Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2025/0358

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Хын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.С

Нэхэмжлэгч: Ц.Х

Хариуцагч: Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Улиастай сумын Засаг дарга, газрын даамал

Гуравдагч этгээд: С.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/32 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Ц.Хт эзэмшүүлсэн газрын кадастрын зургийг гаргаж өгөхийг Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон Улиастай сумын газрын даамал нарт даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 118/ШШ2025/0006 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын Засаг дарга Ч.Н, гуравдагч этгээдийн итгэмждлэгдсэн төлөөлөгч В.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 118/2024/0013/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Х нь Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Улиастай сумын Засаг дарга, газрын даамал нарт холбогдуулан “Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/32 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Ц.Хт эзэмшүүлсэн газрын кадастрын зургийг гаргаж өгөхийг Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон Улиастай сумын газрын даамал нарт даалгах”-аар маргасан байна.

2. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 118/ШШ2025/0006 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.3, 23.3.5, 23.4.3, 23.4.4, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.1-д тус тус заасныг баримтлан Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/169 дүгээр захирамжаар Ц.Хт эзэмшүүлсэн Улиастай сумын Өлзийт багийн Өгөөмрийн хэсгийн 3-06 тоот хаягт байршилтай газрын кадастрын зургийг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгаж, хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргуулахаар маргаан бүхий захирамжийг 45 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа. Би өөрөө гомдлоо гаргасан, гомдлоо дэмжиж байна. Нэхэмжлэл гаргахад хэргийн үнэн, бодит байдлыг тогтоохын тулд зарим нэгэн гэрч нарыг захиргааны хэргийн шүүхээс асуугаагүй гэсэн асуудал байгаа. Яагаад гэвэл 2013 онд Өлзийт багийн Өгөөмөр хэсгийн 3 дугаар хэсэгт газар олгосон хүмүүсийн зарим нь тухайн газрыг эзэмшиж байгаа.

3.1. Ц.Хтай зэрэгцээ газар эзэмшсэн А.Ц гэдэг хүн өнөөдрийг хүртэл тухайн газраа эзэмшиж байна. Уг эзэмшиж буй газар нь Өлзийтийн 3.3, Ц.Хт Өлзийт багийн Өгөөмрийн хэсгийн 3.4 дэх хэсгийг эзэмшүүлэхээр захирамж гарсан. Уг захирамжийг гарсан боловч 2023 онд Өгөөмөр хэсгийн 3.8-ыг хэнд ч эзэмшүүлээгүй. С.Б эзэмших гэж хүсэлт гаргасан боловч тухайн үед С.Бт эзэмшүүлэлгүйгээр, захирамж гаргалгүйгээр хоцроосон. Үүний дараа С.Б дахин  хүсэлт гаргаж газар эзэмших гэрчилгээ авч, 2022 онд Улиастай сумын Засаг даргын захирамж гарч газрыг эзэмшсэн. Тэгэхээр Ц.Х бол өөрийнхөө эзэмших ёстой газрыг тухайн 2013 онд хэнд ч эзэмшүүлээгүй үлдээсэн

3.2. С.Бийн маргаантай байсан тэр газар дээр миний газар, 2013 онд Өгөөмрийн 3.4 тоотын газар мөн гэж байгаа нь үндэслэлгүй байгаа. Энэ нь тухайн үед хэрэгт нотлох баримтаар авагдсан Завхан аймаг дахь газрын албаны мэдээллийн санд энэ нөхцөл байдал тусгагдсан байгаа. Энэ нөхцөл байдал тусгагдсан нотлох баримтыг шүүх хэрэгт хавсаргачихсан. Энэ хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэсэн яаж нотолж, үнэлж, дүгнэсэн гэдэг нь эргэлзээтэй байгаа” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ц.Х нь “Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/32 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Ц.Хт эзэмшүүлсэн газрын кадастрын зургийг гаргаж өгөхийг Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон Улиастай сумын газрын даамал нарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Улиастай сумын Засаг дарга, газрын даамал нарт холбогдуулан гаргажээ.

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/169 дүгээр захирамжаар Улиастай сумын Өлзийт баг Өгөөмөр хэсэг 3-06 тоот хаягт байршилтай 700 м.кв газрыг нэхэмжлэгч Ц.Хт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 000532037 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулжээ.

3.2. Мөн засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/32 дугаар захирамжаар Улиастай сумын Өлзийт багийн Өгөөмөр хэсэг 3 дугаар гудамж, 312 тоот хаягт байршилтай 599 м.кв газрыг гуравдагч этгээд С.Бт гэр, орон сууц, хашааны газрын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 000012624 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

4. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйл /2023.12.07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнө/-ийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна”, 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан ... газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана” гэж тус тус заасан.

4.1. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч Ц.Х, гуравдагч этгээд С.Б нарын хэн аль нь Газрын тухай хуульд заасны дагуу Завхан аймгийн Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан сумын “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд газар эзэмшүүлж, өмчлүүлэхийг зөвшөөрсөн Өлзийт багийн нутаг дэвсгэрт байрлах “Өгөөмөр” хэсэгт гэр бүлийн зориулалтаар газар эзэмших хүсэлтийг холбогдох материалын хамт тус сумын Засаг даргад гаргасан байна.

4.2. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ц.Х Улиастай сумын Өлзийт баг Өгөөмөр хэсэг 3-06 тоот хаягт байршилтай 700 м.кв газрыг эзэмших эрхийг 2013 онд, гуравдагч этгээд С.Б мөн сумын Өлзийт багийн Өгөөмөр хэсэг 3 дугаар гудамж, 312 тоот хаягт байршилтай 599 м.кв газрыг эзэмших эрхийг 2022 онд тус тус хуульд заасан журмын дагуу олж авсан.

4.3. Гэтэл, гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээнд хавсаргасан Өгөөмөрийн хэсгийн 314 тоот хаягт байршилтай газрын кадастрын зурагт тэмдэглэгдсэн 4 цэг нь нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа газрын 4 талын цэгүүдтэй бүхэлдээ буюу 599 м.кв хэмжээгээр давхцаж байгаа болох нь маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгээр тогтоогдсон байна.

5. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д “Аймаг, нийслэлийн газрын алба дараах эрх хэмжээтэй байна” гээд 23.3.3-д “газрын кадастр эрхлэх, аймаг, нийслэлийн газрын мэдээллийн сан байгуулж, олон нийтэд мэдээллээр үйлчлэх”, 23.3.5-д нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хийгдэх газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах”, 23.4-т “Сумын газрын даамал дараах эрх хэмжээтэй байна” гээд 23.4.3-д “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх”, 23.4.4-т “газрын мэдээллийн санг эрхлэх” гэж тус тус заасан.

5.1. Хэрэгт авагдсан баримт, шүүхийн үзлэгээр маргаан бүхий Улиастай сумын Өлзийт багийн Өгөөмөр хэсэгт байрлах суурьшлын газрыг иргэдэд эзэмшүүлэхдээ газрын хаягийг нарийвчлан тусгаагүй, кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн хаяг зөрүүтэй, иргэдээс гаргасан газар эзэмших хүсэлт болон холбогдох баримтууд архивлагдаагүй, гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхдээ тухайн газарт биеэр очоогүй, хариуцагч Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Улиастай сумын Засаг дарга, газрын даамал нар нь дээрх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Энэ тохиолдолд газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу шударгаар олж авсан нэхэмжлэгч Ц.Х, гуравдагч этгээд С.Б нарыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна

5.2. Харин дээрх газрын давхцалтай асуудлыг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэж, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлэх нь захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудал бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтрэх тул хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/32 дугаар захирамжийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, зөв болжээ.

6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо “... С.Бт олгосон захирамжийг хүчингүй болгох нь үндэслэлгүй” гэх боловч шүүхээс гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн Засаг даргын захирамжийг хүчингүй болгоогүй байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй.

6.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 118/ШШ2025/0006 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ