Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 126/ШШ2021/0037

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаарХөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, иргэний улсын бүртгэгчид холбогдуулан гаргасан Д.Э, Г.У нарын 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр улсын бүртгэлийн 6701000126 дугаарт бүртгэсэн гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий Д.Эын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний улсын бүртгэгч Б.Б, нарийн бичгийн дарга Л.Сувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхээс үнэн зөв шийдвэр гарах байх гэж бодож байна. Би гэрлэлтийг баталж байхад өөрийн биеэр байлцаагүй. Би 2009 онд Хөвсгөл аймагт Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудлын даргаар томилогдон ирж 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр тушаал гарч Улаанбаатар хотод шилжин ажиллах болсон. Энэ хооронд Г.Утай хамтран амьдарч байсан. Гэхдээ бид хоёрт ямар нэгэн байдлаар гэрлэлтээ батлуулъя гэж ярилцсан зүйл байгаагүй. Тэгээд 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгаас явсан хойгуур 2013 оны 06 дугаар сарын 03-ний өдөр гэрлэлтийн баталгаа бий болсон байсан. Үүнд би гомдолтой байна. Үүнийг залруулж өгнө үү гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний улсын бүртгэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Э, Г.У нарын гэрлэлтийг тухайн үед бүртгэхдээ 2008 оны Иргэний хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу бүртгэсэн. Мөн хуулийн 13 дугаар зүйлд гэрлэлт бүртгэж байгаа хүмүүс хамтран гаргасан өргөдөл, гэрлэхийг хүссэн хүмүүсийн иргэний үнэмлэхийн хуулбар, эрүүл мэндийн тодорхойлолт, өмнө нь гэрлэж байгаагүй гэх тодорхойлолтыг бүрдүүлж, 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтийг бүртгэж баталгаажуулсан байна. Иймд гэрлэлтийг хүчин төгөлдөр гэж үзэж байна гэв.

Гуравдагч этгээд Г.У шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Д.Э нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... миний оролцоо зөвшөөрөлгүйгээр, ... Хөвсгөл аймагт ажиллаж амьдарч байгаагүй байхад бүртгэл хийгдсэн байгааг ойлгохгүй байна гэжээ. ... 2007 оны намар Д.Эын аав Дамдинжав, аавынх нь төрсөн дүү Эрдэнэ, нагац эгчийнх нь нөхөр Чулуунбаатар нар ирж аав, ээжээс минь бэр гуйж хадаг барьсан билээ. Д.Э нь 2009 оны 10 сараас 2013 оны 3 сар хүртэл Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудлын даргаар томилогдон ажиллаж байхад бид тус байгууллагын ажилчдын байр болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг, 18 дугаар байр, 38 тоотод амьдарч байсныг ажлын газрын хамт олон болон түүний хамаатан садан бүгд мэднэ. Д.Э нь 2013 оны 03 дугаар сарын 25-наас Улаанбаатар хотод Иргэний нисэхийн ерөнхий газарт мэргэжилтнээр ажиллах болсон ба манайх ч хүүхдийн сургууль тарахаар 2013 оны 06 дугаар сарын 15-наас хойш нүүхээр бэлдэж байсан үед 2013 оны 06 дугаар сарын 02-нд Д.Э Улаанбаатар хотоос утасдаад Маргааш өглөө эрт Улсын бүртгэлийн хэлтэс дээр очиж Б.Эрдэнэбилэг даргатай уулзаад гэрлэлтийн гэрчилгээ бичүүлж авах хэрэгтэй байна. Би Б.Эрдэнэбилэг даргатай ярьчихсан байгаа. Очоод гарын үсэг зураад л авахад болно гэж хэлсэн. Маргааш нь буюу 2013 оны 06 дугаар сарын 03-ны өглөө намайг Улсын бүртгэлийн хэлтэст очиход дарга нь Д.Этой утсаар холбогдоод танай хүн ирлээ, чи ч надаар хууль бус үйлдэл хийлгэх гээд байна даа гэж ярьж байтал өрөөнд нь нас тогтсон эмэгтэй орж ирсэн нь улсын бүртгэгч болж таарсан. Дарга нь: намайг заагаад энэ хүнд гэрлэлтийн гэрчилгээ бичиж өгөх хэрэг байна гэхэд тэр эмэгтэй: та надад хууль бус хүсэлт тавьж байна шүү. Гэвч дарга та өөрөө мэдэж байгаа байлгүй дээ гэж хэлээд намайг дагуулан доод давхарын нийтийн зааланд ороод гэрлэлтийн гэрчилгээ бичиж өгсөн. ... Д.Этой 2007 оны 1 сараас 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 8 жил гаруй хугацаанд хамт амьдарсан ба 2008 оны 02 дугаар сарын 04-нд бидний охин Э.А мэндэлсэн юм. ... Бид одоо Австрали Улсын Gold Coastхотод амьдарч байна. ... Э.А охины эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс эцэг Д.Эоос охин Э.Ад сар бүр хүүхдийн тэтгэлэг олгуулах шийдвэр гаргаж өгөхийг шүгчээс хүсье гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний улсын бүртгэгчид холбогдуулан Д.Э, Г.У нарын 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр улсын бүртгэлийн 6701000126 дугаарт бүртгэсэн гэрлэлтийн бүртгэлийг хүчингүйболгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийг хамтруулан хариуцагчаар тодорхойлсон боловч уг байгууллагын удирдлах албан тушаалтан нь бүртгэлийн ажилтны дээд шатны албан тушаалтан бөгөөд гомдлыг урьдчилан шийдвэрлэх журмаар хянан шийдвэрлэж нэхэмжлэгчид хариу өгсөн байх тул тэрээр нэхэмжлэлээр үүсэх хэргийн хариуцагч биш болно.

Шүүхнэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хэргийн нөхцөл байдлын талаар:

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн архиваас хуулбарлаж баталгаажуулан ирүүлсэнД.Э, Г.У нарын Гэрлэлтийн бүртгэлийн хувийн хэрэгт хадгалагдаж буй холбогдох бичиг баримтуудаас үзэхэд:

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст Д.Э, Г.У нарын хамтран гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан иргэний үнэмлэхүүд, эмнэлгийн эрүүл мэндийн хуудас зэргийг хавсаргаж ирүүлснийг хариуцагч хүлээн авч, Гэрлэгсдийн бүртгэх бүртгэл-ийн 2013 оны бүртгэлийн 126 дугаарт гэрлэгсдийн овог, нэр-Д.Э, РД-/ЧВ-74010417/, Г.У, РД-/ИР79082762/, нар нь Монгол Улсын иргэн, 1 дэх удаагаа гэрлэж байгаа, гэрлэсэн 2012.08.15, гэрлэлтээ бүртгүүлсэн 2013.06.03, оршин суугаа хаяг 8-18-38 тоот, гэрлэгсдийн гарын үсэг зуруулжээ. /ХХ-17 -23 дугаар хуудас/

Мөн Гэрлэсний бүртгэлийн маягтанд бүртгэлийн дугаар 6701000126, олгосон гэрчилгээний 0000178578 дугаарыг олгож, ... Д.Э, Г.У нарын хувийн мэдээллийг тусгаж, тэдний гэрлэлтийг 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр бүртгэж, гэрлэгчдийн гарын үсэгт Д.Э, Г.У гэсэн бичвэрээр гарын үсэг зурсан байна. /ХХ-15 дугаар хуудас/

Нэхэмжлэгчээс эс зөвшөөрч: ... би улсын бүртгэлийн газарт Г.Утай хамт очин гэрлэлтээ бүртгүүлээгүй, ямар нэгэн өргөдөл гаргаж гарын үсэг зураагүй байхад намайг байлцуулалгүйгээр Г.Утай гэрлэсэн гэрлэлтийг бүртгэсэнд гомдолтой байна хэмээн,

Хариуцагчаас: ... гэрлэгсдээс шаардлагатай баримтуудыг бүрдүүлж, гэрлэгсдийн гэрлэлтийг бүртгэсэн нь үндэслэлтэй болно хэмээн маргаж байна.

Хариуцагч тухайн үед ажиллаж байсан бүртгэлийн ажилтан нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй буюу Д.Э, Г.Уянгын хамтран гаргасан гэх өргөдлийг болон бусад гаргаж өгсөн баримтын үнэн зөвийг нягтлан шалгалгүйгээр Зөвхөн Г.Уянгыг байлцуулан гэрлэлтийн бүртгэлийгбүртгэсэн болох нь тогтоогдож байна.

Энэхүү хариуцагчийн дээрхи үйлдэл нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 /1999 он/, /2018 онд хүчингүй болсон/ Гэр бүлийн тухай хуульд заасан насанд хүрсэн гэрлэхийг хүсэгчид хэн нэгнийхээ, эсхүл хамтран оршин суугаа газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд гэрлэлтээ бүртгүүлнэ. Гэрлэхийг хүсэгчид хүсвэл гэрлэлтийг ёс төртэй бүртгэж болно. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэх тухай өргөдлөө /өргөдөлд гэрлэхийг хүсэгчдийн овог, эцгийн нэр, нэр, оршин суугаа газрын хаяг, төрсөн он, сар, өдөр зэргийг дурдсан байна/ хамтран гаргаж, дараахь баримт бичгийг хавсаргана гэж заасныг зөрчсөн, нэхэмжлэгч Д.Эын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Д.Э, Г.У нарын 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр улсын бүртгэлийн/6701000/126 дугаарт бүртгэсэн гэрлэлтийн бүртгэл-ийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин гуравдагч этгээд Г.У нь охин Э.Ад эцэг Д.Эоор сар бүр тэжээн тэтгүүлэх, тэтгэлэгтэй холбоотой маргаанаа холбогдох баримтаа бүрдүүлэн шүүхийн харьяаллын дагууиргэний хэргийн анхан шатны шүүхэд жич нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний бүртгэлийн тухай хуулийн /1999 оны/ 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 13.9-д заасныг баримтланХөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний улсын бүртгэгчийн Д.Э, Г.У нарын 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр улсын бүртгэлийн /6701000/126 дугаарт бүртгэсэн гэрлэлтийн бүртгэл-ийг хүчингүй болгосугай.

2. Г.У нь охин Э.Ад эцэг Д.Эоор тэжээн тэтгүүлэх, тэтгэлэгтэй холбоотой маргаанаа холбогдох баримтаа бүрдүүлэн шүүхийн харьяалалын дагуу иргэний хэргийн анхан шатнышүүхэд жич нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Эоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсээс 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЭНХТАЙВАН