Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/79

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч Э.Гантулга,

хохирогч Н.Г*******,

шүүгдэгч Д.О*******а нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О*******ад холбогдох эрүүгийн 2315000840071 дугаартай, 163/2023/0076/Э индекстэй хэргийг 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г******* ******* *******ын О*******а, Булган аймгийн Булган суманд 1976 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг А хэсгийн 15-04 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, ам бүл 2, ахын хамт амьдардаг, 47 настай, эрэгтэй, /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.О*******а нь Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутагт оршин суух иргэн Ж*******ийн гэрийн хашаанд 2023 оны 01 дүгээр сарын 19-ний орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Г*******тай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар толгойн тус газарт нь төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлэг,эрүүгийн 2315000840071 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.О*******а нь Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутагт оршин суух иргэн Ж*******ийн гэрийн хашаанд 2023 оны 01 дүгээр сарын 19-ний орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Г*******тай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар толгойн тус газарт нь төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О*******агийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О*******агийн өгсөн: Гар бүрэн атгаж чадахгүй байгаа. Хохирол төлбөрөө төлчихвөл гомдол санал байхгүй. Хиймэл шүдний 200.000 төгрөг нэхэмжилж байгаа гэх мэдүүлэг,

3. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.Г******* өгсөн: “...Тэгээд маргааш өглөө нь нэг шил архи уусан. Улмаар Бүргэдэй дэлгүүрээс дахин нэг шил архи авч гудамжинд уучхаад О*******а яваад өгсөн. Харин би Жагаа ахын хамтаар гэрт нь очиж унтаж амарсан. Тэгтэл үдээс хойш 16 цагийн орчимд гаднаас О*******а Жагаа ахын гэрт орж ирээд Жагаа ах бид хоёрыг сэрээсэн. Тэгээд нэг шил архи авчирсан байхлаар нь хамт хувааж уусан. Тэгтэл Жагаа ах Г*******аа чи надтай хамт хонож гал түлнэ шүү тэгэхгүй бол ах нь хөлдөөд үхчхэж магадгүй шүү гэтэл О*******а нь би хамт хоночхоод яадаг юм намайг яагаад тоохгүй байгаа юм гэхэд Жагаа ах чи итгэлгүй залуу шүү дээ гэсэн тэгтэл О*******а уурлаад орилж чарласан. Тэгэхээр нь би О*******атай маргалдсан бөгөөд О*******а нь ширээ нь дээр байсан хутгыг аваад ширээ лүү хатгаж зоосон. Тэгэхээр нь би явлаа явлаа би энд байхгүй гээд гэрээс гараад хашаанд явж байтал араас О*******а нь гартаа төмөр барьчихсан гарч ирээд дал хэсэг рүү нэг цохихлоор нь эргэж хараад яаж байгаа юм бэ гэхэд миний зүүн, баруун хөл хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Улмаар би сөхөрч унасан бөгөөд толгойгоо хамгаалж гараараа хаатал миний гарыг хэд хэдэн удаа цохисон одоо хичнээн удаа цохисныг санахгүй байна. Тэгээд О*******а нь яваад өгөхөөр нь би цагдаад болон түргэн тусламжид дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

4. Гэрч Д.Ч*******ын өгсөн: “...О*******а нь өөрийн гэсэн гэр орон байхгүй бөгөөд төрсөн ах Манлайгийн байшинд хамт амьдардаг юм. Манлай нь эмчилгээ хийлгэх гээд Ула******* хот явчихсан тул О*******а нь тодорхой хаяг байхгүй айлаар амьдарч байгаа. Мөн эрхэлсэн тодорхой ажил байхгүй эхнэр, хүүхэд байхгүй ганц бие хүн байгаа юм. Мөн халамжаас ямар нэгэн тэтгэвэр тэтгэмж авдаггүй хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,

5. Гэрч Г.Ж*******ы өгсөн: “...Тэгээд хэд хоногийн дараа би Г*******тай таарахад дээр танайд О*******а гуравуулаа архи ууж байгаад О*******а бид хор танайд хононо хонохгүй гээд хэрүүл маргаан хийгээд гэрийн гадаа хашаан дотор намайг зуухны нарийхан төмрөөр намайг цохиж зодсон. Улмаар би цагдаа дуудаж О*******аг аваад явсан. Харин би түргэн тусламжид хүргэгдсэн одоо биеийн байдал гайгүй болж байна гэж хэлж байсан. Би болохоор болсон явдлын талаар бол санахгүй байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,

6. Шинжээч О.Нгийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 23 дугаартай дүгнэлт: “...Н.Г*******ын биед зүүн сарвууны ар гадаргуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр гуянд цус хуралт, дагзны хуйх, ахар сүүлэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

7. Яллагдагч Д.О*******агийн өгсөн: “… гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна …” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/, зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Н.Г*******, гэрч Д.Ч*******, Г.Ж******* нарын өгсөн мэдүүлэг, шинжээч О.Нгийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 23 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Д.О*******агийн  өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад,

Шүүгдэгч Д.О*******а нь Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутагт оршин суух иргэн Ж*******ийн гэрийн хашаанд 2023 оны 01 дүгээр сарын 19-ний орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Г*******тай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар толгойн тус газарт нь төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

Шинжээч О.Нгийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 23 дугаартай дүгнэлт: “...Н.Г*******ын биед зүүн сарвууны ар гадаргуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр гуянд цус хуралт, дагзны хуйх, ахар сүүлэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно...” гэх дүгнэлтээр хөнгөн хохирол учирсан байна.

Шүүгдэгч Д.Отгондавваагийн гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёр шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагджээ.

Мөн Д.Отгондавваа нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч Д.О*******а нь бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан,мэдүүлгийн агуулга зөрүүгүй,хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Д.О*******а нь бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.О*******а нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.О*******агийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Н.Г******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээний зардалд 1.868.855 / нэг сая найман зуун жаран найман мянга найман зуун тавин таван/ төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Д.О*******агаас гаргуулж, хохирогч Н.Г*******т олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.О*******агийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.О*******агийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг” хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Д.О*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 290 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг,

Шүүгдэгч Д.О*******а нь тусгайлан гаргах саналгүй гэх байр суурийг тус тус илэрхийлсэн байна.

Шүүгдэгч Д.О*******агийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэгт холбогдсон, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.О*******аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.

 

Хавтаст хэргийн 46-52 дүгээр талд авагдсан Булган аймгийн Булган сумын гуравдугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.О*******а нь Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг А хэсгийн 15-04 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, ам бүл 2, ахын хамт амьдардаг зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн 54 см урттай 3 см өргөнтэй хавтгай төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, энэ хэрэгт шүүгдэгч Д.О*******а  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  21.5 дугаар зүйл,36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г******* ******* *******ын О*******аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О*******аг 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О*******ад оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Булган аймгийн Булган сумын Тохижилт үйлчилгээний ангид хийлгэхээр зааж, уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.О*******ад сануулсугай.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч Д.О*******а нь цагдан хоригдсон хоноггүй шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн 54 см урттай 3 см өргөнтэй хавтгай төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

6.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О*******агаас эмчилгээний зардалд 1.868.855 /нэг сая найман зуун жаран найман мянга найман зуун тавин таван/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Г*******т олгуулахаар, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэнэ.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.СУВД-ЭРДЭНЭ