| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2023/0047/Э/ |
| Дугаар | 2023/ШЦТ/52 |
| Огноо | 2023-04-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Цагаатгах тогтоол
2023 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/52
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дашцэрэн,
Шүүгдэгч: *************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овогтой ************ холбогдох эрүүгийн 2327000300037 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ************* аймгийн ***********суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *********аймгийн ******сумын***** дүгээр баг, “***********” оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар оногдуулсан 02 жил 01 сарын хорих ялыг тэнсэж 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан ********** овогтой ************ /РД:*****************/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч ********** нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ********** аймгийн ************* сумын ***********багт байрлах Соёлын төвийн урд хэсэгт хохирогч *****************зодож биед нь тархи доргилт, дух, зүүн хацрын төвгөр, зовхи хэсэгт цус хуралт гэмтлүүд үүсгэж буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд
Хохирогч *************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ********* сумын *************дугаар багийн төвд байрлах Соёлын төвд уяачдын шинэ жил болж байсан. Тэнд байсан хүмүүс архи уусан би нэлээн их уусан байсан. **********архи уугаагүй байх уудаггүй бололтой байсан. ********** над руу дайраад байсан. Тэгэхээр нь би ***************хэрэлдэж байгаад чи бид хоёр олон түмний хажууд шившиг болоод яах бэ ярих юм байвал тусдаа ярь гэж хэлсэн. Тэгээд ********** гэх хүний хажууд сууж байсан. Тэнд жоохон сууж байгаад 2-3 хундага архи татсан байх явах гээл Соёлын төвийн гадна байрлах сандал дээр сууж байхад *************** би чамтай үзнэ ална гээд байхаар нь хэн алах бол гэж хэлсэн. Бид хоёр халуун усны зүүн урд буланд очоод заамдаж аваад татаад унагаасан. Тэгээд намайг өшиглөөд байсан. *************** ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Миний толгой руу бакалан гутлаар өшиглөсөн. Би хэдэн удаа өшиглөснийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
Шүүгдэгч ************мөрдөн байцаалтын шатанд холбогдогчоор мэдүүлсэн:
“...Би 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Соёлын төвд уяачдын шинэ жил 20 цагийн үед хэлсэн тэгээд шинэ жилд оролцож байтал ********* гэх хүн ************** гэдэг хүнтэй юм ярьж сууж байгаад гэнэт намайг багалзуурдаад унагаасан тэгээд ******** ах ирж салгасан. Тэгээд *********** ах *************ахыг аваад гарсан тэгэхээр нь би ************* гэрт нь хүргэж өгчхөөд иртэл ************* ах соёлын төвийн үүдний коридорт сууж байсан. Тэгээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би та яв гэж хэлсэн тэгсэн чинь хоёулаа ийшээ явъя гээд замдаа чамайг хутгалж ална гээд байсан. Тэгээд би айгаад хол явж байтал гэнэт халуун усны зүүн талд нь очоод намайг уруул руу мөргөөд унагасан тэгээд би хэвтэж байгаад та яаж байгаа юм гэсэн чинь дахиад намайг бариад авсан тэгэхээр нь би 2 удаа цохиод унахаар нь өшиглөчхөөд зугтсан гэв...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,
Гэрч *********************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Тэр 2 маргалдсан. Юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй байна. Хөгжим чанга байсан болохоор сонсогдоогүй, миний харснаар хүмүүс сууж байхад ********* ах ****************заамдаж түлхэхэд соёлын төвийн сандал руу унасан....” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №53 тоот:
“...1. ********************** биед тархи доргилт, дух,зүүн хацрын төвгөр, зовхи хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Гоо сайханд учирсан хохирлыг шүүх эмнэлэг тогтоохгүй.
5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Шүүгдэгч **********************н Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ******аймгийн ******* сумын****** дүгэр багийн Засаг даргын тодорхойлолт, /хх-ийн 41, 48 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч ************* нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ********* аймгийн******** сумын ***************** дугаар багт байрлах Соёлын төвийн урд хэсэгт хохирогч ************* зодож биед нь тархи доргилт, дух, зүүн хацрын төвгөр, зовхи хэсэгт цус хуралт гэмтлүүд үүсгэж буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч*****************үйлдсэн болох нь
Хохирогч ****************мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №53 тоот: “...1. ******************** биед тархи доргилт, дух,зүүн хацрын төвгөр, зовхи хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Гоо сайханд учирсан хохирлыг шүүх эмнэлэг тогтоохгүй. 5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 16-17 дугаар хуудас/, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********************** хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч **********************нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас *********************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.
Иймд шүүгдэгч ************************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ********************* нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Хоёр. Хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.
Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхийнхээ дагуу ***************** нь эмчилгээний төлбөрт 700 000 төгрөг гаргуулна гэх боловч энэ талаар нотлох баримт хэрэгт гаргаж өгөөгүй тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх, шүүгдэгч ************ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Дөрөв. Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч *********** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **************овогтой ******************** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар *************500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар****************нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. ************ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч*******************нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***************** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА