 2022-2023 оны санхүүжилтийг нөхөн олгуулах, 2024 оны санхүүжилтийг олгуулах тухай захиргааны акт гаргахыг Х аймгийн ЗДд даалгах”-аар маргасан байна.
2. Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 11 дүгээр шийдвэрийн
1 дэх заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ШЭОНСХ НҮТББ-ын аймгийн ЗДд холбогдуулан гаргасан Х аймгийн Хэвлэл мэдээллийн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн 2022-2024 оны санхүүжилтийг олгоогүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, хөтөлбөрийн 2022-2023 оны санхүүжилтийг нөхөн олгуулах, 2024 оны санхүүжилтийг олгуулах тухай захиргааны акт гаргахыг Х аймгийн ЗДд даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,
2 дахь заалтаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 60 дугаар зүйлийн 60.1.5, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 14 дүгээр зүйлийн 14.2.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х аймгийн Хэвлэл мэдээллийн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн ЗДийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тийн аймгийн ЗДд холбогдуулан гаргасан “Х аймгийн Хэвлэл мэдээллийн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн 2022-2024 оны санхүүжилтийг олгоогүй захиргааны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, хөтөлбөрийн 2022-2023 оны санхүүжилтийг нөхөн олгуулах, 2024 оны санхүүжилтийг олгуулах тухай захиргааны акт гаргахыг Х аймгийн ЗДд даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож ” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
3.1. “...Юуны өмнө шүүгч шийдвэртээ нэхэмжлэгчийг буруу бичсэн байна. Уг нэхэмжлэлийг Х аймгийн ХМТХД хөтөлбөрийн ЗДөөс томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан байтал шүүгч нь "ШЭ" орон нутгийн сэтгүүлчдийн холбоо НҮТББ-аас гаргасан мэтээр ташаарч бичжээ. Тэрээр энэхүү будилж бичсэн зүйлдээ үндэслэн шүүгчийн шийдвэрээ тодорхойлсон байна. Тэгэхээр шүүгч "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь заалтыг үндэслэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд" гэсэн нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, үндэслэлгүй дүгнэлт юм.
3.2. Урьд нь тухайн шүүгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн Захирамжийн талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс гаргасан 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 221/ШТ2024/0872 дугаар тогтоолын дагуу шүүгч нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 125/Ш32024/0329 дүгээр Захирамж гаргасан бөгөөд тэрхүү Захирамжид үндэслэн нэхэмжлэгч буюу Х аймгийн ХМТХД хөтөлбөрийн ЗД хуралдан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2-т заасны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилж, итгэмжлэлийг хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан шаардлагыг хангуулан гаргаж, нэхэмжлэлийн хамт шүүхэд хүргүүлсэн
3.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 18 дугаар зүйлийн 18.1, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2. мөн 52 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн гаргасан гэдгээ нэхэмжлэлд дурдсан бөгөөд шүүгч нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн. Шүүгчийн шийдвэрт бичсэнчлэн нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шуугч нь шийдвэртээ нэхэмжлэгчийг андуурч, ташаарч бичсэнийг дээр дурдсан.
3.4. Мөн шүүгчийн шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 2-т "Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 15.5, 60 дугаар зүйлийн 60.1.5. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 61. 14 дүгээр зүйлийн 14.2.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х аймгийн хэвлэл мэдээллийн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хөтөлбөрийн ЗДийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тийн аймгийн ЗДд холбогдуулан гаргасан Х аймгийн хэвлэл мэдээллийн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих" хөтөлбөрийн 2022-2024 оны санхүүжилтийг олгоогүй захиргааны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, хөтөлбөрийн 2022-2023 оны санхүүжилтийг нөхөн олгуулах, 2024 оны санхүүжилтийг олгуулах тухай захиргааны акт гаргахыг Х аймгийн ЗДд даалгах" нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай" гэжээ.
3.5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүгчийн энэхүү дүгнэлт, шийдвэрийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Тайлбарлавал: шүүгчийн үндэслэл болгосон Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д "Аймаг, сум, нийслэл, дүүргийн төсвийн орлогын нэр төрөл, зарлагын ангилал, санхүүжилтийн зориулалт болон төсөв зохиох, батлах, гүйцэтгэлийг зохион байгуулах, тайлагнах, хяналт тавих үйл ажиллагааг энэ хуульд заасан зарчимд нийцүүлэн Төсвийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна" гэж, харин 60 дугаар зүйлийн 60.1.5-д "аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн чиг үүргийг хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлэх" гэж тус тус заасан байдаг
3.6. Нэхэмжлэлийн шаардлага болон агуулга нь дээрх заалтуудад харшилж байна гэж үзэх боломжгүй, харин ч эдгээр заалтуудтай нийцэж байгаа бөгөөд алсуураа эдгээр заалтуудын хэрэгжилтийг хангуулахад чиглэгдсэн агуулгатай болохыг нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр тайлбарлаж, эдгээр заалтуудыг зөрчсөн тодорхой баримтуудыг гаргаж өгч, учрыг ярьсан боловч шүүгч шийдвэртээ нэхэмжлэгчийн тэрхүү шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбарыг оруулаагүй, зөвхөн хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг оруулж, нэг талыг баримталсан байна.
3.7. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д "Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад эрх бүхий байгууллага, төсвийн захирагч нь төсвийн зарчмыг мөрдлөг болгож, хэрэгжүүлэх үүрэгтэй" гэсэн байдаг. Тэрхүү төсвийн зарчмуудыг энд дурдвал төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасанчлан "төсвийн тогтвортой байдлыг, иж бүрэн, үнэн зөв байдлыг, ил тод байдлыг тус тус хангасан байх, санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, хариуцлагатай байх" гэсэн зарчмууд юм. Бидний нэхэмжлэлийн агуулгад эдгээр зарчмуудтай харшлах ямар нэг санаа байхгүйгээр барахгүй харин ч эдгээр зарчмууд зөрчигдөж байгааг баримтаар илчилж, хариуцлага нэхэх, засаж залруулахад нь нөлөөлөхүйц шүүхийн үнэн зөв шийдвэрийг гаргахыг хүссэн байсан бөгөөд үүнийгээ шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан. Харамсалтай нь шүүгч түүнийг шийдвэртээ дурдаагүй, оруулаагүй байгааг дээр бичсэн. Төсвийн 14.2.3-дахь заалт бол "өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах" гэсэн заалт бөгөөд энэ талаар элдэв тайлбар бичих нь илүүц зүйл.
3.8.Нэхэмжлэлийн шаардлагад буй Засаг даргын эс үйлдэхүй нь төсвийн тухай хуулийн "... үнэн зөв, ил тод байдлыг хангасан байх, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, хариуцлагатай байх” гэсэн зарчмуудыг, мөн төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5-д заасан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, 24 дүгээр зүйлийн 24.5-д заасан "Төсвийн ерөнхийлөн захирагчийн болон түүний эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллагын хэрэгжүүлэх арга хэмжээ, ажил, үйлчилгээг тухайн төсвийн ерөнхийлөн захирагчийн хэрэгжүүлэх аль нэг хөтөлбөрт хамруулсан байна" гэсэн заалтууд зөрчигдөж байгааг илчлэх баримтууд хэргийн материалд хангалттай авагдсан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ тухайд шүүх хуралдаан дээр сайтар тайлбарласан атал шүүгч бараг хуулийн заалтуудыг гүтгэн тайлбарлах янзтай зүйлүүдийг шүүгчийн шийдвэртээ бичиж, үндэслэлгүй дүгнэлт, шийдвэр гаргасан байна гэж үзэж байна.
3.9. Шүүгчийн шийдвэрт бичигдсэн 16, 17 гэж дугаарласан хэсэгт шүүгч хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулахаар батлагдсан төсвийн хэмжээг он тус бүрээр дурдаад, "эндээс үзвэл дэд хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний зардалд зориулж орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх санал буюу санхүүжилт олгох мөнгөн дүнгийн хязгаарыг тогтоосон байх тул нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлд дурдсан хөтөлбөрийн санхүүжилт нь төрөөс орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын тогтвортой үйл ажиллагааг дэмжиж буй дэмжлэг учраас хөтөлбөрт тусгагдсан хэмжээгээр санхүүжилтийг ЗДд олгож, зөвлөлөөс хөтөлбөрт хамрагдсан байгууллагуудад хуваарилалт хийж олгодог.." гэх тайлбар үндэслэлгүй байна гэж үзлээ гэсэн нь байгаа нь чухам юу бичих гээд буйг ойлгох боломжгүй, утга авцалдаагүй зүйл болжээ. Уг санаа нь бол "хөтөлбөрт батлагдсан төсвийн дүн нь зөвхөн олгох мөнгөн дүнгийн хязгаарыг тогтоосон тоо учир олгох албагүй" гэсэн санааг гаргах гэсэн бололтой. Гэтэл хөтөлбөрт төсвийг хамтад нь тусгаж батлахдаа "олгох хязгаар" энэ тэр гэсэн ямар ч үг үсэг байхгүй, Зарцуулагдах санхүүжилтийг нь төсөв боловсруулсан багийн тооцоолж оруулснаар хүлээн зөвшөөрч баталсан тоо юм.
3.10. Шүүгчийн шийдвэрийн 18 гэж дугаарласан хэсэгт "...2022, 2023, 2024 оны орон нутгийн төсөвт дээрх хөтөлбөрт тусгагдсан санхүүжилтийг тусгайлан батлаагүй, аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, дэд хөтөлбөрийг багцалсан хэлбэрээр тусгаж, санхүүжилтийг нэгдсэн дүнгээр баталж байсан болох нь тогтоогдсон..." гэж, мөн 19 гэж дугаарласан хэсэгт "...аливаа төсөл хөтөлбөрийн зардлыг жил бүр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд үндэслэн зардлын тооцооллыг гаргаж, эрх бүхий байгууллагад уламжилж батлуулах нь төсвийн тухай хуульд заасан журамласан харилцаагаар зохицуулагдах учиртай" гээд мөн 20 гэж дугаарласан хэсэгт "Гэтэл нэхэмжлэгч нь хөтөлбөрт туссан хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар тухайн ондоо санхүүжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, холбогдох баримт хүсэлтийг гаргаж байгаагүй атлаа хөтөлбөрт тусгагдсан дүнгээр жил бүр санхүүжилт олгох ёстой учир олгогдоогүй жилийн санхүүжилтийг нөхөн олгуулах гэж маргаж байгаа нь үндэслэлгүй" гэж бичжээ.
3.11. 2022, 2023, 2024 оны орон нутгийн төсөвт маргаж буй дэд хөтөлбөрийн санхүүжилтийн нэрийг нь зааж тусгайлан баталсан. Гэхдээ Засаглалын чиглэлийн дөрвөн дэд хөтөлбөрийн нэрийг заагаад нэг багц болгож, тус бүрд батлагдсан санхүүжилтийг нь багцад нэмж нэгтгэн баталсан тухай баримт хэргийн материалд авагдсан байгааг шүүгч ойлгоогүй бололтой. Тэрчлэн шүүгчийн шийдвэрийн 20 гэсэн хэсэгт жил бүрийн төсөв батлахад нэхэмжлэгчээс саналаа өгч байгаагүй мэтээр зохиож, гүтгэж бичжээ. Жил бүрийн төсвийн санал боловсруулж байх явцад хөтөлбөрийн ЗДөөс уг хөтөлбөрийн санхүүжилтийг тухайн оны төсөвт тусгуулах саналаа албан бичгээр хүргүүлж байснаар тийнхүү хөтөлбөрийн нэрийг төсөвт зааж баталсан байдаг. Тэрчлэн аливаа батлагдсан хөтөлбөрийн санхүүжилтийг тухайн жилийн төсөвт суулгаж батлуулахын тулд, заавал дахин шинээр төлөвлөгөө, санал уламжлах ёстой гэсэн заалт хуульд байхгүй. Эндээс үзэхэд уг хэрэгтэй холбоотой төсвийн үйл явцын асуудлыг шүүгч ойлгохгүй байгаа нь харагдаж байна. Эсвэл зориудаар хариуцагч талд үйлчлэх гэж чармайсан гэж ч үзэж болохоор байна. Яагаад гэвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр ярьсан тайлбарыг шүүхийн шийдвэртээ оруулалгүй, зөвхөн хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг оруулсан байгаа, мөн шүүгч нь гэрчээс мэдүүлэг авахдаа "аймгийн төсвийн бодлогыг чи мэддэг юм уу. Засаг даргын шийдвэрийн талаар чи ярих эрхгүй" гэх мэтчилэн бүдүүлэг аашилж, загнаж дарамталсан. Шүүх хурлын өмнө хариуцагчтай холбогдож, “шүүх хурал болохоос өмнө" нэхэмжлэгчтэй уулзах юм уу, яах юм" гэх утгатай зүйл ярьсан байсан (Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн амаар хэлсэн) асуудал бий. Энэ байдлыг бид шүүгчийн ёс зүйд нийцэхгүй зүйл хийгээд хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
Ийнхүү Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 125/ШШ2025/0011 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байгаа учраас уг шийдвэрийг хүчингүй болгуулах, улмаар нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхээр дахин хэлэлцэн үндэслэлтэй, үнэн зөв шийдвэр гаргах боломжийг хангаж өгөхийг хүсэж энэхүү гомдлыг гаргаж байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүх шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг ханган шийдвэрлэв.
1.Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухайд:
1.1.Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 333 дугаар “Захиргааны хэрэг үүсгэх тухай” захирамжаар[1] Х аймгийн ХМТХД хөтөлбөрийн ЗДөөс гаргасан “Х аймгийн Хэвлэл мэдээллийн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хөтөлбөрийн 2022-2024 оны санхүүжилтийг олгоогүй захиргааны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, хөтөлбөрийн 2022-2023 оны санхүүжилтийг нөхөн олгуулах, 2024 оны санхүүжилтийг олгуулах тухай захиргааны акт гаргахыг Х аймгийн ЗДд даалгах” шаардлага бүхий Х аймгийн ЗДд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
1.2.Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “ШЭОНСХ НҮТББ”-оос гаргасан “Х аймгийн Хэвлэл мэдээллийн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн 2022-2024 оны санхүүжилтийг олгоогүй захиргааны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, хөтөлбөрийн 2022-2023 оны санхүүжилтийг нөхөн олгуулах, 2024 оны санхүүжилтийг олгуулах тухай захиргааны акт гаргахыг Х аймгийн ЗДд даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай Х аймгийн ЗДд холбогдуулан гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, тодруулбал, захиргааны хэрэг үүсгээгүй нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан гэж үзэхээр байх тул шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгчийн эрх зүйн байдлын тухайд:
2.1.Х аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 175 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “ХМТХД” аймгийн дэд хөтөлбөрийн 6.1, 7.1-д[2] заасны дагуу “Х аймгийн ХМТХД хөтөлбөрийн ЗЗ” нь “ШЭ” орон нутгийн сэтгүүлчдийн холбоо, МСЭ-ийн салбар зөвлөл, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газрын төлөөлөл, сэтгүүлчдийн төлөөллөөс бүрдсэн бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэх 3 жилийн хугацаанд хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдлага, зохицуулалтаар хангах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр байна.
2.2.Үүнээс үзэхэд нэхэмжлэгч “Х аймгийн ХМТХД хөтөлбөрийн ЗЗ” нь эрх зүйн байдлын хувьд Х аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс баталсан “ХМТХД” аймгийн дэд хөтөлбөрийг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах орон тооны бус түр зөвлөл буюу хуулийн этгээдийн эрхгүй этгээд гэж үзэхээр байна.
2.3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй шаардлагатай хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг шүүгч захирамж гарган оролцуулж болно.” гэж заасны дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 333 дугаар “Захиргааны хэрэг үүсгэх тухай” захирамжаар хуулийн этгээдийн эрхгүй Х аймгийн ХМТХД хөтөлбөрийн ЗДийн нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн, уг зөвлөлийг нэхэмжлэгчээр оролцуулсныг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.
Тодруулбал, Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 306 дугаар захирамжаар[3] “...нэхэмжлэлийг нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх асуудлаар гаргаагүй гэж дүгнэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 221/ШТ2024/0872 дугаар тогтоолоор “...нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийг бүрэн тодруулаагүй буюу Х аймгийн ХМТХД хөтөлбөрийн ЗД эсхүл ШЭОНСХ НҮТББ нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхойгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус үндэслэлээр хүлээн явахаас татгалзаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ” гэх үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Уг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолын дагуу анхан шатны шүүхээс Х аймгийн ХМТХД хөтөлбөрийн ЗДийг нэхэмжлэгч гэж үзэн, түүний нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэжээ.
3.Нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:
3.1.Х аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 175 дугаар тогтоолын[4] 1 дэх заалтаар “ХМТХД” дэд хөтөлбөрийг баталж, 2 дахь заалтаар хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг тооцон, жил бүр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж ажиллахыг аймгийн ЗДд даалгажээ.
Мөн дэд хөтөлбөрт 5 зорилт дэвшүүлж, зорилт тус бүрийг хэрэгжүүлэхээр нийт 19 үйл ажиллагааг тусгасан ба хөтөлбөрийн Хөтөлбөрийн санхүүжилт төсвийн талаар дурдсан 8.1-д “Орон нутгийн төсөв, 8.5-д “Хөлөлбөрийг хэрэгжүүлэхэд орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх санхүүжилтийн саналын нийт дүн 180.0 сая төгрөг байхаар, үүнээс 2022 онд 50.0 сая, 2023 онд 70.0 сая төгрөг, 2024 онд 60.0 сая төгрөг” гэж тус тус заасан байна.
Дээрх үйл баримтаас дүгнэхэд, Х аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс тус аймгийн “ХМТХД” зорилгоор дэд хөтөлбөрийг 2021 оны 175 дугаар тогтоолоор баталж, уг хөтөлбөрийг 2022-2024 онд хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг орон нутгийн төсвөөс гаргахаар шийдвэрлэсэн гэдэг нь тогтоогдож байх бөгөөд уг 175 дугаар тогтоол хүчингүй болсон нөхцөл байдал тогтоогдсонгүй.
3.2.Түүнчлэн Х аймгийн 2022 оны төсвийг баталсан Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5/07 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 4.7-д “Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх дэд хөтөлбөрүүд /Цахим Х, Стандарттай Х, Хариуцлагатай тунгалаг төр, Хэвлэл мэдээллийн тогтвортой хөгжил/ зэрэг дэд хөтөлбөрүүдийг хамааруулж санхүүжилтэд зориулж 235.0 сая төгрөг”,
2023 оны төсвийг баталсан Х аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 10/06 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 7.3-д “Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр дэх дэд хөтөлбөр, төсөл арга хэмжээ” гээд 850.0 сая төгрөг,
2024 оны төсвийг баталсан Х аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 14/04 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтын 5.6-д “төрийн бүтээмжийг сайжруулах чиглэлийн хөтөлбөрт 230.0 сая төгрөг” гэж тус тус төсвийг баталжээ.
Үүнээс дүгнэхэд, Х аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал орон нутгийн төсвөөс “ХМТХД” дэд хөтөлбөрт жил бүр зарцуулах санхүүжилтийн дүнг тодорхойлж, 2022, 2023, 2024 оны төсөвт тусган баталсан гэж үзэхээр байна.
3.3.Нэхэмжлэгч Х аймгийн Хэвлэл мэдээллийн тогтвортой хөгжлийг дэмжих хөтөлбөрийн ЗД нь “ХМТХД” дэд хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлын тайланг жил бүр хариуцагчид хүргүүлж, хариуцагчаас тайланд хяналт-шинжилгээ үнэлгээ хийж, хэрэгжилтийг дүгнэсэн байх бөгөөд 2022 оны жилийн эцсийн байдлаар 72.2 хувь, 2023 оны жилийн эцсийн байдлаар хийсэн хяналт-шинжилгээ үнэлгээний 4-т “ХМТХД” дэд хөтөлбөрт “Орон нутгийн хөгжлийн сан”-аас 20.0 сая төгрөг зарцуулж, 73.6 хувь, 2024 оны жилийн эцсийн хяналт- шинжилгээ үнэлгээгээр 60.8 хувьтай гэж тус тус үнэлжээ[5].
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төөс 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 12/211 дугаар, 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 3/77 дугаар албан бичгээр аймгийн ЗДд, 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2/78 дугаар албан бичгээр хөтөлбөрийн санхүүжилтийг нөхөн олгуулах хүсэлтийг хариуцагчид хүргүүлсэн байх бөгөөд хариуцагчаас дээрх хүсэлтүүдийг шийдвэрлээгүй гэдэг нь нэхэмжлэгч, хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбараас тогтоогдож байна.
3.4.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (2006 оны) хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцоо нь дараахь бүтэцтэй байна:”, 7.1.3-д “энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан Хурлын хуралдааны чөлөө цагт тэдгээрийн Тэргүүлэгчид” гэжээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (2020 оны) хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т “Бүх шатны ЗД тухайн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй”, 60 дугаар зүйлийн 60.1-д “Аймгийн ЗД харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 60.1.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж, үр дүнг хариуцах”, 60.1.4-т “аймгийн ... төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах”, 60.1.5-д “аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн чиг үүргийг хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлэх” гэж тус тус заасан.
3.5.Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.Дараах албан тушаалтан төсвийн ерөнхийлөн захирагч байна: 14.1.20.аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗД тухайн шатны орон нутгийн энэ хуулийн 14.1.18, 14.1.19-д зааснаас бусад төсвийн. 14.2.Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:14.2.2-т “өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөрийн санхүүжилтийг бодитой тодорхойлох” гэж тус тус заасан.
3.6.Маргааны тохиолдлын хувьд, Х аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс “ХМТХД” дэд хөтөлбөрийг 2021 оны 175 дугаар тогтоолоор баталж, уг хөтөлбөрийг 2022-2024 онд хэрэгжүүлэхэд шаардлагатай орон нутгийн төсвөөс дэд хөтөлбөрт жил бүр зарцуулах санхүүжилтийн дүнг тодорхойлж, орон нутгийн төсвөөс гаргахаар шийдвэрлэсэн, уг санхүүжилтийг 2022, 2023, 2024 оны төсөвт тусган баталсан, мөн 175 дугаар тогтоол хүчингүй болсон нөхцөл байдал тогтоогдоогүй, цаашлаад Х аймгийн ЗД нь тус дэд хөтөлбөрийн гүйцэтгэсэн ажлын тайланд жил бүр хяналт шинжилгээ хийж, дүгнэн үнэлгээ өгч байсан, уг хөтөлбөрийн санхүүжилтийн зарим санхүүжилтийг ЗД олгоогүй болох нь тогтоогдож байна.
3.7.Үүнээс дүгнэхэд, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс дэд хөтөлбөр баталж, уг хөтөлбөрт орон нутгийн төсвөөс жил бүр зарцуулах санхүүжилтийн дүнг тодорхойлж, тухайн жилүүдийн төсөвт тусгаж, санхүүгийн тайланд үндэслэж журмын дагуу дэд хөтөлбөрийн санхүүжилтийг олгох боломжтой байхад хариуцагч Х аймгийн ЗДас хуульд заасан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх, шаардлагатай санхүүжилтээр хангах үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэхээс татгалзсан нь холбогдох хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн санхүүжилт авч үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
3.8.Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 11 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (2020 оны) хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х аймгийн ХМТХД хөтөлбөрийн ЗДийн Х аймгийн ЗДд холбогдуулан гаргасан “Х аймгийн Хэвлэл мэдээллийн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хөтөлбөрийн 2022-2024 оны санхүүжилтийг олгоогүй захиргааны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, хөтөлбөрийн 2022-2023 оны санхүүжилтийг нөхөн олгуулах, 2024 оны санхүүжилтийг олгуулах тухай захиргааны акт гаргахыг Х аймгийн ЗДд даалгах” нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Х аймгийн Хэвлэл мэдээллийн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хөтөлбөрийн 2022-2024 оны санхүүжилтийг олгохгүй байгаа захиргааны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2022-2024 онд хөтөлбөр хэрэгжүүлсэн зардлыг тооцож зохих журмын дагуу олгохыг Х аймгийн ЗДд даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ