Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 126/ШШ2021/0036

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Э.Пд холбогдох Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 36-01/115, 36-01/116, 36-01/117, 36-01/118 дугаар актуудыг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгох тухай шаардлага бүхий Н.О, Ч.Ц нарыннэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, хариуцагч Э.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.О, Ч.Ц нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Э.П нь төлбөр барагдуулах тухай акт тавихдаа, биднээс үүнтэй холбоотойгоор тайлбар, мэдүүлэг огт аваагүй, шаардлагатай баримт, бичгийг гарган өгөх, шалгуулах боломж огт олгоогүй, өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалан оролцох эрхийг эдлүүлээгүй нь Төрийн хяналт шалгалтын хуульд заасан төрийн хяналт шалгалт хийхдээ шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах зарчмыг баримтлана гэснийг зөрчсөн. Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч Э.П нь хяналт шалгалтаа Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар хуулийн дагуу явуулсан бол бид өөрсдийн санал хүсэлтээ тэмдэглэлд тусгуулах боломж бүрдэх байсан. Гэтэл бидэнд тийм боломж олгоогүй. ... Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангийн захиралаар Н.О, нягтлан бодогчоор Ч.Ц бид ажиллаж байх хугацаандаа жижүүрээр ажиллаж байсан Н.Шыг Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу өөрийн байгууллагадаа жолоочийн ажил хавсран гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн ба түүнд үндсэн цалингийх нь 15 хувиар тооцон цалин өгч ажиллуулсан нь үнэн болно. Гэвч тухайн асуудлыг ганцхан захирлын тушаал байхгүй гэсэн үндэслэлээр Н.Шт олгосон цалин хөлсийг Н.О, Ч.Ц биднээр төлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь зүйд нийцэхгүй юм. Мөн улсын байцаагч нь танилцуулгадаа Н.Шт 1 368 012 төгрөг олгосон гэсэн атал актандаа 1 776 148 төгрөг гэж 408 136 төгрөгний зөрүүтэй бичигдсэн байгаа нь ойлгомжгүй байдаг. Захирлаар ажиллаж байсан Н.О миний тухайд ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр өөрийн дураар өөртөө урамшуулал авах эрхгүй. Аймгийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаар бүхий ур чадварын нэмэгдэл олгох тухай захирамжийн дагуу сарын цалингийн 10 хувиар тооцон ур чадварын нэмэгдэл авч байсан байтал намайг хууль зөрчиж ур чадварын нэмэгдэл авсан гэсэн нь үндэслэлгүй. ... Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 36-01/115, 36-01/116, 36-01/117, 36-01/118 дугаартай актуудыг бидэнд тавихдаа холбогдох хууль дүрэм журмыг зөрчиж бидэнд тавьсан акт нь илт хууль бус болсон юм. Иймд Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 36-01/115, 36-01/116, 36-01/117, 36-01/118 дугаартай актуудыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Нэхэмжлэгч Н.О, Ч.Ц нар нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 36-01/115, 36-01/116, 36-01/117, 36-01/118 тоот актуудыг эс зөвшөөрч илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 36-01/115, 36-01/116, 36-01/117, 36-01/118 тоот актуудыг хүчингүй болгуулахаар өөрчилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хөвсгөл аймгийн нийтийн номын сангийн 2018-2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд Санхүүгийн хяналт аудитын албанаас шалгалт хийгээд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн төлбөр барагдуулах тухай 36-01/115, 36-01/116, 36-01/117, 36-01/118 тоот актууд гарсан байдаг. Нэхэмжлэгч нарын зүгээс уг төлбөр барагдуулах тухай актуудыг хүлээн зөвшөөрдөггүй юм. Учир нь Санхүүгийн хяналт аудитын улсын байцаагч Хөвсгөл аймгийн нийтийн номын сангийн 2018-2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт хийхдээ шалгуулах этгээдэд шалгалт эхлэхээс өмнө шалгалтын талаар урьдчилж мэдэгдэх ёстой байсан. Гэтэл энэ удаагийн хяналт шалгалтын талаар нэхэмжлэгч нарт мэдэгдээгүй. Мөн акт тавихаасаа өмнө санал хүсэлтийг нь тусгах ажиллагаа хийгээгүй байна. Энэ талаар сүүлд 2 дугаар сард мэдсэн гэж нэхэмжлэгч нар тайлбарладаг. Н.О нь 2009-2020 онд Нийтийн номын сангийн захирлаар ажиллаж байсан. Энэ хугацаанд хяналт шалгалт хийж байгаа учраас Н.О шалгуулагч этгээд юм. Иймд Н.Од мэдэгдэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл мэдэгдээгүй үйлдэл нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар мэдэгдэх, сонсох ажиллагааг хийгээгүй байна гэж үзэж байна. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед тайлбарлахдаа Н.О, Ч.Ц нартай уулзаад шалгалтын тэмдэглэл хөтөлж санал хүсэлтийг нь тусгаж гарын үсэг зуруулсан гэдэг. Гэвч энэ нь 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр буюу акт гарснаас хойш Н.О, Ч.Ц нарт мэдэгдэж тэдгээрийн санал хүсэлтийг нь авч байгаа нь ач холбогдолгүй байгаа юм. Н.Огийн хувьд 2020 оны 6 дугаар сард ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд энэ цагаас хойш н.Даваачулуун гэх хүн захирлаар нь ажиллаж байсан. Гэтэл 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 36-01/115 дугаартай актаар тус байгууллагын жижүүр Н.Шт эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр 2019 оны 5 дугаар сараас 2020 оны дуустал жолоочийн ажил хавсран гүйцэтгэсний хөлс болох 1,776,148 төгрөгийг олгосон гэх шалтгаанаар захирал Н.О, нягтлан бодогч Ч.Ц нарт төлүүлэхээр тусгасан байдаг. Н.О нь 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн учраас 2020 оны 6 дугаар сараас 2020 оныг дуустал хагас жилийн хугацаанд н.Даваачулуун захирал ажиллаж байсан. Иймд н.Даваачулуун захиралд хамаарах хэсгийн Н.О захиралд хамааруулж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Э.Пд холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 36-01/115, 36-01/116, 36-01/117, 36-01/118 тоот актууд хуульд нийцээгүй, шаардлага хангаагүй байх тул хүчингүй болгуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Э.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед Н.О даргын хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон байсан. Албан ёсны хариуцагч нь н.Даваачулуун хариуцагч байсан тул 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр удирдамжаа номын сангийн бичиг хэрэг М.Цацралд хүргүүлсэн. Манай дотоод аудитор Бямбабаяр гэх хүн хүргүүлсэн байгаа. Удирдамж хүргүүлээгүй байхад буюу 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр номын сангийн баримтууд манай байгууллага дээр ирсэн байсан. Ч.Ц нягтлан өөрөө гарын үсэг зураад бид хүлээж авсан баримтаа бүрдүүлсэн байгаа. Би Н.О захиралд боломж олгосон байгаа. Тухайн үед албан ёсны хариуцагч нь н.Даваачулуун байсан учраас Н.О захирлаас тайлбар, санал, мэдэгдэл авах ёстой гэсний үндсэн дээр саналыг нь акт тавихаасаа өмнө авсан. Акт тавьсан хугацаа нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэж байгаа. Акт тавьсан, сонсох ажиллагаа явуулсан хугацаа хоёр зөрсөн асуудал нь манай дотоод ажилтай холбоотой зүйл юм. Манай байгууллага 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор Сангийн яаманд тоон мэдээлэл явуулдаг юм. Гэтэл энэ хяналт шалгалт удааширсаар байгаад 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор багтаж гарах боломжгүй бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор актын хугацааг бичиж байж, Сангийн яам руу тоон мэдээ явах учиртай байсан. Энэ бол дотоод ажилтай холбоотой процесс болохоос акт тавьсныхаа дараа сонсох ажиллагаа хийсэн үйл баримт биш юм. Энэ шийдвэрийг албаараа хэлэлцэж байж гаргасан. Би өөрөө мэдэж он сар тавьсан зүйл биш юм. Тэгээд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвхөн хоёр актын талаарх тайлбар л хэллээ. Бусад актын талаар тайлбартаа дурдсангүй. Тэгэхээр бусад актуудыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар тодорхойгүй байна. 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Номын сангийн бичиг хэрэг н.Цацралд манай дотоод аудитор Бямбабаяр өөрийн биеэр хүргэж өгсөн. Тухайн үед албан ёсны хариуцагч нь Даваачулуун захирал байсан. Оюунтуяатай хөдөлмөрийн харилцаа дууссан байсан. Ур чадварын нэмэгдэл авах эрх зүйн акт нь аль юм бэ? гэж тодруулсан. Нэхэмжлэгч өөрөө нэг бүрчлэн тайлбар өгсөн байгаа. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаар захирамжаар ур чадварын нэмэгдэл авдаг гэж тайлбарлаж байсан. Энэ баримтыг нь өгсөн. Бусад баримт нь байгууллагын санхүүгийн нотлох баримтаар нотлогдож байгаа. Өөр бусад баримт нь номын санд байсан баримт юм.Ч.Ц нягтлантай 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр сонсох ажиллагаа явуулсан. Цагийн бүртгэлд хяналт тавьдаггүй талаар асуухад ер нь асуусан асуултад мэдэж байгаа зүйл байхгүй юм шиг хариулт өгч байсан. Энэ нь зайлсхийсэн байдалтай хариулт байсан. Батцоож гэх хүн нярав ажилтай бөгөөд цагийн бүртгэл хийж байсан. Цалинтай чөлөөтэй байх гээд цагийн бүртгэлийн хуурамчаар бүртгэж цалин олгодог байсан талаар тайлбар өгсөн байдаг. Миний зүгээс мэдэгдэх ажиллагааг хийсэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Н.О, Ч.Ц нар Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Э.Пд холбогдуулан Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 36-01/115, 36-01/116, 36-01/117, 36-01/118 дугаар актуудыг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлээд, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбарууд зэргийг тал бүрээс нь судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр маргаан бүхий актыг хууль бус болохыг тогтоож, уг хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх тул уг маргаан бүхий актуудыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Н.О, Ч.Ц нар нь Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 36-01/115, 36-01/116, 36-01/117, 36-01/118 тоот актуудыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг анх шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т нь тус шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлтээс татгалзсан татгалзлыг хангах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгаан буюу Ковид цар тахлын улмаас шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа нь тасалдсан байна гэж шүүхээс үзэж, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 207 дугаар шүүгчийн захирамжаар дээрх шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 36-01/115, 36-01/116, 36-01/117, 36-01/118 дугаартай актуудыг хүчингүй болгуулах тухай гэж өөрчилсөн тул хэргийг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн болно.

3. Нийтийн номын санд сангийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт, шалгалт хийх удирдамж-ийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Санхүүгийн хяналт, аудитын албаны дотоод аудитор Б.Бямбабаяр боловсруулж, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд баталсны дагуу /ХХ-91 дүгээр хуудас/ Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Э.П нь аймгийн Нийтийн номын сангийн үйл ажиллагаанд 2018-2020 онуудын төсвийн төсөл, гүйцэтгэлийн үр дүн, нийгмийн даатгал, татварын тайлан, цалингийн баримтууд, няравын тайлан, тооллогын бүртгэл, тендерийн бичиг баримт, номын худалдан авалтын үндэслэл, бүрдүүлэлт, нэмэлт санхүүгийн зарцуулалт, тайлагналд санхүүгийн хяналт, шалгалтыг улсын байцаагч Э.П 2020 оны 12 дугаар сарын 22-ноос 12 дугаар сарын 31-ний хугацаанд хийж, гүйцэтгэж, танилцуулга бичжээ. /ХХ-131-143 дугаар хуудас/

4. Уг шалгалтаар 5 зөрчил илрүүлж, холбогдох этгээдүүдээр төлүүлэхээр Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 36-01/115, 36-01/116, 36-01/117, 36-01/118 дугаар актуудыг үйлджээ.

- Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 36-01/115 дугаар актаар: ... эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээржолоочийн үүргийг хавсран гүйцэтгэснээр олгосон 1 776 148 төгрөгийг захирал байсан Н.О, нягтлан бодогч Ч.Ц нараар төлүүлэх...-ээр,

- Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 36-01/116 дугаар актаар: ... хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар ур чадварын нэмэгдэл олгосон 1 355 162 төгрөгийг захирлаар ажиллаж байсан Н.Огаар төлүүлөх...-ээр,

- Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 36-01/117 дугаар актаар: ... ажлын цаг ашиглалтын бүртгэлд тусгагдаагүй, ажилдаа ирээгүй байхад олгосон 3 767 589 төгрөгийг захирлаар ажиллаж байсан Н.О, нягтлан бодогч Ч.Ц , нярав Д.Батцоож нараар төлүүлөх...-ээр,

- Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 36-01/118 дугаар актаар: ... эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр олгосон ур чадварын нэмэгдэл хөлс болох 4 269 806 төгрөгийг нягтлан бодогч Ч.Цээр төлүүлэх...-ээр тус тус захиргааны акт үйлджээ. /ХХ-114-118 дугаар хуудас/

5. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас: ... улсын байцаагч нь хяналт шалгалтаа холбогдох хуулийг зөрчиж хийсэн, шалгуулагч этгээдэд мэдэгдээгүй, сонсох ажиллагааг хийгээгүй, бодит үнэнийг тогтооход эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдээс тайлбар гаргуулалгүйгээр төлбөр төлүүлэхээр акт үйлдсэн хэмээн маргаж байна.

6. Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Э.П нь аймгийн Нийтийн номын сангийн үйл ажиллагаанд 2018-2020 онуудын санхүүгийн баримтуудад хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчилд акт үйлдэн, захирлаар ажиллаж байсан Н.О, нягтлан бодогч Ч.Ц, нярав н.Батцоож нараар төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн боловч хяналт шалгалт хийж гүйцэтгэх болон тэднээр төлбөр төлүүлэхээр шийдвэрлэж байгаа тухайгаа огт мэдэгдээгүй, тайлбар хийх боломжоор хангалгүйгээр акт гаргасан нь буруу байна.

7. Иймээс Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Э.П нь Нийтийн номын сангийн үйл ажиллагаанд 2018-2020 онуудын санхүүгийн баримтуудад хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг илрүүлэн, акт үйлдэхдээ Захиргааны Ерөнхий хуулийн 26 дугаар зүйлин 26.1-д Захиргааны акт... гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасныг зөрчсөн,

захиргааны акт гаргахдаа урьдчилан мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

8. Хариуцагчаас: ... оны тайлангийн эцэс болоод Сангийн яам руу актуудын дугаарыг явуулах шаардлагын улмаас 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр огноолсон, уг актууд 2021 оны 01 сарын 10-ны өдөр гарсан, 2021 оны 01 сарын 7,8 -ны өдрүүдэд Н.О, Ч.Ц нарт сонсгох ажиллагаа хийж гарын үсэг зуруулсан хэмээн тайлбарлах авч, энэ талаар нотолж чадахгүй, уг маргаан бүхий актуудын огноолсон өдрөөс хойш буюу 7,8 хоногийн дараа 2021 оны 01 сарын 7,8-ний өдрүүдэд Шалгалтын тэмдэглэл үйлдэн нэхэмжлэгч нараар гарын үсэг зуруулсан нь хариуцагч, нэхэмжлэгч нарын тайлбараар мөн нотлогдож байна. /ХХ-124-129 дүгээр хуудас/

Энэхүү хариуцагчийн үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-д оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах, 25.1.4-д гэрч, гуравдагч этгээдээс тайлбар гаргуулах гэж заасан заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

9. Дээрхи нөхцөл байдлаас үзэхэд хариуцагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ гэсэн заалтыг зөрчсөн, Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн шийдвэр гаргахдаа Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж заасан захиргааны байгууллагын үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн үйл ажиллагааг хуульд нийцсэн хэмээн дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үзэх үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дах заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны Ерөнхий Хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 25.1.4, 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.О, Ч.Ц нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Э.Пгийн гаргасан Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 36-01/115, 36-01/116, 36-01/117, 36-01/118 дугаар актуудыг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын албанаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЭНХТАЙВАН