| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2023/0047/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/057 |
| Огноо | 2023-03-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/057
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Ж.Энхбат,
Нарийн бичгийн дарга: ,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн *******,/РД:******* /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 12 сарын 18-ны өдрийн 16 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 33- 14 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******ыг үл ялих зүйлээр шалтаглан хутгаар гарыг нь зүсэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь зүүн сарвууны зүсэгдсэн шарх, чихний дэлбэнгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би Монгол улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би
мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдлээд мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Дахин цаашид гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ амлаж байна. Би буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна......гэх мэдүүлэг / хх-ийн 50-51 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 16 цагийн үед байх манай нөхөр ******* 0.33 граммтай архи авч ирсэн гэртээ ганцаараа уугаад би охиныхоо 6 сартайгаас 6 настай 4 хүүхдийг хараад байж байсан. Тэгсэн ******* 3 настай хүүхдийг 2 настай дүүтэйгээ юм булаацалдаад орилсон тэгсэн ******* гаргаад чулуудчих гэхээр нь би яах гэж байдаг юм нялх амьтныг гэтэл чи хүүхдэд юм хэлүүлсэнгүй гээд надад агсам тавиад чамайг ална гээд тогооны савнаас хутга шөвөг хайгаад тэгж байснаа шар иштэй заазуур гаргаж ирээд намайг гэрийн баруун талын орон дээр сууж байхад эхлээд заазуурын ар талаар миний толгой руу цохисон тэгээд дараагаар нь ирээ бариад дайрахаар нь зүүн гараараа толгойгоо хаатал зүүн гарын гадна хэсэг рүү заазуурын ир хэсгээр зүссэн тэгсэн гарнаас олгойдоод цус гоожсон тэгээд би өөр рүү нь гэрийн зүүн талын орон дээр байхад нь энэ цусаа хар гээд цустай гараараа ам руу нь явуулсан арчих маягтай тэгсэн нүүр нь цус болсон тэнд байсан 6 настай охин эмээг битгий алаач гээд гэрээс гарч гүйгээд гэрээс гараад удаа ч үгүй охин ирээд түргэн тусламж дуудаад эмнэлэгт ирээд 7 оёдол тавиулсан. Архи уухаараа л гар хүрч зодчих гээд ямар нэг зүйл авч чулуудаад байдаг. Сүүлийн 10 гаран хоног архи ууж байгаа олон хоног архи уухаар нь болиоч муухай үнэртүүлээд гэсэн тэгсэн бас түүнийг бодоод агсан тавьсан. Толгой бага зэрэг эргэн зүүн гарын зүсэгдсэн хэсэг тас тас гээд байна. Өөр одоохондоо гайгүй байна. Манай гэрт 6 сартайгаас 6 настай 4хүүхэд байсан өөр хүн байгаагүй бага охин гэрээ галлах гээд хүүхдүүдээ үлдээчих гээд явсан байсан. Би буруу юм хэлээгүй баймаар юм, архи уухаараа чамайг алчхаад толгойг чинь тасдаад чулуудна. Би өөрийгөө хорлож, боож ална гэдэг. Би энэ талаар өөрт нь хэлэхэд ойлгохгүй юм....гэх мэдүүлэг / хх-ийн 18-19 /,
....Надад одоо ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Манай нөхөр ******* тухайн үйл явдал болсноос хойш ерөөсөө архи уугаагүй одоо ямар нэг асуудалгүй байгаа. .....гэх мэдүүлэг /хх-ийн 20 /
4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: Би үндсэн хуульд заасан эрхийн дагуу нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
5. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч ******* мэдүүлэхдээ: / онлайнаар / Хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас эмнэлэгийн байгууллагаар үйлчлүүлж эмчилгээнд гарсан төгрөгийн зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн тул буруутай этгээдээс 253000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
6. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2022 оны 12 дугаар сарын 17-ны шөнө 23 цагийн үед 6 сартайгаас 3 хүүхэдтэйгээ хотоос Баянхонгор сумын 32-33-614 тоотод байх аав *******ийн гэрт ирсэн. Манай ээжийг гэдэг тэр хоёр гэртэй хоёулахнаа байдаг. Аавын гэрт манай 6 настай охин байсан юм. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 18- ны өдөр 14 цаг өнгөрч байхад аавынхаас өөрийнхөө гэртээ очиж галаа түлэх гээд явсан. Тэгээд гэртээ галаа түлээд 16 цаг өнгөрч байсан байх манай том охин ирээд өвөө эмээгийн гарыг заазуураар зүсчихлээ цус гараад байна гэсэн тэгэхээр нь би аавын гэрт гүйгээд очоод гэрт нь ортол аав гэрийн зүүн талын орон дээр хэвтсэн ээж гэрийн хоймор манай 6 сартай хүүхдийн хажууд суусан зүүн гарны гадна хэсгээс цус гараад гэрийн хоймор, зуухны урд тал, гэрийн баруун талын орны урд талын шалаар бүлэгнэсэн их хэмжээтэй цус гарсан байсан тэгэхээр нь шууд түргэн тусламж руу залгаад хэлтэл унаа байвал аваад ир гэсэн тэгэхээр нь машин байхгүй хүрээд ирээч гэсэн тэгснээ цагдаад дуудлага өгөөрэй гэхээр нь тухайн үедээ айсандаа болоод тэр даруйд нь дуудлага өгч чадалгүй нэлээн байж байгаад 16 цаг 41 минутад дуудлага өгсөн. ТүргЭн тусламж ирэх хооронд ээжийн гарыг би салфитекаар гарыг нь арчсан. Түргэн тусламж ирээд ээж бид хоёр хамт яваад аав гэртээ үлдсэн. Тэгээд тантай хамт гэрт буцаад очиход аав өөрөө гэрийн цусыг цэвэрлэсэн байдалтай байсан. Ээж эмнэлэгт үзүүлээд 7 оёдол тавиулсан эмнэлгээс гараад манай эгчийнд байгаа даралт нь бага байгаад байгаа ирж мэдүүлэг өгөх боломжгүй байна. Тэгээд сая гэрт очиход аав өөрийнхөө хэвтэж байсан орныхоо хөнжил доогуур заазуураа нуусан байсан. Манай аав намайг гэрээс галаа түлх гээд гэр руугаа явах гэж байхад 0.33 граммтай Ерөөл нэртэй архи аваад ирсэн уугаад эхэлж байсан. Хамт амьдраад 34, 35 жил бол байгаа гэрлэлтийн баталгаатай. Дундаасаа 5 хүүхэдтэй бүгд тусдаа гарсан. Манай охин хэлэхдээ өвөө эмээгээс хэрүүл нэхээд ерөөсөө дуугүй болохгүй байгаад байсан тэгснээ хутга хайж байгаад хутга олдохгүй байсан чинь заазуур тогооны савнаас аваад эмээгийн толгой руу цохисон тэгсэн эмээ гараараа хаагаад тэгсэн чинь гарыг нь зүссэн аймар их цус гараад байсан хүн байхгүй болохоор нь гарч гүйж хэлсэн гэсэн. Тухайн үед манай хэдэн хүүхэд аав, ээж хоёроос өөр хүн гэрт байгаагүй. Ер нь бол байнга архи уудаг байж байгаа архинаас гаргах эм уугаад 5-6 сар болж байгаа миний мэдэж байгаагаар намайг хотоос ирэхэд согтуу байсан өнөөдөр согтуу үндсэндээ 2 хоног согтуу байгаа. Ер нь бол аавыг архи уусан байх үедээ ээжийг цохичихлоо зодчихлоо гэж сонсогддог л байсан хол байдаг болохоор тэр болгон ирээд байдаг миний мэдэж байгаагаар 2021 оны 09 дүгээр сард толгойг нь хагалсан байна гэхээр нь яваад очсон тэгэхэд тогой нь бага зэрэг хагарсан байсан.....гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 /,
7. Насанд хүрээгүй гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... Манай хоёр дүү тухайн үед юм булаалцалдаад тэгсэн өвөө уурлаад тэгтэл эмээ яах гэж байдаг юм гэсэн тэрнээс болоод эмээ өвөө хоёр хэрэлдээд эхлээд хутга хайгаад хутга олдохгүй байсан чинь заазуур аваад тэгээд эмээгийн толгой руу цохион тэгээд би 2 дүүгээ шээлгэчихээд гэртээ буцаад ороод ирсэн чинь эмээгийн гар руу зүссэн байсан тэгээд би гэрээс гарч гүйгээд ээждээ хэлсэн. Тухайн үед манай эмээ өвөө ******* мөн манай гурван дүү байсан би хамгийн том эгч нь...гэх мэдүүлэг / хх-ийн 30-31 /,
8. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн:
1.2. *******ын биед зүүн сарвууны зүсэгдсэн шарх, чихний дэлбэнгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
5. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
6. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно.
7. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна....гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/ зэрэг нотлох баримтуудыг зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 12 сарын 18-ны өдрийн 16 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 33- 14 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******ыг үл ялих зүйлээр шалтаглан хутгаар гарыг нь зүсэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь зүүн сарвууны зүсэгдсэн шарх, чихний дэлбэнгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
Энэ үйл баримт болсон нь хохирогч *******, гэрч *******, ******* нарын мэдүүлэг, шинжээчийн 12 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Харин хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас 253.000 төгрөг гарсан талаар иргэний нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******өөс 253000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгалаа.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******д зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа түүнийг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-33.14Б тоот хашаанаас Нэгдсэн эмнэлэг, 2 дугаар багийн өрхийн эмнэлэг, төв эмийн сан, 2 дугаар багийн төв зэргээр зорчих үүргийг хүлээлгэж уг үүргийг техникийн хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Хэрэгт шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутгыг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа устгахыг шүүхийн тамгын газарт даалгалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг нэг / 01 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-33-14Б тоот хашаанаас Нэгдсэн эмнэлэг, 2 дугаар багийн өрхийн эмнэлэг, төв эмийн сан, 2 дугаар багийн төв зэргээр зорчих үүргийг хүлээлгэж уг үүргийг техникийн хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тоолцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эн битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******өөс 253000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх хутгыг эд мөрийн баримтаар хураан авсан тогтоолыг хүчингүй болгож уг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ