Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 343

 

 

 

 

 

     2019 оны 02 сарын 26 өдөр

        Дугаар182/ШШ2019/00343

            Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х-д холбогдох

Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 177.494.316 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч У, Т, хариуцагчийн төлөөлөгч Б, Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ш.Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: МХХК нь 2015.0101-ний өдрөөс 2016.01.01-ний өдрийг хүртэл тоон суваг, кабелийн худаг, сувагчлал, тоног төхөөрөмжийн байр, талбай түрээслүүлэх LLC-15-24 тоот гурван талт гэрээг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай байгуулсан. Гэрээнд заасны дагуу Хнь түрээслэгч тал болох Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны өмнөөс түрээсийн төлбөрийг гэрээний дагуу төлөөгүй ба 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 58.632.574.40 төгрөг төлснөөс хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй байна. Гэрээний хавсралтын дагуу хариуцагч тал манай байгууллагад Тоон сувгийн түрээст 1 сард 31,102,500 төгрөг, жилд 373,230,000 төгрөг, худаг сувагчлалын түрээс 1 сард 15,540,657 төгрөг, жилд 186,487,884 төгрөг, төхөөрөмжийн техникийн өрөөний түрээст 1 сард 2,222,000 төгрөг, жилд 26,664,000 төгрөг, нийт 586,381,884 төгрөг төлөх ёстой. Гэхдээ Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2015.05.29-ний өдөр ирүүлсэн албан бичгийг үндэслэн бид тоон сувгийн хэмжээг 3 мигабайт байсныг нь 2 мигабайт болгон буруулсан байдаг. Тиймээс гэрээний нийт үнийн дүн 480,452,676 төгрөг болж буурсан.

Хариуцагч нь тоон сувгийн түрээст 98,587,500 төгрөг, худаг сувагчлалын төлбөрт 65,574,816 төгрөг, техникийн байрны түрээст 13,332,000 төгрөг, нийт 177,494,316 төгрөгийг 2015 оны 05 сараас хойш төлөөгүй. Бид энэ талаар тооцоо нийлж, үлдэгдэл нь 177,494,316 төгрөг болохыг баталгаажуулсан. Мөн удаа дараа төлбөрөө төлөхийг шаардаж байсан, нэг дор байдаг учраас харилцан уулзаж, амаар ярилцаж байсан, хариуцагч нь манайхаас төлсөн баримт гарч ирээд байгаа учир шүүхээр асуудлаа шийдвэрлүүл гэсэн. Харин хариуцагч талаас түрээсийн төлбөрт төлсөн мөнгө нь Сангийн яамнаас ирсэн баримт буюу 6 удаагийн гүйлгээгээр 302,958,359 төгрөг болж байгаа бөгөөд манай тооцоотой нийлж байгаа юм. Хариуцагч тал дээрх гүйлгээг хийхдээ гэрээний хавсралтын аль төлбөрийг төлөөд байгааг, хэдэн сарынх болохыг заадаггүй, шууд бөөн дүнгээр ирүүлдэг. Түүнийг нь бид төлөөгүй сард нь шахсан хэлбэрээр тооцож, хуваарилан авч байна. Иймд гэрээ болон Иргэний хуулийн 318 дугаар зүйлд зааснаар түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 177,494,316 төгрөгийг хариуцагч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус газар нь МХХК-аас ирүүлсэн 2015.03.16-ны өдрийн 02 дугаартай нэхэмжлэхийн дагуу 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн төлбөрийн хүсэлтээр 12.560.000.00 төгрөг, 2015.06.18-ны өдрийн 984 дугаартай нэхэмжлэх, 2015.07.21-ний өдрийн 1160 дугаартай нэхэмжлэхийн дагуу 2015 оны 8 дугаар сарын 14-ны өдрийн төлбөрийн хүсэлтээр 47.789.500.00 төгрөг, 2015.08.17-ны өдрийн 1338 дугаартай нэхэмжлэхийн дагуу 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн төлбөрийн хүсэлтээр 6.100.000.00 төгрөг, 2015.01.01-ний өдрийн LLC-15-24 тоот гэрээ болон 2015.09.28-ны өдрийн нэхэмжлэхийн дагуу 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн төлбөрийн хүсэлтээр 40.293.000.00 төгрөг, 2015.01.01-ний өдрийн LLC-15-24 тоот гэрээ болон 2015.12.09-ний өдрийн 1307, 1687 дугаартай нэхэмжлэхийн дагуу 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн төлбөрийн хүсэлтээр 54.945.000.00 төгрөгийг тус тус нэхэмжлэгчийн данс руу шилжүүлэх зөвшөөрлийн баримт манай архивт хадгалагдаж байна. Үүнийг Сангийн яамнаас баримт авч шалгахад 6 удаагийн гүйлгээ буюу 302,958,359 төгрөгийг манай байгууллага төлсөн байна. Гэхдээ гэрээнд заасны дагуу төлбөрийг мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хариуцах ёстой гэж бид үзэж байгаа, түүнчлэн нэхэмжлэгч нь манайхаас төлбөрийг шаардаж байгаагүй, бид энэ талаар сүүлд мэдсэн. Гэхдээ бид манай байгууллагаас төлбөрийн хүсэлтээр гарсан боловч сангийн яамнаас төлөгдсөн гэж ирээгүй, бидний төлөөгүй гэж үзэж байгаа 2015.04.16-ны өдрийн 12,560,000 төгрөг, 2015.08.14-ний өдрийн 47,789,500 төгрөг, 2015.10.22-ны өдрийн 6,100,000 төгрөг, 2015.12.23-ны өдрийн 54,945,000 төгрөг, 2015.11.25-ны өдрийн 40,293,000 төгрөг, нийт 161,687,500 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин 15,806,816 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч өөрөө гэрээнд заасны дагуу тухайн үед нь төлбөрийн баримтаа явуулж нэхэмжлэх байсан, нэхэмжлээгүй, нэхэмжлэлийн тооцооллыг харуулж байгаа бичгийн баримтгүй, гэрээний оролцогч нараас бүгдээс нь тодруулах зүйл байгаа гэж үзэж байгаа учир зөвшөөрөхгүй гэв.

 

 

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч МХХК нь хариуцагч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт холбогдуулж эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 177.494.316 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч нь гэрээний дагуу төлөх ёстой үлдэгдэл 177,494,316 төгрөгийг тооцоо нийлж баталгаажуулсан байж төлөхгүй байгаа тул нэхэмжлэх эрхтэй гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал дээрх шаардлагаас 161,687,500 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа бөгөөд үлдэгдэл 15,806,816 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй, учир нь нэхэмжлэгч өөрөө гэрээнд заасны дагуу тухайн үед нь төлбөрийн баримтаа ирүүлж төлбөрөө авах үүрэгтэй байсан, уг үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн тооцооллыг нотолсон баримтгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч МХХК, Х/хуучин нэрээр Мэдээллийн технологи шуудан, харилцаа, холбооны газар/, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам харилцан тохиролцож 2015.01.01-ний өдрөөс 1 жилийн хугацаатай “тоон суваг, кабелийн худаг, сувагчлал, тоног төхөөрөмжийн байр талбай түрээслэх” гэрээг, хавсралтын хамт байгуулж,

уг гэрээгээр түрээслүүлэгч МХХК нь техникийн норм, шаардлагыг хангасан захиалгын хуудсанд заасан чиглэлд тоон суваг, худаг сувагчлал, тоног төхөөрөмжийн байр талбайг гэрээний хавсралтын 1, 2, 3-т заасан нөхцөлөөр түрээслүүлж, тасалдуулахгүй байх,

түрээслэгч тал болох Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам нь хотын болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуульд интернэт үйлчилгээ хүргэхийн тулд 21 аймгийн төв рүү хот хоорондын тоон урсгал, худаг суваг, байр талбайн түрээсийн үйлчилгээг авч, үйлчилгээнд Х/хуучин нэрээр Мэдээллийн технологи шуудан, харилцаа, холбооны газар/ хяналт тавьж, төлбөр төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Дээрх гэрээний хавсралт 1-д “23 аймагт, 3 Mbps /1 Mbps сувгийн үнэ 375,000 төгрөг/ тоон сувгийн сарын түрээсийн төлбөр 28,275,000, НӨАТ 2,827,500 төгрөг, нийт 31,102,500 төгрөг”, хавсралт 2-т “худаг сувагчлалын сарын төлбөрт 14,127,870 төгрөг, НӨАТ 1,412,787 төгрөг, нийт 15,540,657 төгрөг, хавсралт 3-т “байрны техникийн өрөөнд 68 газар байрлуулсан түрээсийн сарын төлбөр 2,020,000 төгрөг, НӨАТ 202,000, нийт 2,222,000 төгрөг” болно гэж тусгагдсан байх бөгөөд гэрээний нийт үнийн дүн 586,381,884 төгрөг байжээ.

 

Дурдсан үйл баримтууд нь зохигчдын тайлбар, 2015.01.01-ний өдрийн Тоон суваг, кабелийн худаг, сувагчлал, тоног төхөөрөмжийн байр талбай түрээслэх гэрээ, түүний хавсралтууд, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд шүүх зохигчдын хооронд үүссэн дээрх харилцааг гэрээний агуулгыг харгалзан Иргэний хуулийн 287 дүгээр зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа байна гэж дүгнэлээ.

 

Учир нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээний харилцаа нь эд хөрөнгө хөлслөх гэрээний шинжтэй зарчмын хувьд адил байх боловч түүний эд хөрөнгө хөлслөх гэрээнээс ялгарах үндсэн шинж нь гэрээний зорилго ба түрээсийн гэрээний зүйлийн зориулалт байдаг байна.

 

Өөрөөр хэлбэл түрээсийн гэрээний онцлог нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалт аж ахуйн үйл ажиллагаа явуулахад болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд зориулагдсан байх, үр дүнд нь гол төлөв ашиг орлого олох, үр шимийг хүртэх эрхтэй бөгөөд талуудын байгуулсан гэрээнээс үйлчилгээ авч байгаа тал ашиг олох шинжгүй байгаа нь дээрх дүгнэлтэд хүргэлээ.

 

Гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т заасны дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам нь 2015.05.29-ний өдрийн 2/4677 дугаартай албан бичгээр Мэдээлэл, холбооны сүлжээ ХХК-нд хандаж, “...ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын зуны амралт эхэлж байгаатай холбогдуулан 2015.06.15-ны өдрөөс 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл бүх аймгийн тоон урсгалын хэмжээг 2 Mbps болгоно” гэсэн саналыг гаргасан байх бөгөөд уг саналын хариуд нэхэмжлэгч Мэдээлэл, холбооны сүлжээ ХХК нь гэрээний дагуу тоон урсгалын төлбөрийг багасгаж, гэрээний нийт үнийн дүн 480,452,676 төгрөг болсон нь нэхэмжлэгч талын тайлбар, уг албан бичиг, авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлангаар нотлогдсон.

 

Хариуцагч Хнь 2015.04.09-ний өдөр 97,730,314 төгрөг, 2015.06.04-ний өдөр 48,865,157 төгрөг, 2015.07.03-ны өдөр 48,865,157 төгрөг, 2015.07.23-ны өдөр 11,966,850 төгрөг, 2015.08.24-ний өдөр 36,898,307 төгрөг, 2015.12.23-ны өдөр 58,632,574 төгрөг, нийт 6 удаагийн гүйлгээгээр 302,958,359 төгрөгийг нэхэмжлэгч Мэдээлэл, холбооны сүлжээ ХХК-нд төлсөн, харин 2015 оны 05 сараас хойш тоон сувгийн төлбөрт 98,587,500 төгрөг, худаг сувагчлалын төлбөрт 65,574,816 төгрөг, байр, техникийн өрөөний төлбөрт 13,332,000 төгрөг, нийт 177,494,316 төгрөгийг төлөөгүй, өртэй байгаагаа тооцоо нийлж баталгаажуулсан, төлбөрийг төлөх талаар зохигчид уулзаж, амаар ярилцаж байсан болох нь зохигчдын тайлбар, тооцооны үлдэгдлийн баталгаа, авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, Сангийн яамны 2019.02.14-ний өдрийн 12-2/716 тоот албан бичиг, түүний хавсралтуудаар тогтоогдож байна.

 

Харин нэхэмжлэгч Мэдээлэл, холбооны сүлжээ ХХК нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар хариуцагч Хтөлбөрийг 2 сараас дээш хугацаагаар төлөөгүй тохиолдолд гэрээг дангаар цуцлах эрхтэй байх боловч уг эрхээ эдэлж, гэрээг цуцлаагүй, гэрээний хугацаа 2016.01.01-ний өдөр дуусчээ.

 

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д “эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ”,

289 дүгээр зүйлийн 289.1-д “хөлслөгч нь дараах үүрэг хүлээнэ”, 289.1.2-т “эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх”,

 

Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.6-д “Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах тухай 2012 оны 120 дугаар тогтоолын 193-ыг үндэслэ Мэдээлэл, холбооны сүлжээ ХХК-иас Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны авч буй үйлчилгээний түрээсийн төлбөрийг Мэдээллийн технологи шуудан, харилцаа, холбооны газар төлөх үүргийг хүлээнэ”,

4 дүгээр зүйлийн 4.1-д “түрээслэгч нь захиалгын хуудсанд заасан үнэ тариф, нөхцөлөөр түрээсийн суваг, худаг сувагчлал, тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөрийг төлөх үүрэг хүлээнэ”,

7 дугаар зүйлийн 7.1-д “МТШХХГ нь захиалгын хуудасны хавсралт № 1, 2, 3-т “үнэ тариф” хэсэгт заасан төлбөрийг тухайн сарын 05-ны дотор тооцоо нийлэн түрээслүүлэгчийн нэхэмжлэхийн дагуу сар бүрийн 15-ны өдрийн дотор шилжүүлнэ” гэж тус тус заасан.  

 

Иймд нэхэмжлэгч МХХК нь хариуцагч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас гэрээний үлдэгдэл төлбөр 177,494,316 төгрөгийг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хариуцагч Хнь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2, гэрээний 1 дүгээр зүйлийн 1.6, 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар төлбөрийг төлөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч Мэдээлэл, холбооны сүлжээ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 177,494,316 төгрөгөө авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, тооцооны үлдэгдлийн баталгааг үндэслэн: гэрээний нийт үнэ 586,381,884 төгрөг байсныг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 2015 оны албан бичгийг үндэслэн тоон сувгийн 3 мигабайтыг 2 мигабайт болгон багасгасан, үүнтэй холбоотойгоор гэрээний үнийн дүн 480,452,676 төгрөг болсон, хариуцагч нь гэрээний хугацаанд 6 удаагийн гүйлгээгээр нийт 302,958,359 төгрөг төлж, 2015 оны 05 сараас хойш тоон сувгийн төлбөрт 98,587,500 төгрөг, худаг сувагчлалд 65,574,816 төгрөг, байр, техникийн өрөөний төлбөрт 13,332,000 төгрөг төлөөгүй гэж тайлбарлав.

 

Хариуцагч Хнь нэхэмжлэлийн дээрх шаардлагаас тус байгууллагаас 2015.04.16-ны өдрийн 12,560,000 төгрөг, 2015.08.14-ний өдрийн 47,789,500 төгрөг, 2015.10.22-ны өдрийн 6,100,000 төгрөг, 2015.12.23-ны өдрийн 54,945,000 төгрөг, 2015.11.25-ны өдрийн 40,293,000 төгрөгийн төлбөрийн хүсэлтээр бичигдсэн нийт 161,687,500 төгрөгийн баримтыг үндэслэн, 161,687,500 төгрөгийг төлөөгүй гэж үзэн төлөхийг зөвшөөрч,

харин үлдэх 15,806,816 төгрөгийг төлөхгүй гэж, үндэслэлээ “гэрээний тал болох Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас төлбөр төлөх талаар тодруулах ёстой байтал тодруулаагүй, нэхэмжлэлийн тооцоолол тодорхойгүй, гэрээнд заасны дагуу нэхэмжлэхээ ирүүлж, төлбөрөө авах ёстой байтал өөрсдөө үүргээ биелүүлээгүй” гэж тайлбарлаж байх боловч уг тайлбар, татгалзлын үндэслэл, нэхэмжлэлийн тооцооллыг үгүйсгэж байгаа байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотолж чадсангүй.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 177,494,316 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МХХК-нд олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч Мэдээлэл, шуудан, харилцаа, холбоо, технологийн газар нь 2016.08.19-ний өдөр оноосон нэрээ Хболгон өөрчилсөн болох нь хариуцагч талын тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдсон болохыг тэмдэглэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар хариуцагч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 177,494,316 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МХХК-нд олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч МХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 1,045,422 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 1,045,422 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Т.ЭНХТУЯА