Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 11

 


2017.01.11

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2017/0026/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баттулга даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Дашдаваа,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Баттамир,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,  
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201609000557 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, *** төрсөн, 37 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч  мэргэжилтэй, ам бүл 2 эхийн  хамт *** тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх *** регистрийн дугаар ***

Холбогдсон хэргийн талаар: 
Шүүгдэгч ***  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит баг 4 дүгээр бригадын нутаг дэвсгэрт *** улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ ***ийн эзэмшлийн ***улсын дугаартай Киа Портер маркийн авто машины араас мөргөж улмаар иргэн ***ын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчсөн  гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***ийн  мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2016 оны 09 дүгээр  сарын 24-ний өглөө 10 цагийн орчим ээжийн хашааны гадаа машин явдаг зам дээр хадлан руу явах гээд бүгдээрээ зогсож байсан бөгөөд хадлан руу явахаас өмнө дэлгүүр лүү явж нэг шил архи авчраад тойруулж уусан. Тэр үед *** хүрч ирээд та нар өвс хадлан руугаа явах гэж байгаа юм уу гэхэд тийм гэж хэлэхэд тэгвэл би хадлан руугаа та нартай хамт яваад дөхөөд буумаар байна гээд миний машинд орж суусан. Тэгээд бид нар хадлан руу хөдлөөд явсан. Намайг Хонгор сумын Цайдамын цайны газрын орчимд ***ын хамт явж байхад миний араас найз ***, дүү ***гийн эзэмшлийн ***улсын дугаартай Киа Портер маркийн авто машиныг жолоодож намайг гүйцэж түрүүлсэн. Тэд нар Хонгор сумын 4 дүгээр бригадын урд талын замаар салах байсан чинь уулзвар өнгөрөөд яваад өгсөн. Би тэд нарын ард ойрхон явж байсан юм. Би тэд нарыг уулзвараар салахгүй буруу явчихлаа гэж бодоод уулзвар луу хараад эргээд харахад ойрхон явж байсан болохоор араас нь очоод мөргөсөн юм. Энэ ослоос болж ***ын баруун хөл хугараад машины жолоочийн эсрэг талын хаалганд хавчуулагдсан байсан. Бид нар сандраад замаар явж байсан “Хово маркийн ачааны авто машиныг зогсоож тэр машинаар портерын хаалгыг татуулж байгаад ***ыг салгаж авсан. Тэгээд удаагүй байтал осол гарсан газрын хажуу талын замаар хадлан руу явах гээд *** өөрийн эзэмшлийн машинтай явж байсан. Би ***ийн хамт ***ыг дуудаад чамд утас байна уу ослын талаар цагдаа эмнэлэгт мэдэгдмээр байна гэхэд утсаа гаргаж ирээд Цагдаа эмнэлэгт мэдэгдсэн. Тухайн үед ***ын хөл эвгүй харагдаад байсан тул ***ийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн тэвшин дээр ***ыг суулгаж ***оор түшүүлээд Хонгор сумын эмнэлэг рүү явуулсан. Харин ослын газар дээр ***гийн хамт цагдаа, эмнэлэг ирэхийг хүлээгээд үлдсэн. Тэгээд цаг орчим хүлээж байгаад *** хадлан руугаа явлаа гэхээр нь машинаа яаж зам дээр үлдээх юм гэж бодоод хажуу талын 4 дүгээр бригадын манаачийн хажууд аваачиж тавьсан бөгөөд замын машинаар Хонгор сум орж Цагдаагийн хэсгийн үүдэнд очиход хаалга нь цоожтой байсан. Тухайн өдөр амралтын өдөр байсан бөгөөд 2 цагийн дараа хэсгийн төлөөлөгч *** ирээд надаас зам тээврийн ослын талаар тайлбар авч 40 дүгээр пост дээр ирж согтуурлын зэрэг тогтоосон. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Урьд өмнө ямар нэг хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, зам тээврийн осол гаргаж иргэн ***ын бие махмодид хүндэвтэр гэмтэл учруулсан буруугаа ойлгож эмчилгээний зардал хохирлыг нь нөхөн төлсөн хуулийн хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 78, 80/,
        
Хохирогч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 10 цагийн орчимд *** тоотод байх гэрээсээ гараад Хонгор сумын урагшаа 4 дүгээр бригадын хадландаа явах гээд зам дээрээс машинд дайгдаж дөхөх гээд зогсож байсан. Тэгэхэд *** цэнхэр өнгийн Бонго маркийн авто машинтайгаа ирсэн. Миний харж байснаар 3 Портер маркийн машин явж байсан бөгөөд хамгийн эхний машинд нь би суусан. Тэгээд *** бид хоёр түрүүлээд явж байхад 4 дүгээр бригадын урд талын салах хэсэг өнгөрөөд явж байхад цагаан өнгийн Портер маркийн машин бид хоёрыг гүйцэж түрүүлээд зогссон. Тэгэхэд *** надад энэ хэд уулзвар өнгөрөөд явчих юм. “Чамайг хүргэж өгөх гэж байгаа юм болов уу” гэж хэлээд явж байгаад Портер машины араас очоод мөргөсөн. Миний бодлоор бол нилээн хурдтай явж байсан. Би ***д урд чинь нөгөө хэд зогсчихлоо гэж хэлэхийн завдалгүй араас нь очоод миний талаар мөргөсөн” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 24-25/,  

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 09 дүгээр сарын 24-ний  өглөө 10 цагийн үед ах ***ийн машинд найз ***ын хамт сууж явсан. Харин *** ах цагаан өнгийн ***улсын дугаартай Киа Портер маркийн авто машиныг жолоодоод хажуудаа ***, *** нарыг суулгаад ээжийн гэрийн үүднээс Хэрээгийн даваа руу өвс ачих гээд хөдөлсөн. Би найзынхаа машинтай дахин өөртөө туслуулчих хүн олох гээд Хонгор сумын төвд үлдсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27/, 

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 09 дүгээр сарын 24-ний  өглөө 10 цагийн үед гудамжинд ганцаараа алхаж явахад ***ийн дүү *** цагаан өнгийн Портертой ганцаараа хүрч ирээд та энэ машиныг бариад өвс таталцаад өгөөч гэж хэлсэн. Би тухайн үед архинаас амсаж уруулаа хүргээд өгсөн. Тэр ганц шил архи тойруулж ууж дуусгаад өвсөндөө явахаар болсон. Би Э.***гийн цагаан өнгийн ***улсын дугаартай Киа Портер маркийн авто машиныг жолоодоод кабиндаа ***, ***  нарыг суулгаад Хонгор сумын төвөөс гарахад *** бензин колонк дээрээс түлш аваад түрүүлээд хөдөлсөн байсан. Би араас нь явж байгаад Цайдамын цайны газрын орчимд гүйцэж түрүүлээд цаашаа 4 дүгээр бригадын салдаг дээрээс 60 орчим метр яваад ***ийг хүлээгээд аль замаар явахаа асуух гээд зогсож байсан. Бид гурав *** ирж явна гэж яриад машиндаа сууж байхад араас ирээд тас гээд мөргөх чимээ гарсан юм. Тухайн үед ***д болон надад ярих утас байхгүй байсан ба түр зогсож байтал *** араас хадлан орох машинтай ирж байсан тул зогсоож түүний утсаар цагдаагийн газар болон эмнэлэгт осол болсон талаар мэдэгдэх хэрэгтэй байна гэхэд *** утсаараа ярьж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28/,

Гэрч Э.***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр өглөө 08 цагийн үед гэртээ Сэлэнгэ аймгийн Энх тал сум руу явах гээд байж байхад ах *** ирээд машинаа өгч байгаач өвс татчихаад өгье гэхээр нь өөрийн ачааны жижиг Портер маркийн ***улсын дугаартай цагаан өнгийн машиныг өгөөд явуулсан. Миний талийгаач эцгийн машины зөв талын хойд гэрэл, урд салхины шил цуурсан байсан. Зам тээврийн осол гаргасан *** миний нагац ахын хүүхэд байгаа юм. Би машины эвдэрсэн эд зүйлсийг нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29/, 

Гэрч Д.***ын мөрдөн байцаалтад өгсөн: “Хонгор сумын  урагшаа  байдаг 4 дүгээр бригадын хажуу талын авто машины төв зам дээр ***, *** нар хоорондоо мөргөлдсөн байдалтай замын хажууд зогсож байсантай тааралдсан. Би яваад очиход гар утас алга эмнэлэг болон цагдаагийн байгууллагад мэдэгдмээр байна гэж хэлсэн. Би дүү рүүгээ залгаад хэл цаашаа дуулгасан талаар асуухад эмнэлгийн байгууллагад мэдэгдсэн. Эмнэлгийн байгууллага цааш нь цагдаагийн байгууллагад мэдэгддэг гэж хариу хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32/,

Замын цагдаагийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “...Киа Бонго маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг 2.7-т заасан жолооч согтууруулах ундаа мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалт, мөн дүрмийн 9 дүгээр бүлэг 9.2-т заасан жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 68/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 04 ний өдрийн 1053 дугаартай “..***ын биед баруун хөлын дунд чөмөгний хоёрлосон битүү хугарал, зүүн шанаа, баруун хөлийн шилбэний шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд ГЗТЖ-ын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ***ын биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх  дүгнэлт /хавтаст хэргийн  35/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст ял шийтгэлгүй /хавтаст хэргийн 82/ гэх болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч *** ***  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит баг 4 дүгээр бригадын нутаг дэвсгэрт ***улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг 2.7-т заасан жолооч согтууруулах ундаа мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалт, мөн дүрмийн 9 дүгээр бүлэг 9.2-т заасан жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас ***ийн эзэмшлийн  ***улсын дугаартай Киа Портер маркийн авто машины араас мөргөж иргэн ***ын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч ***, хохирогч ***, гэрч  *** Д.***, Э.*** нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27, 28, 29, 32/, Замын Цагдаагийн шинжээчийн ослын  дүгнэлт, Шүүх эмнэлгийн шинжээчийн 1053 тоот дүгнэлт хавтаст хэргийн 35, 68 дугаар талуудад тус тус авагдсанаар нотлогдон тогтоогдож байна. 

  Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн яллах дүгнэлтийн зүйлчлэл тохирч байна. 

Иймд шүүгдэгч ***ийг  тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутад тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч ***ийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
                                                       ТОГТООХ нь: 

1.Шүүгдэгч ******ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч ***ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар ***д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид   эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай. 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар ***д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай. 
  
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар ***ийн  засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 

7.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан *** нь тэнсэж хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн газрын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг ***д сануулсугай.  

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар ***д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ***ийн эзэмшлийн *** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ***д буцаан олгосугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч ***ийн эзэмшлийн ***улсын дугаартай Киа Бонго маркийн автомашиныг битүүмжилсэн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

11.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар ***ийн  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, ялтан хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолыг үл биелүүлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 258 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэхийг сануулж, ***ийн *** дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В, С ангиллын үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудсын хамт Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах /Д.Одончимэгт/-т даалгасугай. 

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        П.БАТТУЛГА