| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жалцаны Цэнгэл |
| Хэргийн индекс | 182/2019/01010/и |
| Дугаар | 01298 |
| Огноо | 2019-07-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 01298
| 2019 оны 07 сарын 22 өдөр | Дугаар 182/ШШ2019/01298 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, шүүгч Т.Наранцогт, Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 63 дугаар байр, 12 тоот хаягт оршин суух, 25 настай, эрэгтэй, Зая гэгээн овгийн Батбаярын Ганбаатар /РД:АЮ94080212/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнж 1 дүгээр гудамж, 0013 тоот хаягт оршин суух, 27 настай, эрэгтэй, Жалайр овгийн Содномын Бат-Өлзий /РД:ДК92052718/-д холбогдох
Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол болох 889 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ганбаатар, иргэдийн төлөөлөгч Б.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ганбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Б.Ганбаатар миний бие 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн араас араас мөргүүлж, “Кости-Эстимэйт” ХХК-иар машин техникийн эвдрэлийн үнэлгээ хийлгүүлж, гомдолгүй болсон. Ингээд авто машинаа засуулахаар Чингэлтэй дүүрэгт байрлах “Авто кузов” засварын эзэн болох засварчин С.Бат-Өлзийд өөрийн эзэмшлийн 87-12 УБО дугаартай Хонда фит маркийн машиныг 450 000 төгрөгөөр засуулахаар тохирч 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр машинаа хүлээлгэж өгч, 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр машинаа авахаар болж, урьдчилгаанд 220 000 төгрөгийг бэлэн өгсөн.
2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр машинаа авахаар очиход, машин засагдаж эхлээгүй байсан ба 7 хоногийн дараа ирээрэй гэж хэлсэн. 7 хоногийн дараа очиход, миний машиныг засаагүй, харин нь машин дотор архи ууж, баруун урд толь хагарсан, баруун урд хаалга болон крыло зурагдсан, тээшний салон хагарсан, гэрлийн таг гээгдсэн, баттерейний хуванцар хамгаалалт хагарсан хойд хөргөлтийн хоолой хагарсан байдалтай байсан. С.Бат-Өлзий нь 400 000 төгрөг нэмж өгвөл, авто машиныг засаж өгнө, эсвэл явдаг газраараа яв” гэдэг хариу өгсөн.
С.Бат-Өлзийн буруугаас авто машинд учирсан эвдрэл, хохирлын хэмжээг тогтоолгохоор Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-иар үнэлгээ хийлгэсэн. Дээрх үнэлгээгээр 631 200 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон, үнэлгээний хөлс 38 000 төгрөг, засвар үйлчилгээний зардалд өгсөн 220 000 төгрөг нийт 889 200 төгрөгийг С.Бат-Өлзийгөөс гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ганбаатар нь хариуцагч С.Бат-Өлзийд холбогдуулан засвар үйлчилгээний хөлс 220 000 төгрөг, авто машинд учруулсан хохирол 631 200 төгрөг, үнэлгээний хөлс 38 000 төгрөг нийт 889 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзнэ.
Нэхэмжлэгч Б.Ганбаатар нь хариуцагч С.Бат-Өлзийгөөс 889 200 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа эд хөрөнгөд учирсан хохирол, үнэлгээний хөлс, ажлын хөлс гэж тодорхойлжээ.
Нэхэмжлэгч Б.Ганбаатар нь Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 0013 тоот хаягт байрлах “Авто кузов” засварын үйлчилгээний газрын засварчин С.Бат-Өлзийгөөр өөрийн эзэмшлийн 87-12 УБО улсын дугаартай маркийн автомашины засвар үйлчилгээ хийлгэхээр харилцан тохиролцож, С.Бат-Өлзийд 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ажлын хөлсний урьдчилгаанд 220 000 төгрөг өгч, авто машинаа хүлээлгэн өгсөн, тохиролцсон хугацаанд авто машинаа авахаар очиход нь засвар үйлчилгээ хийгээгүй, харин Б.Ганбаатарын авто машинд 631 200 төгрөгийн эвдрэл, гэмтэл учруулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн үнэлгээний тайлан, фото зураг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохирсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 359.2-т “Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил үйлчилгээ байж болно” гэж тус тус заажээ.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасан бөгөөд нэхэмжлэгчид учирсан гэх хохирол хариуцагчийн гаргасан гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлийг бий болгож байна.
Иймд хариуцагч С.Бат-Өлзийгөөс ажлын хөлсний урьдчилгаа болох 220 000 төгрөг, авто машинд учирсан хохирол 631 200 төгрөг, үнэлгээний хөлс 38 000 төгрөг нийт 889 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ганбаатарт олгох нь зүйтэй гэж үзнэ.
Шүүх хариуцагч С.Бат-Өлзийд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2, 72.3-т заасан журмын дагуу 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийг гардуулан өгч, 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарлаж өгсөн. /х.х-ийн 18-20 тал/
Хариуцагч С.Бат-Өлзий нь хуульд заасан хугацаанд тайлбар өгөөгүй, холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.3, 77.6-т заасан журмын дагуу 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 14 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар хариуцагч С.Бат-Өлзийд хүргүүлсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэж хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. /х.х-ийн 29-31, 33-35 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч С.Бат-Өлзийгөөс 889 200 /найман зуун наян есөн мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ганбаатарт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Ганбаатараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 891 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч С.Бат-Өлзийгөөс 25 891 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ганбаатарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.ЦЭНГЭЛ
ШҮҮГЧИД Т.НАРАНЦОГТ
Т.ЭНХТУЯА