Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/46

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

улсын яллагч Х.Гүнжидмаа,

шүүгдэгч Р.С, түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,

шүүгдэгч Л.Х, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат,

шинжээч Т.Алтайбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Р.С, Л.Х нарт холбогдох 2216002180001 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, 1*** оны *** дугаар сарын ****-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, машины электрон системийн мэргэжилтэй,                   “**********” ТӨХК-нд *********** ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум ****** тоотод оршин суух, урьд Говь-Алтай аймгийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 36 дугаартай магадлалаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ДЮ******** регистрийн дугаартай, Ж овогт Р-н С.

Монгол Улсын иргэн, халх, ***** оны *** дугаар сарын ****-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, тус аймгийн ************** ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ******** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй ДЕ*********  регистрийн дугаартай, Х овогт Л-н Х.

Холбогдсон хэргийн талаар: 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 19-20 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Бтөвийн **** тоот павильон дотор шүүгдэгч Р.С нь төвийн групп чатан дээр халаалттай холбоотой бичсэн зүйлсээс болж шүүгдэгч Л.Х-н эхнэр Ш.Х-тэй маргалдаж үүнээс үүдэлтэй тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцаанаас шалтгаалан шүүгдэгч Р.С, Л.Х нар нь хэн хэндээ хүч хэрэглэн халдаж шүүгдэгч Р.С-н биед тархи доргилт, шүүгдэгч Л.Х-н биед зүүн шанаанд шарх буюу хөнгөн зэргийн гэмтлүүд учирсан үйл баримтыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох:  

2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 19-20 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Бтөвийн **** тоот павильон дотор шүүгдэгч Р.С нь төвийн групп чатан дээр халаалттай холбоотой бичсэн зүйлсээс болж шүүгдэгч Л.Х-н эхнэр Ш.Х-тэй маргалдаж үүнээс үүдэлтэй тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцаанаас шалтгаалан шүүгдэгч Р.С, Л.Х нар нь хэн хэндээ хүч хэрэглэн халдаж шүүгдэгч Р.С-н биед тархи доргилт, шүүгдэгч Л.Х-н биед зүүн шанаанд шарх буюу хөнгөн зэргийн гэмтлүүд учирсан болох нь:

1. Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын  2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 304 дугаартай “...1. Л.Х-н биед зүүн шанаанд шарх, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт. /1-р хавтаст хэргийн 85-86 дугаар тал/

2. Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын  2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 303 дугаартай “...1. Р.С-н биед тархи доргилт  гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт. /1-р хавтаст хэргийн 78-79 дүгээр тал/  

3. Шинжээч Т.Алтайбаатарын шүүх хуралдаанд өгсөн “... Тухайн үед  Л.Х ирж үзүүлсэн байна. Өөрийн биеэр үзэхэд зүүн шанаанд хөндлөн байрлалтай зах ирмэг нь тэгш бус мэс заслын 1 ширхэг оёдол тавьсан. Хүзүүний урд доод хэсэгт улаан хүрэн өнгийн цус хуралттай байсан байна. 10 дугаар сарын 24-ний өдөр эрүү нүүрний мэс заслын эмчийн үзлэг хийгдээд 1 см зүүн шанаа нум орчим бага зэрэг хаван хавдартай шархны гүн 2 см орчим эмзэглэл ихтэй гэж үзсэн. Рентген зураг авхуулаад энэ нь амь насанд аюулгүй гэсэн. Энэ эмнэлгийн бичиг баримтыг үндэслэж дүгнэлт гаргасан байна ... Р.С-г өөрийн биеэр үзсэн. Үзлэг хийхэд биед ил харагдах шарх гэмтэл, зулгаралт байгаагүй. Тухайн үйл явдал 10 дугаар сарын 23-ны өдөр болсон байсан. Би 10 дугаар сарын 25-ны өдөр үзэхэд биед нь шарх байгаагүй. 10 дугаар сарын 24-ний өдрийн эмнэлгийн бичиг баримт авч ирж үзүүлсэн. Үүнд рентген зураг, гэмтлийн эмчийн бичиг байсан. Рентген зураг дээр гавлын судасны зураглал тодорсон. Гавлын даралт нэмэх, гэмтлийн эмчийн онош нь тархи доргилт, тархины даралт ихсэлт гэсэн. Тархи доргилт гэж гэмтлийн зэрэг тогтоож хөнгөн зэрэг гаргасан байгаа... Тархи доргилтын үед дотор муухай болох, хоолонд дургүй болох, гүйлгэх, удаан хугацаагаар үргэлжлэх бол нүдний чичирхийлэлт, хөшингө илэрч болно ... Рентген зураг байсан. Судасны зураглал тодорсон гэдэг нь тархи доргилтын шинж байгаа. Энэ нь рентген зураг дээр л гарч ирдэг ганц шинж тэмдэг нь юм ...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

4. “...Судасны зураглал тодорсон...тархи доргилт...” гэсэн тэмдэглэлтэй гэмтлийн эмчийн онош. /1-р хавтаст хэргийн 37 дугаар тал/

5. Гэрч С.Х-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2022 оны 10 сарын 23-ны өдөр Б төв рүү халаалтын хөлсөө авна гээд явсан. 22 цагийн үед ирэхгүй байхаар нь утас руу нь залгахад цагдаа дээр байна, одоо очлоо гэсэн. Гэртээ ирэхээр нь юу болсон талаар асуухад халаалтын хөлсөө цуглуулж яваад Х-тэй групп чат дээр халахгүй байна гэх зүйлээс болж маргалдаж манай нөхөр С-г гуйлгачин гэж доромжилж, Х нь манай нөхрийг заамдаж авч цохисон гэсэн. Гэртээ ирэхдээ нүд нь улайсан, өвдөг нь шалбарсан байсан. Тэгээд өглөө нь гүйлгээд байна гэж хэлж байсан. Тэгээд би ажилдаа яваад өдөр гэртээ иртэл толгой өвдөөд байна гээд хэвтэж байсан. Бид хоёр эмнэлэг явж үзүүлэхэд тархи доргилттой байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 70 дугаар тал/

5. Гэрч  Ш.Х-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр манай Б төвийн халаалт муу байхаар нь Б төвийн групп чат руу “халаалт яасан юм бол, гадаа дулаахан байсан ч дотор хүйтэн байна шүү” гэж бичсэн юм. Тэгтэл С манай дэлгүүрт “та групп чат руу юм бичлээ, түүнийг чинь хүмүүс дагаад янз бүрийн юм бичээд байдаг юм. Халахгүй бол халаалтаа салгуул” гэж орж ирсэн. Түүнээс маргаан үүсэж би яасан юм бол, зуух зогссон юм болов уу гэж бодоод бичсэн гэж маргасан... Манай нөхөр чи хүнтэй яаж харьцаад байгаа юм гээд босож, С манай нөхөр 2 нэгнийгээ заамдаж авсан. Тэгэхээр нь би жаахан юмнаас болж зодолдоно гэж юу байдаг юм гээд нөхрөө хойш түлхэж, дүгээр байцгаа гээд жоохон зай гарахад С манай нөхрийн зүүн шанаа руу нь цохиход манай нөхрийн шанаанаас цус гараад хувцас хунар нь цус болсон ... Гар нь бол заамдалцаад тохойгоороо нудралцаад байсан. Жаахан зай гарахад С манай нөхрийн зүүн шанаанд нь цохиод манай нөхрийн  шанаанаас нь цус гарсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 65-66 дугаар тал/

6. Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 19 цаг 14 минутад Б төвд хэрүүл маргаан, зодоон болоод байна гэх дуудлагын дагуу очиход С, Х, түүний эхнэр 3 цуг байсан. Х нь толгойгоо дарчихсан, толгойноос нь цус гарсан, хувцас хунар болон шалан дээр цус болсон байсан. С нь  би цохисон гэж байсан... С, Х, түүний эхнэр 3 хоорондоо хэрэлдээд байж байсан. Л.Х нь С-г машины түлхүүрээр цохиж цус гаргасан гэж хэлж байсан. Машины түлхүүрийн үзүүр цус болсон байсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 68 дугаар тал/

7. Гэрч Н.Б-н зөрчлийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн “... 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ажил дээрээ ирэхэд манай садангийн дүү нар АТМ дээр мөнгө аваад зогсож байсан. Би 3 давхарт гараад цэвэрлэгээ хийж байгаад хүмүүс шуугилдаад хэрэлдээд байхаар нь нөгөө дүү нараа мөнгөө булаацалдаад байгаа юм болов уу гэж бодоод доошоо шат руу буухад С гоо сайхны дэлгүүрт зогсож байсан. Надад С Ч эгчээ Н-г дуудаад өгөөч, цагдаа дууд гэхээр нь би өөрийн утсаар Н луу залгаж дуудаж өгсөн. Би тухайн гоо сайхны өрөө рүү ороогүй...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 24-25/

8. Гэрч Р.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...С нь над руу залгаж Х-н дэлгүүрт ороод ирээ, Х намайг зодлоо гэж ярьсан. Тэгтэл үйлчлэгч Б С нь дэлгүүрийн хүнтэй зодолдоод байна гэж утсаар ярихаар нь би Бтөвийн дэлгүүр дээр ирэхэд Х, С, Х гурав байсан, өөр хүн байгаагүй. Тэр хоёр хоорондоо зодолдсон бололтой Х-н хацраас нь цус гарсан, С-н гар нь цус болсон байсан. С нь Х намайг цохиж, боож унагасан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72 дугаар тал/

9. Шүүгдэгч Л.Х-н шүүх хуралдаанд өгсөн “... Миний бие 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 19 цагийн үед эхнэрийн дэлгүүрт очсон байсан. Тэр үед Р.С орж ирээд фейсбүүк групп дээр Бтөвийг халахгүй байгаа талаар эхнэртэй маргалдсан. Би 10-аад минут хүлээж байгаад сүүлдээ та Бтөвийн үйлчлүүлэгч нарыг  турхираад байна гэж хэлсэн. Тухайн үед хүйтний улирал байсан. Шалны халаалт муу байсан учир энэ асуудал анхнаасаа гарсан юм. Би 10-аад минут хүлээж байгаад Р.С-г чи эмэгтэй хүнтэй яаж харьцаж байгаа юм бэ гэж баруун гараараа заамдаж авсан. Заамдаж аваад цохиж зодсон зүйл байхгүй. Тохойгоор нудралцах төдийд эхнэр салгах гээд хөндийрүүлэх хооронд Р.С баруун гараараа миний зүүн шанаа руу цохисон. Тэр хооронд миний шанаа руу халуун зүйл урсаж орж ирсэн. Өөр тэнд нэгнийгээ унагаагаад цохиод байсан зүйл байхгүй. Хөндийрөх хооронд нэг л цохилт болсон...” гэх мэдүүлэг. / шүүх хуралдааны тэмдэглэлээс/

10. Шүүгдэгч Р.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “... 2022 оны 10 дугаар сарын 23-ны орой 19 цаг 0 минутын орчимд “Буудай” худалдааны төвөө эргэж шалгаж явж байгаад **** тоотод үйл ажиллагаа явуулдаг Х, Х нартай уулзаж “халаалтын гэрээгээ шинэчилж хий, олон нийтийн сүлжээнд халаалт халахгүй байна гэсэн пост оруулсан байна, яагаад тэгж байгаа юм бэ?, манай уурын зуух гэмтэлтэй байна. Үүнээс чинь болж хүмүүс буруу үлгэр дуурайлал авч байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь Х “чи өөрөө хүнд хэлэхгүй байж яахаараа ингэж байгаа юм, хулгайч минь” гэж хэлэхээр нь би “таны юуг хулгайлсан юм бэ? та намайг яагаад хулгайч гэж хэлж байгаа юм” гэж хариу хэлсэн. Тэгсэн чинь Х нь намайг “гөлөг минь” гэхээр нь “та юу яриад байна, нэг дор олон жил хамт ажиллаж байсан хүний хувьд хүндэлж явдаг болохоор та нарт хандаж буруу хэлсэн үг байхгүй шүү” гэж хэлсэн. Тэгсэн чинь Х “чи муу гөлөг, лалар” гэх мэтээр хэлээд “чамайг ална, банди болгоно” гэж хэлээд миний зүүн шанаа руу гараараа нэг удаа, толгой руу 2 удаа цохиод намайг газарт унах үед хөл рүү 1 удаа өшиглөөд босгож ирээд миний куртикны захаар намайг боох үед Х боолтыг тавиулах гэж ноцолдож байх үед шанаан тус газарт нь цохигдож таарсан...Х-н биед би гэмтэл шарх учруулсан. Би гартаа машины түлхүүр барьсан байсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 109-110 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.

Тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцаанаасаа шалтгаалан шүүгдэгч Р.С машины түлхүүр барьсан гараараа цохиж Л.Х-н зүүн шанаанд шарх гэмтэл, шүүгдэгч Л.Х нь мөн дээрх шалтгаанаар Р.С-н биед халдаж, хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч нарыг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. Тодруулбал аливаа санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан ойлгож, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн шинжээрээ тодорхойлогддог. Шүүгдэгч нарын тухайд бие биедээ хүч хэрэглэн халдсан үйлдлийнхээ хууль бус шинжийг ухамсарлаж байсан төдийгүй үүнээс шалтгаалан хүний эрүүл мэндэд хохирол учрах боломжтой гэдгийг мэдсээр байж зориуд үйлдсэн тул уг гэмт хэргийн хүний эрүүл мэндэд санаатай халдаж хөнгөн хохирол учруулах шинжийг хангана гэж шүүх дүгнэсэн болно.

Шүүх нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг харьцуулан дүгнэж харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн мэдүүлгийн агуулга, нотломжийн түвшин зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж хэргийн бодит байдлыг тогтоодог. Энэ гэмт хэргийн шүүгдэгч Л.Х, гэрч Ш.Х нар эхнэр нөхрүүд тул тэдний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд зарим талаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, болсон үйл явдлыг зөөлрүүлэх хандлагаар өгөгдсөн тул үүгээр нь хэргийн үйл баримтыг үгүйсгэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь бие биеийнхээ эсрэг хүч хэрэглэн халдсан үйл баримтыг үгүйсгэсэн, эсвэл дээрх үйл явдлыг өөрөөр тайлбарлаж болох нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Тодруулбал шүүгдэгч Р.С-н эрүүл мэндэд тархи доргилт гэмтэл учирсан бөгөөд энэ гэмтэл нь энгийн нүдээр хараад тогтоох, тодорхойлох боломжгүй талаар шинжээч мэдүүлсэн, түүнчлэн түүний биед учирсан тархи доргилт гэмтлийг дан ганц өөрийн хэлсэн зовууриар биш гэмтлийн эмчийн тархины рентген зурагт үндэслэн тавьсан оношоор тодорхойлсноо тайлбарлажээ. Түүнчлэн гэрч Ш.Х “...Гар нь бол заамдалцаад тохойгоороо нудралцаад байсан. Жаахан зай гарахад С манай нөхрийн зүүн шанаанд нь цохиод манай нөхрийн  шанаанаас нь цус гарсан...” гэж шүүгдэгч Р.С, Л.Х нар харилцан нэгнийхээ биед халдсан талаар мэдүүлжээ. Иймээс шүүгдэгч                 Л.Х-н өмгөөлөгч Ц.Эрдэнэбатын “...нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй, мэдүүлгийн нотлох баримтууд нэгнийгээ үгүйсгэсэн, шинжээчийн дүгнэлт шаардлага хангахгүй, гэм буруутай гэдэг нь тогтоогдохгүй байгаа учир миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү...” гэх агуулга бүхий дүгнэлт нь үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоох зорилгоор шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 168-169 дүгээр тал/, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хавтаст хэргийн 172-179 дүгээр тал/, Говь-Алтай аймаг дахь давж заалдах шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 36 дугаартай магадлалын хуулбар /1-р хавтаст хэргийн 180-183 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Р.С, Л.Х нарын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Хэдийгээр шүүгдэгч Р.С нь урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн боловч өмнөх шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдсон 2002 оны Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргээс өөр бүлэгт хамаарах төдийгүй, мөн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдлын хугацаа дууссан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “...нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 түүнээс дээш удаа үйлдсэн...” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогдохгүй гэж шүүх үзсэн болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.С-т 750 (долоон зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 (долоон зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Л.Х-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн машины түлхүүрийг шүүгдэгч Р.С-т буцаан олгож, энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Ж овогт Р-н С, Х овогт Л-н Х нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.С-т 750(долоон зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 (долоон зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Л.Х-д  500(таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял  тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1(нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Р.С, Л.Х нарт сануулсугай. 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн машины түлхүүрийг шүүгдэгч Р.С-т буцаан олгож, энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА