Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 124/2015/0033/з |
Дугаар | 221/МА2016/0312 |
Огноо | 2016-05-19 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2016/0312
2016 оны 5 сарын 19 өдөр | Дугаар 221/МА2016/0312 | Улаанбаатар хот |
Б.Бямбын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Баярмагнай нарыг оролцуулан хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 11 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд М.Отгоны гаргасан давж заалдах гомдлоор, Б.Бямбын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие 2011 оны 11 дүгээр сарын 08-нд Б.Содномцэрэнгээс 2 га газар худалдаж авсан. Газрын даамал Б.Орлом бусдын газартай давхцаагүй байна гэж хэмжиж өгсөн учраас Газрын албанд бүртгүүлж, 0333399 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. 2012 оны хавар газар дээрээ мод тарихаар хагалуулж, хашаа барихаар очиход хүмүүс хашаа барьж байсан. О.Нэргүйбаатар гэдэг хүнтэй уулзахад миний газар гэх мэтээр маргаан болоод ойлголцолд хүрч чадаагүй тул шүүхэд хандсан. Иргэний хэргийн шүүхэд 3 удаа хандаж цаг хугацаа алдаж байна. О.Нэргүйбаатар нь 2004 онд эзэмшсэн газраа 2011 он хүртэл зориулалтын дагуу ашиглахгүй байсан хэрнээ 2011 онд намайг хууль ёсоор эзэмшиж ашиглах гэхэд давхардуулж ашиглаж байгаа нь хууль бус юм. Иймд, Улаангом сумын Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 104 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү.
Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ...0333399 дугаартай гэрчилгээ бүхий 2 га газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлөхийг Улаангом сумын Засаг даргад даалгаж өгнө үү.
Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Улаангом сумын Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 104 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Харин нэмэгдүүлсэн шаардлагаа дэмжиж байгаа тул 0333399 дугаартай гэрчилгээтэй 2 га газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шийдвэр гаргахыг Улаангом сумын Засаг даргад даалгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга О.Ганхуяг шүүхэд гаргасан тайлбартаа: ...Б.Содномцэрэн нь Улаангом сумын Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/110 дугаар захирамжаар Б.*******д 033399 дугаартай гэрчилгээ бүхий 2 га газрыг жимс жимсгэнийн зориулалтаар шилжүүлсэн. Уг газрын байршил нь 5-р баг, Ц.Эрдэнэбаатарын талбайн дээд талд гэж гэрчилгээнд заагдсан. Газар эзэмших эрх шилжүүлэхдээ Улаангом сумын Засаг даргын 2011 оны А/110 дугаар захирамжийн хавсралтад иргэн Б.*******д жимс жимсгэнийн зориулалтаар шилжүүлсэн газрын нэгж талбайн хэмжээ байхгүй байхад гэрчилгээнд 2 га гэж бичигдсэн. Энэхүү газрын маргааныг нэхэмжлэгчтэй эвлэрлийн журмаар шийдвэрлүүлэх саналтай байна. Үүнд: Б.*******, О.Нэргүйбаатар нартай харилцан тохиролцож эвлэрүүлэх, Б.*******д 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан жимс, жимсгэнийн зориулалтаар шинээр газар олгох замаар харилцан тохиролцож эвлэрэх гэсэн 2 саналтай байна гэжээ.
Гуравдагч этгээд М.Отгон шүүхэд гаргасан тайлбартаа: ...Анх би энэ газрыг 2004 онд Эрхэмбаяр дарга, газрын даамал Ж.Батсайхан, Ж.Хүрэлбаатар нартай хамт явж үзэж байж авсан. Бид нар хүний газар дээр очиж хашаа барьж аваагүй. Газрын даамал Б.Орлом 2004 онд эзэмшчихсэн газрыг яагаад 2011 онд дахин эзэмшүүлдэг юм бэ. Анх хүний гар хүрээгүй газрыг ажилчид хөлсөлж, трактораар түрж байж янзалж авсан. 2012 онд Б.******* гэдэг хүн газрын даамал Б.Орлом зааж өгсөн, энэ газрыг худалдаж авсан гэж хэлээд шүүхэд өгсөн. Шүүх энэ газрыг очиж үзээд таны эзэмшилд байх үндэслэлгүй байна, бичиг баримт нь байгаа учраас та авсан хүндээ хандана уу гээд шийдэж өгсөн. Үүнээс хойш 3 жил болж байхад дахин ийм зүйл болоод байгааг гайхаж байна. Манайх газраа аваад дүү бид хоёр 10 гаруй жил нийтдээ 36 сая төгрөгийн эд хөрөнгө зарцуулан босгож авсан. Манайхыг газар заалгаж авч байхад тэр хавийн газар бүгд хоосон байсан гэжээ.
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 11 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бямбын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий Улаангом сумын 5-р багт байрших М.Отгоны зохих зөвшөөрөлгүйгээр эзэмшсэн 2 га газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргахыг Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд М.Отгон давж заалдах гомдолдоо: ...Нэхэмжлэгч Э.******* нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 104 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа 0333399 дугаартай гэрчилгээ бүхий 2 га газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлөхийг Улаангом сумын Засаг даргад даалгуулах гэж нэмэгдүүлсэн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж “Улаангом сумын 5 дугаар багт байрших М.Отгоны зохих зөвшөөрөлгүйгээр эзэмшсэн 2 га газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргахыг Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад даалгасугай” гэж шийдвэрлэлээ. Шүүхийн энэхүү шийдвэр нь хууль ёсны дагуу газар эзэмшиж, тухайн газартаа их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа явуулж байгаа гуравдагч этгээд миний эрх ашгийг ноцтой зөрчсөн.
Миний бие 2004 онд Улаангом сумын Засаг дарга, газрын даамалд хүсэлт гаргаж, Улаангом сумын 5 дугаар багийн нутагт 0.5 га газар эзэмших зөвшөөрөл авсан бөгөөд үүнийг баталгаажуулж, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 104 дүгээр шийдвэр гарч, тухайн өдөртөө 0029391 тоот гэрчилгээ авч Газрын албатай газар эзэмших гэрээ байгуулсан. Тухайн маргаан бүхий газарт 2008 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд газрыг тойруулан хашаа татаж, дотор нь нийт 36 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар олон мянган жимсний мод тарьж, байшин барьж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Гэтэл Улаангом сумын иргэн Б.******* нь миний газартай холбогдуулан маргаан үүсгэж, өөрийн эзэмшлийн газар гэж шүүхэд хандаж, улмаар намайг эзэмшил газраа чөлөөлж өгөх шийдвэр гаргууллаа.
Намайг газар эзэмших шийдвэр гаргуулж байхад газрын кадастрын зураг хийж байгаагүй бөгөөд энэ байдлыг ашиглан шүүх хууль бус шийдвэр гаргаад байна. Улаангом сумын Газрын албатай байгуулсан гэрээнд Тогтоохон гэдэг хүний талбайн урд талд гэж байршил заасан, тухайн үед тэр орчмын газар эзгүй байсан учир төрийн эрх бүхий байгууллагаас газрын байршлыг тодорхой зааж зураглал үйлдээгүй үйлдэл нь надаас бус, эрх бүхий албан тушаалтнуудаас шалтгаалах үйлдэл байна. Шүүх нэхэмжлэгч Б.*******ад “Улаангом сумын 5-р баг, Ц.Эрдэнэбаатарын талбайн дээд талд байршилтай” газар олгосон байна гэж дүгнэсэн. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарт “М.Отгонд олгосон газрын байршил нь хуучин нисэхийн зурвасын урд талд Эрдэнэбаатарын талбайн дээд талд гэж тойм зурагт тусгагдсан” гэдэг. Үүнээс харахад Б.******* болон надад олгосон газар нь нэг байршилд олгогдсон байдал харагдаж байна. Тухайн үед газрын байршлыг тодорхой заадаггүй, тухайн газар нь эзгүй байсан учир газрын албаны даамал намайг дагуулж явж байгаад та энэ хавьд газар аваарай гэж зааж өгөөд явсан. Би үүнийг төрийн эрх бүхий байгууллагын хүн миний газар эзэмших талбайг зааж өгч байна л гэж бодсон. Учир нь, миний нэр дээр захирамж гарч надтай гэрээ байгуулсан байсан учир төрийн байгууллагын ажилтны зааж өгсөн газрыг л өөрт олгогдож байгаа газар гэж ойлгож, түүн дээр тодорхой хөрөнгө оруулалт гаргаж үйл ажиллагаа явуулж байна. Миний 2004 онд дээрх байршилд газар авсан байхад газар давхацсан гэж үзээд байгаа Б.*******а нь 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх захирамж гаргуулан авсан. Шүүхийн шийдвэрт шүүхээс үзлэг хийж хуулбарлан авсан Google Earth програмын зурагт 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн зурагт “газрыг хагалсан байдалтай байгаа болно” гэж маш тодорхой дурдсан байна. Гэтэл нэхэмжлэгч Б.******* нь 2011 оны 08 дугаар сард газрын албаны хүмүүстэй очиж хэмжилт хийж байхад тухайн газар ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй хоосон байсан гэж мэдүүлж байгаа тайлбар нь дээрх баримтаар үгүйсгэгдэх болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.******* иргэн Б.Содномцэрэнгээс тухайн газрыг худалдан авч, өөрийн нэр дээр болгуулах гэж байх үед тухайн газар нь өөр хүнд олгогдсон, тэр хүн нь газар дээрээ үйл ажиллагаа явуулж байгаа юм байна гэдгийг нэхэмжлэгч болон газрын албаны эрх бүхий хүмүүс мэдэх бүрэн боломжтой байсан.
Шүүх хэргийн нөхцөл байдлыг дүгнэхдээ газрын байршлыг Эрдэнэбаатарын талбайн дээд талд, Эрдэнэ-Очирын газрын доод талд гэж тогтоосон. Миний газар эзэмших байршил тогтоосон тойм зурагт “Эрдэнэбаатарын талбайн дээд талд” гэдэг үг байгаа бөгөөд ганцхан Эрдэнэ-Очир гэдэг хүний талбайн доод талд гэдэг үг байхгүйгээр тухайн газар нь Б.Бямбын эзэмшлийн талбай гэж тогтоосон нь өрөөсгөл дүгнэлт болсон. Мөн тухайн газар нь сул талбайн хувьд хичнээн га газар байгаа, Б.******* болон М.Отгон нарын газар олгогдсон хэмжээний хувь давхцаж байгаа эсэх, давхцуулахгүйгээр анх олгосон хэмжээнд багтаан шийдвэрлэх боломжтой эсэх талаар ямар нэг ажиллагаа хийгээгүй. Зөвхөн миний торлож авсан талбайн хэмжээг тогтоосон бөгөөд Б.*******агийн 1.8 га газар, миний 0.5 га газрыг тухайн газарт шийдвэрлэхэд нийт 2.3 га газар шаардлагатай ба асуудлыг ийм хэмжээнд шийдвэрлэх боломжтой байсан.
Гэтэл миний эзэмшлийн газрыг бүхэлд нь чөлөөлөх шийдвэр гаргаснаар тухайн газарт 8 жил үйл ажиллагаа явуулж, энэ хугацаанд гаргасан хөрөнгө мөнгө, хөдөлмөрийг үнэлж тооцолгүй, тухайн газарт нэг ч шон суулгаагүй хүний эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргасан нь хэт нэг талыг барьж шийдсэн шийдвэр боллоо. Газрын кадастрын зураг үйлддэггүй байсан, газар эзэмшиж үйл ажиллагаа явуулах сонирхолтой иргэн байгаагүй, цаг хугацаанд газар эзэмших эрх авсан нь иргэн миний буруутай үйлдэл биш. Б.******* тухайн газрыг өмнө нь эзэмшиж байсан Б.Содномцэрэнгээс худалдаж авсан талаар тайлбарыг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа мэдүүлдэг бөгөөд нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийг хуульд заасан аргаар олж авсан эсэх талаар шүүх ямар нэг тайлбар хийгээгүй. Хуулинд эзэмших эрхээр авсан газрыг захиран зарцуулах эрх олгогдоогүй байдаг. Б.******* нь тухайн газрыг мөнгөөр худалдаж авсан нь хууль зөрчсөн үйлдэл байна.
Шүүхийн шийдвэрт нэгж талбарын 8516001578 дугаартай газрын хувийн хэргийг 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нээсэн байх бөгөөд ...2010 онд газар эзэмшүүлэх шийдвэр гарсан боловч газар эзэмших эрхийн гэрчилгээ нь 0333400 гэх дугаартай, олгосон он, сар, өдөр тодорхойгүй, газар эзэмшүүлэх гэрээнд Б.Содномцэрэнгийн гарын үсэггүй зэргээс үзэхэд уг гэрчилгээ, гэрээ нь Б.*******д газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх үед нөхөн хийгдсэн байна гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Бямбын худалдаж авсан газар нь өмнөх эзэмшигчид байх хугацаанд эрхийн зөрчилтэй, нэгж талбарын дугааргүй, гэрчилгээ, шийдвэр нь он, сар, өдөр гэх мэт огноо байхгүй зэргээс үзэхэд энэхүү үйлдэл нь газрын асуудал хариуцаж байсан төрийн эрх бүхий байгууллагын хүмүүсийн газрын наймаатай холбоотой үйл ажиллагаа байсныг нотолж байна. Бусдад зарж байгаа, худалдан авч байгаа газар нь үнэхээр өөр эзэмшигч байхгүй, сул газар байсан эсэхийг тогтоолгүй зүгээр л бүртгэл дээр гэрчилгээ бичүүлэн аваад дараа нь тухайн газарт хөрөнгө хүч, хөдөлмөрөө зориулсан иргэний газрыг булаан авч байгаа үйлдлийг таслан зогсоож өгөхийг хүсэж байна.
Нэхэмжлэгч нь захиргааны байгууллагад гаргасан гомдлынхоо хариуг хамгийн сүүлд 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсан байна. Хуульд заасны дагуу 30 хоногийн дотор шүүхэд гомдол, нэхэмжлэлээ гаргах ёстой бөгөөд энэ хугацаа 2015 оны 08 дугаар сарын 09-ний өдөр дууссан. Гэтэл 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэл гаргах хугацааг 5 сараар хэтрүүлсэн байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Шүүх энэ талаар шийдвэртээ дурдаагүй, нэхэмжлэгч нь шүүхэд хугацаа сунгуулах тухай ямар нэг хүсэлт гаргаагүй. Нэхэмжлэгч нар анх захиргааны хэргийн шүүхэд Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан, хүчингүй болгох үндэслэл байхгүй болохоор газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Шүүх хуралдаанд анхны нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, маргаан бүхий захиргааны акт байхгүй байхад шүүх газар чөлөөлөх шийдвэр гаргасан нь маргаан шийдвэрлэх харъяалал зөрчсөн үйлдэл болсон. Учир нь, газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлөх тухай маргааныг хянан шийдвэрлэх шүүхийн харъяалал нь иргэний шүүх байгаа.
Иймд, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 11 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
Иргэн Б.******* нь анх шүүхэд хандаж “Улаангом сумын Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 104 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаан дээр уг нэхэмжлэлээсээ татгалзжээ.
Шүүх энэхүү татгалзаж буй үндэслэлтэй нь холбогдуулан дүгнэлт өгөөгүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар шийдвэрлэхгүй орхигдуулсан нь буруу байна.
Энэхүү нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан шүүх хэрэгт ач холбогдол бүхий дараах нөхцөл байдлыг тодруулж, холбогдох нотлох баримтыг цуглуулж, дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:
а/ Нэхэмжлэгчээс “гэрчилгээнд заагдсан байршлаараа уг газрыг 2011 онд хууль тогтоомжийн дагуу эзэмшсэн, хууль ёсны эзэмшигч учраас бусдын хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэл үндэслэлтэй” хэмээн маргаж байгаа боловч хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тодорхойгүй байна. Иймээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах шаардлагатай.
б/ Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д заасны дагуу зохих зөвшөөрөлгүй эзэмшсэн газрыг чөлөөлүүлэхээр арга хэмжээ аваагүй Улаангом сумын Засаг даргын эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндсөн” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Б.******* нь газар чөлөөлүүлэх хүсэлтээ захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан эсэх, Улаангом сумын Засаг даргаас тухайн хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлэсэн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явагдсан эсэхийг тодруулах нь зөв юм.
Иймээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, түүнтэй холбоотой баримтуудыг гаргуулан авч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.
Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх боломжгүй учраас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсгийг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР