Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 12

 

 


2017.01.11


                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                        Хэргийн индекс: 171/2017/0003/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баттулга даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Шүрэнчимэг,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрах,
Хохирогч ***, ***,
Хохирогчийн өмгөөлөгч Ч.Булган,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***д холбогдох эрүүгийн 201509000238 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол улсын иргэн, *** өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 3, өөрийн 2 хүүхдийн хамт *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх *** /регистрийн дугаар: ***/, 

Холбогдсон хэргийн талаар: 
Шүүгдэгч *** нь өөрийн гэр бүлийн гишүүн эхнэр болох 37 настай ***ийг сэтгэл зүйн хувьд дарамтлан /орон байрнаас хөөх, доромжлох/  зодох зэрэг дарамт учруулж өрөвдөх хайрлах сэтгэлгүй хандаж амиа хорлоход хүргэсний улмаас эхнэр *** нь Дархан-Уул аймгийн Дархан сум *** тоотод оршин суух өөрийн гэрийнхээ тагтнаас буюу 7 давхраас 2015 оны 04 дүгээр сарын 03-ны орой 23 цагийн орчим унаж нас барж, бусдыг амиа хорлоход хүргэсэн гэмт  хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 
Шүүгдэгч ***ы мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр талийгаач эхнэрийн маань төрсөн өдөр болж байсан юм. Бид хоёр гэртээ харих гээд замдаа дэлгүүр орж 2 шил пиво тамхи авахад мөнгийг нь *** өгсөн юм. Тэгээд гэртээ хариад пивоо ууж байхад талийгаач надад хандаж чи өөрөөсөө мөнгө төгрөг гаргаж хүний төрсөн өдөр тэмдэглэж чадахгүй хүнээс мөнгө гаргуулаад мөнгө өгөөрэй гэхэд нь би нэг дэх өдөр цалин бууна тэгэхээр өгнө. Битгий хүнээс мөнгө төгрөг нэхэж хэрүүл хийгээд бай гэж хэлээд маргаан үүссэн юм. Тэр үед манай хүү та мөнгөгүй мөнгөгүй гэчихээд ***гийн эвдэрхий утсыг авах гэж 50.000 төгрөг өгсөн биз дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүгээ унтаа бид хоёрын ярианд битгий оролц гэж хэлсэн. Тэгээд эхнэр гарч явлаа гэж хэлэхээр би гаргахгүй гээд гэрийнхээ хаалгыг дотор талаас нь цоожилж түлхүүрээ нуусан юм. Тэгээд би эхнэртээ явуулахгүй эндээ хоноод яв гэж хэлэхэд эхнэр уурлаж орилж чарлаж эхэлсэн. Тэгэхээр нь би явуулахгүй өнөөдөр дөрвүүлээ гэртээ хононо гэж гэж хэлсэн. Тэгсэн чинь манай эхнэр амиа хорлоно би үхнэ гэж хэлсэн. Ер нь бол манай эхнэр надтай хэрэлдэж маргалдахаараа би амиа хорлож үхнэ сална л гэдэг байсан юм. Тэр үед мөн л намайг айлгаж байна гэж бодоод нэг их тоогоогүй юм. Тэгээд жижиг өрөө рүү орж хүүдээ унт аав, ээж хоёр нь жаахан ярилцаж байгаад унтана гэж хэлээд гарч ирэхэд эхнэр би уналаа шүү намайг бариарай гэж хэлэхээр нь балконы хаалга татаж байх үед дор пид хийх чимээ гарсан. Би сандраад хүүгээ дуудаад ээж чинь дор уначихлаа гэж хэлээд гарах гэтэл би хаалгаа дотроосоо түгжсэнийг мартсан байсан.  Тэгээд би хүүгээ түлхүүр аваад ир гээд тэр хооронд хувцас хунараа өмссөн юм. Би эхнэрээ хөөж явуулчихаад буцаагаад гэртээ аваад ирдэг байсан юм. Мөнгөний асуудлаас болж маргалдаад би эхнэрээ гэрээсээ хөөдөг. Өмнө нь бол гар хүрдэг байсан бөгөөд одоо гар хүрэхээ байгаад 5-6 жил болж байна. Гар хүрч байхаар хараалын үг хэлчихье гэж бодоод хараалын үг хэлдэг байсан. Би эхнэртээ огт гар хүрэхгүй байж байгаад өчигдөр орой гэртээ харьсныхаа дараа эхнэрийнхээ зүүн хөлний өвдөгний дээхэн хэсэг рүү нэг удаа цохиж авсан. Манай эхнэрт гэрийн түлхүүр байгаагүй юм. Би өмнө нь эхнэрээ Номин руу яв гэж хөөхдөө гэрийнхээ түлхүүрийг үлдээ гээд аваад үлдчихсэн байсан юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 111-113/,

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2015 оны 4 дүгээр сарын 03-ны орой 20 цагийн орчимд манай эгч *** гаднаас нөхөртэйгээ утсаар ярьсаар орж ирсэн юм. Тэгэхдээ нөхөртөө би чадахгүй, би амармаар байна гэж хэлээд утсаа салгаж байсан. Тэгээд ажлаа тараад явж байна маш их ядарлаа амаръя гэж хэлээд хоол цай идэж уугаад орон дээр хэвтээд шууд унтсан юм. Ингээд унтаж байхад гар утас нь дуугарч эгч өөрөө утсаа авсан юм. Тухайн үед би орон дээр эгчийн хажууд зэрэгцээд хэвтэж байсан бөгөөд утсаар ярьж байгаа нөхөр ***ы дуу надад тод сонсогдож байсан ба тэр эгчийг гичий минь хурдан гэртээ ир, гарч ирэхгүй бол чамайг ална шүү гэж хэлж байсан бөгөөд эгч болохоор чадахгүй би ядарч байна унтаж амармаар байна чамтай хэрүүл хийхээс залхаж байна чамаас цалингаа авмаар байна гэж хэлж байсан. Тэр ***чи ирээд мөнгөө ав гэж хэлэхэд би очиж чадахгүй чи авчраад өг гэж хэлээд утсаа салгасан. Түүнээс хойш 20-30 минутын дараа нөхөр нь дахин утсаар залгаад эгчтэй ярьсан бөгөөд би гадаа чинь ирчихсэн байна чи гарч ирээд мөнгөө ав гэж хэлэхэд эгч би гарч чадахгүй нь ээ хүүхэд гаргачихъя эсхүл чи орж ирээд өгчих гэж хэлсэн. Тэгэхэд ***чи өөрөө гарч ирээд ав гээд байсан. Ингээд эгч би өөрөө гарахаас наадах чинь яаж ч магадгүй гэж хэлээд өмдөө өмсөөд нимгэн цамцтай гутлаа углаад гараад явсан гарахдаа буцаж орж ирэхээр хаалгаа дутуу хаагаад гарсан. 2015 оны 03 дугаар сарын 31-ний орой эгч маань манай гэрт хоносон бөгөөд орой унтах гээд унтлагын хувцас өмссөн байхад нь харахад баруун хөлийнх гадна хэсэгт 10 см талбайд хөхрөөд тэр нь бүдгэрч байгаа бололтой гэмтлийг харсан. Эгч маань хэд хоноод л гэрээсээ хөөгдчихлөө гэж хэлээд тортой хувцас хунараа бариад хүрээд ирдэг байсан. Хэд хонуулаад нөхөр ***нь ирээд аваад явдаг боловч дахиад л хэд хоноод гэрээсээ хөөсөн гээд л хүрээд ирдэг байсан. Би нарийн сайн учрыг нь мэдэхгүй эгч энэ талаараа надад тодорхой ярьдаггүй. Харин бидний хажууд эгчийг маань дандаа янхан гичий минь чи гэх мэтээр элдвийн муу муухай үгээр хэлж дайрч давшлаад чирч гулдчиж гэрээс хүчээр авч явдаг байсан. Энэ үйлдэл нь байнгын шахуу болдог байсан. Гэр лүүгээ яваад хамгийн удаан байлаа гэхэд 7 хоног л байсан байх. ***д маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 17-19/,
Хохирогч ***гийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “2015 оны 4 дүгээр сарын 03-ны шөнө 22 цагийн орчим талийгаач дүү *** маань дүү ***ийн гэр болох Дархан сумын 16 дугаар баг “Центрийн 9 давхар байранд байхад нь түүний нөхөр болох ***нь утсаар дуудсаар байгаад аваад өөрийн гэр болох Дархан сумын 13 дугаар баг “Альфа таун руу авч явсан байсан. Ингэж авч явахдаа талийгаач гутлаа углаад хувцас хунараа гүйцэд өмсөөгүй хаалгаа гүйцэд хаалгүй онгорхой орхиод гараад явсан байсан. *** тухайн үед эгчийгээ хүлээж байгаад 5 минут болоод орц руугаа гарч дуудахад хариу хэлээгүй гэсэн. Тэгээд цонхоороо харахад гадаа эгч нь нөхөр ***ы хамтаар байсан гэсэн. Тэгээд гарах гэснээ за ороод ирэх байлгүй гэж бодоод ном уншиж байснаа унтчихсан байсан гэсэн. Ингээд өглөөний 06 цагт ***ы эгч Насанжаргал нь гаднаас орж ирээд Улаанбаатар хотоос шуургатай арай хийж ирлээ зам хаачихсан байна гэж хэлээд ***ийг төрсөн өдрөө тэмдэглэж байгаад гэрийнхээ тагтаар өөрөө үсэрсэн байна гэж хэлсэн байсан. Ингээд *** Шарын голд байх бид нарт утсаар хэлээд бид нар ирсэн юм. *** бол их дотуур тамиртай хүний өмнөөс эгц хараад ярьж чаддаггүй бид нар тэдний амьдралд оролцоод байхыг боддоггүй. ***, *** нар хоорондоо тийм сайхан харилцаатай байгаагүй. Тухайлбал бид нар Дарханд ирээд үйлчилгээний төвийн арын цайны газарт ороод гарахад манай талийгаач дүү та нар энүүгээр хамаагүй битгий яваарай гэж хэлж байсан. Тэгэхээр нь би гайхаж яагаад энүүгээр явж болохгүй гэж байгаа юм гэж асуухад Үйлчилгээний төв дээр Насанжаргал эгч ажилладаг юм. Тэгээд харчихаараа дараа нь янз бүрийн юм яриад хэл ам салдаггүй юм гэж ярьж байсан. Дүү *** нөхөртөө зодуулсан талаар ярьж байгаагүй боловч бид дүүг маань зоддог гэж боддог учир нь ***ийн хөл гар зэрэг ил хэсэг нь хөхөрсөн явдаг байсан. Мөн нөхөр *** нь миний хажууд ***ийг ажилдаа явах гэж байхад ундааны сав аваад шидэж байсан. Би 2014 оны 6 дугаар сард мэргэжил дээшлүүлэхээр Дарханд ирээд Номингийн 9 давхарт дүү нартайгаа хамт байсан. Тэр үед талийгаач дүү маань хамт байсан бөгөөд тэр үед би дүүгээсээ чи яагаад гэр орондоо очихгүй байгаа юм гэж асуухад хэл амгүй энд байх сайхан байдаг юм гэж хэлж байсан. Тэгээд би нөхөр болон талийгаач дүүгийн хамт гадаа гараад зогсож байтал хүү *** нь хичээлээсээ ирсэн. Тэр гэрийнхээ түлхүүрийг өгчих орой ирэхэд чинь хоол хийгээд тавьж байя. Хоосон битгий яваад бай гэхэд *** түлхүүрээ өгөхгүй та түлхүүрээ яасан юм гэж хэлэхэд түлхүүрээ гээчихсэн байна гэхэд та ааваас түлхүүр ав гэхэд аав чинь надад түлхүүрээ өгөхгүй шүү дээ гэж хэлж байсан. Эндээс харахад хүүхдийн сэтгэл санаа хүртэл тайван биш түгшүүртэй байдаг байсан ба бага охин *** нь ээжтэйгээ хамт байнга Номингийн 9 давхарт хамт байдаг байсан бөгөөд хааяа нэг Шарын гол орохдоо охин ***гаа дагуулаад очдог байсан. Хүү *** болон ***нар манайхаар очиж байгаагүй. Тэдний харьцаа бол гэр бүлийн хүрээнд сайхан байгаагүй байнгын хэрүүл маргаантай дарамттай байдаг байсан. Мөн талийгаач дүүгийн цалин буухаар хүүхэд өвчтэй энэ тэр гэж янз бүрийн шалтаг ярьсаар байгаад цалинг нь авчихдаг байсан. “Альфа тауны байрыг талийгаач урьдчилгаа мөнгийг нь төлж байгаад авсан гэсэн. Тэрнээс гадна Насанжаргал гэдэг эгч нь талийгаачийн нэр дээр төсөл бичүүлж 5 сая төгрөг авсан гэсэн энэ мэтээр манай талийгаач дүүг маш ихээр ашиглаж байсан. Би маш их гомдолтой байна. Тэр орой талийгаач дүүг маань төрсөн өдөр нь гэж гэр лүүгээ авч яваад санаатайгаар амь насыг нь хохироосон гэж үзэж байгаа тул энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Оршуулгын зардалд 11 сая гаруй төгрөг зарцуулсныг ***аас гаргуулж өгнө үү” гэх мэдүүлэг  /1 дүгээр хавтаст хэргийн 20-21/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би ирэхэд нөхөр нь хэцүүхэн байдалтай байсан. Ер нь бол миний охиныг нөхөр нь байнгын дарамталж хэрүүл хийх зодох асуудал байнгын гаргаж байсан. ***бол миний охиныг их зоддог нүддэг байсан бөгөөд бие нь энд тэндгүй хөх няц болсон байдаг байсан. Гэхдээ охин минь өөрөө зодуулсан талаараа бид нарт хэлэлгүй нуугаад байдаг байсан. Миний хажууд ч зодож байсан удаа байгаа. Харин сүүлийн үед зодохоо больсон гэсэн. Миний охиныг зодохдоо нүдийг нь цохиж гар хөлийг нь хөхрүүлж байсан” гэх мэдүүлэг  /1 дүгээр хавтаст хэргийн 31-32/,
Гэрч ***ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би *** эгчтэй хамт амьдарч байх хугацаанд болохоор ***ах байнга ирж дарамталдаг хааяа ирээд ***тэй хэрэлдэж байгаад шууд зодож цохидог байсан ба нэг удаа дуудаж өгч байсан. Мөн ***ах ирээд эгчийг дарамтлаад янхан, гичий гэх зэргээр элдвээр хэлээд байхаар нь эгчийг салаач гээд хэлчихсэн юм. Тэгтэл ***ах намайг зодох уу гэж хүртэл хэлж байсан. Ер нь бол ***манай эгчийг байнга дарамталж элдвээр хэлдэг бөгөөд манай эгчтэй эвтэй сайхан харьцаж байсныг огт мэдэхгүй юм. 2007 онд би эгчтэй хамт амьдарч байх үед нэг удаа *** эгчийг унагаад нүд рүү нь өшиглөж байсан. Дараа нь Номин худалдааны төвийн ард байр түрээсэлж байхад 2 ч удаа цохиж зодож байсан. Би ***ыг эгчийг зодож байхад хаалганы цаанаас сонсч байсан. Тэр үед хаалгаа хаачихсан байсан бөгөөд эгч өрөөн дотор яая яая гээд орилж уйлж байсан. Мөн намайг Улаанбаатар хотод байхад эгч надтай хамт хэсэг байсан бөгөөд тэгж ирэхдээ ***тай маргалдаад ирсэн гэсэн ба ажил төрөл олж хийгээд Дархан руу явахгүй гэж хэлж байсан. Тэр үед ***байнга л утсаар ярьж хэрүүл хийдэг байсан бөгөөд 5 настай хүүхэдтэйгээ хүртэл ярихдаа ээжийг нь гичий янханаар нь дуудаж ярьж байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 34/, 
Гэрч ***ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: *** “Яг үнэнээ хэлэхэд аав хаяадаа гэртээ орж ирээд пиво уугаад байгаа” гэхээр нь би “аав чинь пиво уугаад, яаж байна, зодож нүдэж дарамтлаагүй биздээ” гээд асуусан. Тэгэхэд *** “зүгээрээ, хааяадаа загнаад, зодох гээд байна” гэж хэлсэн. ...*** аав архи уусан үедээ намайг дуудаж ирээд “Танай ээж чинь их хөөрхөн тэ” гээд тэнэгтээд байдаг гэж хэлсэн. Тэгээд би ирэн, очин явж болохгүй юм уу? гэхэд *** “ааваас л асуухгүй юу даа” гэж хэлж байсан. 
...Би 2010 онд ***г төрөөд удаагүй байхад ирж харж байсан. Тэгээд зуны 3 сар байх хугацаанд бол тэр болгон хэрүүл хийгээд байдаггүй ч гэсэн хааяа нэг хэрэлдэж маргалддаг л байсан. Нэг удаа ах эгч хоёр хоорондоо их аймар хэрүүл хийсэн юм. Би одоо яг нарийн санахгүй байна. Ямарч байсан эгчийг ажлынхаа газрын хүмүүстэй уулзах гэхээр явуулдаггүй, мөн гараад явахаар нь араас нь утсаар яриад дуудаад байдаг асуудлаас болсон шиг санаж байна. мөн үүнээс гадна 2014 онд Альфа таунд нүүж ороод байрны цайллага болсон юм. Тэгээд цайллагын дараа ***ы ах дүү нар гарцгаасан. Манайхан болохоор Шарын голоос ирдэг болохоор 17-18-н цагийн орчим ирсэн. Тэгээд бүгд идэж ууж, ярьж хөөрч сууж байгаад 22-23 цаг болоод зарим нь яваад, зарим нь хонохоор болсон. ***өөрөө хоноод яв гээд байсан. Тэгээд манайхан бүгдээрээ унтаад өгсөн ба би нойр хүрэхгүй том өрөөнд байтал жижиг өрөөнд ***эгчийг орноосоо түлхэж унагаад, танайхан ор дэвсгэр дээр шээчих вий, гэр орон бузарлачихвий, чи газар унт гэж хэлээд байсан. Тухайн үед би нэг босож очих гэснээ “за за шинэ байранд ороод сайхан амьдрах гэж байхад нь яахав дээ” гэж бодоод дуугүй өнгөрсөн. Тухайн тэр үгийг нь сонсоод маш их гайхсан. үнэхээр тийм л байсан юм бол хоноод яв гэчихээд шөнө нь тэгж хэлээд эгчийг түлхэж унагаад байсан. Тухайн үед талийгаач эгч маань “хүн амьтан сэрчихвий, чи дарамталдгаараа дараа л дарамтална биз, хүн амьтны дэргэд муу муухайгаа харуулах гэж байгаа биш” гэж хэлж байсан. Энэ байдал бараг 2 цаг шахам үргэлжилсэн. Тэгээд маргааш өглөө нь бол юу ч болоогүй юм шиг босоод ирж байгаа. Тэгээд би эгчдээ санаа зовоод эгчрүү байнга шахуу усаар ярьдаг байсан бөгөөд юу болсон, яасан гээд тэгэхээр эгч маань өөрөө тодорхой зүйл ерөөсөө хэлдэггүй байсан. хааяа бол утсаар ярихаар номингийн байранд ирчихсэн ***тай хэрэлдсэн гэж хэлдэг байсан. Тэгээд асуухаар юу болсноо тодорхой ярьдаггүй байсан. Хамт байж байхад бол хааяа нэг эгчийг чимхэж авч байгаа харагддаг байсан. Ер нь бол манайхан чимхэж барихаар амархан хөхөрчихдөг бөгөөд эгч маань хувцас хунараа тайлахаар энд тэнд хөхөрсөн байдаг байсан. Тэрнээс биш үчиргүй зодоод цохиод байсан зүйлийг нь мэдэхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 395-396/,
Гэрч ***гийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Нөхөр ***нь талийгаачийг хамт олон найз нөхөдтэй байлгах дургүй. Гадуур явж байхад нь зориуд хүмүүсийн дэргэд хэрүүл зодоон үүсгэдэг. Сүүлийн үед шинэ байранд орсон цагаас хойш талийгаачийг тайван байлгахгүй гэр орноос нь хөөдөг. Над дээр талийгаач гэрээсээ хөөгдсөн гээд хотод ирж ажил төрөл хайж байсан. Хотод ажил хийх гэсэн чинь нөхөр нь дуудаад буцаад Дарханд очоод гэртээ 2-3 хоноод дахин хөөгдөж тусдаа байгаа гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 57-58/,
Гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2003 онд *** Эрэл цементийн үйлдвэрт лаборантаар ажилд ороод бид хоёр танилцсан. Үүнээс хойш нэг цехэд олон жил хамт ажиллаж байсан. Нөхөр нь их хартай хүн шиг санагддаг үйлдвэрийн шинэ жил баяр ёслолын үеэр утасдаад хурдан ир гэдэг. *** заримдаа нүүр ам нь хөхөрчихсөн байдаг. Яасан гэж асуухаар *** нөхөртэйгээ жаахан муудалцаад л гэж хэлдэг. Зодсон гэж хэлдэггүй.  Хүнд гэр бүлийнхээ асуудлыг яриад байдаггүй  юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 37/,
Гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Одоогоос 3 жилийн өмнө байсан байх миний төрсөн өдрийг манай хамт олон тэмдэглэсэн. Энэ үед нөхөр нь ирээд талийгаачийг хардаж Хээтэйгийн голд 4-2 дугаар байрны урд талын одоо “Эрхэм” нэртэй эмнэлгийн эсрэг талаас ордог баарны хаалганы шилийг хагалж дараа нь төлж байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 38-39/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 3-10/, 
Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл /1 хавтаст хэргийн 64/, 
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 42 дугаартай “...2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 3471 дугаартай шинжээчийн дүгнэлтэд Талийгаачийн биед хүзүүний 1 дүгээр нугалмын шахагдсан хугарал, цээжний баруун, зүүн талын олон хавирганы мултрал, хавсарсан хугарал, 2 хөлний шагайн үеийн мултрал, хавчаар тахилзуур, шагайн ясны ил бяцарсан хугарал, шарх, элэг язралт, гар хөл хэвлийд зөөлөн эдийн цус хуралт, зулгаралтын гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр өндрөөс унах үед үүсэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5 болон 3.1.20-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь хүчтэй доргилтын гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй байна. Талийгаачийн цус В /III/ бүлгийн харьяалалтай байна” гэх дүгнэлт /1 хавтаст хэргийн 62-63/, 
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 3471 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 65/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 3472 дугаартай шинжээчийн дүгнэлт,  /1 дүгээр хавтаст хэргийн 66/,
Шинжилгээний 3472 дугаартай дүгнэлтэд гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 66-69/, 
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн биологийн шинжээчийн 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 3901, “...Шинжилгээнд ирүүлсэн хохирогчийн гэх өмд болон оймсон дээр цус илэрсэн. АВО системээр В/III/ бүлгийн харьяалалтай хүний цус байна. Бусад хувцаснууд дээр цус илрээгүй. гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 73/, 
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2064 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад уранхай, цоорхой үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудын
-Оймсонд үүссэн 12x6 мм, 1x1 мм, 10x6 мм хэмжээтэй цоорхой нь хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ цоорхой байна.
-Хөхний даруулганд үүссэн 8.5x4см, 3см, оймсонд үүссэн 6x2см, 5x2см хэмжээтэй уранхай нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн байна. 
-Хөхний даруулганд үүссэн 8.5x4см хэмжээтэй уранхай нь шинээр үүссэн. Харин бусад уранхуйнууд нь хуучин уранхай байна” гэх дүгнэлт  /1 дүгээр хавтаст хэргийн 77-78/, 
Шинжээчийн 2064 дугаартай дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 79-80/, 
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаартай “...Хэргийн газраас хураан авсан “боргио” гэсэн шошго бүхий 3 ширхэг шилэн дээрээс 2 ширхэг гарын мөр, 2 ширхэг гарын мөр нь шилжилгээнд тэнцэнэ. Адис-Папилон санд бүртгэлтэй хүмүүс болон улсын нэгдсан санд байгаа хүмүүсийн дардсуудтай тохирохгүй байна” гэх дүгнэлт  /1 дүгээр хавтаст хэргийн 84/, 
Шинжээчийн 37 дугаартай дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 85-86/, 
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 481 дугаартай “...***ы биед эрүүл мэндийг сарниулах гэмтэл тогтоогдохгүй байна” гэх дүгнэлт  /1 дүгээр хавтаст хэргийн 89/,
***ы согтуурлыг шалгасан тухай тэмдэглэл,
Гэрлэгчдийн эвлэрийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 
Туршилт хийсэн тухай тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 385 дугаар хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 120/ болон хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч *** нь өөрийн гэр бүлийн гишүүн эхнэр болох 37 настай ***ийг сэтгэл зүйн хувьд дарамтлан  /орон байрнаас нь хөөх, доромжлох/  зодох зэрэг дарамт учруулж өрөвдөх хайрлах сэтгэлгүй хандаж амиа хорлоход хүргэсний улмаас эхнэр *** нь Дархан-Уул аймаг *** тоотод оршин суух өөрийн гэрийнхээ тагтнаас буюу 7 давхраас 2015 оны 04 дүгээр сарын 03-ны орой 23 цагийн орчим унаж нас барж, бусдыг амиа хорлоход хүргэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ы болон хохирогч ***, ***, гэрч Ө ***, ***, ***, *** нарын өгсөн мэдүүлэг, 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 42 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 62-63/,  хохирогч гэрчүүдийн мэдүүлэг хэргийн 18-19, 20-21, 31-32, 34, 37, 39, 57-58 дугаар хуудсуудад авагдсанаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзэв. 
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***ы үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл тохирч байна.
Иймд шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95.1-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 
Шүүгдэгч ***д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95.1-т заасан хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан заалтад хамрагдаж байх тул түүнд оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна. 
Хохирогч ***, *** нар нь шүүгдэгч ***аас оршуулгын болон бусад зардалд нийт 38.500.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон 8.388.626 төгрөгийг ***аас гаргуулж хохирогч нарт тэнцүү хуваан олгож, хохирогч нар нь бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна. 
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
                                                     ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** ***ыг эд хөрөнгө болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа гэр бүлийн хүнтэйгээ харгис хэрцгий харьцсаны улмаас түүнийг амиа хорлоход хүргэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95.1-т зааснаар ***ыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар ***д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.  
4. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар ***д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар *** нь энэ хэрэгт сэжигтнээр 14 хоног цагдан хоригдсоныг дурдсугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 1 дүгээр хавтаст хэргийн 217-226 дугаар хуудаст авагдсан 3 ширхэг картыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, 3 ширхэг “Боргио” гэсэн шошготой шил, 1 ширхэг хүрэн өнгийн хоолойтой ноосон цамц, 1 ширхэг хөхний даруулга, 1 ширхэг хөх өнгийн өмд, 1 ширхэг дотоож, 1 хос оймс зэргийг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар ***д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 
8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар ***аас 8.388.626 /Найман сая гурван зуун наян найман мянга зургаан зуун хорин зургаа/ төгрөг гаргуулж хохирогч *** тоотод оршин суух *** *** /***/, *** тоотод оршин суух *** /***/ нарт тэнцүү хуваан олгож, хохирогч нар нь бусад гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх ***д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П. БАТТУЛГА