Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 145

 

А.Тлейханы итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбат нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 025/ШШ2017/0002 дугаар шийдвэртэй, А.Тлейханы итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороо, Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны Хууль, эрх зүйн хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 025/ШШ2017/0002 дугаар шийдвэрээр Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Тлейханы итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездын “Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны Хууль, эрх зүйн хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 313 дугаар албан бичгийг хүчингүй болгуулж, Улсын Их Хурлын 6 дугаар тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч А.Тлейханы итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездээс Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргасан гомдлыг Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар хэлэлцэхийг хариуцагчид даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнх-Өлзий давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 025/ШШ2017/0002 дугаар шийдвэрийг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч давж заалдах журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.

Тус шийдвэрт нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ холбогдох хуулийг буруу тайлбарлаж, үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүйгээр шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Сонгуулийн төв байгууллагын тухай хууль болон Сонгуулийн тухай хуулиар Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх, нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах, нэрийн жагсаалтаас хасах, Улсын Их Хурлын гишүүнд түр үнэмлэх олгох, Улсын Их Хурлын гишүүний түр үнэмлэхийг хүчингүй болгох, тойрогт дахин сонгууль явуулах асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо заавал хуралдаанаар хэлэлцүүлэн тогтоол гаргах хэлбэрээр шийдвэрлэх ёстой болохыг маш тодорхой байдлаар хуульчилсан байдаг.

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Хорооны ажлын зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан мөн”, 12.3-т “Хороо өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж, хорооны нийт гишүүний олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд түүнд хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна”, 7 дугаар зүйлийн 7.3.4-т “...сонгуулийн асуудлаар гаргасан бусад өргөдөл, гомдлыг харьяаллын дагуу хянан шийдвэрлэх, хэрэв хууль тогтоомжид нийцээгүй бол тухайн тойргийн хорооны шийдвэрийг хүчингүй болгох” гэж тус тус заасан эдгээр бүрэн эрхтэй нь холбогдох асуудлыг гомдолд дурдсан үндэслэлийн дагуу Сонгуулийн төв байгууллага болох Сонгуулийн ерөнхий хорооноос шийдвэрлэж өгөхийг хүссэн байтал маргаан бүхий хэлтсийн даргын албан бичгээр хариу өгч байгаа нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д “өргөдөл, гомдлыг шийдвэрлэх” гэж өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг бүх талаас нь судлан үзэж, түүний дагуу хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох арга хэмжээ авсныг мэдэгдэж, энэ хуульд заасан хугацаанд багтаан хариу өгөхийг, 6 дугаар зүйлийн 6.5-д “төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх”, 7 дугаар зүйлийн 7.3-т “өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх” болон тус хуульд заасан гомдол гаргагчийн бусад эрхийг, гомдолд хэрхэн хариу өгч шийдвэрлэх тухай зохицуулсан үүргүүдийг хариуцагч байгууллага зөрчиж хууль бус хариу өгснийг үндэслэлтэй гэсэн байдлаар дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй.

Өмнө нь яг ийм асуудлыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр олон удаа оруулсан атлаа иргэн А.Тлехайны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хорооны хуралдаанаар хэлэлцэх шаардлагагүй гэж үзэн хэлтсийн даргаараа дамжуулан хариу өгсөн хариуцагчийн хууль бус үйлдлийг зөв мэтээр дүгнэж дээр дурдсан хуулийн заалтуудыг буруугаар тайлбарлаж шийдвэрлэсэн тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 025/ШШ2017/0002 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэлийн “Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны Хууль, эрх зүйн хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 313 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд: Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны Хууль, эрх зүйн хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 313 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Сонгуулийн ерөнхий хороонд гаргасан гомдлыг “хангаж шийдвэрлэх үндэслэлгүй” гэсэн татгалзсан хариу өгснөөрөө хандсан этгээдийн хувьд эрх зүйн шууд үр дагавар үүсгэж буй тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны акт байна.

Харин уг захиргааны актыг Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга гэх эрх хэмжээгүй этгээд гаргасан тул хууль бус байна.

Учир нь, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлээр Хорооны нийтлэг бүрэн эрхийг зохицуулсан байх бөгөөд 7.3.4-т “...сонгуулийн асуудлаар гаргасан бусад өргөдөл, гомдлыг харъяаллын дагуу хянан шийдвэрлэх...”; 12 дугаар зүйлийн 12.3-т “Хороо өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлыг хуралдаанаар хэлэлцэж, Хорооны нийт гишүүний олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд түүнд Хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна” гэж тус тус заажээ. Мөн хуулийн 9 дүгээр зүйлээр зохицуулсан Хорооны даргын бүрэн эрхэд сонгуультай холбоотой өргөдөл, гомдлыг шийдвэрлэх эрх байхгүй байна.

Гэтэл Сонгуулийн ерөнхий хорооны дарга нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Сонгуулийн ерөнхий хороонд “сонгуулийн асуудлаар” гаргасан гомдлыг Хорооны хуралдаанаар хэлэлцүүлэлгүйгээр, “гомдолтой танилцаад хэлтсээрээ хариу өгье гээд Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар шийдвэрлүүлсэн” нь дээрх хуулийн заалтыг зөрчин Хорооны бүрэн эрхэд халджээ.

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Хорооны дарга “Хороог дотоод, гадаад харилцаанд төлөөлөх”, 9.2-т “Хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тодорхойлж, хуралдааныг товлох, даргалах” гэснийг “дарга Хорооны бүрэн эрхийн асуудлыг дангаар шийдвэрлэх, Хорооны бүрэн эрхэд хамаарах асуудлыг хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх” гэсэн утгаар тайлбарлах боломжгүй юм.

Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хорооны ажлын албаны хөдөлмөрийн дотоод журам нь Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд нийцэх ёстой учир журмын 2.2.7-д хэлтсийн дарга нь “Хорооны даргын эрх олгосноор албан тушаалтантай харилцах, албан бичиг, өргөдөл, гомдолд хариу өгөх” гэснийг Хорооны дарга хуулиар өөрт олгогдсон бүрэн эрхийг шилжүүлэх хүрээнд ойлгоно. Өөрөөр хэлбэл, өөрт хамааралгүй буюу Хорооны бүрэн эрхийг бусдад шилжүүлэх тухай ойлголт биш юм.

Гэтэл давж заалдах шатны шүүх “...Дээрх хууль, журмын зохицуулалтаас үзвэл Сонгуулийн ерөнхий хорооны дарга нь хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тодорхойлох, хороог төлөөлөн иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдолд хариу өгөхийг хэлтсийн даргад үүрэг болгох бүрэн эрхтэй байх ба хэлтсийн дарга нь хорооны даргын ийнхүү эрх олгосноор хороог төлөөлөн албан ёсоор иргэдийн өргөдөл, гомдолд хариу өгөх эрхтэй, хорооны удирдлагаас өгсөн үүргийг биелүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллахаар байна” гэж дүгнэсэн нь холбогдох хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарласан байна.

Иймээс “Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны Хууль, эрх зүйн хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 313 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй.

Нэхэмжлэлийн “Улсын Их Хурлын 6 дугаар тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч А.Тлейханы итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездээс Сонгуулийн ерөнхий хороонд 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргасан гомдлыг Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар хэлэлцэхийг хариуцагчид даалгах” шаардлагын тухайд: Дээр дурдсанчлан маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд эрх хэмжээгүй этгээд болох Хууль, эрх зүйн хэлтсийн дарга “гомдлыг хянан шийдвэрлэх үндэслэлгүй” хэмээн татгалзсан хариу өгсөн нь хууль бус, түүнчлэн эрх бүхий этгээд болох Сонгуулийн ерөнхий хороо гомдлыг хуралдаанаараа хэлэлцээгүй нь хууль зөрчсөн эс үйлдэхүй байх тул нэхэмжлэлийн дээрх шаардлагын талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Иймд, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 025/ШШ2017/0002 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.4, 12 дугаар зүйлийн 12.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Тлейханы итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны Хууль, эрх зүйн хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 313 дугаар албан бичгийг хүчингүй болгож, Улсын Их Хурлын 6 дугаар тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч А.Тлейханы итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездээс Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргасан гомдлыг хуралдаанаар хэлэлцэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                   Г.БАНЗРАГЧ