| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 163/2023/0075/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/81 |
| Огноо | 2023-04-13 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгч Л.Баатаржав нарыг оролцуулан,
******* аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Баатаржавд холбогдох эрүүгийн 2315000000066 дугаартай, 163/2023/0075/Э индекстэй хэргийг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Лут овогт Лхагважавын Баатаржав, ******* аймгийн ******* суманд 1985 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг 3Б-14-01 тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, хөдөө аж ахуйн газарт мэдээлэл технологийн аюулгүй байдал хариуцсан инженер мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, 38 настай, эрэгтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:ГЮ85061115/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Баатаржав нь 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.С*******ыг хавсарч газарт унагаж цээж, нуруу, бөгс, гар хэсэг рүү нь өшиглөж зодсон үйлдлийн улмаас А.С*******ын биед зүүн 7,8-р хавирганы хугарал, баруун хацар, зүүн эгэм, баруун шуу, зүүн бугалга, зүүн шуу, нуруу, баруун ташаанд цус хуралт бүхий хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2315000000066 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Л.Баатаржав нь 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.С*******ыг хавсарч газарт унагаж цээж, нуруу, бөгс, гар хэсэг рүү нь өшиглөж зодсон үйлдлийн улмаас А.С*******ын биед зүүн 7,8-р хавирганы хугарал, баруун хацар, зүүн эгэм, баруун шуу, зүүн бугалга, зүүн шуу, нуруу, баруун ташаанд цус хуралт бүхий хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1.Шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Баатаржав өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан:
1. Хохирогч А.С*******ын өгсөн: "... 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр намайг Орхон аймагт гэртээ байж байхад миний танил Баатаржав манай гэрт ирсэн. Тухайн үед миний хөлсөлж амьдарч байсан байрны хугацаа дууссан байсан учраас би гэрт байсан тавилгаа нэг өрөөнд нь хураагаад Баатаржавын хамтаар таксинд суугаад ******* аймгийн ******* суманд Баатаржавын гэрт ирсэн. Баатаржавын гэрт ирэхэд гэрт нь ямар нэг хүн байхгүй байсан.Тэгээд Баатаржав гэрт би хүүгийнхээ хамтаар 4 хоносон. 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баатаржав нь Орхон аймаг руу явж миний хөлсөлж байсан байрнаас манай гэрийн тавилга болон хувцсыг маань авчирсан. Авчираад гэртээ байж байхад Баатаржавын найз холбоонд ажилладаг Энхжаргал 0.5 литрийн хараа нэртэй архи аваад ороод ирсэн. Тэгээд тэр архийг нь Баатаржав, Энхжаргал бид 3 хамт хувааж уусан. Архи дууссан чинь Баатаржав Энхжаргал 2 гэрээс гарч дахиад 0.75 литрийн хараа нэртэй архи авч орж ирээд мөн бид 3 хувааж уусан. Тэгээд архи уугаад дуусахад Энхжаргал явахаар болоод Баатаржав гаргаж өгөхөөр гэрээс гарсан энэ үед би өөрийн танил ах ******* руу утсаар залгаж хүү бид хоёрыг ирээд авчих гэж утсаар ярьж байхад Баатаржав гаднаас орж ирээд чи хэнтэй утсаар яриад байгаан гэж уурлаад миний iphone 6s гар утсыг савтай ус руу хийгээд учир зүггүй уурлаад намайг хавсарч унагаагаад газарт унасаны дараа зүүн талын цээж, ар нуруу, бөгс, гар хэсэг рүү өшиглөж дэвссэн. Мөн зүүн, баруун шанаа руу гараараа цохиод заазуур бариад ална гээд байсан. Тэгээд би маргааш нь буюу 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ******* ах руу мессеж бичээд ирээд авчих гэсэн чинь ******* ах өдөр 16 цагийн үед ирж намайг авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,
2. Гэрч Д.*******ын өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр намайг ажил дээрээ жижүүртэй байхад манай танил дүү С*******о миний гар утас руу ажилтай байна уу, гэж мессеж бичээд дараа нь над руу утсаар залгаад цагдаа /102/ дуудаач гэж хэлээд утсаа салгасан. Тухайн үед би ажилтай байсан учраас архи уучихаад над руу залгасан юм байх гэж бодсон. Тэгээд маргааш нь буюу 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зав байна уу?, гялс ирэх үү? гэхээр нь би хамт байдаг Баатаржав гэх айлд яваад очсон. Намайг яваад очиход С*******о хөх, няц болтлоо Баатаржав гэх залууд зодуулчихсан, Баатаржав нь нэлээн согтуу архи уучихсан байж байсан. Тэгэхээр нь би гар утсаараа 1 зураг дараад С*******ыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй нь цуг аваад гэртээ аваачсан. Гэртээ ирээд С*******ын биед учирсан гэмтлийг гар утсаараа дарж аваад зурагнуудыг нь угаалгаад өргөдөл бичээд цагдаад хандсан. С*******ын нуруу, зүүн талын цээж, гар, хөл, шанаа зэрэг нь хөхөрчихсөн өөрөө маш их зовиуртай бие нь өвдөөд байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
3. ******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Энхбатын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 41 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч А.С*******ын мэдүүлэг, шүүгдэгчийн Л.Баатаржав, гэрч Д.******* нарын мэдүүлэг, ******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Энхбатын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 41 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад,
Шүүгдэгч Л.Баатаржав нь хохирогч А.С*******отой найз нөхдийн харилцаа холбоотой бөгөөд, ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ А.С*******ыг хүүхдийнх нь хамт авчирч гэмт хэрэг үйлдэгдэх өдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өөрийн найз Энхжаргал, хохирогч А.С*******о нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, А.С*******ыг ******* гэгч рүү утсаар ярьлаа гэх шалтгаанаар маргалдаж улмаар А.С*******ын цээж, нуруу, бөгс, гар хэсэг рүү нь өшиглөж хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүгдэгч *******вын гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн, хүндэвтэр гэмтэл хоёр шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан байна.
Мөн *******в нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч *******в нь бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн, хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүндэвтэр хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан,мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд гэж үзсэн болно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *******выг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Шүүгдэгч *******вын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч А.С*******о нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэлийн баримтыг гаргаж ирүүлээгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч *******выг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Л.Баатаржавыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Хавтаст хэргийн 39-79 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг баримтуудаар шүүгдэгч ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг 3Б-14-01 тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, хөдөө аж ахуйн газарт мэдээлэл технологийн аюулгүй байдал хариуцсан инженер мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Л.Баатаржавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.700.000 / нэг сая долоон зуун/ мянган төгрөгийн торгуулийн ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч Л.Баатаржав нь торгуулийн ялыг багасгаж өгнө үү гэх байр суурийг тус тус илэрхийлсэн байна.
Шүүх шүүгдэгч Л.Баатаржав нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэгт холбогдсон түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 / долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Баатаржавд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Л.Баатаржав нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Лут овогт Лхагважавын Баатаржавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бааатаржавыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Л.Баатаржав нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Баатаржавд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Л.Баатаржав нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзэнэ.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ