| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2023/0157/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/153 |
| Огноо | 2023-04-10 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Ц.Сонинмөнх |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:176/2023/0157/Э
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,
улсын яллагч Ц.Сонинмөнх,
шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ,
иргэний хариуцагч Б.Знарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С.Ч холбогдох эрүүгийн __ дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1983 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт __________________, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, _____________ дугаарын регистртэй, Боржигин овгийн Бат-Очирын Мөнхтөр.
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.М нь 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 04 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар багийн нутаг дэвсгэр "Цэмбэлийн адаг" гэх газарт Ланд Крузер-200 маркийн 53-02 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.1 дэх заалтуудыг тус тус зөрчиж, замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч С.Чын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Б.М:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол хор уршигт 4.000.000 төгрөгийг эмчилгээнд нь зориулж өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй гэсэн байна... гэж,
Иргэний хариуцагч Б.З:
...2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зам тээврийн осол гарсан тухай мэдэгдсэн тэр үеэр дулаарсан тул халтиргаа гулгаа ихэссэн талаар мэдэгдэж анхааруулах самбар байрлуулж, давс цацаж байсан. Иргэний хариуцагчаар татсан асуудлыг хүлээн зөвшөөрч байна... гэж тус тус мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн __ дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Б.М нь 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 04 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар багийн нутаг дэвсгэр "Цэмбэлийн адаг" гэх газарт Ланд Крузер-200 маркийн 53-02 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.1 дэх заалтуудыг тус тус зөрчиж, замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч С.Чын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 2-20 дугаар хуудас/,
Шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 23/24 дугаартай ...Toyota Landcriuzer-200 маркийн 53-02 УБӨ улсын дугаартай автомашины жолооч Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино мөн дүрмийн 12.1 "Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Энэхүү дүгнэлтийн 1 дүгээр хариултаар хариулсан. Уг зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлсөн байх үндэслэлтэй байна. /Осол гарсан замын байдал нь асфальт, шулуун тэгш, нойтон мөстэй үзэгдэх орчин нь чөлөөтэй гэрэлтүүлэггүй гэж зам тээврийн ослын акт нь дээр тусгагдсан байна/. Нэмж тусгах санал үгүй болно... талаарх дүгнэлт /хх-ийн 52-53 дугаар хуудас/,
Шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 129 дугаартай ... С.Чын биед зүүн сүүжний тогооны ар хананы ясны сэлтэрхий бүхий бяцарсан хугарал, зүүн түнхний үений бүрэн мултрал, зүүн өгзөгний булчингуудын няцрал урагдал, баруун мөрний зөөлөн эдийн цус хуралт, баруун сарвуу болон зүүн дунд хурууны зөөлөн эдийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр оношлогдсон байна. Зүүн сүүжний тогооны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-д зааснаар гэмтлийн "хүнд" зэрэгт, зүүн түнхний үений бүрэн мултрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн "хүндэвтэр” зэрэгт, баруун мөрний зөөлөн эдийн цус хуралт, баруун сарвуу болон зүүн дунд хурууны зөөлөн эдийн зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн "хөнгөн" зэрэгт тус тус хамаарна. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
Шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 125 дугаартай ...Ш.Мөнх-Эрдэнийн биед зүүн ухархайн дотор хана этмойд хөндийр үү цөмөрсөн хугарал, баруун хөмсөг, дух, зүүн нүдний дээд зовхи, хацар, хамрын нуруу, нуруунд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, алимны салст, зүүн нүдний алимны салст, нуруунд цус хуралт, зүүн нүдний дээд. доод зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
Шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 124 дугаартай ...Б.Мийн биед гэмтэл тогтоогдсонгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 47-48 дугаар хуудас/,
Хохирогч Ш.Мөнх-Эрдэнийн ...2023 оны 02 дугаар сарын 26-ны орой Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот орохоор Ланд-200 маркийн 53-02 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Мөнхтөр, Мөнхжаргал, дүү Мөнхтөрийн хүү болох Төгөлдөр, Ингүүнээ нарын хамтаар Мөнхтөр машин бариад гарсан. Хэсэг явж байгаад би тээврийн хэрэгслийг жолоодоод Мөнхтөр унтаад би эврийн хэрэгслийг жолоодоод явсан. Тэгээд Хэнтий аймаг өнгөрөөд явж байтал зам дээр цагаан өнгийн машин аваараа татсан зогсоод би ард нь очоод зогстол 1 хүн гар өргөчихсөн маргааш өглөө эрт хотод ажилтай юмаа суугаад явчихъя гэхээр нь аваад нөгөө хүн маань жолоочийн эсрэг талын суудлын ард харалдаа суугаад явсан. Багануур дүүрэг орох гэж явтал миний нойр хүрээд байхаар нь дуу Мөнхтөрд жолоогоо шилжүүлээд би унтсан. Тэгээд нэг мэдсэн машин онхолдоод аваарт орсон Эрдэнэ сумын эмнэлэг дээр ирсэн байсан. Тухайн үед бас юу болсныг сайн санахгүй байна. Бид нар бүгд хамгаалах бус хэрэглэсэн байсан. Замаас суусан хүнийг хамгаалах бүсээ зүүгээрээ гэж Мөнхтөр тухайн үед анхааруулж байсан. Тэр хүн хамгаалах бус хэрэглэсэн эсэхийг би сайн мэдэхгүй байна. Мөнхтөр, Мөнхжаргал, Төгөлдөр, Ингүүнээ бид 5 явж байгаад замаас 1 хүн аваад 6 лаа болоод Мөнхжаргал арын тээшний хэсгийн суудлыг дэлгээд хамгаалах бүсээ зүүгээд унтсан байсан. Архи согтууруулах ундаа бүгд хэрэглээгүй байсан. Нүүр хэсэг цохигдож хавдсан, ослын улмаас бүсэлхий хэсэгт гэмтэл авсан. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би унтаж байсан учраас санахгүй байна. Мөнхтөрд би харанхуй шөнө зөөлөн яваарай гэж анхааруулж байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Гэрч Б.Мийн ...Би Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу 2023 оны 02 дугаар сарын 26-ны 22 цагийн орчим Ланд круйзер маркийн 53-02 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод том ах Шагдарсүрэн овогтой Мөнх-Эрдэнэ, Шагдарсүрэн овогтой Мөнхжаргал, миний том хүү М.Энх-төгөлдөр, М.Энхмандах нарын хамт явсан. Шөнө Хэнтий аймгийн Мөрөн сум өнгөрөөд явж байхад зам дээр цагаан өнгийн машин эвдэрчихсэн гар өргөөд байж байхаар нь зогстол манай 1 хүнийг аваад яваад өгөөч өглөө эрт Улаанбаатар хотод ажилтай юмаа гэхээр нь тухайн хүнийг нь аваад явсан. Шөнө 02 цаг өнгөрч байхад Төв аймгийн Эрдэнэ сум өнгөрөөд явж байгаад зам мөстсөн хэсэгт машин тэнцвэрээ алдаж замын хажуу хэсэг рүү онхолдсон. Би машинаасаа гараад машин дотор байсан хүмүүсийг нэг нэгээр нь татаж гаргаад хамгийн ойрхон нь Эрдэнэ сум байсан болохоор хамт явж байсан машинаар Ш.Мөнх-Эрдэнэ, Ш.Мөнхжаргал, М. Энхмандах, замаас суусан Боогий гэх хүмүүсийг эмнэлэг руу хүргэсэн. Тэгээд машин дотроосоо гар утсаа олж аваад 04 цагийн үед цагдаагийн газрын 102 дугаарын утсан дуудлага өгсөн. Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. "Баялаг мөндөөхөө" ХХК-ны нэр дээр байдаг бүртгэлтэй машин юм. 2003 онд жолооч болж байсан ВС ангилалтай. Зорчигч нар хамгаалах бүс бүсэлсэн байсан ба замаас суусан Боогий гэх залуу хамгаалах бүс хэрэглээгүй байсан. Би өөрөө хамгаалах бүсээ бүсэлсэн байсан. Миний биед гэмтэл учирсан хүзүү, цээж хэсэг гэмтсэн байна би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Замын хажуу талын цас хайлж оройн цагаар засмал зам дээр хөлдөж гулгаа үүссэн байсан учраас тээврийн хэрэгсэл гулгаж осол гарсан. 70 гаран км цагийн хурдтай явсан. Том ах С.Чурд шилээ мөргөөд хөмсөг язарсан, замаас суусан, Боогий гэх залуугийн хөл нь хугарсан байна гэсэн. Надад нэмж ярих зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Гэрч С.Ч...Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу 2023 оны 02 дугаар сарын 26-ны 22 цагийн орчим Ланд круйзер маркийн 53-02 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй том ах Шагдарсүрэн овогтой Мөнх-Эрдэнэ, Бат-Очир овогтой Мөнхтөр, түүний том хүү М.Энх-Төгөлдөр. М.Энхмандах нарын хамт явсан. Би унтаад явж байтал ах Ш.Мөнх Эрдэнэ намайг сэрээгээд хойшоо арын суудал руу суу хүн суух гэж байна гэхээр нь би босоод арын суудалд суугаад хамгаалах бүсээ хэрэглээд унтаад өгсөн. Нэг мэдсэн чинь манай машин замын хажуу руу ороод онхолдсон байсан. Би машинаасаа гараад хамгийн ойрхон нь Эрдэнэ сум байсан болохоор эмнэлэг рүү хүргэгдсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би өөрөө хамгаалах бүсээ бүсэлсэн байсан. Бас хамт явж байсан хүмүүст хамгаалах бүсээ хэрэглээрэй гэж хэлсэн би. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй миний биед гэмтэл учраагүй. Манай дүү Мөнхтөр жолоодож явсан. Би унтаж байсан болохоор мэдэхгүй байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Яллагдагч Б.Мийн ...Надад өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй байна. Би Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа, тогтоолыг ойлгосон. Би тогтоолыг сайн мэдэхгүй байна. С.Чнь манай төрсөн ах юм. Харин С.Ч гэх хүнийг танихгүй, замд сууж явсан замын хүн юм. Хохирогч Ш.Мөнх-Эрдэнэ, С.Ч нар нь хохирол нэхэмжлэх зүйл байхгүй юм. Тухайн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр замын зорчих хэсэг дээр нэлээд хэмжээтэй газар зузаан мөс тогтсоны улмаас замын хүмүүс зорчих хэсгийг цаг тухайд цэвэрлэж янзлаагүйн улмаас осол болсон юм. Осол болдог шөнөдөө тухайн зам дээр хүн бэртээгүй боловч 2-3 зам тээврийн осол гарч байсан юм. Нэмж ярих зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 68 дугаар хуудас/,
Иргэний хариуцагч Б.Згийн ...Би уг хэрэг болсон гэх газар байгаагүй учраас юу болсон талаар хэлж мэдэхгүй байна. Тухайн хэрэг учрал болсон гэх Төв аймгийн Эрдэнэ сум Тамган 5 дугаар баг “Цэмбэлийн адаг” гэх газрыг “Багануур Азза” ТӨХК-д Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтны албан тушаалтай би хариуцах ёстой юм. Манай “Багануур Азза” ТӨХК-ний Эрдэнэ сумын шуурхай ажлын хэсэг нь 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сум Тамган 5-р баг “Цэмбэлийн адаг” гэх газрын 70-72 дахь км-ийн шонгийн хооронд авто замын зорчих хэсэгт “Халтиргаатай анхаарал болгоомжтой зорчино уу?” гэсэн 2 самбарын нэгийг нь 70 дахь км-ийн шонгийн хажууд байршуулсан. Харин нөгөө самбарыг 72 дахь км-ийн шонгийн хажууд байршуулсан. Мөн халтиргаа, гулгаатай мөстсөн хэсэгт давс цацаж ажилласан юм. Өмнө нь 2023 оны 2 сард Төв аймгийн Эрдэнэ сум Тамган 5-р баг “Цэмбэлийн адаг” гэх газар А0501 авто замын дугаартай 73 дахь км-ийн шонгийн орчим зам тээврийн осол болж байсан юм. Надад нэмж ярих зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 83 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Б.Мийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 73-78 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Б.М нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Мийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч Ц.Сонинмөнх:
...Шүүгдэгч Б.М нь 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 04 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар багийн нутаг дэвсгэр "Цэмбэлийн адаг" гэх газарт Ланд Крузер-200 маркийн 53-02 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.1 дэх заалтуудыг тус тус зөрчиж, замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч С.Чын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тооцон гарах зардалгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн иргэний бичиг баримтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх санал гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ:
...Гэм буруу дэрээ маргахгүй, хохирлоо нөхөн төлсөн тул улсын яллагчтай тохирсон хэмжээнд ял шийтгэлийг оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,
Иргэний хариуцагч Б.З:
...Хэлэх зүйл байхгүй.... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.М:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Б.М болон түүний өмгөөлөгч маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.М нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.М нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Б.М тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчиж, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийг үйлдсэн байна.
Учир нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт ...“Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”... мөн дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”... гэснийг тус тус зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг гэж үзлээ.
Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг болно.
Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдах шинжтэй.
Тэрээр шүүгдэгч Б.М Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.1-т заасныг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний биед хүнд хохирол учирсан, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.Мийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Мийн болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас иргэн С.Чын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна.
Хохирогч С.Ч, С.Чнар нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Хохирогч С.Ч, С.Чнар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 104 дүгээр хуудсанд авагдсан хүсэлт, мөн шүүхийн мэдэгдэх хуудсаар шүүх хуралдааны товыг хохирогч нарт мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Мийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, мөн иргэний хариуцагч Б.Згоос гэм хорын хохиролгүйг тус тус дурдаж байгаа болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч Ц.Сонинмөнх:
...Шүүгдэгч Б.М нь 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 04 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар багийн нутаг дэвсгэр "Цэмбэлийн адаг" гэх газарт Ланд Крузер-200 маркийн 53-02 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.1 дэх заалтуудыг тус тус зөрчиж, замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч С.Чын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Хэрэг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 1 сарын хугацаагаар хасаж 8 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авах санал гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ:
...Хохирлоо нөхөн төлсөн тул улсын яллагчтай тохирсон хэмжээнд оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,
Иргэний хариуцагч Б.З:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.М:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж, гэм буруу, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тогтоох шаардлагагүй, зөвхөн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.
Шүүх шүүгдэгч Б.Мийг хорих ялыг оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.
Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэж, мөн тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж тус тус хуульчлагдсан учраас шүүгдэгч Б.Мийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн __ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.М энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.МЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.МЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Мшүүхээс тэнссэн 8 /найм/ сарын хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Мхорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 8 /найм/ сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,
мөн тэнссэн 8 /найм/ сарын хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн __ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.М энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Мтээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг, тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Мавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН