Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/76

 

 

 

2023          04            05                                   2023/ШЦТ/76

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч *******р нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******рт холбогдох эрүүгийн 2315000000075 дугаартай, 163/2023/0072/Э индекстэй хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогтой *******гийн Пүрэв-Очир, Булган аймгийн ******* суманд 2000 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын Хялганат тосгоны малчдын 2-11-03 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 4, ээж, дүүгийн хүүхдийн хамт амьдардаг,

-урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 239 дугаартай шийтгэх тогтоолоор 550.000 төгрөгөөр торгож шийдвэрлэж байсан, 23 настай, эрэгтэй, /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******р нь Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******той маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000000075 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч *******р нь Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******той маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******рын өгсөн: Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч *******ийн өгсөн: “...тэгээд би араас нь гэрт орох гэтэл ангийн найз Тэмүүжин төрсөн ах Пүрвээтэй дахиад муудалцаад байгаа харагдсан тэгэхээр би очиход ангийн найз Отгонбаяр, Баярдалай, Уянга, Билгүүнзаяа нар хажууд байсан тэгэхээр нь би ангийн найз Тэмүүжинг боль гэхэд ангийн найз Тэмүүжин түлхсэн тэгэхээр нь би Тэмүүжинг тэврээд машинд суулгачхаад одоо явъя маргааш уулзъя гэхэд ангийн найз Тэмүүжин намайг машинаас түлхэж буулгаад миний уруул хэсэгт 1 удаа гараараа цохисон тэгэхээр нь би найз Тэмүүжингийн баруун шанаа хэсэгт 2 удаа гараараа цохисон тэгэхэд ангийн найз Тэмүүжингийн төрсөн ах Пүрвээ, Мялдаа нар нь ирсэн тэгэхээр нь би Мялдаагийн шанаа хэсэгт 1 удаа гараараа цохиод Пүрвээ миний хамар хэсэгт 1 удаа, зүүн нүдний чамархай хэсэгт 1 удаа гараараа цохисон тэгээд би газарт унахад миний дээрээс өшиглөөд байсан тэгээд манай ангийн Уянга, Билгүүнзаяа хоёр намайг салгаж авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 09-11 дэх тал/,

3. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Тэмүүжингийн өгсөн: “... 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр арван жилийн ангийн Эрхэмбаяр, Баттулга, Баярдалай, Чинзориг, Отгонбаяр, Ганчимэг, Уянга, Ууганцэцэг, Билгүүнзаяа бид нар ангийн багшийнд очиж золгочхоод орой 18 цагийн орчимд би ах Пүрэв-Очир луу залгаж намайг манай ангийн Баттулгын гэрт хүргээд өгөөч гэсэн тэгээд ах Пүрэв-Очир найз Мялдага буюу Мягмардоржтой хамт ирсэн тэгээд ах Пүрэв-Очир, Мягмардорж хоёроор Баттулга, Баярдалай, Эрхэмбаяр бид дөрөв ангийн найз Баттулгын гэрт хүргүүлсэн. Тэгээд ангийн найз Баттулгын гэрт ах Пүрэв-Очир, Мягмардорж, ангийн 3 найз бид нар 1 шил архи хувааж уугаад сууж байхад 22 цагийн орчимд ангийн найз Чинзориг, Отгонбаяр, Ганчимэг, Уянга, Ууганцэцэг, Билгүүнзаяа нар араас найз Баттулгын гэрт ирсэн тэгээд бид нар найз Баттулгын гэрт байж байгаад явах гэхэд ах Пүрэв-Очир манай ангийн найз Чинзоригтой маргалдаад цохиход Чинзориг газарт унасан байсан. Тэгээд бид нар явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

4. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч М.Уянгын өгсөн: “...Би найз Ганчимэгтэй хамт гарчхаад буцаад Баттулгын гэр лүү орох гэж байхад Тэмүүжин Мялдаа нар хоорондоо муудалцаж гарсан тэгээд би гэрт ороод хэлэхэд Пүрэв-Очир, Чинзориг нар гэрээс гарч явсан. Тэгээд би гэрт байж байгаад хэсэг хугацааны дараа гадаа орилж хашхичаад байхаар нь гарахад манай ангийн Чинзоригийг ангийн найз Тэмүүжингийн ах Пүрэв-Очир цохиж газарт унагаагаад өшиглөсөн тэгээд бид нар болиулаад Чинзоригийг болиулаад босгоход хамраас нь цус гарчихсан байсан тэгээд бид нар Пүрэв-Очирыг яаж байгаа юм гэхэд Пүрэв-Очир, Мялдаа, Тэмүүжин нар явчихсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

5. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч У.Мягмардоржийн өгсөн: “...Пүрэв-Очир бид хоёр 1 шил архи хувааж уугаад хамт байж байхад найз Пүрэв-Очирын төрсөн дүү Тэмүүжин залгаж хойшоо айлд хүргээд өг гэсэн тэгэхэд найз Пүрэв-Очир бид 2 Тэмүүжин дээр очиход Тэмүүжин нь Тэмүүжин нь арван жилийн ангийн хүүхдүүдтэйгээ хамт байсан. Тэгээд Пүрэв-Очир бид 2 Тэмүүжингийн ангийн 4 хүүхдийг машиндаа суулгаад хойшоо Гантулга гэх хүүхдийн гэрт очсон тэгээд Гантулгын гэрт бид нар 1 шил архи хувааж уугаад сууж байхад Тэмүүжингийн ангийн 4 охин Чинзориг нэх 1 залуу ирсэн тэгээд би тухайн үед согтолт ихтэй байсан болохоор юу болсон талаар санахгүй байна нэг мэдсэн чинь Чинзориг гэх залуу гэрийн гадаа намайг цохиж зодоод байсан. Тэгэхэд миний найз Пүрэв-Очир намайг өмөөрч Чинзориг гэх залуутай маргалдахад би өөрийн найз охин Энхзаяатай утсаар ярьж гэр лүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

6. Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №54 дугаартай “...*******ийн биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, зулайн хуйх, зүүн чихний дэлбэн, хүзүү, нуруу, баруун шуу, баруун арга, зүүн сарвууны 1, 2, 3-р хуруу, баруун, зүүн өвдөг, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд зулгаралт, уруулд өнгөц шарх, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, 1 шүдний эмтэртэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цан хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх баруун нүдний ухархайн ханын хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 34-36 дахь тал/,

7. Яллагдагч *******рын өгсөн: “...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх тал/ зэрэг бичгийн болон эд мөрийн баримтаар нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч *******, гэрч Б.Тэмүүжин, М.Уянга, У.Мягмардорж нарын мэдүүлэг, Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №54 дугаартай дүгнэлт, шүүгдэгч *******рын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад,

Шүүгдэгч *******р нь Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******той маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь цохисны улмаас хохирогч *******ийн биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, зулайн хуйх, зүүн чихний дэлбэн, хүзүү, нуруу, баруун шуу, баруун арга, зүүн сарвууны 1, 2, 3-р хуруу, баруун, зүүн өвдөг, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд зулгаралт, уруулд өнгөц шарх, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, 1 шүдний эмтэртэл гэмтэл бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарах “хөнгөн” хохирол санаатай учруулсан байна.

Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №54 дугаартай “...*******ийн биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, зулайн хуйх, зүүн чихний дэлбэн, хүзүү, нуруу, баруун шуу, баруун арга, зүүн сарвууны 1, 2, 3-р хуруу, баруун, зүүн өвдөг, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд зулгаралт, уруулд өнгөц шарх, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, 1 шүдний эмтэртэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цан хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх баруун нүдний ухархайн ханын хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” хөнгөн хохирол учирсан байна.

Шүүгдэгч *******рын гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёр шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагджээ.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

*******рын гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Мөн *******р нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч *******р нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц *******рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч *******рыг гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэлийн баримтыг гаргаж ирүүлээгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч *******рыг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *******рыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч *******р нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *******рт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг  харгалзан үзэх нь зүйтэй гэж дүгнэв.

Хавтаст хэргийн 54-79 дэх талд авагдсан ял шалгах хуудас, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 239 дугаартай шийтгэх тогтоол, иргэний үнэмлэхийн хуулбар, эд хөрөнгөтэй эсэх хураангүй лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг баримтуудаар шүүгдэгч Булган аймгийн ******* сумын Хялганат тосгоны малчдын 2-11-03 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 4, ээж, дүүгийн хүүхдийн хамт амьдардаг, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч *******р нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 32 дугаартай тогтоолоор хүсэлтийг хангаж, хэргийн зүйлчлэл болон оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулж, зөвшөөрснөөр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

 

Шүүгдэгч *******рын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч *******рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******рыг торгох ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******рт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч *******р нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогтой *******гийн Пүрэв-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******рыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван /15/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч *******р  нь цагдан хоригдсон хоноггүй шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч *******р  нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн энэхүү шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах ба бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СУВД-ЭРДЭНЭ