| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 163/2023/0070/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/73 |
| Огноо | 2023-04-04 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгч Б.Өлзийбаяр нарыг оролцуулан,
Б******* аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Өлзийбаярт холбогдох эрүүгийн 2315000000050 дугаартай, 163/2023/0070/Э индекстэй хэргийг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт Баасансүрэнгийн Өлзийбаяр, Б******* аймгийн Б******* суманд 1980 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, Б******* аймгийн Б******* сумын 1 дүгээр баг 3-306 тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, 43 настай, эрэгтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэг Б.Өлзийбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ээж Л.*******даа хандаж “гар утсыг чинь зарж архи ууна, архины мөнгө өг” гэх зэргээр үг болон үйлдлээрээ бие эрх чөлөөнд нь халдаж хайруулын таваг шидэж толгойн тус газарт нь цохих, зүүн гарын шуу хэсэг рүү цохих зэргээр хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2315000000050 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.Өлзийбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ээж Л.*******даа хандаж “гар утсыг чинь зарж архи ууна, архины мөнгө өг” гэх зэргээр үг болон үйлдлээрээ бие эрх чөлөөнд нь халдаж хайруулын таваг шидэж толгойн тус газарт нь цохих, зүүн гарын шуу хэсэг рүү цохих зэргээр хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1.Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Өлзийбаярын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан:
1. Хохирогч Л.*******гийн өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 08-ны өглөө хүү Өлзийбаярын хамт босоод хоёулаа цайгаа уугаад 09 цагийн үед Өлзийбаяр ээж би ойрхон хүнтэй уулзаад ирье гэж хэлээд гарч яваад 10 цагийн үед иргээд ирсэн юм.Би хүү Өлзийбаярын хамт түлээнийхээ үртэсийг шуудайлж тавиад дуусахад ээж би түлээгээ хагалаад хураана гэхээр нь орхичоод гэртээ орж ирээд байж байхад удалгүй хашааны хаалга онгойх дуу гарахаар нь харахад гараад явж байсан юм.Тухайн үедээ хэн утсаар дуудаад аваад явчихваа гэж бодоод үлдсэн юм.16 цаг өнгөрч байхад над руу утсаар холбогдоод ээж миний нойр булчирхай өвдөөд байна гэхээр нь миний бие ч гэсэн өвдөөд байна чи өөрөө аргалаад хүрээд ир гэхэд 2-3 минут орчмын дараа орж ирээд утсаа аваад ир утсыг чинь зарж архи ууна гэхээр нь би утсаа өгөхгүй гээд зууралдаж байгаад түлхээд цаашлуулахад ширээн дээрээс жижиг хайруулын тавагны таг аваад шидэхэд миний толгой руу онож ярагдаж зүсэгдсэн юм.Тухайн хайруулын таваг нь шилэн байсан учир хагараад үүрээд салаад уначихаар нь шүүрдээд хаясан юм.Тэгээд юу гээд байгаа юм утсаа өгөхгүй бол архины мөнгө өг гээд миний гутлыг барьж байгаад намайг цохиход нь зүүн гараараа хаахад зүүн гарын шуу хэсэг рүү цохиод авсан. Би 10.000 төгрөг өгөхөд наадахыг чинь авахгүй 20.000 төгрөг өг гэхээр нь наадахаа авуул ав надад өөр мөнгө байхгүй чи миний гар луу цохиод хугалчихлаа гэхэд гараад явсан. Би охин Март руу залгаж хэлэхэд Март дуудлага өгсөн байсан...” /хавтаст хэргийн 07-08 дахь тал/,
2. Гэрч Б.М*******н өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр би ажил дээрээ байсан. Мөн манай төрсөн эгч Уранчимэг нь надтай хамт нэг газар ажилладаг. Тэгээд ажил дээрээ байж байсан чинь манай эгч Уранчимэг ээжтэй утсаар ярьж байснаа дуусаад намайг хоёулаа ээжийнд очъё гэж хэлсэн.Тэгээд бид 2 ажлын гаднаас таксинд суугаад шууд шинэ хороо руу ээжийнд очсон. Тэгээд ээжийн гэр рүү яваад орсон чинь манай ээж ******* толгой нь хагараад цус нь урсчихсан, гараа барьчихсан сууж байсан. Тэгээд манай ах Өлзийбаяр цонхны хажууд зогсож байсан.Тэгэхээр нь би Өлзийбаярыг түлхэж хаалгаар гадагшаа гаргаад хаалгаа түгжчихээд өөрийн 99271569 дугаартай утсаар цагдаа руу ярьж дуудлага өгсөн. Тэгээд би ээжийн гэр орныг цэвэрлэж хайруулын тавагны тагны хагархай шилийг цэвэрлэж хаячихаад ээжийн арын гудманд байдаг бариач залууг дуудаж гарыг нь боолгосон. Тэгээд цагдаа нар ирээд 2 цагдаа нь Өлзийбаярыг байгаа газраас нь олно гээд гарсан. Тэр хоёрын дараа багийн цагдаа нь ирээд манай ээжээр нэг юм бөглүүлчхээд явсан. Би тэгээд хагалсан түлээ оруулчхаад 6 цаг өнгөрч байхад ажил руугаа явсан. Тэгээд байж байхад багийн цагдаа над руу 7 өнгөрч байхад залгаж яриад ээжийг чинь эмнэлэг дээр аваад ирлээ хүрээд ир гэж ярьсан. Тэгээд эмнэлэг орсон чинь манай ээж *******д эмч нар толгойд нь оёдол тавьж гарыг нь дурангаар харж гар нь хугарсан байна гээд зүүн гаранд нь гипс тавьсан. Манай ээж Апимаа надад Өлзийбаяр надаас мөнгө нэхээд хайруулын тавагны таг шидээд, гар руу маань гутлаар цохисон гэж хэлсэн. Манай ах Өлзийбаяр архийг ер нь их уудаг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,
3. Шинжээч эмч Б.Энхбатын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 35 дугаартай дүгнэлтэнд Магадлуулагч Л.Апимаагийн биед зүүн гарын богтос ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
4. Яллагдагч Б.Өлзийбаярын өгсөн: ““...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Б******* аймгийн Б******* сумын 5-р багт Жаргалант дэлгүүрийн ойролцоо хүмүүстэй стандарт нэртэй 0.75 литрийн 2 шил архи хувааж уугаад 17 цагийн үед гэртээ харьснаа санаж байна.Тухайн үед гэрт хүн байгаагүй хэсэг унтаад босоод сэрэхэд ээж ******* ирчихсэн байсан.Тэгээд архины мөнгө өгөөч өгөхгүй бол гар утсыг чинь тавьж ууна гэхэд ээж өгөхгүй ноцолдоод 10.000 төгрөг над руу шидхээр нь нохойд юм өгч байгаа юу гээд ширээн дээр байсан хайруулын тавагны шилэн таг байсныг шидэхэд ээжийн тархийг онож зүссэн.Ингээд ээж 2 охиноо дуудахаар нь би гараад явсан ба миний араас цагдаа нар хайж олоод эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан шүүгдэгчийн Б.Өлзийбаяр, гэрч Б.Март, хохирогч Л.*******гийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад,
Шүүгдэгч Б.Өлзийбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ээж Л.*******даа хандаж “гар утсыг чинь зарж архи ууна, архины мөнгө өг” гэх зэргээр үг болон үйлдлээрээ бие эрх чөлөөнд нь халдаж хайруулын таваг шидэж толгойн тус газарт нь цохих, зүүн гарын шуу хэсэг рүү цохих зэргээр хохирогч Л.Апимаагийн биед зүүн гарын богтос ясны далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Өлзийбаярын гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёр шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан. Өөрөөр хэлбэл хайруулын таваг шидэх үед хохирогчийн биед зүүн гарын богтос ясны хугарал бүхий гэмтлийг учруулах боломжтой байна гэж үзсэн болно.
Мөн Б.Өлзийбаяр нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч Б.Өлзийбаяр нь бусдын бие, эрх чөлөөнд хайруулын таваг ашиглаж халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн, хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүндэвтэр хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан,мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд гэж үзсэн болно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Өлзийбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Шүүгдэгч Б.Өлзийбаярын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Л.******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэлийн баримтыг гаргаж ирүүлээгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Өлзийбаярыг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Өлзийбаярыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Хавтаст хэргийн 24 дүгээр талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг баримтуудаар шүүгдэгч Б******* аймгийн Б******* сумын 1 дүгээр баг 3-306 тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.Өлзийбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргасан болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Өлзийбаярт Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирлын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч Б.Өлзийбаярын гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан байдал, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцаа дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн байх ба өөрийн ээж Л.*******гийн эрх, эрх чөлөөнд халдаж бие махбодод нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өлзийбаярыг 6 /зургаан/ сарын хугацаагаар Б******* аймгийн Б******* сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Өлзийбаяр нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Өлзийбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч санал гомдолгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Баасансүрэнгийн Өлзийбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өлзийбаярыг 6 /зургаа/ сарын хугацаагаар Б******* аймгийн Б******* сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Өлзийбаяр нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Өлзийбаяр нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Өлзийбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Б.Өлзийбаяр нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэнэ.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ