Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2025/0356

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Бийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х

Нэхэмжлэгч: Б.Б

Хариуцагч: Нийслэлийн Бизнес инновацын газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Бизнес инновацын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/100 тоот “Б.Бт сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, Нийслэлийн Бизнес инновацын газрын Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн “Түншлэл, төсөл хариуцсан ахлах мэргэжилтэн”-ий албан тушаад эгүүлэн тогтоож, хариуцагчаас 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2025/0236 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2025/0090/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б нь Нийслэлийн Бизнес инновацын газрын даргад холбогдуулан “Нийслэлийн Бизнес инновацын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/100 тоот “Б.Бт сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, Нийслэлийн Бизнес инновацын газрын Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн “Түншлэл, төсөл хариуцсан ахлах мэргэжилтэн”-ий албан тушаад эгүүлэн тогтоож, хариуцагчаас 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2025/0236 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.1, 48 дугаар зүйлийн 48.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Б нь 2024 онд гүйцэтгэхээр төлөвлөсөн нийт 21 арга хэмжээнээс 17 арга хэмжээг огт хэрэгжүүлээгүй, гүйцэтгэлийн төлөвлөгөөнд OpenstreetMap Google Мaps төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх гэж төлөвлөсөн боловч эдгээр ажлууд нь худалдан авах ажиллагааны дагуу хийгдсэн, түүнчлэн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой ажлуудыг гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгаагүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон байна.

3.1. Түүнчлэн, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн сонсох ажиллагааны хуралдаанд удирдах дээд шатны албан хаагчтай зүй бус харилцаж удаа дараа хэл амаар доромжилсон, ажлын байранд албан хаагчидтай хэрүүл маргаан үүсгэх, зөвшөөрөлгүй дуу, дүрсний бичлэг хийх зэргээр төрийн байгууллагын үйл ажиллагаа, албан хаагчдын ажилд садаа болох ажлын байрны дарамт, стресст өртөх нөхцөлийг бий болгосон.

3.2. Мөн зөрчлийн асуудлыг шалгаж, холбогдох журмын дагуу танилцуулахаар өгсөн байсан баримтуудад улаан балаар засвар оруулж, сараачсан, зарим хэсэгт нь этгээд үг хэллэг бичиж төрийн албан хэрэг, хөтлөлт, төрийн байгууллагын соёл, дэг журмыг ноцтой зөрчсөн” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.Бээс Нийслэлийн Бизнес инновацын газрын даргад холбогдуулан “Нийслэлийн Бизнес инновацын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/100 тоот “Б.Бт сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, Нийслэлийн Бизнес инновацын газрын Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн “Түншлэл, төсөл хариуцсан ахлах мэргэжилтэн”-ий албан тушаад эгүүлэн тогтоож, хариуцагчаас 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч Б.Б нь Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/160 дугаар тушаалаар уг газрын Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн Түншлэл, төсөл хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад мөн даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Б.Бт сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/100 дугаар тушаалаар төрийн албанаас халагджээ.

3.1. Маргаан бүхий Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/100 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, 48.3, 48.4, Албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай дүгнэлтийг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Бийг Төрийн албаны захирах, захирагдах ёсны зарчмыг алдагдуулж удирдах дээд шатны албан тушаалтнаас өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлж, зайнаас ажиллах болон чөлөө олгохтой холбоотой Хөдөлмөрийн дотоод журмын зохицуулалтыг зөрчсөн, хүний нэр төр, алдар хүндэд халдаж төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахин биелүүлээгүй бөгөөд гаргасан зөрчлөө ухамсарлаж ойлгоогүй гэсэн үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

4. Дээрх тушаалын үндэслэл болсон 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Сахилгын зөрчлийн шинжтэй үйлдлийг хянан шалгах албан тушаалтны дүгнэлт”-ээс үзвэл хариуцагч Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газраас нэхэмжлэгч Б.Бийг “Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй”, “2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр чөлөө, зөвшөөрөлгүй ажил тасалсан” гэх хоёр зөрчлийн талаар шалгах ажиллагаа явуулсан байх ба 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хийсэн сонсох ажиллагаанд мөн асуудлын талаар тайлбар авсан байна.

4.1. Хариуцагчаас 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Сахилгын зөрчлийн шинжтэй үйлдлийг хянан шалгах албан тушаалтны дүгнэлт”-ийг үндэслэн Б.Бийг ажлаас халах тушаал гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч маргаан бүхий тушаалд “Төрийн албаны захирах, захирагдах ёсны зарчмыг алдагдуулж удирдах дээд шатны албан тушаалтнаас өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлж, хүний нэр төр, алдар хүндэд халдаж төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахин биелүүлээгүй бөгөөд гаргасан зөрчлөө ухамсарлаж ойлгоогүй” гэж дээрх дүгнэлтэд дурдаагүй зөрчлүүдээр нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.

4.2. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан ... дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гээд сахилгын шийтгэлийг нэрлэн заасан, Монгол Улсын Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 6.1-д “Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна” гэж заасан.

4.3. Өөрөөр хэлбэл, удирдлагаас албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан үзэж тохирсон шийтгэл ногдуулах бөгөөд удаа дараа зөрчил гаргаж шийтгүүлсэн, эсхүл төрийн албанд ажиллуулах боломжгүй гэж үзсэн тохиолдолд халах сахилгын шийтгэл ногдуулахаар хуульчилжээ.

4.4. Хариуцагчаас нэхэмжлэгч Б.Бийг “2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр болсон Нийслэлийн Бизнес, инновацын газрын байгууллагын эд хогшлыг зөөж ачих, буулгах, агуулахад хураах ажилд оролцоогүй, чөлөө, зөвшөөрөл аваагүй ажил тасалсан” гэсэн үндэслэлээр буруутгаж байх ба тэрээр 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр эмнэлэгт үзүүлсэн, энэ талаараа байгууллагын дотоод вайбер /Viber/ групп чатанд бичиж, мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан “Б эмнэлэг”-ийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн биохимийн шинжилгээний хуудас, хэврийн хөндийн хэт авиан шинжилгээний хариу, төлбөрийн баримт, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн эмнэлгийн магадлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

4.5. Дээрхээс үзвэл, Б.Бийн ажил тасалсан гэж буруутгасан 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тэрээр эмнэлэгт үзүүлж, шинжилгээ хийлгэсэн болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо “... Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Б нь 2024 онд гүйцэтгэхээр төлөвлөсөн нийт 21 арга хэмжээнээс 17 арга хэмжээг огт хэрэгжүүлээгүй, гүйцэтгэлийн төлөвлөгөөнд OpenstreetMap Google Мaps төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх гэж төлөвлөсөн боловч эдгээр ажлууд нь худалдан авах ажиллагааны дагуу хийгдсэн, түүнчлэн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой ажлуудыг гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгаагүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон байна” гэж буруутгасан боловч маргаан бүхий актын үндэслэл болсон 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Сахилгын зөрчлийн шинжтэй үйлдлийг хянан шалгах албан тушаалтны дүгнэлт”, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр явагдсан сонсох ажиллагаанд дээрх зөрчлүүдийн талаар дурдаагүй, маргаан бүхий акт гарах үед мөн үндэслэлээр нэхэмжлэгч Б.Бийг буруутгаагүй байх тул гомдол үндэслэлгүй.

5.1. Харин, шүүхийн шийдвэрт Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална”, 47.1.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж заасныг буюу маргаан бүхий Нийслэлийн Бизнес инновацын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/100 дугаар тушаалын үндэслэлд дурдаагүй хуулийн заалтыг тайлбарлан хэрэглэсэн нь буруу болжээ.

Иймд шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2025/0236 дугаар шийдвэрийн Тогтоох нь: хэсгийн 1 дэх заалтын “47 дугаар зүйлийн 47.1, 47.1.1” гэснийг хассан өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

 

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ