| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 182/2018/01058/и |
| Дугаар | 01177 |
| Огноо | 2019-06-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 01177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч: И--ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б-д холбогдох
Сургалтын төлбөр, алдангийн хамт 7.911.240 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: И сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилд 4б ангид суралцаж байсан Б.Б нь 2016.10.05-ны өдрийн дотор төлөх байсан сургалтын төлбөрийн 9.560.000 төгрөгөөс үлдэгдэл 5.274.160 төгрөгийн тооцоотой тул СГ/16/1005430 дугаар бүхий Суралцах гэрээний 6.5 дахь заалтын дагуу Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд дутуу төлсөн төлбөрийн дүнгээс 0,25 хувиар буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэлгүй тооцож, алдангийн 2.637.080 төгрөгийн хамт нийт 7.911.240 төгрөгийг гаргуулан авах тухай нэхэмжлэл гаргасан.
Гэхдээ манай талаас хариуцагч А.Бгийн хувийн байдлыг харгалзан дээрх гаргасан шаардлагаа багасган сургалтын төлбөрт 2.636.660 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: би охин Бгээ 2016-2017 оны хичээлийн жилд суралцуулахаар сургалтын гэрээ хийсэн. Гэхдээ охин маань 2016.09.05-наас 2016.12.16 хүртэл буюу 2 улирал суралцсан нь үнэн. Нэхэмжилж буй сургалтын төлбөрийг төлөх гэхээр надад санхүүгийн хувьд боломжгүй байна, мөн урьд нь тухай төлбөрийг нэхэмжлэхгүй удаасан байна. Охин Б одоо АНУ-д эцэг дээрээ байгаа бөгөөд хүүхдийн асрамжийн талаар маргаантай байгаа гэв.
Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг ш.инжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И хариуцагч А.Бд холбогдуулан гаргасан сургалтын төлбөрийг алдангийн хамт 7.911.240 төгрөг нэхэмжилсэн шаардлагын заримыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ид хариуцагч А.Б нь 2016-2017 оны хичээлийн жилд охин Б.Бгээ суралцуулж, сургалтын төлбөрт 9.560.000 төгрөг төлөхөөр СГ/16/1005430 дугаар бүхий Суралцах гэрээг байгуулж, сургалтын төлбөрт 1.648.440 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байгаа болох нь зохигчдын тайлбар, сургалтын гэрээ зэргээр тогтоогдож байна.
Дээрх гэрээний дагуу охин Б Ариал Б нь 2016.09.05-наас 2016.12.16 хүртэл буюу 2 улирал суралцсан болох нь зохигчдын тайлбар, сурагчийн ирцийн бүртгэл, сургуулийн хичээлийн жилийн хөтөлбөр зэргээр нотлогдлоо.
Нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны явцад хариуцагч А.Бд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2.636.660 төгрөгийг нэхэмжилж байх боловч хариуцагч тал өмнө нь уг төлбөрийг нэхэмжлэхгүй удаасан байна, мөн санхүүгийн боломжгүй гэсэн тайлбарыг хийж байна.
Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд Иргэний хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэхээр хуульд заасан байдаг.
Нэрлэгдээгүй гэрээнд Иргэний хуулийн үүргийн нийтлэг үндэслэл хамаарах ба, үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэжээ.
Иймд хариуцагч А.Бгийн сургалтын гэрээнд заасан үүргийг үндэслэн 2.636.660 төгрөгийг түүнээс гаргуулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйпийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар хариуцагч А.Бгаас 2.636.660 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ид олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч И 5.274.580 төгрөгийн хариуцагч А.Бд холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч И сургуулийн төлсөн 141.530 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А.Бгаас 57.137 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нэхэмжлэгч Ид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ