Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/74

 

2023       04           18                                      2023/ШЦТ/74

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,

           Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Б,

            Шүүгдэгч: Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Цын Цт холбогдох эрүүгийн 2335000000105 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...... оны 10 дугаар сарын 15-нд Увс аймгийн .... суманд төрсөн, эрэгтэй, 49 настай, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын .... дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 123.3 дахь хэсэгт зааснаар 3 удаа ял шийтгүүлж байсан Б овогт Цын Ц /РД:........../,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон эрүүл үедээ Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг Хөндлөн гэх газарт байрлах гэртээ болон гэр бүлийн хамаарл бүхий харилцаатай хүн болон өөрийн эхнэр Б.Сийг байнга буюу 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр, 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр, 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Ц.Цыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.Ц нь Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг Хөндлөн гэх газарт байрлах гэртээ өөрийн эхнэр Б.Сийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр, 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр, 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр тус тус зодсон болох нь:

       Аюулын зэргийн үнэлгээ хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 3-4 дэх тал),

       Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-8 дэх тал),

       Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-11 дэх тал),

       Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 15-22 дахь тал),

       Хохирогч Б.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манайх Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутагт мал маллан амьдардаг. 2023 оны 03 дугаар сарын 22-ны өглөө 05 цагийн үед нөхөр Ц.Ц нь хамт унтаж байгаад сэрээд намайг хүнтэй хардаж миний толгой руу 2-3 удаа гараараа цохисон. Тухайн үед манай хүүхдүүд унтаж байсан бөгөөд манай том охин Б нь сэрж намайг салгаж авахад нөхөр Ц.Ц нь орноосоо босоод хувцсаа өмсөөд үргэлжлүүлэн хэрүүл маргаан үүсгэж байгаад малдаа явахаар нь би охины утсыг авч өөрийн төрсөн эгч болох Б.Э рүү утсаар холбогдож нөхөр Ц.Ц нь зодоод намайг хурдан ирж аваарай гэж хэлсэн. 1-2 цагийн дараа нөхөр Ц.Ц нь малд явж ирчихээд дахин хэрүүл үүсгэж галын дээд талд байх модон цай тавьдаг тавиурыг аваад миний нуруун дээр цохичихоод дахин малдаа явсан. Тухайн үе манай охин Баярмаа нь хажууд байсан. Урьд өмнө манай нөхөр учиргүй олон хүний нэр хэлээд хардаад манай бага хүүхдийг миний хүүхэд биш гэх байдлаар хэрүүл маргаан үүсгэж байсан. 2023 оны 02 дугаар сард цагаан сарын дараа дөрвөн удаа архи ууж ирэхдээ намайг цохидог байсан. Тэгэхэд бас хардсанаас болж галын хайч, хүүхдийн гутал гэх байдлаар гарт таарсан зүйлээр зодож цохидог байсан. Тэгэхэд нь манай хүү Б нь намайг салгаж аваад аавыгаа дарж унтуулдаг байсан. Би яаг хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байгаа бөгөөд ямар ч байсан нийт дөрвөн удаа буюу дөрвөн өөр өдөр архи ууж ирэхдээ толгой руу гараараа цохидог. Би цагаан сарын дараа намайг зодож цохисныг өөрийн ах дүүд хэлээгүй энэ талаар зөвхөн манай хүү Б л мэдэж байгаа. 2022 оны 10 дугаар сард бас намайг хүнтэй хардсанаас болж эрүүл байхдаа модоор нуруун тус газар цохиход нь манай Б гэх охин салгаж аваад түүний дараа би өөрөө Э эгчид утсаар холбогдож хэлэхэд нь Э эгч намайг ирж аваад 8 дугаар багийн нийгмийн ажилтанд хандсан. Аймгийн төвд ирсний дараа нийгмийн ажилтан дээр очих гэж байхад нөхөр Ц.Ц нь ирээд дахиж зодож цохихгүй гэж гуйгаад байхаар нь бага насны хоёр хүүхдээ бодоод нийгмийн ажилтан дээр очиж зодож цохиогүй гэж худлаа хэлсэн. Түүнээс өөрөөр урьд өмнө зодож цохиж байгаагүй. 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нөхөр Ц.Ц нь гэртээ ганцаараа архи уучихаад намайгхүнтэй хардажхэрүүл маргаан үүсгэж байгаад над руу хүүхдийн гутал шидэж миний нуруу тус газарт цохьчихоод босож ирээд гараараа толгой тус газарт 1 -2 удаа цохиход хүү Б салгаж дарж унтуулсан. Дахин 2023 оны 03 дугаар сарын 15, 16-ны үеэр малд явна гэж гараад гэртээ согтуу 16 цагийн үед ирээд дахиж хүнтэй хардаж миний нуруу тус газар луу гараараа цохиход нь хүү Б гэрт байсан учраас дарж унтуулсан. Нөхөр Ц.Цыг 2023 оны 02, 03 дугаар сард 3 удаа зодож цохисныг хүү Б мэдэж байгаа бөгөөд намайг цохиход нь аавыгаа салгаж унтуулдаг байсан. Би гомдол саналгүй болсон. ” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 26-27, 29 дэх тал),

         Гэрч Б.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: хохирогчоор өгсөн: “Миний төрсөн дүү Б.С нь Улаангом сумын 8 дугаар багт нөхөр хүүхдүүдийн хамт мал маллан амьдардаг. 2023 оны 03 дугаар сарын 23-ны өглөө 09:32 минутад миний 94.....32 дугаарын утас руу 88....52 гэх утаснаас Б.С нь холбогдож намайг ирээд нөхрөөс салгаад аваарай нөхөр Ц.Ц нь миний толгой руу 2-3 удаа цохисноос болоод би толгойгоо дааж чадахгүй байна гэж хэлээд уйлаад ярьсан. Ярьсны дараа би Улаангом сумын 8 дугаар багийн нийгмийн ажилтан Х, Н нарт мэдэгдэж цагдаагийн алба хаагчийн хамт гэрт нь очиж болсон явдлын талаар асуухад өнөө өглөө 06 цагийн толгой руу хэд хэдэн удаа гараараа цохисон мөн  цай тавьдаг модон тавиур шидэж нуруун дээр нь цохисон. 2023 оны 02 дугаар сараас хойш дөрвөн удаа зодож цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар хэлсэн. Гэхдээ яг хэзээ яаж зодож цохисны яриагүй мөн өөрөө надад бас хэлдэггүй байсан. 2022 оны 11 дүгээр сард Б.Сгийн охин Б нь над руу холбогдож аав ээжийг зодоод алах гэж байна хурдан машин аваад ирээд авчих гэж уйлж ярихаар нь би өөрөө очиж авсан. Тэгээд тухайн үед юу болсон талаар асуухад нуруу луу цохисон гэж хэлсэн. Тэгэхээр нь аймгийн төв рүү авч ирээд нийгмийн ажилтан Нт мэдэгдэхэд С, Ц.Ц, охин Б нар нь хоорондоо тохирсон учраас зодож цохиогүй гэж хэлсэн. Урьд өмнө гэр бүлийн хүчирхийлэлд өртсөний улмаас эмнэлгийн байгууллага болон цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаагүй”  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),

         Гэрч С.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: хохирогчоор өгсөн: “Би бага хүүхдийн хамт аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байхад 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ээж Б.С хөдөө гэрт хүрээд ир гэсэн учраас би орой нь Улаангом сумын 8 дугаар багийн нутагт хөдөө байх гэртээ очсон. Намайг гэрт очиход аав, ээж гурван дүүгийн хамт байсан. Маргааш өглөө нь 06 цагийн үед би хүүхдийн хамт аавынд унтаж байхад аав Ц.Ц нь ээжтэй хамт унтаж байхдаа миний хамгийн бага дүүг миний хүүхэд биш гэж хэлээд толгой руу нь цохиод байхаар нь би дүү Бг сэрээж хамт босоод ээжийг салгаж авсан. Тэгээд аав босоод хувцсаа өмсөөд ээжтэй хэрэлдэж байгаад малд явсан. Түүний дараа би гэрийн гадна малын хашаа хороо цэвэрлэх ажил хийж байгаад 1-2 цагийн дараа аав буцаж ирээд дахин ээжтэй маргалдаад байх чимээ гараад байхаар нь би гэр лүү яваад ороход гэрт аав, ээж мөн 4 настай бага дүү байсан бөгөөд ээж надад аав чинь галын дээд талд байдаг цай тавьдаг том модон тавиураар цохисон гэж хэлсэн. 2022 оны 10 дугаар сард ээжийн нуруу луу модоор цохисны улмаас нуруу нь хар хөхөрч байсан. Мөн 2023 оны 03 дугаар сарын 22-ний өглөө толгой руу гараараа цохисны улмаас толгойн доргисон гэж надад хэлсэн. 2022 оны 10 дугаар сард эмнэлгийн байгууллагад үзүүлж байгаагүй харин нийгмийн ажилтанд хандсан боловч аав ирээд дахиж зодож цохихгүй гэж гуйгаад байхаар нь нийгмийн ажилтанд зодож цохиогүй гэж худлаа хэлсэн”  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал),

        Насанд хүрээгүй гэрч Ц.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: хохирогчоор өгсөн: “2023 оны 03 дугаар сарын 22-ны өглөө 07 цагийн үед би гэртээ аав, ээж, төрсөн эгч С.Б мөн хоёр дүүгийн хамт гэртээ унтаж байхад аав ээж хоёр орон дотроо маргалдаж байгаад аав босож ирээд үхэр өргөлцөөгүй гэж хэлээд аав ээжийг гараараа хоёр удаа толгой руу нь цохихоор эгч Б боль гэж хэлээд салгасан. Тэгээд аав ээж хоёр маргалдаж байгаад аав малдаа явсан. Би бас удалгүй араас нь малаа гаргаад явсан бөгөөд өдөр 13 цагийн үед гэртээ ирэхэд Б.Э эгч болон нийгмийн ажилтан нар ирчихсэн байсан. 2023 оны цагаан сарын дараа аав ээж хоёр нэг удаа маргалдсан гэхдээ зодож цохиогүй. Харин 2023 оны 03 дугаар сард цэргийн баярын өмнө бас аав согтуу байхдаа ээжтэй маргалдаж байгаад гутал шидэхээр нь би аавыг унтуулсан. Мөн 2022 оны 10 дугаар сард манайх Улаангом сумын нутаг Тээл гэх газарт дөнгөж нүүж очоод гэрээ барих гэж байхад аав ээж хоёр хоорондоо маргалдаж аав ээжийг гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд ээж өөрийн төрсөн эгч Б.Эд утсаар мэдэгдэж Э эгч ирээд ээжийг аваад аймгийн төв рүү явсан. Аав ээж хоёр хоорондоо юм ярьж сууж байгаад маргалдаад эхэлдэг яг юунаас болдгийг нь би сайн хэлж мэдэхгүй. Аав ээжтэй маргалдаж байхдаа л хааяа цохичхоод байдаг бусдаар намайг болон эгч, дүү нарыг бол зодож цохиж байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал),

      Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны Шинжээч эмчийн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 161 дугаартай “Үзүүлэгч Б.Сгийн биед бүсэлхийн зүүн ар доод хэсэгт цус хуралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь нэг дор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шинжилгээ хийлгэх тухай тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. Бүсэлхийн зүүн ар доод хэсэгт цус хуралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй ба биеийн нийт гадаргуугийн нэг хувиас бага талбай хамарч байгаа тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 45-46 дахь тал),

Шүүгдэгч Ц.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэр барьж байхдаа эхнэр бид хоёр үл ойлголцсон учраас би уурандаа гараараа нуруун тус газарт нь хоёр удаа цохисон. 2023 оэы 3 дугаар сарын 02-ны өдөр бас энхэртэй маргалдсаны улмаас гараараа цохисон. 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр би хөрөл бууц гаргаж байхдаа архи уучихаад гэрт ирээд эхнэртэй маргалдаж толгойнд гараараа цохи хүүхлийн гутал шидэж байхад миний хүү Б намайг унтуулсан. Мөн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр би эхнэртэйгээ хамт унтаад сэрсний дараа би эхнэрийг үхэр өргөөд өг гэхэд даахгүй гэж хэлснээс болоод бид хоёр маргалдаж би гараараа толгойнд цохиход манай хүү охин нар боль гэж хэлэхээр нь би малдаа явсан. Малаас 1-2 цагийн дараа буцаж ирээд дахин маргалдаж байгаад уурандаа галындээд талд басйан цайны тавиур шидэхэд нуруун тус газар цохиход нь манай охин гаднаас орж ирэхээр нь би түүнээс хойш зодож цохиогүй. Би өдий насалчаад өөрийн эхнэрийг зодож цохисондоо харамсаж, гэмшиж байна. Цаашид би эхнэртэйгээ хэрүүл маргаан үүсгэж, зодож цохихгүй эхнэр болон хүүхдийнхээ төлөө амьдрах болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дэх тал)-үүдээр нотлогдон тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж,

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тодорхойлжээ.

Шүүгдэгч Ц.Ц, хохирогч Б.С нар нь 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гэрлэснийг Увс аймгийн Улаангом сумын 2020 оны гэрлэлтийн бүртгэлийн 8501000092-т бүртгэсэн болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 78 дахь тал)-гаар нотлогдож байх тул албан ёсоор гэр бүл болсон эхнэр, нөхөр гэж үзнэ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна” гэж заасан тул эхнэр, нөхөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд хамаарч байна.

Шүүгдэгч Ц.Ц нь Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг Хөндлөн гэх газарт байрлах гэртээ болон гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болон өөрийн эхнэр Б.Сгийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гараараа нуруу тус газарт 2 удаа, 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гараараа толгой тус газарт 1-2 удаа, 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гараараа толгой хэсэгт, 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр толгой руу гараараа 2-3 удаа, мөн цайны модон тавиураар нуруун дээр тус тус цохисон үйл баримтууд тогтоогдож байна.

Хүнийг цохих, чимхэх, хазах, түлэх, дааруулах, хөлдөөх, зулгаах, амьсгал боогдуулах гэх мэт хүний бие махбодод өвдөлт, зовуурь мэдрүүлсэн бүхий л үйлдлийг бие махбодын хүчирхийлэлд хамааруулж ойлгох бөгөөд цохих буюу зодох нь бие махбодын хүчирхийллийн нэг л хэлбэр юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь “Байнга” гэдэг шинжээр тодорхойлогдох бөгөөд “байнга” гэх ойлголт нь тооны давтамжаас хууль зүйн ойлголт руу шилжихдээ хууль зүйн алдаагүй байх ёстой бөгөөд гэмт хэргийн шинжийг хангаж буй гурав ба түүнээс дээш удаагийн үйлдлийн хооронд зөрчилд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх нь тухайн үйлдлүүдийг нэгтгэн дүгнэх хууль зүйн үндэслэл болно.

Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулсан эсхүл оногдуулж болох зөрчил давтагдах зүй тогтлоороо нийгэмд аюултай үзэгдлийг гэмт хэрэгт шилжүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг онцлогтой.

         Шүүгдэгч Ц.Цыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Б.Сгийг байнга буюу 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гараа нуруун тус газарт 2 удаа, 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гараараа толгой тус газарт 1-2 удаа, 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гараараа толгой хэсэгт, 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр толгой руу гараараа 2-3 удаа, мөн цайны модон тавиураар нуруун дээр тус тус цохисон 4 удаагийн үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжтэй байна.

      Иймд шүүгдэгч Ц.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Ц гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.

Хохирол, хор уршгийн талаар:

  Хохирогч Б.С нь мөрдөн байцаалтын шатанд “Б.С би нөхөр Ц.Цтай 23 жил амьдарч байна. Өмнөх амьдарлын жилүүдэд хэл амгүй амьдарч байгаад цаг зуурын асуудлаас болж бид 2 маргалдсан асуудлаас нөхөр Ц.Ц нь эрүүгийн хэрэгт холбогдсон. Бид нар хоорондоо сайн дураараа  эвлэрсэн гомдол хохирол байхгүй ба Ц.Цын хэргийг нь хөнгөнөөр шийдвэрлэж өгнө үү” гэх гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 86 дахь тал)-ыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

       Шүүгдэгч Ц.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож үйлдсэн гэм буруутай нь  тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

      Хохирогч Б.С 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “Б.С би нөхөр Ц.Цтай сайн дураараа эвлэрсэн нөхрөөсөө нэхэмжлэх зүйлгүй, том залуу цэргийн албанд татагдсан охин Улаанбаатар хот руу сургалтад явж байгаа 8 сартай зээ охиноо харж хандах хүн бүл цөөнтэй байгаа тул Ц.Цын хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаанд намайг болон өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр шийдвэрлэж, Ц.Цт оногдуулах эрүүгийн хаиуцлагыг нь хөнгөрүүлж өгнө үү ” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна

      Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ц нь “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Одоо хавар болоод мал төллөөд хүн хүч муутай байна. Эхнэрийгээ зодсондоо гэмшиж харамсаж байна. Дахин ийм алдаа гаргахгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэж хүсэх байна гэх тайлбар, мэдүүлэг тус тус гаргав.

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

      Шүүгдэгч Ц.Ц урьд урьд Увс аймаг дахь сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 123.3 дахь хэсэгт зааснаар 3 удаа ял шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 63 дахь тал)-аар тогтоогдсон.

      Шүүгдэгч Ц.Цын хувийн байдлын талаар: Гэрч Ц.Цгийн өгсөн: “Даруу төлөв багаасаа мал маллан амьдарч байгаа учраас ажил хөдөлмөр хийхдээ сайн цөөн тооны малтай олон хүүхэдтэй чраас гэр бүлийнхээ төлөө тасралтгүй зүтгэж байгаа жирийн дундаж амьдралтай” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал), Гэрч Ц.Бийн өгсөн: “Ааш зангийн хувьд дөлгөөн бусадтай ихээр хэрүүл маргаан үүсгээд байдаггүй. Урьд өмнө 2022 онд нэг удаа эхнэртэйгээ гэр бүлийн маргаан гаргаж бусдаар маргалдаж байгаагүй. Манайх ах залуу байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан бөгөөд одоо хэрэглэхгүй байгаагэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал)-үүд авагдсан байна.

         Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд Ц.Цт хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 2 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.Цт тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Ц нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цайны тавиур гэх модон тавцан нь зэвсгийн шинжгүй, ахуйн хэрэглээний зүйл байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгох зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Цт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Цын Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Ц.Цт хорих ял оногдуулахгүйгээр  1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.Цт тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Ц нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Ц.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон тавцанг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Цт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                          ДАРГАЛАГЧ,

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.ГАНСҮХ