| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2023/0127/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/160 |
| Огноо | 2023-04-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 26.1.1., |
| Улсын яллагч | М.Одгэрэл |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:176/2023/0127/Э
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,
улсын яллагч М.Одгэрэл,
шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,
иргэний нэхэмжлэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч Т.О холбогдох эрүүгийн ___ дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1983 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Төв аймаг Бүрэн сумын Төрийн банкны теллер ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт _________________ оршин суух, урьд ял шийтгэлгүй, _____________дугаарын регистртэй, Гүжир овгийн Түмэннамсрайн Оюунханд.
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Т.О нь Төв аймгийн Бүрэн сум дахь Төрийн банкны бүрэн тооцооны төв теллерээр ажиллаж байхдаа тус банкны харилцагч С.А221500248042 тоот хугацаагүй хадгаламжийн дансанд интернет банкны нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрч 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 13.000.000 төгрөгийн, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 5.000.000 төгрөгийн буюу нийт 18.000.000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Т.О:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу... гэж мэдүүлжээ.
Иргэний нэхэмжлэгч С.А:
...Т.О нь Бүрэн тооцооны төвд ажиллаж байсан. Данс эзэмшигч иргэн гомдол гаргаснаар шалгалт хийсэн. Албан тушаалаа урвуулан ашиглаж хувь хүний нууц болон байгууллагын мэдээлэлд халдсан байсан улмаар цагдаад харилцагч хохирсон талаар мэдэгдсэн. Харилцагч иргэний 20.695.035 төгрөгийн хохирлыг Төрийн банк барагдуулсан. Энэ мөнгөө нэхэмжилнэ... гэж мэдүүлжээ.
Үйл баримт
Эрүүгийн ___ дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Т.О нь Төв аймгийн Бүрэн сум дахь Төрийн банкны бүрэн тооцооны төв теллерээр ажиллаж байхдаа тус банкны харилцагч С.А221500248042 тоот хугацаагүй хадгаламжийн дансанд интернет банкны нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрч 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 13.000.000 төгрөгийн, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 5.000.000 төгрөгийн буюу нийт 18.000.000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/,
хохирогч С.А...Миний бие Төв аймгийн Бүрэн сум Булангаа баг Борын хөндий гэх газар хөдөө мал маллан амьдарч байна. Түрүү жил буюу 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Бүрэн сумын төрийн банканд хугацаатай хадгаламжийн данс дээрээ хэдэн төгрөг нэмж хадгалуулсан юм. Тухайн үед надад нэг эмэгтэй теллер үйлчилсэн, нэрийг нь бол мэдэхгүй, харвал танихгүй байх. Тэгээд бүтэн жил хадгалуулсан бөгөөд жилийн дараа буюу 2022 оны 11 дүгээр сарын 24-нд санагдаж байна Дундговь аймгийн Адаацаг сумын Төрийн банкны салбар дээр бичилт хийлгэх гэж очсон юм. Тухайн үед банкны ажилтан таны хадгаламжид байсан мөнгө чинь байхгүй байна, мөнгийг чинь интернэт банкнаас татаж авсан байна гэж хэлсэн. Тэгээд би Төрийн банканд утсаар гомдол гаргасан. Төв аймгийн Төрийн банкнаас Бүрэн сумын салбарт шалгалт хийсэн гэж байсан. Тэгээд тус банканд ажиллаж байсан ажилтан нь миний хугацаатай хадгаламжийг надаас ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр хууль бусаар 18.000.000 сая төгрөгийг авсан байсан. Дээрх Төв аймгийн Бүрэн сумын Төрийн банкны тооцооны төвийн ажилтан нь миний хувийн мэдээллийг ашиглаж миний нэр дээр интернэт банк нээгээд тэрийг ашиглаж хадгаламж барьцаалан 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 13.000.000 сая төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 24- ний өдөр 5.000.000 сая төгрөг, нийт 18.000.000 сая төгрөгийг хууль бусаар хулгайлан авсан байсан. Улмаар зээлээ төлж чадахгүй улмаас миний хугацаатай хадгаламжид байсан мөнгийг Төрийн банкнаас автоматаар татсан байсан. Улмаар банкнаас нэхэмжилсэн тул миний үндсэн хохирол болох 18,000,000 төгрөг, хүүгийн төлбөр болох 2,690,005.35 төгрөг нийт 20,690,005.35 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр бараг сарын дараа төлсөн. Дээрх хэргийг үйлдсэн этгээдийг сум орон нутгийн хүмүүсээс судалж үзэхэд хань ижилгүй, ганц бие1 билүү 2 хүүхэдтэй ядарсан эмэгтэй гэж ярьж байсан. Миний хувьд эер хэргийн талаар мэдэх зүйл алга. Би төрийн банканд найдаж хадгалуулсан танай банктай ярина, наад хүнтэй чинь ярихгүй гэдгээ хэлж байсан юм... /хх-ийн 77-78 дугаар хуудас/,
иргэний нэхэмжлэгч П.Отгонбаярын ...Миний бие Төрийн банкны Төв аймаг салбарын тооцооны төв хариуцсан менежер ажилтай Төрийн банканд 2009 оноос хойш ажиллаж байна. Манай банкны харилцагч болох иргэн С.А нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр "Өөрийн хугацаатай хадгаламжийн хугацааг дуусгаж мөнгөө авах гэж ирсэн боловч хадгаламжийг барьцаалж зээл авсан байна. Би хадгаламжаа барьцаалж 18,000,000 сая төгрөгийн зээл аваагүй банк авсан байна. Уг асуудлыг шийдэж шалгаж өгнө үү" гэсэн гомдлыг гаргасан. Гомдлын дагуу миний бие 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Бүрэн сум орж тус банкны тооцооны төвд шалгалт хийсэн. Шалгалтаар харилцагч болох С.Адансны мэдээллийг тус тооцооны төвийн теллер ажилтай Оюунханд нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр дансны хуулга авдаг утасны дугаарыг өөрийн 99315395 дугаарын утсаар өөрчилж 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 13,000,000 сая төгрөг2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 5,000,000 сая төгрөг нийт 18,000,000 сая төгрөгийг хууль бусаар авсан гэдгээ хүлээн зевшеерч тайлбар бичиж өгсөн. Оюунханд нь дээрх мөнгийг хууль бусаар авахдаа харилцагчийн нэр дээр интернэт банкийг ашиглан харилцагчийн зөвшөөрлийг авалгүйгээр хууль бусаар авч өөртөө ашигласан байсан. Тус банкнаас харилцагчийг хохиролгүй болгуулахаар Оюунхандад шаардлага тавьсан боловч одоог болтол төлж барагдуулаагүй байна. Харилцагчийг хадгаламжид 21.000.000 төгрөг байсан бөгөөд Оюунхандын хууль үйлдлийн улмаас түүний хадгаламжаас банк автомат таталтаар хүү болон үндсэн зээлийн төлбөрт нийт 20,489,767 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр татсан байсан. Төв аймгийн Төрийн банкны салбараас харилцагчийн үндсэн 18,000,000 төгрөг хүүгийн төлбөр болох 2,690,005,35 /хоёр сая зургаан зуун ерэн мянга таван төгрөг 35 мөнгө буюу нийт 20,690,005.35 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр барагдуулж авлага үүсгэн харилцагчийг хохиролгүй болгосон. Иймд банканд учирсан 20,690,005.35 төгрөгийг барагдуулж банкийг даруй хохиролгүй болгож өгнө... гэх мэдүүлэг /хх-ийн 85-86 дугаар хуудас/,
сэжигтэн Т.Оын ...Миний бие Төв аймгийн Бүрэн суманд төрийн банкны тооцооны төвд ажиллаж байх хугацаандаа харилцагч иргэн С.А гэх хүний интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг ашиглаж хадгаламжийн мөнгөнөөс нь 2021 оны 11 дугаар сарын 29-ний өдөр 13 сая төгрөг, мөн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 5 сая төгрөг, нийт 18 сая төгрөгийг хууль бусаар хувьдаа авч зарцуулсан. Тухайн иргэн нь нь манай дээр ирж хадгаламж нээлгээд интернэт банканд бүртгүүлээд явсан юм. Би ажил үүргээ гүйцэтгэх үедээ тухайн иргэний хувийн мэдээллийг олж авсан. Тэгээд хадгаламжийг нь барьцаалж зээл авсан зээлийн төлөлтийг 1 жилийн ойн дээр төлөх ёстой байсан. Улмаар 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зээлийн хүү болон үндсэн мөнгийг нь төлөх ёстой байсан боловч дээрх иргэн нь уг асуудлыг өөрөө олж мэдээд Төв аймгийн Төрийн банканд гомдол гаргасан. Төрийн банкнаас манай дээр ирж шалгалт хийгээд намайг хууль бусад мөнгө авсныг олж тогтоосон. Миний хувьд 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ажлаасаа халагдсан байсан. Учир нь өмнө нь харилцагч иргэнтэй уулзаж түүнээс 2 сая төгрөг зээлсэн байсан асуудал нь ёс зүй зөрчсөн үйлдэл гэж үзсэн юм. Би тухайн үедээ иргэн Намсрайгаас зээлсэн 2 сая төгрөгийг буцаан өгсөн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 89 дүгээр хуудас/,
яллагдагч Т.Оын ...Отгонбаатар нь 2021 оны 11 сарын 24-ны өдөр Төв аймгийн Бүрэн сумын Төрийн банканд тооцооны төв дээр миний бие Оюунханд дээр ирж хадгаламж нээлгэсэн юм. Тухайн үед би Баасансугар гэх хүнд өртэй байсан. Тэгээд Баасансугар мөнгөө нэхээд ажил дээр байн байн ирээд байсан. Тэгээд харилцагч Отгонбаатарын данснаас мөнгө авсан. Мөнгө авахдаа интернэт банк ашиглан өөрийн утасны Дугаарыг бүртгүүлэн орж хадгаламж барьцаалсан зээл авсан. Эхний ээлжид 13,000,000 төгрөгийг, дараа нь 5,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 97 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Т.Оын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 100, 102-107 дугаар/ хуудас зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч М.Одгэрэл:
...Шүүгдэгч Т.О нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Амэдүүлэг, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг, хохирогчийн дансны хуулга зэргээр нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах болон Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтрэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна дээрх гэмт хэрэг нь санаатай гэмт хэрэг. Шүүгдэгч Т.О нь Төрийн банкны Бүрэн сум дахь салбарт ажиллаж байхдаа харилцагч Отгонбаатарын нууц үгийг ашиглан 18.000.000 төгрөгийн хулгайлан авч хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан болон мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна. Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 20.695.035 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгуулах санал гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар:
...Гэм буруу дээрээ маргахгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлнө... гэсэн дүгнэлтийг,
Иргэний нэхэмжлэгч С.А:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Т.О:
...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна байгууллагаа хохиролгүй болгоно... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Улсын яллагчийн шүүгдэгч Т.Оыг хулгайлах болон кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.О нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Т.О дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.
Шүүгдэгч Т.Оын холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долоодугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний өмчлөх эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн бөгөөд тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсан үйл баримт болгоныг гэмт хэрэгт тооцохоор заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
“Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.
“Хулгайлах” гэмт хэргийн гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч байгаа идэвхитэй гэмт үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх ба гэмт үйлдэл нь гадаад хэлбэрээрээ зан үйл, бие эрхтнүүдийн харилцан үйлдэл, хөдөлгөөн бөгөөд тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилготой байдаг.
Мөн “Хулгайлах” гэмт хэргийн “Өмчлөх эрхийн эсрэг” бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд зүйлс нь хулгайлагдах үед өмчлөгч, эзэмшигч болон төр, хувийн хэвшлийн байгууллага, тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэл, өмчлөл, эзэмшилд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх үүрэггүй учир нууц далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоор тайлбарлагддагийг дурдах нь зүйтэй.
“Хулгайлах” гэмт хэрэг нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэсэн үндсэн болон “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн”, “түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлс хулгайлсан”, “ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан”, “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн” гэсэн хүндрүүлэх, “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай гэм бүлэг үйлдсэн бол” гэсэн онц хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.
Үүнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэсэн гэмт хэрэг нь гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээнээс дээш буюу 300.001 /гурван зуун мянга нэг/ төгрөг, түүнээс дээш хохирол, хор уршиг учруулсан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйг материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Т.О иргэн С.А221500248042 тоот данснаас нэр, нууц үгийг ашиглан мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрч 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 13.000.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 5.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч буй гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “бага хэмжээний хохирол”-с дээш буюу 18.000.000 /арван найман сая/ төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан нь хулгайлах болон кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Тэрээр шүүгдэгч Т.О бусдын эд хөрөнгийг хулгайлж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч С.Ат учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Т.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршиг
Шүүх хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, үнэлгээний тайлан зэргийг харьцуулан шинжлэн судлаад шүүгдэгч Т.Оын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч С.Ат 18.000.000 /арван найман сая/ төгрөгийн хохирол учирсан байна.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Т.Оын гэмт хэрэг үйлдэж олж авсан 18.000.000 /арван найман сая/ төгрөгийг Төв аймгийн Төрийн банкны салбараас хохирогч С.Ат 18.000.000 /арван найман сая/ төгрөг, хүүгийн төлбөр болох 2.695.035 /хоёр сая зургаан зуун ерэн таван мянга гучин тав/ төгрөг, нийт 20.695.035 /хорин сая зургаан зуун ерэн таван мянга гучин тав/ төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр барагдуулж хохирогчийг хохиролгүй болгосон нь иргэний нэхэмжлэгч П.Отгонбаярын /хх-ийн 86 дугаар хуудас/ мэдүүлгээр тогтоогдож байна.
Харин шүүгдэгч Т.Оаас 20.695.035 /хорин сая зургаан зуун ерэн таван мянга гучин тав/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч байгууллага болох Төв аймгийн Төрийн банканд олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Оаас гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хариуцлага
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч М.Одгэрэл:
...Шүүгдэгч Т.Оыг эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлд заасан хөнгөрүүлэх зүйл тогтоогдож байна. Анхнаасаа гэм буруугаа хүүлээсэн зэрэг хувийн байдлыг харгалзан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаанд зорчих эрх хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулах ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг оршин суугаа нутаг дэвсгэрийн нутаг дэвсгэрээс хязгаарлалт тогтоох санал гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар:
...Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохирсон ял шийтгэл оногдуулах ёстой. Т.О ганц бие эх 13 настай охиноо ганцаараа өсгөдөг ажил хөдөлмөр эрхлэх зайлшгүй шаардлага үүснэ. Улаанбаатар хотод ажилд орно гээд ярьсан байгаа юм байна. Тиймээс хязгаарлалтын бүсийг Улаанбаатар хот, Бүрэн сумаар хязгаарлаж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,
Иргэний нэхэмжлэгч С.А:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Т.О:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүх шүүгдэгч Т.Оад хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнийг болон хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Оыг эрх бүхий байгууллагын хяналтад Төв аймаг, Бүрэн сум Төхөм 1 дүгээр багт оршин суух хаягаас явахыг, мөн Улаанбаатар хот болон бусад аймаг сумдуудад очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон Бүрэн сумын нутаг дэвсгэр дотор чиглэлээр, мөн Төв аймаг Зуунмод сум руу тус тус зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хүлээлгэх арга хэмжээ авч,
оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн ___ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Т.О энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.ОЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Т.ОЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Т.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Оэрх бүхий байгууллагын хяналтад Төв аймаг, Бүрэн сум Төхөм 1 дүгээр багт оршин суух хаягаас явахыг, мөн Улаанбаатар хот болон бусад аймаг сумдуудад очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон Бүрэн сумын нутаг дэвсгэр дотор, мөн Төв аймаг Зуунмод сум руу тус тус зорчих чиглэлээр, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хүлээлгэж, хязгаарлалт тогтоосугай.
5. Шүүгдэгч Т.Озорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7. Эрүүгийн ___ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Гүжир овгийн Түмэннамсрайн Оюунханд энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ______ дугаарын регистртэй, Т.О нийт 20.695.035 /хорин сая зургаан зуун ерэн таван мянга гучин тав/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Төв аймгийн Төрийн банканд олгосугай.
9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
10.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
11.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
12.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН