Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/76

 

2023        04        19                                   2023/ШЦТ/76

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д,

Шүүгдэгч: Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн Б овогт Дн Дд холбогдох эрүүгийн 2335000000110 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...... оны 7 дугаар сарын 16-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Увс аймгийн Улаангом сумын .... дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123-4-т зааснаар, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1-т зааснаар, Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 12-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт тус тус зааснаар ял шийтгүүлж байсан, Б овогт Дн Д /РД:.........../

Холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч  Д.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутаг Бор толгойн зүүн урд талын замд албан үүргээ биелүүлэхээр очсон Увс аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Бд хүч хэрэглэсэн улмаар алба хаагчийн энгэрийн камер буюу хууль сахиулах тоног төхөөрөмжид халдаж эвдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

1. Шүүгдэгч Д.Дийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутаг Бор толгойн зүүн урд талын замд албан үүргээ биелүүлэхээр очсон Увс аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Бд хүч хэрэглэсэн улмаар алба хаагчийн энгэрийн камер буюу хууль сахиулах тоног төхөөрөмжид халдаж эвдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-6 дахь тал),

Эвдэрхий камерт бичлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-9 дэх тал),

Хохирогч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44, 46-47 дахь тал),

Иргэний нэхэмжлэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 53, 55 дахь тал),

Гэрч Б.Лын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дахь тал),

Гэрч Б.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дэх тал),

Гэрч С.Лгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 61 дэх тал),

Гэрч С.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг(хавтаст хэргийн 63-64 дэх тал),

Гэрч Н.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дахь тал),

Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 102-103 дахь тал)-үүдээр нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 142 дугаартай “ Үзүүлэгч Б.Бын биед хамрын нуруу, дээд, доод уруулд зулгаралт, зүүн гарын бугуйн үе хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь үүсээд 2-3 орчим хоногийн хугацаа өнгөрсөн баых боломжтой. Хамрын нуруу, дээд, доод уруулд зулгаралт, зүүн гарын бугуйн үе хэсэгт зөөлөн эдийн гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй ба биеийн нийт гадаргуугийн нэг хувиас бага талбайг хамарч байгаа тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 76-77 дахь тал)-аар хууль сахиулагчийн биед гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна.

Шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаартай “2023 оны 3 дугаар сарын байдлаар Увс аймагт энгэрийн камерны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 264000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 86 дахь тал)-ээр тухайн энгэрийн камер нь 264000 төгрөгийн үнэтэй болох нь нотлогдон тогтоогдож байна.

Уг энгэрийн камерыг гэмт хэрэг, зөрчил илрүүлэх, шалгах хууль сахиулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх зорилгоор өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэж, цагдаагийн байгууллагын албан хэрэгцээнд буюу хууль сахиулах үйл ажиллагаанд хэрэглэдэг тул түүнийг хууль сахиулах албаны тоног төхөөрөмж гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн Тайлбарт: “Энэ хуульд заасан "хууль сахиулагч" гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж тодорхойлсон тул Увс аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Б нь хууль сахиулагч мөн байна.

Цагдаагийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Хууль сахиулагч буюу цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлага хууль ёсны эсэх нь шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоох шалгуур үзүүлэлт болдог.

Шүүгдэгч Д.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутаг Бор толгойн зүүн урд талын замд албан үүргээ биелүүлэхээр очсон Увс аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Бд хүч хэрэглэсэн албан үүрэгт нь саад учруулж, улмаар алба хаагчийн энгэрийн камер эвдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байх бөгөөд түүний уг үйлдэл нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэйн холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдсан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Д нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтуу байсан болох нь мөрдөгчийн тэмдэглэл, ар гэрт хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 14, 16 дэх тал)-ээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч Д.Дийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутаг Бор толгойн зүүн урд талын замд албан үүргээ биелүүлэхээр очсон Увс аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Бын хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд “Одоо миний биед өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй. Албаны энгэрийн камерын үнийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал) авагдсан байна.

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч  Б.Д “Д.Д нь 255000 төгрөгний үнэ бүхий энгэрийн камер, 80.000 төгрөгний үнэ бүхий 128GB багтаамжтай санах ой бүхий мемори карт зэргийг шинээр авч өгч анхан шатны баримтын хамтаар хүлээлгэн өгсөн. Байгууллагад учирсан хохирлыг бүрэн дүүрэн төлж барагдуулсан тул иргэний нэхэмжлэгч байгууллагын зүгээс ямар нэг гомдол, санал, хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55, 132-134 дэх тал)-ыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.

2. Шүүгдэгч Д.Дод эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.Д нь Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг хууль сахиулагчийн биед халдсан үйлдэл нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Д нь 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123-4-т зааснаар, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1-т зааснаар, Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 12-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт тус тус зааснаар ял шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 115 дахь тал)-аар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Д нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ

Шүүгдэгч Д.Дийн зүгээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 3 дахь хэсэгт заасан үндэслэл тус тус хангагдсан гэж үзэн шүүгдэгч Д.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5.800.000 төгрөгөөр  торгох ял оногдуулахаар тохиролцож ирүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд прокурортой тохиролцсон 5.800.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Дид оногдуулсан торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна

            Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн энгэрийн камерын 2 ширхэг хагархай хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Дн Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар  шүүгдэгч Д.Дид 5.800 /таван мянга найман зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 5.800.000 /таван сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Дид оногдуулсан торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн энгэрийн камерын 2 ширхэг хагархай хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ГАНСҮХ