Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/93

 

 

 

 

 

 

                              2023/ШЦТ/93

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

           Улсын яллагч: А.Амарсанаа

            Шүүгдэгч: Ц.П, Г.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Цийн П, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Гын Д нарт холбогдох 2212000000306 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр  сарын ..-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт А аймгийн Ч сумын Х багийн .. гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Г овогт Цийн П /РД:../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, малчин, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт А аймгийн Ч сумын Х багийн .. гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Н овогт Гын Д /РД:../

 

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.П, Г.Д нар нь бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус багийн Жаргалантын ам гэх газраас 2022 оны 09 дүгээр сард зохих зөвшөөрөл эрхийн бичиггүй ойгоос хуурай мод бэлтгэж, ойн санд 5.519.937 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд хохирлын хэмжээг 5.519.937 гэж зөрүүлж бичсэн байна/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.П мэдүүлэхдээ: Бид нарын хашаа барих гэж байгаа газар манай хадам аавын нэр дээр байдаг газар бөгөөд тухайн үед тэр газарт бид нар хашаа барихаар болсон. Тэр шургаагийг нэг доор бөөнөөр нь хийгээгүй. 2 хүүхдээ гэртээ орхиод өдөрт бага багаар хийсэн. Модоо бэлтгээд хашаа барих газраа татсан. Гоожин авах гээд байцаагч руугаа ярьтал эхлээд бага хэмжээтэй авчих, хашаагаа бариад нэмж авахаар болбол дахиад гоожин аваарай гэсэн. Тухайн үед гоожингоо 2 куб хэмжээтэй мод бэлтгэхээр авсан байсан. Манайх зундаа гол гараад нүүдэг, намар намаржихдаа буцаад жалгаа дагаад нүүгээд ирдэг. Хашаагаа янзалж барихаас өмнө хоолны амбаар барих ёстой юм байна, гэрээ хийх юмгүй болох юм байна гээд эхлээд барих гээд 13 ширхэг банз зүсүүлэх гээд гоожин авъя гээд сумын байцаагч руу ярьтал өмнөх шургаагийнхаа гоожинг хөрөө рам дээр аваачаад өгчих гэсэн бөгөөд болно гэхээр нь аваачаад өгсөн. Банзаа зүсүүлээд байж байтал доод айлууд нь өвөлжөө шинээр гаргах гээд байна гэж хэл ам хийсэн гээд захиргаанаас ажлын хэсэг гараад хүмүүс хүрч ирээд шалгаад гоожингоо аваад ир гэсэн бөгөөд гоожингоо хөрөө рам дээр аваачаад өгсөн байсан. Шургааг гоожингүй бэлтгэсэн гээд ийм л асуудал болсон гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Д мэдүүлэхдээ: Би 05 дугаар сарын 02-нд сумын байгаль орчны байцаагчтай яриад малын хашаа барих гэсэн юм гэтэл хорь гаруй мянган төгрөгийн гоожин ав гээд өөрийнх нь данс руу шилжүүлээд авсан. 9 дүгээр сард банз зүсүүлэх хэрэг болоод гоожингийн зөвшөөрлийн бичгийг өөрсдөдөө аваагүй байсан. Банз зүсүүлэхэд эргэж яриад банз зүсүүлэх эрхийн бичиг хэрэг болоод байна гэсэн. Тухайн үед манай нөхөр төв рүү орсон байсан бөгөөд нөхрийгөө ирээд хуучин гоожингийн хуудас байгаа гэсэн. Тэгээд тухайн үед санаанд орохгүй, болох юм байна гэж бодоод банзаа зүсүүлсэн. Би энэ хэрэгт холбогдоод сүүлд нь мэдэж авлаа. Ой мод руу орох бүрд эрхийн бичиг авах хэрэгтэй байсан юм байна. Тэрийг мэдээгүй. Эрхийн бичиггүй модыг ашиглах гэсэн санаа сэдэл байгаагүй. Дараа нь эрхийн бичиг авч болох юм байна гэж бодож байсан гэв.

Мөрдөн байцаалтын шатанд 2212000000306 дугаартай эрүүгийн хэргээс:

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Б.Тын мэдүүлсэн: ...Байгальд учирсан хохирлоо төлүүлмээр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Гийн мэдүүлсэн: ...2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Чулуут сумын экологийн байцаагчийн хамт Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус багийн Жаргалантын аманд байх Цалуугийн гэх газарт иргэн Ц.П нь шинэ газар малын байр барих гээд байна гэж иргэдийн гомдлын дагуу очиход малын хашааны шинэ 70 ширхэг шургааг эрхийн бичиггүй зөвшөөрөлгүй бэлтгэсэн байсан. Ц.П нь надаас 2022 оны 09 дүгээр сард мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй.  Би Ц.Пгийн мод бэлтгэсэн газарт очиход уг газарт хуурай шургааг бэлтгэсэн байсныг үзэж харсан. Босоо болон унаанги шургааг мод, шинэс төрлийн мод огтолж унагаасан байсан. Иргэнд босоо мод огтлох эрх үүсэхгүй. Уг газар нь мод бэлтгэх тусгаарласан талбайд ордог. Уг газар нь улсын тусгай хамгаалалттай газарт ордоггүй...гэх мэдүүлэг /хх-ийн  28-29 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Дгийн мэдүүлсэн: ...Тогтоолтой уншиж танилцлаа. Ямар нэгэн тайлбар байхгүй. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 96-97 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ц.Пгийн мэдүүлсэн: ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 111-112 хуу/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 02-07 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-15 хуу/

Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний лавлагаа /хх-ийн 37 хуу/

2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 28 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42 хуу/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 54-56 хуу/

“Дамно” ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн АЦ22-107 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 61-65 хуу/

“Дамно” ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн АА22-71 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 66-71 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88, 100 хуу/

Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 76 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 91-92 хуу/

Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 81 тоот эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /хх-ийн 97-98 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 09 дүгээр сард Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус багийн Жаргалантын ам гэх газраас зохих зөвшөөрөл эрхийн бичиггүй ойгоос 70 ширхэг 8.3 м3 шоо метр хуурай мод бэлтгэж, ойн санд 5.519.374 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Ц.П, Г.Д нар нь бүлэглэн Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус багийн Жаргалантын ам гэх газраас 2022 оны 09 дүгээр сард зохих зөвшөөрөл эрхийн бичиггүй ойгоос 70 ширхэг 8.3 м3 шоо метр хуурай мод бэлтгэж ойн санд 5.519.937 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

иргэний нэхэмжлэгч Б.Тын мэдүүлсэн “Байгальд учирсан хохирлоо төлүүлмээр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/,

гэрч Ч.Гийн мэдүүлсэн “2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Чулуут сумын экологийн байцаагчийн хамт Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус багийн Жаргалантын аманд байх Цалуугийн гэх газар иргэн Ц.П нь шинэ газар малын байр барих гээд байна гэж иргэдийн гомдлын дагуу очиход малын хашааны шинэ 70 ширхэг шургааг эрхийн бичиггүй зөвшөөрөлгүй бэлтгэсэн байсан. Ц.П нь надаас 2022 оны 09 дүгээр сард мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй” гэх мэдүүлэг /хх-ийн  28-29/,

 өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт Г.Д, Ц.П нарын яллагдагчаар болон шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 96-97/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 02-07/, 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 28 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Ц.П, Г.Д нар нь гэм буруутай байна.

Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Ц.П, Г.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан бүлэглэж зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ой мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.П, Г.Д нар нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно. 

 

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Ц.П, Г.Д нар нь үйлдлээрээ нэгдэн бүлэглэж  2022 оны 09 дүгээр сард Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус багийн Жаргалантын ам гэх газраас  70 ширхэг 8.3 м3 шоо метр шинэс модыг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэсэн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байх ба шүүгдэгч нар нь гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарч байна.   

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

 

Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Ц.П, Г.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

            Шүүгдэгч Ц.П, Г.Д нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг  үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахыг 6 /зургаа/ сарын хугацаагаар, шүүгдэгч Г.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахыг 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус тэнсэж, шүүгдэгч Ц.П, Г.Д нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.  

            Шүүгдэгч нарт хорих ял оногдуулахыг тэнссэн тул тэдгээрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирол хор уршгийн болон бусад асуудлын талаар:

 

            Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 5.519.374 төгрөгийн хохирол учирсан болох нь 2022 оны 09  дүгээр сарын 18-ны өдрийн 28 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

            Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно” гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /5.519.374*3=16.558.122 /арван зургаан сая таван зуун тавин найман мянга нэг зуун хорин хоёр/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгч Ц.П, Г.Д нараас 16.558.122 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна” гэж хуульчилсан байна.

            Шүүгдэгч Ц.П, Г.Д нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 87-47 УБХ улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Ц.Пгийн эзэмшлийнх болох нь Авто тээврийн үндэсний төвөөс гаргаж өгсөн тээврийн хэрэгслийн лавлагаагаар /хх-ийн 37 хуу/ тогтоогдож байна.

Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 76 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.П, Г.Д нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн Киа Бонго маркийн 87-47 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу түүний үнэ 7.128.046 төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 1.328.000 төгрөгийн үнэлгээ бүхий 8.3 м3 шоо метр 70 ширхэг шинэс мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 19.800 төгрөгийн үнэлгээ бүхий гар хөрөө 1 ширхэг зэргийг хохирол нөхөн төлөхөд зарцуулж, зөрүү 8.082.276 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Ц.Пгаас 4.041.138 төгрөг, шүүгдэгч Г.Дгээс 4.041.138 төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.

 

Прокуророос шүүгдэгч нарыг зохих зөвшөөрөлгүй ой мод бэлтгэсэн гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, яллагдагчаар татаж тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг орхигдуулсан боловч тухайн гэмт хэрэгт Киа Бонго маркийн 87-47 УБХ улсын дугаартай автомашиныг хэрэглэсэн болох нь тогтоогдсон тул уг автомашин буюу үнийг хурааж хохирол нөхөн төлөхөд зарцуулж, харин яллах дүгнэлтийн хүрээнд “бүлэглэж зохих зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн” гэмт буруутайд тооцохоор шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Ц.П, Г.Д нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ц.П, Г.Д нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Г овогт Цийн П, Н овогт Гын Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан бүлэглэж зохих зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

             2. Шүүгдэгч Ц.Пд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахыг 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг, шүүгдэгч Г.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахыг 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.П, Г.Д нар нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

             4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1, 188, 189 дүгээр зүйлүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Ц.П, Г.Д нарын тэнссэн хугацаанд тус тус хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

             5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Ц.П, шүүгдэгч  Г.Д нараас 16.558.122 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

              6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 76 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.П, Г.Д нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн Киа Бонго маркийн 87-47 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу түүний үнэ 7.128.046 төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 1.328.000 төгрөгийн үнэлгээ бүхий 8.3 м3 70 ширхэг шинэс мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 19.800 төгрөгийн үнэлгээ бүхий гар хөрөө 1 ширхэг зэргийг хохирол нөхөн төлөхөд зарцуулж, зөрүү 8.082.276 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Ц.Пгаас 4.041.138 төгрөг, шүүгдэгч Г.Дгээс 4.041.138 төгрөг тус тус гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.  

             7. Шүүгдэгч  Ц.П, Г.Д нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ц.П, Г.Д нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

             8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч нар, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

             9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.П, Г.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Р.АЛТАНЦЭЦЭГ