| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2019/00109/И |
| Дугаар | 227 |
| Огноо | 2019-01-30 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 227
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н-д холбогдох
Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2018.05.30-ны өдрөөс 2018.11.15-ны өдрийг хүртэл 6,291,240 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Ц, хариуцагчийн төлөөлөгч А.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ш.Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байхдаа Нийслэлийн засаг даргын 2017.02.13-ны өдрийн Б/20 тоот захирамжаар үндэслэлгүй сахилгын шийтгэл хүлээж, ажлаасаа халагдсан. Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүхийн 2018.05.30-ны өдрийн шүүх хуралдаанаар намайг захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг хариуцагч тал зөвшөөрөхгүй давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсан тул миний бие 2018.09.24-ний өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг гарган, гүйцэтгэх хуудас бичүүлэн авч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан.
Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хариуцагч нь намайг 2018.11.15-ны өдөр ажилд эгүүлэн авах захирамж гаргасан боловч бодит байдлаар ажиллуулахгүй, удаа дараа шалтаг хэлж 2018.12.12-ны өдөр ажлыг маань хүлээлцэж, тухайн цаг үеэс би буцаад захирлын ажлаа бодит байдлаар хийж эхэлсэн. Мөн би шийдвэрт заасан олговрыг авсан. Харин анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018.05.30-ны өдрөөс намайг ажилд авсан 2018.11.15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг байгууллга олгоогүй учир хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэл гаргасан. Байгууллага намайг ажилгүй байлгасны олговрыг өгөх үүрэгтэй бөгөөд 5 сар, 15 хоног буюу 120 өдрийн олговрыг шүүхийн шийдвэрт заасан 1 сарын цалин хөлс болох 1,127,183 төгрөг, 1 өдрийн цалин хөлс болох 52,427 төгрөгөөр тооцож нийт 6,291,240 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ш.Цын ажлаас үндэслэлгүй халагдсан асуудлыг тус дүүргийн шүүх ханган шийдвэрлэж, давж заалдах шатны магадлалаар хэвээр үлдэж, шийдвэр хүчин төгөлдөр болсон. Нэхэмжлэгч Ш.Цын гаргасан хүсэлтийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийж Н Ш.Цыг 2018.11.15-ны өдөр ажилд авах захирамж гаргаж, Нийслэлийн боловсролын газрын дарга ажил хүлээлцэх комисс томилох тухай тушаалыг 2018.11.19-ний өдөр гаргасан. Уг тушаалын дагуу 2018.12.12-ны өдөр Ш.Цад ажлыг нь албан ёсоор хүлээлгэн өгсөн байдаг. Мөн шүүхийн шийдвэрт заасан олговрыг олгосон. Гэхдээ Ш.Ц нь магадлал гарсан 2018.07.18-ны өдрөөс цалин хөлсөө нэхэмжлэх боломжтой байсан бөгөөд нэхээгүй, энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохыг харуулж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ш.Ц нь хариуцагч Н бөгөөд Улаанбаатар хотын захирагчид холбогдуулж ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2018.05.30-ны өдрөөс 2018.11.15-ны өдрийг хүртэл 6,291,240 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг шүүхийн шийдвэрийг хариуцагч тал сайн дураар биелүүлэхгүй байсан учир шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн, үүний үр дүнд намайг 2018.11.15-ны өдөр ажилд авах тушаал гаргаж, 2018.12.12-ны өдөр ажлыг хүлээлцэж, энэ хугацаанаас би ажиллаж эхэлсэн, ажилд томилох хүртэл хугацааны цалин хөлсийг хариуцагч төлөх учиртай гэж тайлбарлав.
Харин хариуцагч тал дээрх тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэгч Ш.Ц нь магадлал гарсан 2018.07.18-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжлэх эрхтэй байсан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж мэтгэлцсэн.
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.05.30-ны өдрийн 1153 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Ш.Цыг Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, түүний нэг сарын дундаж цалин хөлсийг 1,127,183 төгрөг, 1 өдрийн дундаж цалин хөлсийг 52,427 төгрөг гэж тооцон, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 16,829,114 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн байх бөгөөд, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.07.18-ны өдрийн 1655 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ш.Цыг Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон, түүний нэг сарын болон нэг өдрийн дундаж цалин хөлсийг тогтоосон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй юм.
Нэхэмжлэгч Ш.Ц нь дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлэх боломжийг хариуцагч Н бөгөөд Улаанбаатар хотын захирагчид олгосон байх боловч түүнийг ажилд нь эгүүлэн аваагүй, тэрээр шүүхэд хүсэлт гаргаж гүйцэтгэх хуудас бичүүлсэн, шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн талаар зохигчдын хэн аль нь маргаагүй бөгөөд, түүнийг хариуцагч Н бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь 2018.11.15-ны өдрийн Б/186 дугаартай захирамжаар ажилд нь томилохоор шийдвэрлэж, шүүхийн шийдвэрт заасан цалин хөлсийг олгож, ажлыг нь 2018.12.12-ны өдөр албан ёсоор хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбар, дурдсан шийдвэр, магадлал, ажилд томилох тухай захирамж, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ажил хүлээлцэх комисс томилох тухай Нийслэлийн боловсролын газрын даргын тушаал, ажил хүлээлцсэн тухай тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдсон.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараахь тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй”, 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон”,
69 дүгээр зүйлийн 69.1.-д “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...олгоно”,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж тус тус заасан.
Иймд нэхэмжлэгч Ш.Ц нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018.05.30-ны өдрөөс түүнийг ажилд нь эгүүлэн томилсон 2018.11.15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч Н бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас шаардах эрхтэй.
Хариуцагч Н бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй тул анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018.05.30-ны өдрөөс түүнийг ажилд эгүүлэн томилсон 2018.11.15-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс гарах эрх зүйн үр дагаврыг хариуцах учиртай.
Өөрөөр хэлбэл хариуцагч Н бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон даруйд нэхэмжлэгч Ш.Цыг шүүхийн шийдвэрт заасан ажилд нь эгүүлэн авсан бол тэрээр ажил хөдөлмөрөө эрхлэн цалин хөлсөөр хохирохгүй байсан гэж үзнэ.
Харин хариуцагч тал 2018.07.18-ны өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан цаг хугацаанаас нэхэмжлэгч Ш.Цыг ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжлэх эрхтэй байхад нэхэмжлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх 3 сарын хугацаа дууссан гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болно.
Тодруулбал нэхэмжлэгч Ш.Цыг хариуцагч Н бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2018.11.15-ны өдрийн ажилд томилсон тушаал гаргасан нь нэгэнт тогтоогдсон бөгөөд уг тушаал болон ажлыг хүлээлцсэн 2018.12.12-ны өдрийн тушаал, тэмдэглэлийн аль алинаас нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан 3 сарын хугацааг тоолоход хэтэрсэн зүйл байхгүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор гаргасан гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгч Ш.Цын ажилгүй байсан бүх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг анхан шатны шүүхийн шийдвэр /нэг сарын дундаж цалин хөлс 1,127,183 төгрөг, 1 өдрийн дундаж цалин хөлс нь 52,427 төгрөг/ гарсан 2018.05.30-ны өдрөөс түүнийг ажилд нь эгүүлэн томилсон 2018.11.15-ны өдрийг хүртэл тооцож, нийт 120 өдрийн олговорт 6,291,240 төгрөгийг хариуцагч Н бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас гаргуулж нэхэмжлэгч Ш.Цад олгох үндэслэлтэй.
Дээрх олговроос шимтгэлийг тооцон нэхэмжлэгч Ш.Цын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Н бөгөөд Улаанбаатар хотын захирагчид үүрэг болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасантай нийцнэ.
Нэхэмжлэгч Ш.Ц, хариуцагчийн төлөөлөгч А.Ууганбаяр нар нь 2019.01.25-ны өдөр эрх, үүрэг танилцсан байх бөгөөд хэн аль нь хуульд заасан хугацаанд эрхээ хэрэгжүүлэх шаардлагагүй, хэргийн материал мэдэж байгаа гэж тайлбарлан шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг тэмдэглэв.
Нэхэмжлэгч Ш.Цын гаргасан гомдол нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх байтал тэрээр тэмдэгтийн хураамжид 2018.12.27-ны өдөр 115,610 төгрөг төлсөн байх тул уг 115,610 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Ш.Цад олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1, 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Н бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас 6,291,240 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Цад олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар дээрх олговроос шимтгэл тооцож, Ш.Цын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Н бөгөөд Улаанбаатар хотын захирагчид үүрэг болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Цын гомдол нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Цаас тэмдэгтийн хураамжид төлсөн 115,610 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Ш.Цад олгож, хариуцагч Н бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас 115,610 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА