Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/66

 

 

 

 

 

 

 

 

 

 

24.5

 

Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.К,

улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,

шүүгдэгч З.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Өээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Зы Бд холбогдох эрүүгийн 2313000270079 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, И овогт Зы Б,1991 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Б аймгийн Б суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, малчин гэх, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Б аймгийн Б сумын 2 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:0000000000.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч З.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Б аймгийн Б сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Улаагчны хавцал” гэх газраас ховор амьтны жагсаалтад багтсан 1 тооны Алтайн хойлог шувууг чулуугаар цохиж агнан, гэртээ хадгалж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэм буруугийн талаар.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1.1.Шүүгдэгч З.Баас мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

2. Эрүүгийн 2313000270079 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Б аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Х.Сээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дахь тал/,

2.2. 1 тооны агнагдсан гэх Алтайн хойлог шувууд үзлэг хийсэн, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-07 дахь тал/,

2.3. 00000 улсын дугаартай тээврийн хэрэгсэл /мотоцикль/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 08-11 дэх тал/,

2.4. Иргэн Д.Жы Samsung Х загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, орчуулагч хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 15-21 дэх тал/,

2.5. Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 12 дугаартай “Мөрдөн шалгах ажлыг хүчинтэйд тооцох тухай” тогтоол /хавтаст хэргийн 23-25 дахь тал/,

2.6. Шинжээч Б аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн И.Жын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан 04 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

2.7. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 47-50 дахь тал/,

2.8. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Монгол алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 12 дугаартай албан бичиг, түүний хавсралт болох кадастрын зураг /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,

2.9. Гэрч Д.Жаас гаргаж өгсөн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хийсэн дуудлагын дэлгэрэнгүй жагсаалт /хавтаст хэргийн 72-73 дахь тал/,

2.10. Гэрч Х.Сээс гаргаж өгсөн 2023 оны 01 дүгээр сарын 03-04-ний өдрүүдэд хийсэн дуудлагын дэлгэрэнгүй жагсаалт /хавтаст хэргийн 77-78 дахь тал/,

2.11. Гэрч Д.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-30 дахь тал/,

2.12. Гэрч Д.Жы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-35 дахь тал/,

2.13.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дахь тал/,

2.14. Гэрч Х.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 75-76 дахь тал/,

2.15. Гэрч Д.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 81-82 дахь тал/,

2.16. Яллагдагч З.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 95-97 дахь тал/ зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч З.Бы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд,

3.1. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч З.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Б аймгийн Б сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Улаагчны хавцал” гэх газраас ховор амьтны жагсаалтад багтсан 1 тооны Алтайн хойлог шувууг агнаж, гэртээ хадгалсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.1.1. Б аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Х.Сээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дахь тал/,

3.1.2. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 47-50 дахь тал/,

3.1.3. 1 тооны агнагдсан гэх Алтайн хойлог шувууд үзлэг хийсэн, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-07 дахь тал/,

3.1.4. Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 12 дугаартай “Мөрдөн шалгах ажлыг хүчинтэйд тооцох тухай” тогтоол /хавтаст хэргийн 23-25 дахь тал/,

3.1.5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Алтайн хойлог шувууны экологи, эдийн засгийн үнэлгээ эр, эм 130.000 төгрөг байдаг,

...мөнгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсгийг үндэслэн амьтны аймагт учирсан хохирлыг тухайн экологи, эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэж тусгасны дагуу 1 толгой алтайн хойлог шувууны нөхөн төлбөр 260.000 төгрөг болж байгаа юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дахь тал/,

3.1.6. Гэрч Д.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б сумын Ё багаас 14 цагийн орчимд таксигаар гарсан бөгөөд энэ үеэр Б сумын манай багийн иргэн болох З.Б гэх залуу надад дайвар ачаа болох цаасан хайрцагтай зүйл өгч, энэ хайрцагийг та очих айлдаа байлгаж байгаарай, нэг хүн очиж авна гэж хэлэхэд нь би түүнд хандаж надад ямар нэгэн холбогдох гар утас байхгүй, би аймгийн төвд хүргэн дүү болох Д.Жы гэрт очно гэхэд тэгвэл та Д.Жы гэрт аваачаад тавьчих, би өөрөө хүн явуулаад авхуулах болно гэж хэлсэн тул би тухайн хайрцагтай зүйлийг аваад явсан. Тухайн дайвар ачаанд юу байсан талаар би мэдээгүй юм. Уг хайрцагтай зүйлийг би хүргэн болох Д.Жы гэрт аваачиж тавьсан. Тухайн үед З.Б надад өөрөө уг хайрцагтай зүйлийг авч ирж өгсөн бөгөөд тэрээр тухайн үед ганцаараа явж байсан бөгөөд жижиг бор хайрцагтай, ямар нэгэн утасны дугаар бичигдээгүй байсан, харин нэр бичигдсэн байсан эсэхийг сайн санахгүй байна. Хайрцаг дотор юу байгаа талаар З.Б надад юу ч хэлээгүй, аймагт очих айлдаа аваачаад тавьчих, авах хүнээ би өөрөө явуулна гэж хэлсэн. Тухайн хайрцаг дотор юу байсан талаар би мэдэхгүй, онгойлгож хараагүй бөгөөд анх надад өгсөн яг тэр хэвээр нь би Д.Жы гэрт аваачиж тавьсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-30 дахь тал/,

3.1.7. Гэрч Д.Жы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Б сумаас 11 цагийн үед манай хадам ах Д.Г гэх хүн таксигаар ирсэн. Орой 17 цагийн үед хашаандаа юм хийж байх үеэр Б суманд манай хөрш байсан Б /З.Б/ гэх хүн над руу залгаж “...хадам ахаар чинь цаасан хайрцагтай юм өгч явуулсан, орой нэг хүн чам руу залгаад авах байх, чи тэр хүнд өгчихөөрэй” гэж хэлсэн. Түүний ярьснаас хойш хэсэг хугацааны дараа намайг хашаандаа юм хийж байхад манай хүүхэд гүйж ирээд Б ахын авч ирсэн зүйлийг авья гэж байна гэхээр нь гэртээ ороход манай эхнэр надад Б ахын хайрцагтай зүйлийг 10 дугаар сургуулийн зогсоол дээр хүргээд өгчих, тэнд авахаар хүн ирсэн байгаа гэж байна гэхээр нь би тухайн хайрцагтай зүйлийг аваад 10 дугаар сургуулийн зогсоол дээр очих үед машины гэрэл асаагаад 2 хүн зогсож байсан бөгөөд уг хоёр хүнээс З.Бы дайж явуулсан зүйлийг авахаар ирсэн хүн мөн үү гэж асуухад тэд өөрсдийгөө “бид нар цагдаа байна” гэж хэлээд миний авч ирсэн хайрцгийг задалж үзэхэд дотор нь хойлог шувуу байсан.

Тухайн үед Д.Г нь манай бас нэг хадам ах болох н.Темир гэх хүний гэр лүү цай уухаар явсан байсан. Манай хадам ах хэлэхдээ уг хайрцагтай зүйлийг Б сумаас Б гэх хүн залгаад авхуулах байх гэж хэлсэн бөгөөд би ямар эд зүйл байгааг огт онгойлгож хараагүй юм. Сүүлд Б гэх хүн над руу утсаар залгахдаа надад хайрцагтай зүйлийг хүн авахаар очно, тэр үед тухайн хүн танд 3 хайрцаг сум өгнө, түүнийг нь аваад наад хайрцагтай зүйлийг аваачаад өгөөрэй гэж хэлсэн. Хойлог шувууг хэн агнасан талаар надад мэдэх зүйл байхгүй” мэдүүлэг /хавтаст хэргийн 33-35 дахь тал/,

3.1.8. Гэрч Х.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ахлах ахлагч Б.Сийн хамт хэрэг бүртгэлтийн хэрэг болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллүүдэд биечилсэн сурвалжлага хийж ажиллаж байсан. Тухайн газар буюу Өлгий сумын 13 дугаар багт байрлах Ерөнхий боловсролын сургуулийн орчимд хүн хайгаад явж байх үеэр мотоциклтой үл таних эрэгтэй хүн ирж зогсоод “...юм авах хүмүүс та нар мөн үү...” гэж асуусан бөгөөд бид нар “ямар хүн билээ” хэмээн асуухад тухайн хүн сандарсан байдалтай, сэжигтэй санагдсан тул Цагдаагийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу тухайн хүний мотоциклийн арын хэсэгт байсан хайрцгийг онгойлгож үзэхэд 1 тооны хойлог шувуу байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75-76 дахь тал/,

3.1.9. Гэрч Д.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б сумаас миний төрсөн ах болох Д.Г ирсэн бөгөөд тэр үед З.Бы явуулсан ачаа гээд нэг жижиг хайрцагтай зүйл авч ирснийг манай байшингийн үүдний коридорт тавьсан байсан. З.Б өөрөө та нартай холбогдоод авхуулах байх, тийм болохоор байж байг гэж хэлсэн болохоор тухайн хайрцагт би ойртож хараагүй, дотор нь юу байсныг мэдээгүй. Тухайн өдөр 17 цагийн орчимд 00000000 дугаараас З.Б нь над руу залгаж танай гэрт байгаа хайрцагийг нөхөртөө хэлээд Өлгий сумын 10 дугаар сургуулийн хажууд хүргээд өгөөч гэж хэлүүлснийг би нөхөр Д.Жд дамжуулж хэлсэн. Тэгээд манай нөхөр болох Д.Ж тухайн хайрцагтай зүйлийг аваад явсан.

...тухайн хайрцагтай зүйл манай гэрийн үүдний коридорт байсан болохоор манай нөхөр түүнд ойртоогүй шууд л аваад гарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 81-82 дахь тал/,

3.1.10. Шинжээч Б аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн И.Жын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан 04 дугаартай “1. Шинжилгээнд хүргүүлсэн 1 толгой амьтан нь шинжилгээнд тэнцэнэ. Аймаг: амьтан, Хүрээ: хөвчтөн, Анги: жигүүртэн, Баг: тахиатан, Овог: гургуулынхан, Зүйл: Алтайн хойлог шувуу байна. 2. Алтай хойлог шувууг эр, эм болон юугаар, яаж агнасныг тогтоох боломжгүй байна. 3. Алтайн хойлог шувуу нь Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар ховор амьтны жагсаалтад орсон ховор шувуу юм. 4. Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар нэг толгой Алтайн хойлог шувууны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 130.000 төгрөг байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

3.1.11. Яллагдагч З.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 2313000270079 дугаартай тогтоолтой танилцлаа, тогтоолтой холбоотой асууж тодруулах зүйл байхгүй, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.

...надтай цуг ажилладаг Д.Г гэх хүн аймгийн төв явна гэдгийг сонсоод өөрт хадгалж байсан 1 тооны хойлог шувууг хайрцаг дотор хийгээд скочдож, түүнд өгч явуулсан. Тухайн үед би түүнд хэлэхдээ хайрцагтай зүйлийг аваад аймгийн төвд очиж айлд байлгаж байгаарай, нэг хүн очоод авна, тэр үед танд хэлнэ гэж хэлээд явуулсан юм. Тухайн үед би уг хайрцаг дотор юу байгаа талаар Д.Гд юу ч хэлээгүй.

... 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө Улаандавааны энгэрт байсан адуугаа аваад Улаагчны хавцлаар уруудаад ирж явах замд хадны хажууд нэг шувуу нисэж чадахгүй үсэрч буугаад байсан. Тухайн үед би хэсэг харж зогсоод сайн нисэж чадахгүй байгааг нь хараад дөхөж очих үед хойлог шувуу байсан ба тухайн шувуу нисэж чадахгүй байсан болохоор би газарт байсан чулуугаар цохиж алаад улмаар аавын гэрийн ойролцоо хаданд аваачиж нуучихаад маргааш өдөр нь гэртээ харихдаа нөгөө хойлог шувуугаа нууж авч явсан ба өөрийнхөө гэрт амбаарт аваачиж хайрцганд хийгээд далд нуугаад тавьсан. Тухайн үед би ганцаараа явсан, миний хажууд өөр хэн нэгэн хүн байгаагүй.

...тухайн үед надад ямар нэгэн ан амьтан алах санаа зорилго байгаагүй, надад тэр байтугай буу, шидэм хүртэл байхгүй, би зүгээр адуундаа явж байгаад замдаа сайн нисэж чадахгүй хойлог шувуу таарахаар нь чулуугаар цохиод алсан. Түүний дараа би буруу зүйл хийснээ мэдсэн, хойлог шувууны эд эрхтэн хүний биед их сайн гэж сонсож байсан болохоор дараа нь хэн нэгэн хүн асууж, сураглаад худалдаж авахаар бол тухайн үед нь зарчихна гэж бодож байсан болохоор өөр дээрээ байлгаад хадгалж байсан. Тэрнээс биш хэн нэгэн хүн урьдчилж хойлог шувуу агнаж, олоод өг гэж захиалсан асуудал огт байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 95-97 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч З.Бы үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчээс “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг гаргаж гэм буруугийн талаар улсын яллагчтай мэтгэлцээгүй болно. 

5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв гэж үнэлэв.

6. Эрх зүйн дүгнэлт.

6.1. Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “ховор амьтан” гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг ойлгохоор хуульчилсан байх бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт зааснаар төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, эмчилгээний зориулалтаар, Монгол Улсын болон гадаадын иргэн тусгай төлбөр төлсөн тохиолдолд, тодорхой нутаг дэвсгэрт амьтны сүргийн бүтцийг зохицуулах болон халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор ховор амьтныг агнаж, барьж болохыг зөвшөөрсөн, бусад тохиолдолд хориглосон байна.

6.2. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай, “Жагсаалт, журам батлах тухай (Ховор амьтны)” тогтоолын 1 дүгээр хавсралтын Нэг. Хөхтөн 17-д Алтайн хойлог (Tetraogallus altaicus)-ыг ховор амьтны жагсаалтад оруулжээ.

6.3. Шүүгдэгч З.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Б аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Улаагчны хавцал” гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амьтны жагсаалт”-д багтсан 1 тооны алтайн хойлог шувууг тусгай зөвшөөрөлгүй агнаж, хадгалсан болох нь тогтоогдсон, түүний энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, хадгалсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч З.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

6.4. Гэм хэрэг гарахад шүүгдэгчийн хуулийн зохих мэдлэггүй байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

7. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

7.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

7.2. Шүүгдэгч З.Бы үйлдсэн гэмт хэргийн улмаас амьтны аймагт 130.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2/ дахь заалтад зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоохоор хуульчилсан байна.

7.3. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай, “Үнэлгээ, төлбөр, хураамжийн хэмжээг шинэчлэн батлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтын 3-ийн 110-д алтайн хойлог (Tetraogallus altaicus) үнэлгээг 130.000  төгрөгөөр тогтоожээ. 

7.4. Экологи эдийн засгийн үнэлгээгээр уг 130.000 төгрөгийн хохирлыг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр төлүүлдэг хуулийн зохицуулалтаас үзэхэд амьтны аймагт учирсан хохирол энэ хэргийн хувьд 260.000 төгрөгөөр тооцогдоно.

7.5. Экологи эдийн засгийн үнэлгээгээр амьтны аймагт учирсан хохирол энэ хэргийн хувьд 260.000 төгрөгөөр тооцогдох бөгөөд шүүгдэгч З.Б гэмт хэргийн хохирол болох 260.000 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын төрийн сангийн 00000 дугаартай дансанд төлсөн нь үндэслэлгүй болжээ.

7.6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1. “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна. Нөхөн төлбөр төлөгч нь тогтоосон хэмжээнээс илүү төлбөр төлсөн тохиолдолд зөрүүг Байгаль орчин, уур амьсгалын сангаас буцаан олгоно.” гэж хуульчилсан байна.

7.7. Шүүгдэгч З.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий этгээдийн зааснаар байгаль орчинд учруулсан хохирлын мөнгө болох 260.000 төгрөгийг Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын төрийн сангийн 00000 дугаартай дансанд тушаасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй хэмээн үзэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтыг тус тус баримтлан шүүгдэгч З.Бы хохиролд төлсөн 260.000 төгрөгийг Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын төрийн сангийн 00000 дугаартай данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахыг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.  

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч З.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч З.Бд торгох ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг гаргасан болно.

2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч З.Бы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

2.3. Мөн шүүгдэгч З.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

2.4. Шүүгдэгч З.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй дүгнэлээ.

2.5. Шүүгдэгч З.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. Шүүгдэгч З.Бы хүсэлтийг прокуророос хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гаргаж, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж дүгнэж, шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2.6. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг З.Бд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

2.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1. “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.

2.8. Шүүгдэгч З.Б нь хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлсөн байдал, хувийн байдал зэрэгт тус тус нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, шүүгдэгч З.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

2.9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бд оногдуулсан 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

2.10. Энэ хэрэгт шүүгдэгч З.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг баримтлан хэрэгт иргэн Д.Жы эзэмшлийн 00000 улсын дугаартай “Dayun-150” загварын мотоциклийг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, мөн хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 тооны агнагдсан гэх Алтайн хойлог шувууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Б аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

2.11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч З.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овогт Зы Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, хадгалж “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Быг 5.400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай ангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтыг баримтлан шүүгдэгч З.Бы гэмт хэргийн хохиролд Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын төрийн сангийн 00000 дугаартай дансанд төлсөн 260.000 төгрөгийг буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд оруулахыг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   

6. Энэ хэрэгт шүүгдэгч З.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг баримтлан хэрэгт иргэн Д.Жы эзэмшлийн 00000 улсын дугаартай “Dayun-150” загварын мотоциклийг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, мөн хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 тооны агнагдсан гэх Алтайн хойлог шувууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Б аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч З.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд З.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.ТАЛГАТ