| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 182/2018/01037/и |
| Дугаар | 01174 |
| Огноо | 2019-06-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 01174
| 2019 оны 06 сарын 26 өдөр | Дугаар 182/ШШ2019/01174 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Т.Энхтуяа, Т.Наранцогт нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б ХХК/РД:0000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д. Б-д холбогдох
Гэм хорын хохиролд 12.831.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Д, хариуцагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Номин нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2018.11.02-ны өдөр Д.Б нь УНЕ 0 улсын дугаартай тоёото креста маркын автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Булган аймгийн Булган сумын нутаг Хуурай хөтлийн орчим Б ХХК-ийн эзэмшлийн 0 БУЛ улсын дугаартай тоёото альфард маркын автомашиныг зүүн урд талаас нь мөргөж хохирол учруулсан. Тухайн үед уг асуудлыг цагдаагийн байгууллага шалгаад хүний эрүүл мэндэд хохирол учруулаагүй, хохирлын хэмжээг эрүүгийн хэрэг үүсгэх хэмжээнд хүрээгүй гэж шийдвэрлэсэн тул манай байгууллага Д.Баас автомашинд учирсан хохирлыг гаргуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Гэтэл Б нь одоо хүртэл хохирлыг арилгаж гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй. Д.Б нь осолд орсон машинтай дүйцэхүйц адил марк, үйлдвэрлэсэн он, чанар бүхий автомашиныг 20118.12.28-ны дотор хүлээлгэн өгөх, уг үүргээ биелүүлээгүй бол алданги төлөхөөр тохиролцож уг осолд орсон альфард маркын манай автомашиныг ачиж аваад явсан. Манай эзэмшлийн осолд орсон машиныг дахин засварлах, ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан.Түүнээс хойш оронд нь ямар ч машин авчирч өгөөгүй, сураг чимээгүй болсон. Иймд гэрээний дагуу гэрээгээр тохирсон автомашин буюу түүний үнэ 10.500.000 төгрөг, гэрээг хугацаанд нь биелүүлэлгүй 118 хоног хэтрүүлээд байгаа тул түүний 1 хоногийн алдангийг 21.000 төгрөгөөр тооцож, алдангид 2.331.000 төгрөг, бүгд 12.831.000 төгрөгийг хариуцагч Д.Баас гаргуулж өгнө үү.
Манай машины үнэ 10.500.000 төгрөг байгаа учир нь уг автомашиныг манай байгууллага 2017.03.31-нд 14.500.000 төгрөгөөр худалдан авсан байдаг бөгөөд түүнээс хойшхи элэгдэл хорогдлыг хасч тооцоод зам тээврийн осолд орсон 2018.11.02-ны өдрөөр тооцож 10.500.000 төгрөгөөр үнэлсэн байдаг юм гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зам тээврийн ослын гэм буруугийн талаар маргаан байхгүй. Нэхэмжлэгчийн автомашиныг дахин ашиглах боломжгүй болсон тул задалж заруулахаар хүнд өгчихсөн байгаа. Нэхэмжилж байгаа автомашины үнэ арай их байх бөгөөд би 9 сая төгрөгийн хэмжээнд зөвшөөрөх саналтай байна гэв.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч БХХК-ийн хариуцагч Д.Бд холбогдуулан гаргасан зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохирол, алдангийн хамт гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Д.Б нь 2018.11.02-ны өдөр Б.Санчирын эзэмшлийн УНЕ 0 улсын дугаартай Toyota crestа маркын автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Булган аймгийн Булган сумын нутаг Хуурай хөтлийн орчим асфальтан зам дээр БХХК-ийн эзэмшлийн 0 БУЛ улсын дугаартай Toyota аlphard маркын автомашиныг зүүн урд талаас нь мөргөн зам тээврийн осол гаргаж, Монгол Улсын ЗХД-ийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс нэхэмжлэгчид хохирол учруулсан болох нь зохигчдын тайлбар, захиргааны зөрчлийг шалгаж шийдвэрлэсэн тухай холбогдох зөрчлийн материал, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдлоо.
Нэхэмжлэгч тал дээрх зам тээврийн ослын улмаас осолд орсон автомашиныг дахин засварлаж ашиглах боломжгүй болсон тул Д.Б авч явсан ба, оронд нь өөр автомашин өгнө гэж 2018.11.21-ний өдөр хэлцэл хийж, хугацаанд нь уг үүргээ биелүүлээгүй бол алданги төлөхөөр тохиролцсон боловч 2018.12.28-ны дотор өгөөгүй тул, автомашины үнэ болох 10.500.000 төгрөгийг 118 хоногийн алданги 2.331.000 төгрөгийн хамт нийт 12.831.000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжилсэн.
Хариуцагч гэм буруугийн талаар маргахгүй гэсэн бөгөөд уг автомашиныг дахин ашиглах боломжгүй болсон ба уг автомашиныг задалж худалдахаар бусдад өгсөн гэж дээрх шаардлагаас 9 сая төгрөгийг төлнө гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч БХХК нь зам тээврийн осолд орсон Toyota аlphard маркын автомашиныг 2017.03.31-нд 14.500.000 төгрөгөөр худалдан авсан байх бөгөөд уг автомашины элэгдэл хорогдлыг хасч тооцоход 2018 оны 12 сард 10.270.833 төгрөг болсон болох нь зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд буюу хариуцагч нь нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй болно.
Иймд нэхэмжлэгчид учирсан бодит хохирол болох автомашины үнэ 10.270.833 төгрөгийг хариуцагч Д.Баас гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд томилогдсон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд талууд түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Д.Б-аас 10.270.833 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2.560.167 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 220.246 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-аас 179.283 төгрөгийг гаргуулж БХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч шийдвэрийг гардан авснаас хойш14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Т.ЭНХТУЯА
Т.НАРАНЦОГТ